Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-16
Дугаар 256
Хэргийн индекс 126/2019/0002/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч А.Б
Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:        Ч.Тунгалаг

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                  Б.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баг татан буулгах тухай 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”,

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0265 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч А.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан Боржигон Андрейн Баттүшигийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн Баг татан буулгах тухай 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0265 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан А.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын 6-р багийг татан буулгасан хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд захиргааны хэрэг үүсгэж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу давж, заалдах шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 221/МА2019/0265 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Гомдлын шаардлага: Би Апаг-Эрдэнэ сумын Хурлын төлөөлөгч, 6-р багийн Засаг дарга ажилтай мөн энэ татан буулгаад байгаа багийн иргэн намайг Хурлын Төлөөлөгчийн хувьд ч, ажил албан тушаалын хувьд ч, иргэнийхээ хувьд ч өнөөдрийн мөрдөгдөж байгаа ямар ч хуулиар нэхэмжлэл гаргахыг хориглосон хууль байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгож байна. Тухайлбал иргэнийхээ хувьд баг өөрчлөгдсөний улмаас гэхэд миний болон гэр бүлийн насанд хүрсэн эхнэр 2 хүүхдийн иргэний үнэмлэхний хаягийн өөрчлөлт, үл хөдлөхийн гэрчилгээг өөрчлөх шалтгаан гарч байгаа үүний мөнгө төгрөг хэн гаргах нь тодорхойгүй байгаа нь миний болоод миний гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа болно. Хаягийн өөрчлөлт хийгдэхэд иргэний үнэмлэхийг заавал солиулах шаардлагатай болдог. Хаягийн өөрчлөлтийг нэг хүнд 2500 төгрөг иргэний үнэмлэх солиулахад 18300, үл хөдлөхийн гэрчилгээ солиулахад 20000 төгрөг энэ мөнгө төгрөг биднээс л гарна. Би өөрийгөө болон эхнэр хүүхдээ төлөөлөх эрхгүй гэж үү.

5. Мөн Хурлын Төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах гэж заасан эрхийнхээ хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шүүхэд Хурлын Төлөөлөгч нэхэмжлэл гаргаж болохгүй гэж хуулиар хориглосон юм байхгүй байгаа болно.

6. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулийн 4.1-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийи албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох эаалтыг дагаж мөрдөнө гэж эаасан байгаа. Одоогоор улс төрийи албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоогоогүй байгаа учраас төрийн албаны холбогдох заалтыг дагаж мөрдөж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан үүргийнхээ дагуу хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүргийн дагуу нэгд хууль тогтоомжийг зөрчин иргэдийн саналыг гарын үсэг цуглуулж авсан гэж хуурамч нотлох баримт бүрдүүлэн хүний амнаөс хүнээр гарын үсэг зуруулж, /хавтас хэрэгт миний гарын үсэг биш би зураагүй гэж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн нэг иргэний матөриал байгаа болно/ иргэдийн санал авсан болгож мөн багийг татан буулгахад иргэдийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна гэж хуульд заасан байтал Алаг-Эрдэнэ сумын Хурлаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлээгүй санал аваагүй, одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 “ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно” гэж заасан хууль зөрчсөн үйлдлийг Төрийн албаны тухай хуульд заасан хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүргийнхээ хүрээнд гомдол гаргаад байгаа болно. Багийн Засаг даргын хувьд баг байхгүй болсон тохиолдолд багийн дарга байхгүй болох бөгөөд багийг татан буулгасан шийдвэр гарсан миний цалин олгогдохгүй мөн эрх ашиг хөндөгдөөд явж байгаа болно.

7. Иймд иргэнийхээ хувьд ч, иргэдийн Төлөөлөгчийн хувьд ч, багийн Засаг дарга төрийн албан хаагчийн хувьд ч хуулиар хориглосон заалт нэг ч хуульд байхгүй давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д эаасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан шийдвэрлэсэн шийдвэрийг хянан үзэж, хууль тогтоомжийг зөрчин гаргасан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай анхан шатанд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “баг ... татан буулгах асуудлыг ... /тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан/ тухайн аймаг .../-ийн/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх”-ээр заасан, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас дээрх хуулийн заалтыг үндэслэн, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгахаар шийдвэрлэж, маргаан бүхий 13 дугаар тогтоолыг гаргажээ.

            10. Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгахаар шийдвэрлэхдээ тус 6 дугаар багийн “иргэдийн Нийтийн Хурал”-ын саналыг аваагүй, харин “Хатгал тосгоны иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгаж, Хатгал тосгонд голын урд, хойд, төв гэсэн 3 хэсэг байгуулах талаар иргэдийн дунд сонсох ажиллагаа” зохион байгуулж, Хатгал тосгоны оршин суугчдын хурлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “... 6 дугаар багийг татан буулгахыг дэмжсэн”, Хатгал тосгоны оршин суугч “3302 иргэн” нь  Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багт харьяалагддаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

            11. Нэхэмжлэгч А.Бээс Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргахдаа “... багийн иргэдээс санал аваагүй, ... багт харьяалагддаг иргэдийн эрх ашиг зөрчигдсөн, ... баг биш болчихоор сонгуулийн тойрог болж чадахгүй учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөлгүй болох нөхцөл үүссэн, ... Хатгал тосгоны оршин суугчид болон миний Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна” гэж маргажээ.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор заасан, тухайн тохиолдолд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал, нийт иргэдийг төлөөлөх эрх нэхэмжлэгч А.Б-т олгогдоогүй байх тул “... иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй, ... багийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн”, “...Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.11-т заасныг тус тус зөрчсөн. Хатгал тосгон баг биш болчихоор Сонгуулийн тухай хуулийн 22.9-д заасан тойрог болж чадахгүй учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөх төлөөлөлгүй байдалд хүрсэн” гэх зэрэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ... /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасан тул уг заалтыг баримтлан А.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

13. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд ... сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах эрхийнхээ хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шүүхэд ... /нэхэмжлэл гаргасан/, ... хуулиар хориглоогүй”, “... Төрийн албаны тухай хуульд заасан хууль бус. шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүргийн дагуу нэгд хууль тогтоомжийг зөрчин иргэдийн саналыг гарын үсэг цуглуулж авсан гэж хуурамч нотлох баримт бүрдүүлэн хүний амнаас хүнээр гарын үсэг зуруулж, иргэдийн санал авсан болгосон”  гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

14. Түүнчлэн, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... баг өөрчлөгдсөний улмаас гэхэд миний болон эхнэр, гэр бүлийн насанд хүрсэн 2 хүүхдийн иргэний үнэмлэхний хаягийн өөрчлөлт, үл хөдлөхийн гэрчилгээг өөрчлөх шалтгаан гарч байгаа үүний мөнгө төгрөг хэн гаргах нь тодорхойгүй байгаа”, “...багийг татан буулгасан шийдвэр гарснаар /багийн Засаг дарга/ миний цалин олгогдохгүй болж эрх ашиг хөндөгдсөн” гэх боловч, уг асуудлаар анхан шатны шүүхэд маргаагүй байх тул анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, дүгнэгдээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.

15. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0265 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч А.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан А.Б-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА