Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-07
Дугаар 300
Хэргийн индекс 221/2018/0018/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч С.Д нарыг 11 иргэн
Хариуцагч ЭМДҮЗ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

С.Д нарын нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                           Л.Атарцэцэг,

                                                       Б.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Элэгний В вирусэнд хэрэглэдэг виреад, энтекавир, вемлиди эмнүүдийг, элэгний Д вирусэнд дархлаа дэмжиж хэрэглэдэг интерфиронтой виферон-3.0 саятай лаа, Д вирусийн идэвхжил тодорхойлох  шинжилгээ, В вирусийн гадаргуугийн Е болон S антиген тодорхойлох шинжилгээ, хатуурал тодорхойлох шинжилгээ, MRI шинжилгээ, тодосгогчтой томограф шинжилгээ, хавдрын маркер, хавдрын РI\/КА-II шинжилгээний төлбөр зардлыг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах,

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэснийг,

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /хуучин нэрээр/-ийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсгийн “төрийн өмчийн” гэснийг тус тус хүчингүй болгуулах

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШШ2019/0011 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Б.Э, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 11 дүгээр зүйлийн 11.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан С.Д нарын 11 иргэнээс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсэг “...хоёр хүртэлх удаагийн...” гэсэн хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /хуучин нэрээр/-ийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5 оношилгоо, шинжилгээ хэсгийн 2.5.1 дэх хэсгийн “...Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3- 15.1.5, 15.1.7, 15.10-15.1.12-т заасан төрийн өмчийн...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, Элэгний В вирусэнд хэрэглэдэг Виреад, Энтекавир, Вемлиди эмнүүдийг, Элэгний D вирусэнд дархлаа дэмжиж хэрэглэдэг Интерфиронтой Виферон-3.0 саятай лаа, Элэгний D вирусийн идэвхжил тодорхойлох /тоолох/ шинжилгээ, Элэгний В вирусийн гадаргуугийн Е болон S антиген тодорхойлох шинжилгээ, Элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ /фиброскан/, Элэгний MRI шинжилгээ, Элэгний тодосгогчтой томограф шинжилгээ, Элэгний хавдрын маркер, Элэгний хавдрын РI\/КА-II шинжилгээний төлбөр зардлыг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэжээ6

Хяналтын гомдлын үндэслэл:

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 257 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн тогтоолын тухай” тогтоолд “... шүүх бүрэлдэхүүн захиргааны хэм хэмжээний акт гаргах эсэх нь захиргааны сонгох боломж байдаг боловч хууль тогтоогчоос хуулиар тогтоосон хэм хэмжээ тогтоох бүрэн эрхээ захиргаа огт хэрэгжүүлээгүй, тэр нь тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд “хэм хэмжээний акт гаргахыг даалгах” шаардлагыг тодорхой хүрээнд захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв” гэж дүгнэсэн.

3. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарын шаардлагын агуулга, хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах бус харин хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргасан байгааг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

4. Гэтэл нэхэмжлэгч нараас нэр бүхий эмүүдийг “Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даалгах” шаардлага гаргасан буюу 100 хувь хөнгөлөх “хүсэлтээ” шийдвэрлүүлж чадахгүй байх тул хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй, дээр дурдсаны дагуу давж   заалдах   шатны   шүүхийн   харьяалан   шийдвэрлэх   маргаан   биш   байхад шийдвэрлэсэн нь хууль бус байна.

5. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгч нараас холбогдох шинжилгээ, оношлогооны төлбөрийн зардлыг хөнгөлүүлэхээр хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авч, хуульд заасны дагуу ... төлбөр зардлыг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөх боломжтой эсэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн баримтад Эрүүл мэндийн яамд хандсан тухай баримтууд байх бөгөөд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандсан тухай баримтад он сар өдөр тодорхойгүй, даалгах шаардлага гаргасан тохиолдолд заавал тухайн захиргааны байгууллагад хандсан эсэхийг шүүх тодруулах ёстой, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд тус хүсэлтүүд огт ирж байгаагүй тухай хариуцагч мэдүүлсээр байхад “хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан” гэх хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

6. Мөн хүсэлтийг хуулийн дагуу, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж байгаа нь шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.8-д “энэ хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах”, 14.9.10-т Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох” гэж заасны дагуу Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэр гаргадаг байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудал буюу “Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэх” боломжгүй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй юм.

7. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн яамны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/2543 дугаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад хүргүүлсэн саналын 1.1.1-т “Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад багтсан байх”, 1.3-т “... суурь хэмжээ буюу хамгийн хямд эмийн хөнгөлөлтийн хувийг 80% байхаар тогтоох” заасан саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл Элэгний В вирусэнд хэрэглэдэг Виреад, Энтекавир, Вемлиди эмнүүдийг Элэгний Д вирусэнд дархлаа дэмжиж хэрэглэдэг Интерфиронтой Виферон-3.0 саятай лаа, Элэгний Д вирусын идэвхжил тодорхойлох /тоолох/ шинжилгээ, Элэгний В вирусын гадаргуугийн Е болон S антиген тодорхойлох шинжилгээ, Элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ /фиброскан/, Элэгний MRI шинжилгээ, Элэгний тодосгогчтой томограф шинжилгээ, Элэгний хавдрын маркер, Элэгний хавдрын PIVKA-2 шинжилгээний төлбөр зардлыг тогтоосон болно.

8. Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/458 дугаар тушаал, Хүний эмийн зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн А/01 дугаар тушаалаар “Элэгний Д вирусэнд дархлаа дэмжиж хэрэглэдэг Интерфиронтой Виферон-3.0 саятай лааг” зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтаас хассан байх тул шүүхээс төрийн эрх бүхий байгууллагын гаргасан тушаал   шийдвэрийг   биелүүлэн   ажилладаг   Эрүүл  мэндийн  даатгалын  үндэсний зөвлөлийг хууль зөрчсөн шийдвэр гаргахыг шүүх даалгасан.

9. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.3 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 112 тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай тогтоол батлагдсан.

10.  Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан Эрүүл мэндийн даатгалын зөвлөл батална” гэж заасны дагуу тус 19 тоот журмыг баталсан.

11.  Хуулийн дээрх заалтаас үзвэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ирүүлсэн саналыг үндэслэн оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хариуцахаар заасан нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй болно.

12.  Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /хуучин нэрээр/-ийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 4.7.3-т  зааснаар Даатгуулагчийн тухайн сард хийгдсэн оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн, нэг удаад улирлын төлбөрийн хэмжээг баримтлан гүйцэтгэлээр тооцон олгоно. Улирлын төлбөрийн хэмжээнээс илүү гарсан тохиолдолд даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Мөн журмын 4.7.5-т “Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа оношилгоо, шинжилгээ /компьютер, томографи, MRI, дуран гэх мэт/ -г хийлгэсэн тохиолдолд улирлын төлбөрийн хэмжээгээр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан “төлбөртэй тусламж үйлчилгээний тарифын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө” гэж тус тус заасан байдаг.

13.  Шүүхээс хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана” гэж заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн атлаа “... хариуцагчийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, ...санхүүгийн эрсдэлээ даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэний эрхийг зөрчиж байна” гэж хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн.

14.  Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах;”, мөн зүйлийн 4.1.4-д “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

15.  Гэтэл Монгол Улсын Их Хурлаас шүүхийн зөрчсөн гээд байгаа хуулийн заалтыг хэрэгжүүлж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, ивээлдээ аван хэрэгжүүлсэн арга хэмжээ авсан байх бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрхийг хамгаалах хүрээнд төрийн төсөв санхүү, эмнэлгийн байгууллагуудын хүчин чадал, хир хэмжээ, нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал, шат дараатай хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг олон хүчин зүйлийн нөлөөтэй байдлыг шүүхээс анхаараагүй, хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

16.  Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17.  Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч үлдэх хэсэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг түдгэлзүүлж, дахин шинэ журам тогтоохыг захиргааны байгууллагад даалгаж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

18.  Нэрлэн заасан эм болон шинжилгээний зардлыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:

19.  Нэхэмжлэгч нарын зүгээс “элэгний В, Д вирусын халдвартай гэж оношлогдсон иргэд эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол төлж байхад уг өвчинд голлон хэрэглэдэг хамгийн үр дүнтэй, орлох бүтээгдэхүүнгүй, өндөр өртөг бүхий эм, шинжилгээний төлбөрт хөнгөлөлт эдэлж чадахгүй хохирч байна, бид хуулиар олгогдсон эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар болох 2 сая төгрөгт багтааж, хөнгөлөлт эдлэх хүсэлтэй, давсан зардлаа өөрөө хариуцна, үүнд сангийн төсөв хүрэлцэхгүй байх, дарамт үүсэх асуудал байхгүй” гэж маргаж байна.

20.  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.8-д “энэ хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох”, 14 дүгээр зүйлийн 14.9.10-т “эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох” гэж заасан чиг үүргийг хүлээж байна.

21.  Гэтэл хариуцагч нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлд нэрлэн заасан тодорхой нэрийн эм болон шинжилгээ нь үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд хамаарах эсэх, хэрэв хамаарах бол хөнгөлөх хэмжээг тогтоогоогүй, эсхүл яагаад хөнгөлөх боломжгүй байгаа тухай үндэслэл бүхий хариу өгөөгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт нийцэхгүй.

22.  Нэхэмжлэгч нарын тухайд тодорхой нэр төрлийн эм, шинжилгээг хөнгөлүүлэх тухай хүсэлтийг удаа дараа захиргааны байгууллагад гаргаж байсан болох нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/71 болон 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2840 дүгээр албан бичгүүд, Эрүүл мэндийн яамны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/3822 болон 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/2246 дугаар албан бичгүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-2/516 дугаар албан бичгээр тогтоогдсон, тухайн үед “Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөр удахгүй батлагдах даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад уг эмийг оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн хариуг захиргааны байгууллагаас өгч байсан боловч одоог хүртэл нэхэмжлэлд дурдсан асуудлаар ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байх тул хариуцагчийн “хүсэлт ирж байгаагүй” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

23.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байх бөгөөд дээрх хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг батлан тогтоох эрхтэй, ийнхүү эмийн жагсаалтыг баталсан тогтоол гаргадаг атлаа “Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газраас ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэр гаргадаг, санал ирээгүй” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас санал авахаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, хоёр захиргааны байгууллага хоорондын харилцааны асуудал нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах, холбогдох журам батлах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн “манай байгууллагын эрх хэмжээнд хамааралгүй  асуудлаар шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

24.  Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагч хамтран хариуцан төлнө” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нараас “өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан нь хариуцагчийн эрх хэмжээнд халдаагүй, хөнгөлөх эм болон шинжилгээний жагсаалтыг өвчлөлийн байдал, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн оновчтой, үр өгөөжтэй зохион байгуулах эрх нь хариуцагчид олгогдсон.

25.  Хариуцагчийн “виферон лааг эмчилгээний зааварт тусгаагүй, Д вирусын эмчилгээний заавар байхгүй, зарим эмийг зайлшгүй хэрэглэх эмийн жагсаалтаас гаргасан байхад хууль зөрчсөн шийдвэр гаргахыг шүүхээс даалгасан” гэх гомдол үндэслэлгүй, шүүхээс захиргааны байгууллагад хуульд нийцүүлэн нэхэмжлэлд зааж буй эм болон шинжилгээнд үнийн хөнгөлөлт үзүүлэх эсэхийг шийдэхийг даалгасан болохоос тодорхой нэр төрлийн эмийг хөнгөлөхийг шууд нэрлэн заагаагүй болно.

26.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

27.  Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх”-ээр шийдвэрлэж, тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан, уг тогтоолын 4.5-д “элэгний В, С вирусын идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээг шинэчлэн байгуулж, даатгуулагчийн хоёр хүртэл удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг гүйцэтгэлээр нь тооцон санхүүжүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасан хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

28.  Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, элэгний архаг, үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээг нэрлэн заасан, энэ дагуу хариуцагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд даатгуулагчийн хоёр хүртэл удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг гүйцэтгэлээр нь тооцон санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид эерэг үр дагавар үүсгэсэн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

29.  Нэхэмжлэгчээс “2 удаагийн шинжилгээ хийлгэх тоогоор хязгаарласан” гэж, хариуцагчаас “хоёр хүртэл удаагийн шинжилгээг төлбөрийн гүйцэтгэлээс нь тооцож санхүүжүүлнэ, үүнээс хойш дахин шинжилгээ хийлгэх тохиолдолд даатгуулагч жилдээ 2 сая төгрөгт багтаад гэрээ байгуулагдсан эмнэлгүүдээс үйлчилгээ  авах эрх нь нээлттэй” гэж тус тус маргаж байна.

30.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.9-д “даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар, энэ хуулийн 11.2-т заасан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох” гэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар “Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 1 дэх заалтаар даатгуулагчид үзүүлэх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.6, 9.1.8-д зааснаас бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг 2 000 000 /хоёр сая/ төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

31.  Эндээс үзэхэд уг заалтыг хэрэгжүүлэх явцад эмнэлгийн байгууллагаас алдаа гаргасан буюу захиргааны байгууллагаас холбогдох журмыг буруу ойлгож хэрэгжүүлсэн байж болзошгүй бөгөөд энэ байдал нь тухайн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “хоёр хүртэл тоогоор хязгаарлаагүй, хоёр хүртэл удаагийн шинжилгээг гүйцэтгэлээр нь тооцож санхүүжүүлнэ, үүнээс хойш дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай бол 2 сая төгрөгтөө багтаад үйлчилгээ авах боломжтой” гэж тайлбарласан тул нэхэмжлэлд заасан 2 сая төгрөгт багтаан хөнгөлөлт эдлэх нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

32.  Давж заалдах шатны шүүхээс “шинжилгээ хийлгэх тоогоор хязгаарласан” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан боловч захиргааны байгууллагаас ийнхүү хязгаарласан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, эсрэгээр хоёр хүртэл удаагийн шинжилгээний зардлыг санхүүжүүлж, эерэг үр дагавар үүсгэсэн, нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг нэрлэн заасан, эдгээр шаардлагыг маргаан бүхий тогтоолын холбогдох хэсэг бүрэн хангасан, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийг “хуулийн зөрчилтэй” хэм хэмжээний акт баталсан гэж үзэхгүй.

33.  Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага буюу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсэгт “оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3-15.1.5, 15.1.7, 15.10-15.1.12-т заасан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад үзүүлнэ” гэж зааснаас “төрийн өмчийн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

34.  Нэхэмжлэгчээс энэ шаардлагад холбогдуулан “хуулиар олгогдсон 2 сая төгрөгт багтааж, эмнэлгийн үйлчилгээ хийлгэх боломж байгаа, гэтэл төрийн өмчийн байгууллагад тоног төхөөрөмж, уусмал нь байхгүй, маш их дараалалтай учраас төрийн байгууллагад үзүүлэх боломжгүй болж, өвчний байдал “хүлээх” боломжгүй учраас хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг, ингээд хувийн эмнэлэгт төлсөн төлбөрөөс хөнгөлөлт эдэлж чадахгүй хохирч байна” гэж маргажээ.

35.  Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар тогтоогдсон буюу “төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар оношилгоо, шинжилгээг хийлгэх” боломж бодит байдалд байхгүй болох нь хариуцагчийн “улсын эмнэлэгт компьютер, имра байгаа, ачаалал их байдаг, хатуурал тодорхойлох аппарат одоогоор улсын эмнэлэгт алга байна” гэх тайлбар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/372 дугаар албан бичгээр Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хандаж, “төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ...оношилгоо, шинжилгээг хийх боломж, чадавхтай боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй байгаа, цаашид холбогдох журамд өөрчлөлт оруулж, төрийн өмчийн эмнэлэгт хуваарилагдсан оношилгоо, шинжилгээний нийт санхүүжилтийн зохих хувийг тусламж, үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх замаар даатгуулагчийн эрхийг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна” гэх зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

36.  Хариуцагчаас “нэг даатгуулагч жилдээ 2 сая төгрөг хүртэл тусламж, үйлчилгээ авах эрхтэй ба гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах эрх нь нээлттэй” гэж тайлбарлаж байгаа боловч төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй, хэрэгцээт цаг хугацаанд шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд, 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт эдлэх эрхээ “төрийн” гэсэн хязгаарлалтаас шалтгаалан бодитоор эдэлж чадахгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

37.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх” гэж даатгуулагчийн эрхийг заасан, өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоолд заасан шиг гагцхүү “төрийн өмчийн эмнэлгийн байгууллага” гэж хязгаарлаагүй байна.

38.  Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай даатгалын гэрээ байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэнэ” гэж зааснаар шүүхээс “төрийн өмчийн” гэх хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн бүх байгууллагаар оношилгоо, шинжилгээ хийлгэх бодит боломж байгаа эсэх нь тодорхойгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзлээ.

39.  Хариуцагчаас “төрийн болон хувийн өмчийн эмнэлгийн байгууллагад адилхан үйлчлүүлэх боломжтой байхаар судалж байгаа” гэж тайлбарласны зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагыг шууд үгүйсгэхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журмын 2.5.1 дэх заалтын “төрийн өмчийн” гэсэн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

40.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах боловч дээр дурдсанаар шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэж, холбогдох заалтыг шинэчлэн батлах замаар тухайн харилцааг нэг мөр зохицуулахыг хариуцагчид даалгаж, хэрэв энэ хугацаанд холбогдох журамд өөрчлөлт оруулсан зохицуулалтыг гаргахгүй бол мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болох үр дагавартай болохыг тэмдэглэж байна.

41.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний актад холбогдох маргааныг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх ба энэхүү маргаан нь “захиргааны байгууллага хэм хэмжээний акт батлан гаргах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргасан, нөгөө талаар нэхэмжлэлийн бусад шаардлага нь хэм хэмжээний актын холбогдох заалтыг хүчингүй болгуулах шаардлага байх тул үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой учраас шүүхийн харьяалал зөрчигдөөгүй, хариуцагчийн “зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг давж заалдах шатны шүүх шийдэхгүй” тухай гомдол үндэслэлгүй.

42.  Дээрх үндэслэлүүдээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.10, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, элэгний В вирусэнд хэрэглэдэг виреад, энтекавир, вемлиди эмнүүдийг, элэгний Д вирусэнд дархлаа дэмжиж хэрэглэдэг интерфиронтой виферон-3.0 саятай лаа, Д вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ, В вирусийн гадаргуугийн Е болон S антиген тодорхойлох шинжилгээ, хатуурал тодорхойлох шинжилгээ /фиброскан/, MRI шинжилгээ, тодосгогчтой томограф шинжилгээ, хавдрын маркер, хавдрын РIVКА-II; шинжилгээний төлбөр зардлыг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даалгасугай” гэж өөрчилж, 2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан “хоёр хүртэлх удаагийн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1-ийн “төрийн өмчийн” гэсэн хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэчлэн батлахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даалгасугай. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны байгууллагаас маргаан бүхий журмын 2.5.1 дэх хэсгийг шинэчлэн батлахгүй бол уг заалтын холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэсэн агуулгатай заалтууд тус тус нэмж, магадлалын 2 дахь заалтын дугаарыг 5 болгон өөрчилж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          М.БАТСУУРЬ

               ШҮҮГЧ                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ