Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-09
Дугаар 306
Хэргийн индекс 128/2018/0960/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Т.Г
Хариуцагч УБЕГ, ОӨГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Т.Г-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ,

ОӨГ-т тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...УБЕГ-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ОӨГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох УБЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Т.Наранцэцэг,

Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, УБЕГ-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, ОӨГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэгч Т.Г-ийг урьд эрхэлж байсан УБЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБЕГ-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгийн Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ОӨГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Т.Г-ийг УБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч УБЕГт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Т.Наранцэцэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Т.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт Т.Г-ийг шилжүүлсэн шийдвэр нь УБЕГ-аас түүнийг ОӨГ-т шилжүүлсэн үр дагаварт хүргэсэн. Ингэснээрээ захиргааны акттай адил үйлчлэлтэй байгаа тул хариуцагчийн уг албан бичиг акт биш гэх гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичиг нь санал болгосон, захиргааны акт гэж дүгнэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

5. Нэхэмжлэгч дээрх саналыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлээс мэдсэн байх бөгөөд мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан. Хэдийгээр Төрийн албаны зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 16-нд хандсан байх боловч бүтэц орон тоотой холбоотой маргааныг тус байгууллага шийдвэрлэдэггүй, хуулиар уг маргааныг шүүх харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан. Түүнчлэн хуульд заасан журмыг мэдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Мөн шүүхээс УБЕГ-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгийн Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүйд болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шүүхээс хүчингүйд тооцох шийдвэр гаргах боломжгүй байна.

6. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...миний эрх ашиг зөрчигдөхгүй, ямар нэг асуудал гарахгүй бол ОӨГ-ын Хяналтын хэлтсийн даргын албан тушаал дээр ажиллахыг зөвшөөрсөн” гэж дурдсан бөгөөд сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчээс хариуцагч ОӨГ-т нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо байгаагүй гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болжээ. Учир нь нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан буюу зөвшөөрсөн ОӨГ-ын Хяналтын хэлтсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар ОӨГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг батлахад батлагдсан байх бөгөөд тухайн албан тушаалд томилоогүй шалтгаан нөхцөлийг шүүх бүрэн судлаагүй, нөхцөл байдлыг бодитой дүгнээгүй болно.

7. ОӨГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд алдаатай дүгнэлт гэж үзэж байна.

8. Уг акт нь Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/123, А/128 дугаар тушаал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1-4/3298 дугаар албан бичгийг үндэслэн гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс уг актуудтай огт маргаж байгаагүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/128 дугаар тушаалаар зарим албан хаагчдыг ОӨГ-ын мэдэлд шилжүүлсэн бөгөөд уг тушаалаар олгогдсон эрхийн хүрээнд Т.Г-ийг ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, өөрт хамаарах чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт биш юм.

9. ОӨГ-т шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч Т.Г-т 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ОӨГ-аас 555,007,93 төгрөгийн цалин олгосон байхад шилжүүлэн авсан албан хаагчийг ажлын байраар хангах үүргийг ОӨГ- хэрэгжүүлэх ёстой эсэхийг шүүгч дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна.

10. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

12. Оюуны өмч, УБЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ОӨГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...боловч, төрийн албан хаагчийн албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт байна. 

13. Мөн “Санал хүргүүлэх тухай” УБЕГ-ын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр Оюуны өмч, УБЕГ-ыг УБЕГ, ОӨГ- болгосноор нэр бүхий албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Т.Г- багтжээ. 

14. Дээрх 2018 оны 1/256 тоот албан бичиг нь нэхэмжлэгч Т.Г-ийг Оюуны өмч, УБЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ОӨГ-т шилжүүлсэнд тооцох, улмаар маргаан бүхий тус газрын даргын 2018 он 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үр дагаварт хүргэсэн хууль бус захиргааны акт болохыг шүүхүүд зөв дүгнэсэн байна. 

15. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар баталсан УБЕГ-ын бүтцэд Т.Г-ийн эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн байх бөгөөд энэ тушаал батлагдахаас өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “сонсох ажиллагаа”-г хийж, нэхэмжлэгчид өөр ажил санал болгосон үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Харин тухайн үед бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулж, УБЕГт түүний албан тушаалын орон тоо хасагдсан хэмээн нэхэмжлэгчид ойлгуулж, ОӨГ-т хэлтсийн даргын албан тушаалыг санал болгосныг зөвшөөрсөн боловч санал болгосон албан тушаалд томилоогүйгээс гадна бүтэц батлагдаагүй байхад түүнд өөр ажил санал болгож, хууль зөрчсөн тул нэхэмжлэгч нь “...ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн шийдвэр гараагүй..., ...ажилд томилоогүй атлаа ОӨГ-ын дарга намайг халж байгаа нь буруу...” гэж маргасан нь үндэслэлтэй.

17. Нэхэмжлэгч нь УБЕГ-ын бүтэц батлахаас өмнө албан тушаалын ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн эсэх нь тодорхой бус байсан үед “орон тоо хасагдсан” хэмээн өөр ажил санал болгосон, үйл баримттай холбон үзэж, өөрийн эрх зөрчигдсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, УБЕГт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь буруу биш байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг “...2018 оны 1/256 тоот албан бичиг гарах үеэс тооцно, нэхэмжлэгч гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

18. Үүнээс гадна нэхэмжлэгч нь албан тушаалд томилоогүй ОӨГ-ын даргын үйл ажиллагаатай холбогдуулж гомдол гаргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй тул “...ОӨГ-т албан тушаалд томилоогүй шалтгааныг шүүх судлаагүй, нөхцөл байдлыг бодитой дүгнээгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй.

19. Шүүхүүд маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг үндэслэн “...нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэсэн нь зөв, “...байгууллага өөрчлөн байгуулагдсан тул нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, ...харин томилохыг даалгах нь зүйтэй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн зорилго болон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шаардлагад нийцсэн байна.

20. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ