Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-07
Дугаар 302
Хэргийн индекс 123/2018/0041/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад

  холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Заамар сумын Засаг дарга Б.Сгийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0298 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Г.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "М" ХХК-ийн “М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Заамар сумын Засаг дарга Б.Сгийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0298 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “М” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Сд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “М” ТӨҮГ нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэр болон тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА/2019/0298 дугаар магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй байна, мөн шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу болон дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь ХV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2018 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөж боловсруулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Нэхэмжлэгч нь хэдийгээр “Манай компаниас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа Төв аймгийн Заамар сумын Засаг даргад хандсан” гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримт баримтаас үзэхэд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 321а дугаар албан бичигт хавсарган хүргүүлсэн гэдгийг нэхэмжлэгч “М” ХХК-иас ирүүлсэн 321а дугаар албан бичгээр хандсан гэх албан бичгээс өөр эргэлзээгүй нотлох баримт байхгүйгээс гадна, нэхэмжлэгчийн дээрх тайлбар гэрч Д.Болормаа, Г.Ган-Очир нарын мэдүүлэг болон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын байранд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ХV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл авснаасаа хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу 30 хоногийн дотор хариуцагчтай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх тухайн үйл баримттай холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан журмын дагуу үнэлжээ" гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

5. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үүргийнхээ дагуу “М” ТӨҮГ нь ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад 2016 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 321а тоот албан бичигт хавсарган Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.Болормаад зөвшилцөн батлуулахаар хүргүүлсэн боловч дээрх албан бичгийг огт үнэлээгүй /буруу үнэлсэн/. Тухайн үеийн Засаг дарга Д.Болормаа нь “Улсын Их хурлын сонгуультай холбоотой завгүй байна” гэдэг шалтгаанаар зөвшилцөж, хянаж үзэж батлахаас татгалзсан. Улмаар тус оны 10 дугаар сард биечлэн уулзаж хүсэлт тавихад “Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор дараагийн Засаг даргад ханд. Миний хувьд хүлээж авч хянаж батлах боломжгүй” гэж хариу өгснийг мөн адил үнэлээгүй байна.

6. Гэрч Г.Ган-Очир нь 2017 оны 11 дүгээр сараас Заамар сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж эхэлсэн талаар мэдүүлэг өгсөөр байтал 2016 онд ажиллаж байсан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхжаргалыг гэрчээр дуудаж мэдүүлэг аваагүй, шүүхийн үзлэг болон гэрчээр байцаах үйл явц явагдаж байх үед Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд “Ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргаад байсан Д.Болормаагийн “2012 оны 12 сараас 2016 оны 12 дугаар сарын 01 хүртэл Заамар сумын Засаг даргаар ажилласан...Хашаат овоот Даваат нэртэй газарт орших ХV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг надад өгөөгүй...” гэж худал мэдүүлснийг үнэлсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох хангалттай ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна.

7. Түүнчлэн Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газарт хийсэн шүүхийн үзлэгээр 2018, 2019 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төслүүд Засаг дарга Б.С болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ган-Очир нарын өрөөнөөс гарч ирсэн, хариуцагчаас 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нэхэмжлэгчид буцааж хүргүүлсэн гэж мэдүүлсэн боловч дээрх төлөвлөгөөний төслүүд албан бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, архивын шаардлага хангаагүй байдалтай байсан. Энэ алдаа дутагдлыг үзлэгийн явцад болон шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс сануулж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хамгийн сүүлд хүргүүлсэн дээрх албан бичиг, төлөвлөгөөнүүд бүртгэгдээгүй байгаа юм чинь 2016, 2017 оны албан бичгүүд болон төлөвлөгөөний төслүүд бас л бүртгэгдээгүй байх нь тодорхой гэж бид дүгнэж байна.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөж боловсруулах, батлуулах хуульд заасан үргээ биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд сумын Засаг даргатай харилцан тохиролцож гаргаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нэхэмжлэгч батлуулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

9. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Зөвшилцөх” гэдэг ойлголтыг буруу ойлгон тайлбарласан гэж бид үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолд “Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан “зөвшилцөх” тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай.” гэж заасныг үндэслэвэл тус тогтоолын Нэгдүгээр зүйлийн 1-д “... гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцох” гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл бид “Зөвшилцөх” гэдэг үгийг ойлгохдоо “Эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдэж хариу авснаар зөвшилцсөнд тооцох бөгөөд заавал нэгдсэн саналд хүрсэн байхыг шаардахгүй” гэж ойлгож байна.

10. Бидний хувьд 2018 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төсөлд санал авч, батлуулахаар анх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тухайн албан бичигт Заамар сумын Засаг дарга огт хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төсөлд саналаа ирүүлээгүй гэсэн үг. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/1096 тоот албан бичгээр Байгаль орчныг хамгаалах 2018 оны төлөвлөгөөний төслийг дахин хүргүүлсэн боловч мөн л хариу ирүүлээгүй. Улмаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1202 тоот албан бичгээр 3 дахь удаагаа хүсэлт гаргаж, хариу өгөхгүй тохиолдолд шүүхэд хандах болсныг мэдэгдсэний дараагаар сая хариу ирүүлсэн.

11. Тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн 1/307 тоот хариу албан албан бичигтээ “...танай байгууллагын ирүүлсэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлах боломжтой байна.” гэдэг хууль тогтоомжид огт байхгүй шаардлага ирүүлсэн болно. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэж заасан байх бөгөөд тус хуулийн “Захиргааны акт илт хууль бус болох” үндэслэлийг заасан 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-д “Хууль бус уйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” зэрэг зүйл заалтыг үндэслэвэл Заамар сумын Засаг даргын дээрх хариу албан бичиг нь хууль бус болж таарч байгаа юм. Ийнхүү бид 2018 онд албан ёсоор 3 удаа Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төслийг хүргүүлсэн бөгөөд Заамар сумын Засаг дарга хожуу боловч саналаа бичгээр ирүүлснийг бид албан ёсоор зөвшилцсөн гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа дараах нөхцөл байдал, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, дутуу үнэлсэн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна Үүнд:

12. “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх, Байгаль орчны мэргэжилтэн Ш.Энхтуяа нарын 2016 оны 10 дугаар сард биечлэн очиж уулзсан уулзалтыг тухайн этгээдүүдээс асууж, мэдүүлэг авч хэрэг шийдвэрлэхэд анхаарч үзэлгүйгээр зөвхөн нэг тал /хариуцагч/ болох Засаг дарга Д.Болормааг гэрчээр оролцуулсан явдал, түүний /гэрчийн/ мэдүүлгийн үнэн, худал эсэхийг тогтоогоогүй;

13. “М” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл “Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг”, 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх" үүргийн дагуу тус сумын нутагт нөхөх олговроор олгогдсон 4 талбай тус бүрт 500,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийг байршуулсан нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын байгаль хамгаалах санд шилжүүлсэн баримт болон шүүхээс явуулсан үзлэгийн явцад Заамар сумын Төрийн сангийн хэлтсээс гаргаж өгсөн лавлагаагаар одоог хүртэл тус санд байршиж байгаа мөнгөн хөрөнгийн талаар үнэлгээ дүгнэлт өгөөгүй;

14. Б.С-г Заамар сумын Засаг даргаар томилогдсоны дараа буюу 2017 оны эхээр манай харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх, Байгаль орчны мэргэжилтэн Ш.Энхтуяа нар биечлэн уулзаж шинээр сумын Засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэхийн зэрэгцээ 2016, 2017 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг дахин танилцуулан, зөвшилцөж баталж өгөхийг хүссэн. Тухайн үед сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхжаргал нь 2016, 2017 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнүүдэд гарын үсэг зурсан байсан бөгөөд сумын Засаг дарга Б.С нь сумын ИТХ-ын төлөөлөгч н.Амгаланбаатарыг дуудан тусдаа уулзаж ярилцсаны дараагаар төлөвлөгөөнүүдийг батлах боломжгүй гэдэг хариуг амаар өгчээ. Үүнээс хойш “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн Байгаль орчны мэргэжилтэн Ш.Энхтуяа нь 2016, 2017 оны төлөвлөгөөнүүдийг батлуулахаар хэд хэдэн удаа Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Засаг даргатай уулзсан боловч батлаагүй болно. Энэ тухай “Зэрэгцээ" алтны үйлдвэрийн Байгаль орчны мэргэжилтэн Ш.Энхтуяа тодорхой ярьсан байдаг. Тухайн үед сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан /Одоо Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа./ Т.Мөнхжаргал ч үүнийг батална. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг огт хэрэгсээгүй бөгөөд энэ талаар Ш.Энхтуяа, Т.Мөнхжаргал нарыг гэрчээр дуудан асууж нотлох баримт болгон үнэлэх ёстой байсан боловч дээрх ажиллагааг огт хийгээгүй.

15. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг бид бас хүлээн зөвшөөрөхгүй байна. учир нь бид хуульд заасан үүргийнхээ дагуу 2016-2018 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнүүдийг сумын Засаг даргад хүргүүлж байсан бөгөөд сумын Засаг дарга Д.Б, Б.С нар нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан үзэж, баталж өгөх боломжтой мэт хариуг аман байдлаар өгдөг байсан боловч өөрсдөө ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулдаг байсан. Харин хамгийн сүүлд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар Засаг дарга Б.С нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/307 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ “...танай байгууллагын ирүүлсэн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлах боломжтой байна. гэдэг хууль тогтоомжид заагаагүй огт үндэслэлгүй, хариуг өгсөн. Энэ мэтчилэн сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс өөр хүндэтгэн үзэх шалтгаан бидэнд байхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй зөвшилцөж, баталж өгөхгүй байсан нь Бид биш, харин Төв аймгийн Заамар сумын Засаг дарга болно. Гэтэл зөвшилцөж боловсруулж, батлуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн.

16. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор “М” ХХК-д анх олгогдсон Төв аймгийн Заамар сум дахь хайгуулын 4 тусгай зөвшөөрлүүдийн 1 нь болох ХV-020520 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд Заамар сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид нь холбогдох /Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө г.м/ баримт бичгүүдийн баталгаажуулалтыг хийж, тодорхойлолтуудыг гарган өгч, улмаар тус хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай одоо МV-020945 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болон ашиглагдаж байна. Нэг өдөр, нэг тогтоолоор, нэг адил нөхцөлтэйгөөр олгогдсон 4 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэгнийх нь асуудлыг ямар нэг гомдол, саналгүйгээр шийдвэрлэсэн атлаа бусад 3 тусгай зөвшөөрөл, үүний дотор “Хашаат овоот даваат” нэртэй ХV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа нь Заамар сумын Засаг даргын хувийн ашиг сонирхолтой холбоотой гэж бид үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ учир шалтгааныг Заамар сумын Засаг даргаас тодотгон тайлбар авч дүгнэлт хийх шаардлагатай байсан боловч уг ажиллагаа хийгдээгүй.

17. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Сгийн “Тусгай зөвшөөрөлд хамрагдах газар нь малчид оршин суудаг учраас эсэргүүцэл гомдол ихээр ирдэг, мөн сумын ИТХ-н 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 01 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газарт авсан" гэх тайлбар нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүлээн авч, хянан зөвшилцөх улмаар түүнийг батлахаас татгалзах үндэслэл болохгүй. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг хянан хэлэлцэх үед шүүхийн даалгавраар Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/440 тоот албан бичигт “...Кадастрын мэдээллийн санд ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.... Тус газарт ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлт орон нутгаас ирж байгаагүй байна” гэж тодорхойлсон байтал энэ нотлох баримтыг үнэлээгүй байх тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэр болон тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0298 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

18. Иймд дээр дурдсан үндэслэл, тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэр болон тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА/2019/0298 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

19. Нэхэмжлэгч “М” ХХК нь “М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Заамар сумын Засаг дарга Б.С-ийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа Заамар сумын Засаг даргад хандсан боловч баталж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. ...Засаг даргын энэ хууль бус үйлдэл нь манай компанийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг хаасан“ гэж маргасан байна.  

20. Хариуцагчаас “...Нэхэмжлэгч нь 2016 онд XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан байдаг, гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үүргээ  биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай харилцан тохиролцож боловсруулаагүй. ...сумын Засаг даргатай харилцан тохиролцож гаргаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нэхэмжлэгч тал батлуулах хууль зүйн үндэслэлгүй, төлөвлөгөөг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна” гэсэн тайлбар гаргажээ.  

21. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

22. Нэхэмжлэгчийн “...давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй, мөн шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу болон дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

23. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд уг зүйлийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-д “...хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах” зэрэг үүрэг хүлээхийг хуульчилсан.  

24. Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын “Хашаат овоот даваат” нэртэй газарт орших 2585,65 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон бөгөөд тус компани хуульд заасан үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон Заамар сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулах, цаашид төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах үүрэг хүлээжээ. 

25. Гэвч “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийн 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд боловсруулж, батлуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 321/а тоот албан бичгээр 2016 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар тухайн үед ажиллаж байсан Заамар сумын Засаг дарга Д.Болормаад хандсан боловч баталж өгөөгүй, 2017 онд ч батлаагүй гэж маргах боловч энэ үндэслэл, тайлбар нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Г.Ган-Очир, Д.Болормаа нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтаар үгүйсгэгдсэн, мөн 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гаргасантай холбогдуулж нэхэмжлэгчээс дээд шатны албан тушаалтан болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

26. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2/1096, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1202 тоот албан бичгүүдээр сумын Засаг дарга Б.Сд хандан хүсэлт  гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-т заасантай нийцээгүй, хуулийн эдгээр зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 2016, 2017 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж ажиллаагүй тул хариуцагчийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэснийг зөрчиж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

27. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0298 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА