Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-25
Дугаар 282
Хэргийн индекс 128/2018/0093/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Э ..."
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Э ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгуулах”,        

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0293 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, уг хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт  хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0293 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/792 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалын Тогтоох нь хэсгийн 1-т нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/792 дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0293 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1,123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг Улсын дээд шүүх тайлбарласан “хүндэтгэн үзэх шалтгаан”, “2 жил дараалан ашиглаагүй” гэх ойлголтын талаар тухайн нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

6. “Э ...” ХХК-ийн газар эээмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/792 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлсон ба 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд эаасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т энэ хуулийн 40.1-т заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү захиргааны актыг батлан гаргасан.

7. Нэхэмжлэгч “орон сууцны зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй” болгосон талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргасан байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, тодорхой байгаа асуудлыг дахин нягталж, тогтоон шинэ эрхийн акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болно.

8. Тухайлбал, тус компани газар эзэмших гэрээнд заасны дагуу тухайн газартаа орон сууц бариагүй, эзэмшээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогддог. Тухайн газарт орон сууц баригдаагүй үйл баримтын талаар маргаагүй, харин орон сууц барьж чадаагүй шалтгаан, цаашид ч тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахгүй, орон сууц барихгүй болохоо илэрхийлсэн хүсэлт зоригийг нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх тухай маргааны үндэслэлийг анхан шатны шүүх дүгнээгүй.

9. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацаанд ямар хугацаа хамааруулснаа тодорхой заагаагүй гэж дүгнэж байгаа нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна. Учир нь маргаан бүхий актын 1 дэх хэсэгт 2011 оны 12 дугаар сараас хойш эзэмшиж байгаа газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж тодорхой дурдсан, Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан, нэхэмжлэгч 2011 онд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл тухайн газар дээрээ ямар нэг барилга, байгууламж баригдаагүй, хоосон байгаа болно.

10. Нэхэмжлэгч шүүхийн маргаантай байсан учраас газраа ашиглаж чадаагүй гэж тайлбарлах боловч шүүхийн маргаан 2015 онд үүсэж 2016 оны 05 дугаар сард дууссан байдаг бөгөөд маргаан үүсэхээс өмнө болон маргаан дууссанаас хойшхи хугацаанд ч газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, ямар нэг барилга, байгууламж бариагүй болно.

11. Давж заалдах шатны шүүх 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн дагуу хийгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг үнэлэлгүй, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөний дараа хийгдсэн гэрээг үнэлэсэн нь буруу гэж үзэж байна.

12. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэснээс үзэхэд газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хугацааг тоолох учиртай бөгөөд 2017 онд гарсан захирамж нь газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөгдсөн болно.

13. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0293 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шүүхийн шийдвэрийн төрөл, түүний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг зассан нь зөв байна.

            15. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “Э ...” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгчээс “... хууль бус шийдвэр гаргаж, манай компанийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хөндсөн” гэж, хариуцагчаас “... 2011 онд анх газар эзэмших эрх авснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, өнөөдрийг хүртэл нэг ч орон сууцны барилга барих үйл ажиллагаа эхлээгүй тул ... эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            16. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх нийслэлийн Засаг даргын 2011 оны  953 дугаар захирамжаар “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 44758 м.кв, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 38393 м.кв газруудыг “Э ...” ХХК-нд орон сууцны зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулах”-аар шийдвэрлэж, мөн даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар тус компанийн эзэмшил 2 нэгж талбар газрыг 4 нэгж талбар болгон, газрын хэмжээг 23991 м.кв, 17023 м.кв, 6100 м.кв, 27616 м.кв болгон тогтоож, эзэмших эрхийг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.   

            17. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/300 дугаар захирамжаар “... газар алдбадан чөлөөлөх”-өөр шийдвэрлэж, “Э ...” ХХК-иас эзэмшил газар дээрээ “барилгын ажил эхлүүлэх бэлтгэл хийж, бараа материал буулгах зориулалтаар 38 ширхэг чингэлэг буулгасан”-ыг  албадан чөлөөлсөн, уг захиргааны акт хууль бус гэх үндэслэлээр, түүнийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Э ...” ХХК-иас нэхэмжлэл гаргасан, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаар шийдвэрээр  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/300 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            18. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... /бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасан, хариуцагч нийслэлийн Засаг дарга уг хуулийн заалтыг үндэслэж, “Э ...” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, зөв байна.

            19. Тодруулбал,  нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э ...” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, нэгж талбарыг өөрчлөн, газар эзэмших эрхийг 15 жилээр сунгаж, газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэгж талбар тус бүрээр шинээр байгуулж, гэрчилгээг шинэчлэн олгосон атлаа 9 сарын дараа   газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэлд нийцээгүй гэж үзнэ.

            20. Хариуцагчаас “... 2011 оноос хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэх боловч, энэ үндэслэл нь  нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамж гарсанаар үгүйсгэгдэж, дээрх хуульд заасан “2 жил”-ийн хугацаа нь нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоологдоно, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын “... 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн дагуу хийгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг үнэлэлгүй, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөний дараа хийгдсэн гэрээг үнэлэсэн нь буруу” гэх гомдол үндэслэлгүй байна.

21. Түүнчлэн,  нийслэлийн Засаг даргын 2011 оны  953 дугаар захирамжаар “Э ...” ХХК-нд эзэмшүүлсэн газарт нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан дүүргийн Засаг дарга “газар албадан чөлөөлсөн”, үүнтэй холбоотой маргаан шүүхэд хэлэлцэгдэж, 2016 онд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн, энэ нь газар эзэмшигч эзэмшил газраа тухайн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж чадаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан” мөн,  энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд мөн үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүндэтгэн үзэх шалтгаан, “2 жил дараалан ашиглаагүй” гэх ойлголтын талаар тухайн нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй”, “... нэхэмжлэгч 2011 онд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл тухайн газар дээрээ ямар нэг барилга, байгууламж баригдаагүй, хоосон байгаа нь тогтоогдож байхад ... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй байна. 

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор, 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр тус тус заасан, маргааны үйл баримт тодорхой, захиргааны шийдвэрийн үндэслэл нь баримталж гарсан хуулийн зохицуулалтад нийцээгүй тохиолдолд “хууль бус” болохын зэрэгцээ уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны хэргийн шүүх  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргана. Энэ тохиолдолд, анхан шатны шүүх  уг хуулийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.

23. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг С.Энхжаргалын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0293 дугаар магадлалыг хэвээр үлдээж хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА