Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-09
Дугаар 250
Хэргийн индекс 128/2018/0964/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Г э м" ХХК
Хариуцагч АМГТГ-ын КХ-ийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Г э м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                  П.Соёл-Эрдэнэ

                                                  Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн “Г э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 14790Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг “Г э м” ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг даалгах”,

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0235 дугаар магадлалтай,

            Нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн захирал О.Э-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 299 дугаар шийдвэрийн “Г э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг Нутгийн толгод гэх нэртэй газар байрлах 14790Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг “Г э м” ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0235 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн захирал О.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ өөрчилж, засварлан шүүхэд өгсөн.

4. Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан хэдий боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчид гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийлгүй хурлыг товлон, хуралдуулсан гэсэн гомдлыг маань шүүх бүрэлдэхүүн: /шүүгч Хонинхүү/ “манай шүүх нэхэмжлэлээ хариуцагчид гардуулах, гардуулахгүй байх нь та нарт огт хамаагүй гэж илтэд бидний гаргасан гомдлыг хүлээж авалгүй энэ талаар хариу тайлбарыг ч бидэнд хийсэнгүй”.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь баримт бичиг хүлээлцэх дэвтэр, “М ш” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/153 дугаар албан бичиг, шуудан хүргэлтийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн ... “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаар ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, ... хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна” гэжээ.

6. Хэргийн материалд “М ш” ХК-аас мэдэгдлийг хаягийн дагуу гардуулсан тухай албан бичгийг хуулбар үнэн тэмдэгтэй хоёр хуудас хавсралтын хамт захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус хоёр хуудас хавсралтад заасны дагуу албан мэдэгдлийг гардаж авсан Чулуунхүү гэгч нь манай компанид ажилладаггүй бөгөөд огт танихгүй, мэдэгдлийг аваагүй гэдгээ нэхэмжлэгчийн зүгээс илэрхийлж байсан. 

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах” нь шүүхийн үүрэг байсаар байтал Чулуунхүү гэгч этгээдийн гарын үсэг өөр хоорондоо зөрүүтэй байгааг, мөн түүний хэн болохыг тодруулж, гэрчээр асуулгүйгээр нэхэмжлэгчийг мэдэгдлийг гардан авсан гэж таамаглаж дүгнэсэн нь хууль бус байна гэсэн бидний гомдлын талаар тодорхой тайлбар нэмэлт ажиллагааныхаа талаар хариу өгсөнгүй.

8. Шүүхийн зүгээс маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор гуравдагч этгээдийн хөндөгдөх эрх ашиг сонирхол байгаа эсэхийг хариуцагчаас болон холбогдох байгууллагаас тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал газрын тосны газар нь манай компанийн эзэмшиж байсан 14790Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон байх магадлалтай ч түүнийг шалгалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гзсэн гомдолд бас тодорхой хариулт өгсөнгүй.

9. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Жанчивтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шүүхэд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах боломжит хугацаа олгохыг хүссэн.

10. 2019 оны 01 дүгээр сарын 11ний өдөр нь Баасан гараг байсан ба хурлыг дараагийн ажлын өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт товлосон. Хэдийгээр өмгөөлөгч маань 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хурал дээр “өмгөөлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай” гэж хэлж байсан ч түүнийг үл харгалзан шүүх хурлыг товлосон.

11. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчид хэргийн матөриалтай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, ямар нэг ажиллагаа явуулах хугацаа олголгүй шүүх хурлыг товлосон.

12. Ингээд нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй ба шүүгч шүүх хурлыг хойшлуулахгүй, хангалттай хойшилсон гэж шахаж шаардсан, дахиж хурал хойшлох юм бол нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй хугацаа нь дуусна гэсний дагуу арга буюу шүүх хуралдаандаа өмгөөлөгчгүйгээр оролцоход хүрсэн.

13. Энэ нь манай компаний эрхийг ноцтойгоор зөрчсөн тул бид дахин энэ асуудлаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зуйлд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй юм.

14. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 221/МА2019/0235 магадлалын Тогтоох хэсэг, Хянах хэсэг хоёр нь бүхэлдээ хоорондоо зөрчилтэй, эргэлзээтэй гарсан байна. Бид Тогтоох хэсгийн 1 дүгээрт зааснаар үзвэл: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай гэснийг нь манай компаний уг шүүх хуралдаанаар хангах болон эс хангах талаар ямар ч ойлголтыг авч чадахгүй эргэлзээтэй байна.

15. Бидний нэхэмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон шүүх хуралдаан нь анхан шатны шүүх хуралдааны процессын алдааг хэлэлцэлгүи орхиж анхан шатны хуралдааныг дахин давтан хэлэлцсэн үйлдэл болсон.

16. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэр нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, өмгөөлөгчийг биечлэн оролцох эрхийг хангаагүй шүүхийн магадлал тогтоох хэсгийн ойлгомжгүй хоёр утгатай гаргасан, давж заалдах шатны шүүх хуралдаан нь бидний гомдлыг хэлэлцэлгүйгээр ерөнхийдөө 2019 оны 01 дүгээр сарын 14-нд болсон анхан шатны шүүх хурлыг давтан хийсэн шүүх хурал болсон зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            17. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

18. Нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн захирал О.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй.

19. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7453 дугаар захирамжаар, “Г э м” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн “Г э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдын нутагт байрлах “Нутгийн толгод” нэртэй газар байрлах 14790Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг “Г э м” ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гардуулсан, хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн захирал О.Энхжаргалаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хуулбарлан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин бичиж өгсөн, уг хоёр нэхэмжлэл нь “... нэхэмжлэлээ өөрчилсөн”, “... хариуцагчаа сольсон” гэх байдал тогтоогдохгүй, бичиглэлийн хувьд ижил байх тул “Г э м” ХХК-ийн захирал О.Энхжаргалын “... 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ өөрчилж, засварлан шүүхэд өгсөн, шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан хэдий боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчид гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийлгүй хурлыг товлон, хуралдуулсан” гэх гомдол үндэслэлгүй.

20. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсний дагуу хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6/1781 дүгээр албан бичгээр “... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн” талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г э м” ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй хаягаар, “М ш” ХК-ийн шуудан хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...албан мэдэгдлийг гардаж авсан Чулуунхүү гэгч нь манай компанид ажилладаггүй бөгөөд огт танихгүй, мэдэгдлийг аваагүй... байхад ... Чулуунхүү гэгч этгээдийн ... хэн болохыг тодруулж, гэрчээр асуулгүйгээр нэхэмжлэгчийг мэдэгдлийг гардан авсан гэж таамаглаж дүгнэсэн нь хууль бус” гэх гомдлыг хүлээж авахгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.  

21. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах”-аар заасан, нэхэмжлэгч “Г э м” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн “Г э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдын нутагт байрлах “Нутгийн толгод” нэртэй газар байрлах 14790Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг “Г э м” ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн  шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан этгээд байхгүй, уг нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг хэргийн оролцогчид нэрлэн заагаагүй байх тул “...  маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор гуравдагч этгээдийн хөндөгдөх эрх ашиг сонирхол байгаа эсэхийг хариуцагчаас болон холбогдох байгууллагаас тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна гэж үзлээ.

22. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуралдуулахаар товлож, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн захирал О.Энхжаргалын “... өмгөөлөгчтэй оролцох хүсэлт”-ийг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулсан, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчиваас “... хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл мөн хойшлуулсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Энхжаргалаас “... шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлэх боломжтой” гэх санал гаргасан нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

23. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... манай компаний эрхийг ноцтойгоор зөрчиж... нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зуйлд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

24. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0235 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж заасан, харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо хавсарган ирүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0235 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-д “... шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай” гэж тэмдэглэгдсэн, зөрчилтэй байна.

25. Шүүхийн шийдвэрт гарсан техникийн алдааг давж заалдах шатны шүүх зохих журмын дагуу засварласан эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй хэдий ч, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, “... шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон” шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нарт сонсгосон, магадлалын бусад хэсэг нь агуулгын болон хэлбэрийн өөр бусад зөрөөгүй байх тул  тухайн тохиолдолд, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, “... магадлалын тогтоох хэсэг, хянах хэсэг хоёр нь бүхэлдээ хоорондоо зөрчилтэй, эргэлзээтэй гарсан, ... манай компаний гомдлыг уг шүүх хуралдаанаар хангах болон эс хангах талаар ямар ч ойлголтыг авч чадаагүй” гэх гомдлоор магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            26. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх 2009 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдын нутаг, “Нутгийн толгод” нэрт газарт 46716,47 гектар талбайд хайгуулын ХV-014790 дугаар тусгай зөвшөөрлийг “Говь марал” ХХК-нд олгосон, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (тухайн үеийн нэрээр)-ийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 409 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Г э м” ХХК-нд шилжүүлснийг бүртгэсэн, мөн даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Г э м” ХХК нь хайгуулын ХV-014790 дугаар тусгай зөвшөөрлийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд хамаарах ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            27. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх”-ийг үүрэг болгосон, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх журмыг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “... хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар тусгайлан журамлажээ.

            28. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 ... дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй ... /тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй/” гэж хуульчилсан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Г э м” ХХК нь хайгуулын ХV-014790 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хадгалахын тулд “2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр”-өөс өмнө уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, уг хугацаанд аливаа шалтгаанаар төлж амжаагүй бол “30 хүртэл хоног” буюу “2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр” хүртэл хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцсон алдангийг, тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөрийн хамт төлснөөр тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах боломжтой байсан гэж үзнэ.

            29. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г э м” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар тусгайлан заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон байх тул “Г э м” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын  ХV-014790 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд, хуульд нийцсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

            30. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч  “Г э м” ХХК-ийн захирал О.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан “.. нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, өмгөөлөгчийг биечлэн оролцох эрхийг хангаагүй шүүхийн магадлал тогтоох хэсгийн ойлгомжгүй хоёр утгатай гаргасан... тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0235 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч  “Г э м” ХХК-ийн захирал О.Энхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан О.Энхжаргалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА