Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-14
Дугаар 313
Хэргийн индекс 127/2018/0008/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Л.Б
Хариуцагч Х аймгийн Ө сумын ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                            Б.Мөнхтуяа,

                                                        Д.Мөнхтуяа,

                                                        Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                  П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлөхийг даалгах,

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0290 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Э.У нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б-г Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Б-ийн ажилгүй байсан хугацааны олговор 12.191.000 /арван хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, ээлжийн амралтын олговор 1.251.586 /нэг сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөг, нийт 13.442.586 /арван гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэгч Л.Б-д 13442586 төгрөгийг олгохдоо холбогдох татвар суутгалыг хийж, Л.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0290 дүгээр магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хасч, “6”, “7” дахь заалтын дугаарыг “5”, “6” гэж тус тус өөрчлөн хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх намайг нэхэмжлэгч Л.Б-ийн ээлжийн амралтыг 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, зөвшөөрлийг “амаар олгосон байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Засаг даргын ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу бичгээр гаргах захиргааны акт учраас ээлжийн амралтыг амаар зөвшөөрөл өгөөд эдлүүлэх боломжгүй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Б-ийн ээлжийн амралтын зөвшөөрлийг амаар олгосон гэж тус тус дүгнэдэг боловч үнэндээ Л.Б-тай уулзахдаа бид зөвхөн түүний ээлжийн амралтын хуваарийн саналын талаар ярилцсан бөгөөд энэ нь ч тухайн аудио бичлэгээс тодорхой ойлгогддог. Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг хэрхэн батлах нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал учир ээлжийн амралтын саналын талаар ярилцсан нь ээлжийн амралт авахыг зөвшөөрсөн шийдвэр гэж үзэхгүй.

5. Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/05 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагаануудыг хуульд заасны дагуу биелүүлсэн бөгөөд 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/62 тоот мэдэгдэл, 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/62 тоот шаардлага зэрэг нь хугацааны хувьд нэхэмжлэгчийг ээлжийн амралт эдлэхийг зөвшөөрсний илэрхийлэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байгаа нь учир дутагдалтай.

6. Нэхэмжлэгч Л.Б-ийн ээлжийн амралтын хуваарийг баталсан Засаг даргын захирамж гараагүй, ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон Л.Б-д олгоогүй байхад дур мэдэн ажил хаяж, 22 хоног ажил тасалсан бөгөөд уг зөрчилд нь хууль, журамд нийцсэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж байдалд нийцсэн.

7. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмыг чанд сахин ажиллаж, төрийн албыг тасралтгүй явуулах үүрэгтэй атал ажил олгогчоос албан ёсны захирамж, шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажил тасалсан үйлдэлд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан.

8. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10.  Нэхэмжлэгч Л.Б нь Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар “ээлжийн амралт олгосон захирамж гараагүй, мэдэгдэл хүргүүлээгүй байхад дур мэдэн амарч, ажил тасалсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

11.  Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон хариуцлагыг оногдуулаагүй, өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

12.  Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх эрхтэй, гагцхүү ийнхүү эрхээ эдлэхдээ хэзээ амрах цаг хугацааг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон ажилтан нар нь харилцан тохиролцсоны эцэст тогтоох тул хариуцагчийн “ээлжийн амралтын хуваарийг хэрхэн батлах нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал” гэх гомдол үндэслэлгүй.

13.  Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар баталсан Ээлжийн амралт олгох зааврын 3-т “ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу ...ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасан, энэ тохиолдолд Засаг дарга нь өөрийн шууд удирдлагад хамаарах албан тушаалтуудын 2018 оны ээлжийн амралтын хугацааг 20018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/02 дугаар тушаал гаргаж баталсан атлаа нэхэмжлэгчийн хуваарийг батлаагүй байгаа нь бусад ажилчдаас ялгаварлан гадуурхсан, ээлжийн амралт эдлэх нөхцөл боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.

14.  Дээрх зааварт зааснаар хариуцагч нь ээлжийн амралтын хуваарийг батлахдаа нэхэмжлэгчийн саналыг үндэслэн цаг хугацааг тогтоох бөгөөд ээлжийн амралтын мэдэгдэл гараагүй байхад амарсан нь нэхэмжлэгчийн буруу буюу нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

15.  Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчээс “2018 оны ээлжийн амралтаа 2 дугаар сард эдлэх” тухай хүсэлтийг амаар болон бичгээр гаргасан байхад тухайн цаг хугацаанд уг хүсэлтийг шийдвэрлээгүй, тухайлбал ээлжийн амралт олгох боломжгүй ямар ямар үндэслэлүүд байгаа, хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байгаа, өөр ажилтан орлон гүйцэтгэх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгөөгүй, нөгөө талаар 2018 оны 02 дугаар сарын 05-нд нэхэмжлэгч зөрчил гаргасан буюу ажилдаа ирээгүй байхад тухайн цаг хугацаанд сахилгын шийтгэл оногдуулаагүй атлаа хожим 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь эргэлзээтэй буюу “амаар амралтын зөвшөөрөл олгосны илэрхийлэл” гэх давж заалдах шатны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

16.  Хариуцагчийн “ээлжийн амралтыг амаар биш бичгээр захиргааны акт гаргаж эдлүүлэх” тухай гомдол нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл биш буюу захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамааралтай, тодруулбал, хариуцагчаас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлийг тооцоолж, нэхэмжлэгчийн хүссэн цаг хугацаанд ээлжийн амралт эдлүүлэхгүй тухай үндэслэл бүхий бичгийн шийдвэрийг өөрөө гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг буруутгах эрхгүй юм.

17.  Түүнчлэн “дур мэдэн ажил тасалсан үйлдэлд нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулсан” гэх гомдлын тухайд хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хамгийн хүнд сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ “ажил таслах нь ноцтой зөрчил” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс амрах тухай хүсэлт гаргасан, амралтын хуваарийн талаар ярилцсан болохыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийн “амралтын мэдэгдэл олгоогүй байхад амарсан” зөрчилд хамгийн хүнд шийтгэл сонгосон нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.

18.  Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0290 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ