Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-30
Дугаар 287
Хэргийн индекс 115/2018/0004/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Г"
Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.О
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Г” ХХК-ийн гомдолтой,

Дорноговь аймгийн Мэргэжлийн

хяналтын газрын Барилгын техникийн

хяналтын улсын байцаагч

Н.О-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                     Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар бүхий Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0333 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ыг оролцуулж,

            Гомдол гаргагч “Г” ХХК-ийн захирал Б.М-ны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0333 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “Г” ХХК-ийн “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.О-ын давж заалдах гомдолыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “Г” ХХК-ийн захирал Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...333 дугаар магадлалын Хянавал хэсэгт: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ..., 2-т холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ... албадлагын арга хэмжээ авна гэж заажээ” гэжээ.

4. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь 11-07-039/01 шийтгэлийн хуудас үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлээгүй юм.

5. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралт маягт 1-т Зөрчилд шийтгэл оногдуулах, маягт 2-т Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах гэсэн маягтуудын 1 дэх маягтын дагуу Зөрчилд шийтгэл оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх хуулийн заалтыг үндэслэж шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг сайжруулсан байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

6. 333 дугаар магадлалын Хянавал хэсэгт: “...хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Г” ХХК нь зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ... байршлыг өөрчилж зөрчил гаргаснаа үгүйсгэхгүй байна” гэжээ.

7. Гэтэл Зөрчлийн тухай хуулинд заагдсан хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушааптан нь дараах этгээдүүдийг оролцогчоор заавал тогтоох үүрэгтэй.

8. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Хохирогч гэсэн 3.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь эөрчигдсөн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ, мөн хуулийн Хууль ёсны төлөөлөгч гэсэн 3.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.2-д хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэжээ.

9. Гэвч эрх бүхий албан тушаалтан газрын хохирлын төлбөр гэж 9,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэдэг боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогоогүй, гомдол гаргагчийг хохирогч дээр гарын үсэг зуруулсан.

10. Түүнчлэн зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бухий албан тушаалтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоогүй, зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны төлөөлөгчид танилцуулаагүй зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан нь ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй дүгнэлт хийлгүй зөвхөн зөрчил гаргасан байна харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг эрх бүхий албан тушаалтан хэрхэн баримталсан, хэрэгжүүлсэн эсэх нь хамаагүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг улсын ерөнхий прокурор батлахаар хуульчилсны дагуу Улсын ерөнхий прокурор 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 тоот тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг баталсан байдаг.

12. Гэтэл хариуцагч нь энэхүү журмыг баримталж хохирол тогтоогоогүй. Тодруулбал журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой газар газрын хэвлийд учирсан хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно” гэжээ. Гэвч хариуцагч нь Байгаль орчны хамгаалах тухай хуулийг баримтлаагүй байдаг.

13. Хэрвээ хариуцагч нь Байгаль орчныг хамгаалах хуулийг баримтлаагүй бол мөн журмын 3.3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлий улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно” гэж заасны дагуу шинжээч томилж хохирлыг гаргах ёстой байсан. Гэвч мөн шинжээч томилж хохирлыг тогтоосон зүйл байхгүй. Хариуцагч юуг үндэслэж хохирол тогтоосон эсэх нь тодорхойгүй байхад хариуцагчийн гомдлыг хангасан нь ойлгомжгүй байна.

14. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          16. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсаар “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэх зөрчил тогтоон, “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр заалтын 10.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 2.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр, 10,000,000 төгрөгийн торгууль, “газрын хохирлын нөхөн төлбөрт 9,600,000 төгрөгийг гаргуулах” шийтгэлийг “Г” ХХК-д оногдуулсан, тус компаниас уг шийтгэлийн хуудсын эс зөвшөөрч, гаргасан гомдолдоо “... автомашин хийгээр цэнэглэх станц барьж байгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудаас цахилгаан техникийн нөхцөл, архитекур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлэх зөвшөөрөл зэргийг авсан, ... 2017 онд барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгснөөр үйл ажиллагаа явуулж /байхад/ “... зөвшөөрөлгүй, хууль бусаар барьсан” гэж хохирол тооцож нөхөн төлбөр болон торгууль ногдуулаад байгаа нь үндэслэлгүй, ... “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ыг баталсан байхад хариуцагчаас уг журмыг баримталж хохирол тогтоогоогүй ...” гэж маргажээ.

            17. Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр заалтын 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан /бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 2.1-д “... /аж ахуйн нэгж, байгууллага/ хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй ... барилгын ажлыг эхлүүлсэн бол /учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, “Г” ХХК нь зөвшөөрөл олгогдоогүй газарт түгээгүүрийн барилга барьсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр заалтын 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулж байна, харин “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй барилгын ажил эхлүүлсэн” гэх зөрчил тогтоогдсон гэж үзэж, энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь буруу байна.

18. Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл,  Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/640 дүгээр захирамжаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “… “Хур говь” зочид буудлын хойд талд” байршуулан, шатах тослох материал хадгалах, шатахуун түгээх станцын зориулалтаар 0.2 га газар эзэмших эрхийг “Г” ХХК-нд олгосон, уг газарт 6.0м х 5.0м хэмжээтэй операторын барилга, 7.0м х 5.0м хэмжээтэй түгээгүүрийн саравч, 20.0м х 7.0м хэмжээтэй шатахуун цэнэглэх талбай, 10.0м х 5.0м хэмжээтэй шатахуун буулгах талбайн барилга байгууламж барьж байгуулахаар эрх бүхий этгээдүүдээс зохих зөвшөөрлүүдийг авсан нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн АТД-21/2016 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 046/2017 дугаар Техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БАЗ-БУ-01/2017 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн КД-45/2017 дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, харин “Г” ХХК нь хий цэнэглэх станц буюу түгээгүүрийн барилгыг өөрийн эзэмших эрх олгогдсон газрын байршлийн солбицол дотор бус, гадна талд нь барьсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байна.

             19. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “... /аймаг, нийслэлийн Засаг дарга/ барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”-аар заасан, үүний дагуу Дорноговь аймгийн Засаг дарга дээр дурдсан барилга байгууламж барих ажлын  БАЗ-БУ-01/2017 дугаар зөвшөөрлийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Г” ХХК-нд олгосон, түүнчлэн маргаан бүхий хий цэнэглэх станцын барилгыг аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/833 дугаар захирамжаар томилогдсон 12 гишүүний бүрэлдэхүүнтэй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн КД-45/2017 дугаар дүгнэлтээр “... /уг/ барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан” гэж дүгнэн байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх тул “Г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 2.1-д заасан “... /аж ахуйн нэгж, байгууллага/ хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй барилгын ажил эхлүүлсэн” гэх зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсын үндэслэлд дурдсан  “Барилгын тухай хуулийн 37.1.3-т заасан “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40.1.16-д заасан “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

20. Түүнчлэн, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт явуулж, зөрчил тогтоохдоо “Г” ХХК-ийг хэдэн м.кв-т газарт хохирол учруулсан талаар тодорхой дүгнээгүй атлаа маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “хохирол учруулсан газрын хэмжээ 2000 м.кв”-аар тооцож, “... газрын хохирлын нөхөн төлбөрт 9,600,000 төгрөгийг гаргуулах”-аар шийдвэрлэснийг шүүх зөвтгөх боломжгүй,  хэдий хэмжээний хохирол учирсан талаар тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна. 

21. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл нь зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчилд тохироогүй, хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаа, уг асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байгаа нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасан шийдвэрийг гаргах үндэслэл болно, харин энэ үндэслэлээр шийтгэх хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т заасан “зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах” зарчимд нийцэхгүй юм.

22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж зөв тайлбарлан хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх дээрх байдлаар зөрчилтэй шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0333 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр заалтын 10.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 2.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.Отгонжаргал/-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 2 дахь заалтад “Хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэн, шийдвэрийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Г” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА