Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-25
Дугаар 284
Хэргийн индекс 128/2018/0856/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "А р" ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“А р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин,

аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                     Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын 64 дүгээрт бүртгэгдэн цуцлагдсан “А р” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0208 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0310 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0208 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0310 дугаар магадлалаар:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйл, 36 дугаар зүйл, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А р” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 дүгээр тушаалын 64 дүгээрт бүртгэгдэн цуцлагдсан “А р” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн хариуцагч давж заалдах гомдол гаргасан байтал гомдлын хүрээнээс хэтэрч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

4. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлсэн тухайд, давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч “А р” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/0095 дугаартай гэрчилгээ авсан, гэрээ байгуулахаар огт хүсэлт гаргаж байгаагүй, маргаан бүхий акт гарах хүртэл 2 жилийн хугацаанд гэрээ байгуулахыг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй...” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн хувьд гурвалсан гэрээгээ байгуулахаар төрийн захиргааны байгууллагууд болох Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан Уулын хамгаалалтын захиргаанд хандаж байсан албан бичгээ хэрэгт хавсаргуулсан, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын гаэарт үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс үзлэг хийсэн, үзлэгийн уод манай компани гурвалсан гэрээ байгуулах тухай хусэлт гаргах үед тус дүүргийн Засаг даргын Тамгын гаэрын өргөдөл гомдол бүртгэх ажиллагаа цахим системд шилжиж байсан, тэр үед орхигдуулсан байж болзошгүй гэж анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагч шүүгч тайлбарлаж байсан.

6. Гэтэл дээрх баримтыг огт үнэлэлгүйгээр төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг эөвтгөж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

7. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... газар ашиглагчийн эрх, үүрэг нь эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар биш, харин газар ашиглах гэрээ байгуулснаар үүснэ, өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглагч газрын төлбөрийг төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүйгээр хэдэн жил ч хамаагүй, магадгүй газар ашиглах хугацааг дуусах хүртэл үргэлжилж болно гэж тайлбарлах нь хуулийн зорилгод нийцэхгүй юм. /энэхүү захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш тооцвол 3 жил 2 сар уг нөхцөл байдал үргэлжилсэн байна/...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд манай компанийн хувьд газар ашиглах эрхийн гэрчилгээгээ 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авсан, 2 жилийн хугацаа дуусаагүй байхад дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг маань дуусгавар болгосон.

9. Дээр дурдсанчлан манай компанийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан-Уулын хамгаалалтын захиргаанд тус тус гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ өгч байсан ч үүнийг дээрх захиргааны байгууллагууд шийдвэрлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглагчийн хувьд хүлээх үүрэг тодорхой болох бөгөөд манай компанийн тухайд газар ашиглах гурвалсан гэрээг байгуулаагүй учраас төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан, түүнчлэн Хан- Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдринн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой маргаан биднийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж байсан, өөрөөр хэлбэл газрын төлбөр тогтоосон акттай холбоотой маргаан биднийг уг газраа ашиглах эрхээ авсан байх үед шүүхээр хянан шийдвэрлэж байсан юм.

10. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарч байна гэж үзэж байна.

11. Мөн маргааны зүйлд огт хамааралгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэж заасныг үндэслэсэн нь ойлгомжгүй.

12. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан зарлалуудын хувьд манай компанид дээрх актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, мөн яамны цахим хуудсанд тавигдсан зарлалд манай компанийн нэр байхгүй, өөрөөр хэлбэл, манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохын өмнө огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг огт хийгээгүй юм.

13. Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 455 дугаар саналд манай компанийн нэр огт байхгүй байхад уг саналыг үндэслэсэн нь өөрөө хууль бус юм.

14. Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтууд болон яамны цахим хуудаст тавигдсан зарлал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг тус тус үндэслэсэн байдаг ч эдгээр үндэслэл огт бүрдээгүй, хэлбэр төдий уг тушаалын үндэслэлд бичигдсэн боловч үүн дээр манай компанийн нэр огт байхгүй байхад манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг хэвээр үлдээж бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            16. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар “А р“ ХХК-нд Хан-Уул дүүрэг, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн  Арцатын ам гэх газарт 1,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийн 2016/0095 дугаар гэрчилгээ олгосон, мөн сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр “А р” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалжээ.

            17. Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч, “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасны дагуу газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны байгууллага байгуулаагүй атлаа манайхтай байгуулаагүй газар ашиглах гэрээг цуцлахаар тушаал гаргасан нь илт хууль бус захиргааны акт байна” гэж, хариуцагчаас “... “А р” ХХК нь газар ашиглах гэрчилгээг олгогдсон өдрөөс 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж баталгаажуулсан байна гэснийг зөрчиж, өнөөг хүртэл гэрээ байгуулаагүй, газрын төлбөр огт төлөөгүй ... тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргасан, “газар ашиглах тухай гэрээ байгуулаагүй”, “газрын төлбөр төлж байгаагүй” үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

            18. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт “илт хууль бус болох” шинжүүдийг нэрлэн заасан, маргаан бүхий захиргааны актын хувьд уг заалтад тодорхойлсон “... утга агуулгын илэрхий алдаатай, ... бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, ... тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ... захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, ... хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, ... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, ... түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх шинжүүдийн аль аль нь хамаарахгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бус” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            19. Маргаан бүхий актаар “... нэр бүхий 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцлах”-аар шийдвэрлэсэн, уг актын дагуу тухайн үед газар ашиглах гэрээ байгуулаагүй байсан нэхэмжлэгч  “А р” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байхад анхан шатны шүүхээс “... бодит байдалд байгуулаагүй газар ашиглах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлтэй” гэх дүгнэлт хийн маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэхдээ  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан уг заалтыг тайлбарлаагүй, “... /хугацаа дуусаагүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь/... нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим зөрчсөн, сонсох ажиллагаа явуулаагүй, ... үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх дүгнэлт хийж,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А р” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            20. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдсан маргаан бүхий захиргааны акт “хууль зөрчсөн” гэх нөхцөл байдлууд нь захиргааны актыг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  үндэслэлээр “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлд хамаарахгүй болохыг анхаараагүй нь буруу байна.

            21. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус шинжтэй акт байхад ... /давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн/” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.

            22. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг ... хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат ... газрын хязгаарлалтын бүс ...-д ... аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор тус тус зааснаас үзэхэд гэрээ байгуулахгүйгээр тухайн газрыг эзэмшиж, ашиглах боломжгүй, газрыг эзэмших, ашиглах хууль ёсны эрх нь гэрээ байгуулснаар үүсэхээр байна.   

            24. Нэхэмжлэгч “А р” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар анх Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрх авсан, маргаан бүхий тушаал газар ашиглах эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу газар ашиглах гэрээг байгуулаагүй, газрын төлбөр огт төлөөгүй байх тул газар ашиглах эрх зохих ёсоор үүсээгүй, маргаан бүхий захиргааны актаар “А р” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь түүний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

            25. Энэ талаарх давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

            26. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т ‘... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах...”, 119 дүгээр зүйлийн 119.2-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах”, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д “... /анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол/ нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, ... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

            27. Хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, захиргааны акт гаргахын өмнө хуульд заасан журмын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, саналыг сонсох журмыг хэрэгжүүлээгүй нь буруу боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор “А р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

            28. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0310 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “А р” ХХК-ийн өмгөөлөгч Ч.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “А р” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА