Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-14
Дугаар 314
Хэргийн индекс 128/2017/0760/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Т ХХК нарын 7 компани
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Х банк
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Т” ХХК, “Г” ХХК,

“М” ХХК, “С” ХХК,

“С Б Э Э” ХХК, “А” ХХК,

“Т з” ХХК-уудын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох” тухай А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2019/0345 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “Тн” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Ц.М, нэхэмжлэгч “С Б Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч “Т з” ХХК-ийн  төлөөлөгч н.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Т нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, “Т з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Т” ХХК-ийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Т ХХК, М ХХК, Г ХХК, С ХХК, С Б Э Э ХХК, А ХХК, Т з ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2019/0345 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

            Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан, газрын хэвлий ашиглаж дуусгавар болгосон 95 аж ахуй нэгжээс ихэнх аж ахуй нэгжтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулж тусгай зөвшөөрлийн эрхийг нь сэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга гаргасан захирамжаа судалгаа, мэдээлэлгүй, үндэслэлгүй гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, ихэнх компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн байдаг. Эндээс дүгнэхэд Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, бололцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг баримталж ажиллаагүй, шийдвэр гаргахдаа үндэслэж шийдвэр гаргаагүй болох нь илэрхий байдаг.

4. Анхан шатны шүүх 1 жил гаруй хугацаанд хэргийг хянаж, шүүх хуралдааныг удаа дараа нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж бүрдүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх зарчмуудыг баримталж шийдвэр гаргаагүй болохыг дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх чухам ямар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чухам ямар журам зөрчсөн талаар дурдаагүй атлаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй асуудлаар нотлох баримт цуглуулж дүгнэлт хийхийг анхан шатны шүүхээс шаардаж байгаа нь хэргийг бүхэлд нь хянахдаа үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн гэж үзэхээр байна.

6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 37.3-т “Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, 37.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж нарийвчлан зохицуулсан хуулийн заалтуудыг огт баримтлаагүй.

7. Хэрвээ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага үүссэн бол эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа “Г” ХХК-д зайлшгүй мэдэгдэж, дээрх хуульд заасан процесс ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, гаргасан зардал, хохирлыг төр хариуцан төлж барагдуулсны үндсэн дээр олгосон зөвшөөрлөө хуульд үндэслэж дуусгавар болгох байтал Нийслэлийн Засаг дарга үндэслэлгүй А/609 дугаар захирамжийг гаргаж, улмаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 95 аж ахуй нэгжтэй тохиролцох замаар төрийн үйл хэргийг явуулж, тэгш бус байдлыг үүсгэсэн шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчихөд хүргээд байна.

8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үндэслэл “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд үүсээгүй байдаг. Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Г” ХХК-д хаяглаж ирүүлсэн 05/72 тоот албан бичгээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зогсоох шаардлага ирүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 50 дугаар тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргаж мөн л энэ тогтоол Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон тул Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид хамааралтай болохыг мэдэгдэж, үйл ажиллагааг хязгаарласан байдаг.

9. “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицлын цэгүүдээр тогтоогоод үзэхлээр Туул голоос 1275 метрийн зайд байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан байршлын зургаар нотлогдож байдаг. Энэ нь газрын давхцалтай холбоотой баримтыг цуглуулах гээд байгааг шаардаж байгаа бол уг баримт хавтаст хэрэгт авагдсан цуглуулах шаардлагагүй болно.

10.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

11.  “Т з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс “Т з” ХХК-д холбогдох хэсгийг дүгнэхдээ “... “Т з” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байна...” гэжээ.

12.  “Т з” ХХК-ийн толгой компани болох “Б к” ХХК нь анх 2007 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Уг тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2 жилийн хугацаанд олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажил, техник эдийн засгийн үндэслэл, менежментийн төлөвлөгөө зэргийг боловсруулж батлуулах, нөхөн сэргээлтийн зардлын мөнгийг тусгай дансанд байршуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2009 онд уулын ажлын төлөвлөгөөг батлуулах хугацаанд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 сарын 16-ны өдөр батлагдаж мөрдөгдөж эхэлснээр бидний үйл ажиллагааг зогсоосноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй байдаг.

13.  Тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн сэргээхтэй холбоотой ажиллагааг олборлолт явуулж эхлээд үйл ажиллагаа явуулсны дараа хийгдэх ажиллагаа болохоос өмнө нь хийх тухай асуудал ярих боломжгүй. Улсын байцаагчийн албан шаардлага нь компаниудад нэг ижил загвараар гаргасан, хамааралгүй зөрчлүүдийг багтаасан, торгуулийн шинжтэй байсан тул нутгийн захиргааны байгууллагаас “Т з” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хувьд цуцлуулах эсэх талаарх саналыг гаргаагүй байхад шүүхээс нутгийн захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу санал ирүүлсэн эсэхийг тодруулах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

14.  “Т з” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Ойн сан бүхий газрын хилтэй, 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Туул голын хамгаалалтын бүс Усын тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүсийн хилтэй давхцалтай болохыг тогтоосныг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн. Ийнхүү компанийн зүгээс дээрх хууль, тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн Газрын 2015 оны 06 сарын 08-ны өдрийн 235 дугаар тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ төрийн захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж байсны дагуу Ашигт малтмалын газраас томилогдсон комисс газар дээр шалгалт хийж хяналтын хэмжилт хийсэн.

15.  Гэтэл хариуцагчаас дээрх хуулийн үйлчлэлд хамаарах харилцааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан 50 дугаар тогтоолтой холбогдуулан тайлбарлаж, захирамж гаргасныг шүүхийн зүгээс нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн магадлалд зааснаар шүүх “нэхэмжлэгч компаниуд тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулаагүй ч гэсэн олборлолт явуулахтай холбоотой бусад үйл ажиллагааг явуулж байсан эсэхийг тодруулах” гэсэн нь ойлгомжгүй буюу маргаан бүхий актын үндэслэлтэй хэрхэн холбогдох нь тодорхойгүй байна.

16.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

17.  “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч компани тус бүр тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйгээ өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаас тавьсан шаардлагыг биелүүлж, үйл ажиллагаа явуулаагүй, газрын хэвлийг акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлүүдээр тайлбарлан маргасан, тухайлбал Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр “М” ХХК-д үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийх талаар мэдэгдсэнээр тус компани ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэжээ. Шүүх энэ тайлбартай холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, тухайн компани тус бүрийн үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдалд дүгнэлт өгөх шаардлагатай хэмээн үзсэн.

18.  “М” ХХК-аас нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор холбогдох баримт материалыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт гаргаж өгсөн гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр дээрх баримт нотолгоог заавал шүүх цуглуулах ёстой мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.

19.  Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 тоот захирамж нь бүхэлдээ үндэслэл бүхий болж чадаагүй учир энэ захирамжид хамаарсан 95 нэр бүхий компаниас дийлэнх олонхи нь эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ хугацаанд маш олон нэр бүхий компанийн хэргийг нэгтгэж, эвлэрсэн гэх шалтгаанаар тусгаарлаж маш их чирэгдэл учирсан хэдий ч анхан шатны шүүх хэргийг маш их ажиллагаа хийж, холболдох баримт материалыг цуглуулж байж хэргийг хянан шийдвэрлэсэн.

20.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

21.  “Т” ХХК-ийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч тус бүрт холбоотой маргааны үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулаагүй гэж анхан шатны шүүхийг үндэслэлгүйгээр буруутгасан. Учир нь тухайн захиргааны хэргийн шүүх хуралдаан нь “товлон зарлагдсанаасаа хойш нийт 2 жил шахуу хугацаанд” хойшлогдсон гол шалтгааны нэг нь “шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг хийх” үндэслэлээр хойшилсон байдаг.

22.  Анхан шатны шүүхээс эхлээд хэргийг нэгтгэхээс өмнө компани болгон дээр тус бүрт нь хариуцагчаас тайлбарыг авч, холбогдох баримтуудыг шаардсан. Энэхүү компани тус бүр дээр ирүүлсэн тайлбарт хавсаргасан баримт бүр нь нэг утга агуулга бүхий, ижилхэн нотлох баримтууд байсан бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг 2 гол үндсэн хэсэг болгож тусгаарласны дараа болон нэг ижил тайлбар ,түүнд хавсаргасан баримтыг цэгцлэх, мөн компани болгоны нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шүүх хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрт тусгайлан “дахин тайлбарыг компани бүр дээр холбогдох баримтуудыг хавсарган өгөхийг хариуцагч нарт үүрэг болгож, шүүх хуралдаан дээр мэдэгдэж, шүүхийн албан бичиг илгээсэн.

23.  Хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон баримтаа шүүхэд өгөхгүй, актын үндэслэлээ хамгаалахгүй эс үйлдэхүй хийгээд байхад шаардлагатай хугацааг хариуцагч нарт өгч, шаардлагатай нотлох баримтыг татан авах шүүхийн албан бичгүүдийг холбогдох төрийн захиргааны байгууллага болон хариуцагч нараас бүхий л хугацаанд шаардсан анхан шатны шүүхийг “нотлох баримтаа цуглуулж чадсангүй, дутуу цуглууллаа” гэж буруутгаж буй нь үндэслэлгүй.

24.  Нийслэлийн Засаг даргаас нийт компаниудыг буруутгаж буй үндэслэл бүрийг хариуцсан төрийн захиргааны байгууллага бүрээс итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилж, оролцуулсан бөгөөд дахин тайлбар авах, нотлох баримт шаардахдаа тус тусад нь тайлбар ирүүлэхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрт холбогдуулан даалгаж, шаардсан боловч үндэслэлээ тогтоосон баримтыг хавсарган ирүүлж байгаагүй.

25.  Магадлалын үндэслэх хэсэгт “Т” ХХК-тай холбоотой байгаль орчинтой холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгадаг. Гэтэл анхан шатны шүүхээс тусгайлан “Т” ХХК-ийг цохон шаардсан дараах албан бичгүүдийг холбогдох байгууллагууд руу явуулсан буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12176 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад” гээд “Нотлох баримт лавлагаа гаргуулах тухай” албан бичгээр энэхүү байгаль орчинтой холбоотой бүхий л холбогдох баримтыг гаргуулахаар шаардсан байдаг.

26.  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12168 дугаар “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт” гээд “Нотлох баримт гаргуулах тухай” гэх албан тоотоор давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийг дутуу цуглуулсан гэж буруутгаад буй нотлох баримтуудыг нэг бүрчлэн 4 хэсэг болгон дурдаад шаардсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1/9138,  2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1363, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/4174 дүгээр албан бичгүүд болон өөр бусад албан бичгүүдээр тус тус нотлох баримт шаардсан.

27.  “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын 50 хувийг төлсөн барьцаалсан баримт байхгүй” нөхцөл байдлыг шалгаагүй гэсэн боловч анхан шатны шүүхийн нотлох баримт шаардсаны дагуу Байгаль орчны газраас 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 02/312 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр шүүхэд тухайн баримтыг хүргүүлсэн бөгөөд “Т” ХХК-г тушаасан гэж ирүүлдэг.

28.  Ийнхүү зөвхөн “Т” ХХК-тай холбоотой нотлох баримтыг шаардахын сацуу, хариуцагчаас 3 удаа хариу тайлбарыг авсан байдаг тул шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг анхаарч үзнэ үү. Хариуцагчаас баримтуудаа шүүхэд ирүүлэхгүй байхад ирүүлээгүй баримтын хүрээнд шүүх хийсвэрээр дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд хариуцагч нарын үүрэг хариуцлагаас хамаарч буй нөхцөл байдлаар шүүхийг буруутгаж буй нь үндэслэлгүй болно.

29.  “А” ХХК-ийг энэхүү хэрэгт нэгтгээгүй атлаа хамт шийдвэрлэсэн нь “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэж энэхүү нөхцөл байдал нь Захиргааны хэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн анхан шатны шүүхийг буруутгажээ. Энэхүү хэрэг нь анх үүссэнээсээ хойш 2 жил гаруйн дараа анхан шатаар шийдвэрлэгдсэн бөгөөд “А” ХХК-ийг тус хэрэгт нэгтгэсэн тухай баримттай холбоотой үйл баримт нь энэхүү хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болж буйд нэхэмжлэгч талаас гомдолтой байна. Анхан шатны шүүхийн процессын алдаа бүрийг хүлээн авч шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхүүд нь хүчингүй болгоод байдаг шүүхийн жишиг ховор бөгөөд дээд шатны шүүхээс энэхүү хуулийг хэрэглэн тайлбарлахдаа “шүүхийн шийдвэрийн агуулгад ноцтой нөлөөлсөн процессын алдаа болсон” эсэхийг гол шалгуур болгодог. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд шийдвэрт нөлөөлсөн ноцтой процессын алдаа болсон эсэхээ давж заалдах шатны шүүх тайлбарлаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас энэхүү алдааг шийдвэрт нөлөөлсөн ноцтой алдаа гэж үзэхгүй байна.

30.  Мөн маргаан бүхий захиргааны акт өөрөө ойлгомжгүй, тодорхойгүй буюу компаниуд нь акт дээрх яг аль зөрчилд хамаарагдаж буйгаа мэдэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, бичгэн тайлбар, бусад баримтаас өөрсдийгөө аль зөрчилд хамаарч буйгаа анх мэддэг. Энэхүү нөхцөл байдлын хүрээнд өгсөн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

31.  Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нэр бүхий 4 компанийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

32.  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүстэй давхцалтай, тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй” гэх үндэслэлээр нийт 95 аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

33.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан захиргааны хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэх боломжтой гэж үзвэл хэргийг нэгтгэх захирамж гаргах байна. Гэвч энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нэг захиргааны актад холбогдож байх боловч нэхэмжлэгч нар нь өөр өөр, цуглуулах нотлох баримт харилцан адилгүй, ялгаатай байхад хэргийг нэгтгэн шийдвэрлэснээс шүүх маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

34.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актын үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг цуглуулж, хэргийн бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийх нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг бөгөөд шүүхээс хэргийг нэгтгэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүр, маргааны үйл баримт тус бүрд дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй, шүүхээс маргааны үйл баримт тус бүрд холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй буруутай байна.

35.  Энэ хэргийн маргааны үйл баримт харилцан адилгүй буюу өөр өөр нотлох баримт цуглуулах шаардлагатай, зарим хуулийн этгээдийн талбай усны хамгаалалтын бүстэй давхцалгүй, зарим хуулийн этгээд нь давхцалтай боловч энгийн болон онцгой хамгаалалтын аль бүстэй давхцалтай болох, мөн давхцлын талаар эсрэг тэсрэг баримт байхад зөрүүг арилгаагүй, давхцлын солбицол, хэмжээг тодорхой тогтоогоогүй, энгийн болон онцгой хамгаалалтын бүс хэзээ хэрхэн өөрчлөгдсөн, энэ нь нэхэмжлэгч нарын талбайд хэрхэн нөлөөлөх, нэхэмжлэгч нар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрхэн биелүүлсэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх, зөрчлийг хэрхэн арилгасан, байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг холбогдох дансанд байршуулсан эсэх үйл баримтыг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай эсэхийг анхан шатны шүүх нягтлах нь зүйтэй.

36.  “Т” ХХК-ийн гомдлын тухайд:

37.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1 дэх хэсэгт зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус зохицуулжээ.

38.  Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтээр “улсын байцаагчийн актын биелэлтийг хангаагүй” гэх үндэслэлээр  “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 30-06-271/99 дүгээр албан шаардлага болон 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02-05-196/384 дүгээр улсын байцаагчийн актаар “байгаль орчны менежментийн тайлан төлөвлөгөөгүй, эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын зардлын 50 хувийг төлсөн, барьцаалсан баримт байхгүй, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгээгүй, гүний худгийн зөвшөөрөл дүгнэлт байхгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, эдгээр зөрчлийг арилгахыг даалгаж, үйл ажиллагааг нь түр зогсоож байсан байна.

39.  Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд дээрх зөрчлийг хэрхэн арилгасан тухай баримт хэрэгт авагдаагүй, маргаан бүхий газар үзлэг хийгээгүй, холбогдох баримтыг цуглуулаагүй, анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт нийцэхгүй.

40.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх нотлох баримт цуглуулахаар ажиллагаа хийсэн, захиргааны байгууллага холбогдох баримтаа гаргаж өгөөгүй” гэх гомдол үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой. Тухайлбал, өөрийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн акт, албан шаардлагад заасан зөрчлийг хэрхэн арилгасан тухай нотлох баримт, байгаль орчны үнэлгээ, гүний худгийн зөвшөөрөл зэрэг баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй байна.

41.  Түүнчлэн маргаан бүхий А/609 дүгээр захирамжаар “усны хамгаалалтын бүсэд орсон” гэх үндэслэлд нэхэмжлэгчийг хамруулсан эсэх, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06б/6872 дугаар албан бичгээр “энгийн хамгаалалтын хилийн заагтай давхцалгүй” гэснийг тодруулж, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийх шаардлагатай.

42.  “Г” ХХК-ийн гомдлын тухайд:

43.  Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтээр “газрын хэвлийг ашиглаагүй, усан бүхий газрын давхцалтай” гэх үндэслэлээр  “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна. Нэхэмжлэгчээс “үйл ажиллагааг зогсоох бичиг ирсэн учраас газрын хэвлийг ашиглах боломжгүй байсан” гэж маргаж байгаа боловч хэзээ, ямар байгууллагаас бичиг ирсэн, энэ нь үйл ажиллагааг явуулахгүй байх хуулийн нөхцөл мөн эсэхийг тодруулаагүй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

44.  Усны давхцлын тухайд нотлох баримтууд зөрүүтэй, хариуцагчаас “99 хувийн давхцалтай” тухай зураг ирүүлсэн, нэхэмжлэгчээс “Туул голоос 1275 метр зайтай, давхцалгүй” гэх боловч шүүхээс эдгээр зөрүүтэй баримтад дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчид 205 га газар ашиглах эрх үүсэх үед усны хамгаалалтын бүстэй давхцалтай байсан эсэх, эсхүл нэхэмжлэгчид эрх үүссэний дараа давхцал үүссэн эсэх, давхцлын хэмжээ, солбицол зэргийг тодруулах шаардлагатай тул нэхэмжлэгчийн “дахин нотлох шаардлагагүй” тухай гомдол үндэслэлгүй.

45.  “М” ХХК-ийн гомдлын тухайд:

46.  Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтээр “газрын хэвлийг ашиглаагүй” гэх үндэслэлээр  тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан, мөн хариуцагчаас “усны хамгаалалтын бүстэй 82 хувийн давхцалтай” гэх үндэслэлээр холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргасан байна.

47.  Нэхэмжлэгчийн тухайд усны хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа талаар маргаагүй буюу “давхцлаа хасаад үйл ажиллагаа явуулахаар захиргааны байгууллагад хандаж байсан боловч шийдээгүй” гэж маргасан, гэвч энэ талаар нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагад хэзээ хандсан болохыг шүүхээс шалгаагүй буруутай байна. Иймээс газар ашиглаагүй шалтгааныг тодруулах, усны хамгаалалтын давхцал, солбицлыг тодорхой тогтоох, усны энгийн болон онцгой хамгаалалтын аль бүсэд хамаарч байгаа, усны хамгаалалтын солбицол өөрчлөгдсөн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

48.  “Т з” ХХК-ийн гомдлын тухайд:

49.  Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтээр “усны хамгаалалтын бүстэй давхцалтай, улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201-763 дугаар улсын байцаагчийн албан шаардлагаар “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, тайлагнаагүй, эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийгээгүй, газрын төлөв, чанарын хянан баталгаа хийгээгүй, гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй, ус авах цэгт тоолуур тавиагүй” зэрэг зөрчлийг арилгах үүргийг нэхэмжлэгчид оногдуулсан боловч эдгээр зөрчлийг хэрхэн арилгасан тухай баримт байхгүй тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

50.  Нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгогдсон газрыг “Туул голын усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай тус тус давхцалтай” гэсэн лавлагаа, зураг хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс “солбицолд өөрчлөлт оруулах асуудлыг шийдүүлэхээр захиргааны байгууллагад хандаж байсан” гэж маргаж байгаа боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиргааны байгууллагад хандаж байсан албан бичиг хэрэгт авагдсан боловч уг албан бичгийг захиргааны байгууллага хүлээн авсан тухай баримт байхгүй учраас нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотолж чадахгүй тул холбогдох баримтыг цуглуулж, усны хамгаалалтын бүсийн давхцалтай эсэх, солбицлын маргаан байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

51.  Дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2019/0345 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, “Т з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Т” ХХК-ийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 280800 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ