Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-25
Дугаар 278
Хэргийн индекс 128/2019/0051/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагч ЭХЯ ТНБД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний яамны Төрийн нарийн

бичгийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

             Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

             Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                       Д.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                  П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:    Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0229 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0311 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0229 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 11 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,526,402 /таван сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжлэгч Н.Б-д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0311 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0229 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  297 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Б-г тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,5026,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2-т заасныг тус тус баримтлан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан гэж маргах боловч нотолж чадаагүй, нотлох баримтыг ирүүлээгүй гэж үзсэн ба энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч намайг гадаадаас ирэхэд Төрийн нарийн бичгийн дарга өрөөндөө дуудаад тушаал танилцуулсан гэснийг анхаараагүй.

4. Мөн Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр цаг ашиглалт хангалтгүй 310000 төгрөгөөр, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн цаг ашиглалт хангалтгүй 237200 төгрөгөөр, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр 2 өдөр 16 цаг тасалж 288100 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралттай, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр цаг ашиглалт хангалтгүй 1 өдөр тасалж 97100 төгрөгөөр, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр цаг ашиглалт хангалтгүй 87200 төгрөгөөр тус тус торгуулсан.

5.  Able программ нь Эрчим хүчний яамны 2018 оны 03 дугаар сараас эхлэн ашиглалтад орсон цаг бүртгэлийн систем юм.Түүнээс өмнө Н.Б нь цагаа бүртгүүлдэггүй байсан бөгөөд хагас жилийн байдлаар яамны хэмжээнд хамгийн их таслалттай байсан.

6.Иймд Н.Б-д 2018 оны 297 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах” гэж заасныг үндэслэн хариуцлага тооцсон.

7. Гэтэл шүүх энэхүү байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан тул магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.  Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тушаалаар “онцгой шаардлагатай үед ажлын байраа хүндэтгэх шалтгаангүйгээр орхин хаяж явсан” гэх үндэслэлээр сануулах, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалаар “ажлын цагаар удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй явсан, ажлын цаг ашиглалтын зөрчил гаргасан” гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус нэхэмжлэгч Н.Б-д оногдуулжээ.

10. Нэхэмжлэгчээс эдгээр тушаалыг “албан ёсоор гардуулаагүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, харин бодит байдалд цалин хасах үед мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж зааснаар 1 сарын дотор дээд шатны байгууллага эсхүл шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

11.   2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “...сахилгын шийтгэлтэй хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах зөрчил дахин гаргасан” гэх үндэслэлээр яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалаас нэхэмжлэгч Н.Б-г халж шийдвэрлэжээ.

12.   Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-т ”Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан, энэ тохиолдолд зөрчлийг давтан үйлдсэн гэх тушаалын үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, хариуцагчаас нэхэмжлэгчийг хэзээ, ямар үйлдэл, ямар зөрчил гаргасан талаар маргаан бүхий тушаалд тодорхой заагаагүй,  холбогдох баримтыг нягтлаагүй нь хуульд нийцэхгүй байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг буруутгасан зөрчлийг тодорхойлж холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ маргааны хувьд нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Хариуцагчийн “нэхэмжлэгчийн цаг ашиглалт муу, нотлох баримт хэрэгт хангалттай байгаа” гэх гомдол үндэслэлгүй байна. Хэрэгт нэхэмжлэгчийн ажлын цаг бүртгэл болон торгуулийн хуудас авагдаагүй, анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/285 тоот албан бичгээр зөрчил гаргасан талаарх буюу зөрчлийг хэрхэн шалгаж тогтоосон тухай баримтыг нотлох баримтаар шаардсан боловч хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэл болсон нотлох баримтыг ирүүлээгүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинээр цуглуулах хүсэлт гаргаагүй байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанд заахгүй бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хариуцагч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

16. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0311 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ