Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-25
Дугаар 277
Хэргийн индекс 128/2018/0008/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ю ХХК
Хариуцагч ШӨХТГ УБ
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Ю” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын

газрын улсын ахлах байцаагчид

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                     Д.Мөнхтуяа,

                                                     Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Ч.Уранбилэг,

Гомдлын шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0005501 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0321 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан “Ю” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0005501 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0321 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3...” гэснийг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.2.3...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалаар Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар гэх зэрэг байдлаар 5 газарт хуваагддаг хэдий ч Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтийг шалгах чиг үүргийг Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлдэг. Тодруулбал, “Ю” ХХК-ийг нь “хууль бус зар сурталчилгаа захиалсан, түгээсэн эсэх” асуудал буюу Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл Зар сурталчилгааны тухай хууль зөрчих хэсэг болохоос нэхэмжлэлд дурдсан шиг Зөрчлийн тухай хуулийн 10.2-д заасан “хэрэглэгчийн эрхийг зөрчсөн эсэх” асуудал биш юм.

4. “Г” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдол, мэдээлэл нь “Зар сурталчилгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчиж байна” гэсэн агуулгатай байдаг ба “Ю” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “зөвхөн хэрэглэгчийн эрх зөрчигдсөн асуудлаар хандсаныг өөр хуулиар шийдвэрлэсэн” мэтээр илтэд гуйвуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

5. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж, 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заасан байна.

6. Гэтэл “Өвлийн газыг зөвхөн Ю-аас” гэсэн зар сурталчилгаа нь бусад хийн түлшний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өвлийн газ борлуулдаггүй, зөвхөн “Ю” ХХК өвлийн газыг борлуулдаг гэх ойлголтыг хэрэглэгчдэд төрүүлэх замаар итгэмтгий байдлыг ашиглах байдлаар зар сурталчилгаа явуулж байгаа нь бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна, мөн нөгөө талаар “зөвхөн” гэдэг үг нь “бусад зүйлээс нэгийг онцлон заах утгатай”, “олон зүйлээс зөвхөн ганцыг онцлох гэсэн утгыг илэрхийлж байгаа зэрэг нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, өрсөлдөөнд харш нөлөө аль алийг үзүүлэхээр байна. Мөн аливаа зар сурталчилгаанд заавал байх зохих хангалттай тодорхой мэдүүллүүдийг зориуд орхигдуулсан.

7. Хяналт шалгалтын явцад хэргийн оролцогчдоос авсан мэдүүлэгт “зөвхөн” гэдэг үгийг ямар зорилгоор хэрэглэсэн, ямар утга агуулж байгаа талаар асуухад “Бид чанартаа итгэлтэй байдаг” гэсэн хариулт хэлсэн байдаг. Үүнээс харахад нөгөө талаар ямар ч тохиолдолд өрсөлдөгч аж ахуй эрхлэгчдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байдаг.Мөн “өвлийн газыг зөвхөн манайхаас” гэж байгаа тохиолдолд бусад автогаз борлуулагч аж ахуй нэгжүүдийн хувьд өвлийн газ худалддаггүй гэсэн агуулгыг шууд илэрхийлж байна.

8. Дээр дурдсанчлан өрсөлдөөнд харш үр дагавар үүсгэж байгаагаас гадна нөгөө талаар хэрэглэгчийг төөрөгдүүлэх хууль бус зар сурталчилгаа явуулах замаар өрсөлдөөнд өөрт давуу байдал олж авах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Энэ нь  “өрсөлдөөнд харш”, эсвэл “хэрэглэгчийг төөрөгдүүлсэн” аль ч тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, ... түгээсэн бол ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

9. “Ю” ХХК-ийн РМ радиогоор явуулсан “Өвлийн газыг зөвхөн Ю-аас” гэх зар сурталчилгаа нь хэрэглэгчид хүрэхдээ зөвхөн Юнигаз компанид газ байдаг гэх ойлголтыг төрүүлж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн ба анхан шатны шүүх өөрийн борлуулж буй бүтээгдэхүүнийг онцлон тодруулсан, бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчлаагүй гэх няцаалтыг өгч байгаа нь буруу, өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийн шинжтэй үйлдэлтэй холбогдуулан тайлбарласан байна.

10. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0005501 дугаартай шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгийн торгууль ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгг заасныг эрх зүйн үндэслэл болгосон. Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулаагүй байтал шүүх уг үндэслэлээр захиргааны актын үндэслэлийг хянасан нь үндэслэлгүй юм.

11. Монгол хэлэнд зөвхөн гэх үг нь аливаа юмны яв цав хүрэлцсэн тохирсон буюу хүрэлцүүлж тохируулах, бусад зүйлүүдээс нэгийг онцлон үзэхийг хэлдэг гэж анхан шатны шүүх тайлбарласан байх ба уг зөвхөн буюу бусад аж ахуйн нэгжүүдээс онцлоод өвлийн газыг юнигазаас гэсэн нь хэрэглэгчдэд буруу таашаа, төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, үгийн шууд утгаас гадна хэрэглэгчдэд ямар ойлголт өгч байна, сурталчилгааны зорилго нь юунд байна гэдгийг улсын байцаагч тодруулсны үндсэн дээр зөрчил гэж үзэж, шийтгэл ногдуулсан болно.

12. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан боловч мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан ба нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд ногдуулах шийтгэл сонгох санкцитай биш юм. Хохирлын хэмжээг харгалзаагүй, шингэн хийн түлшний нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа бусад аж ахуй эрхлэгч нарт бодит хохирол учирсан нөхцөл байдал үүссэн байх ёстой гэх анхан шатны шүүхийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй.

13. Иймд шүүх зар сурталчилгааны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт хамааралгүй дүгнэлт хийсэн, хуульд үндэслээгүй үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй, 34 дүгээр зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

15. “Ю” ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлогын зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0005501 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “өвлийн газыг зөвхөн гомдол гаргагч борлуулдаг, бусад аж ахуй нэгж борлуулдаггүй мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар итгэмтгий байдлыг ашиглан зар сурталчилгаа явуулж байгаа нь бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон байна.

16. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” бол уг зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцохоор зохицуулжээ.

17. Гомдол гаргагчийн тухайд “Өвлийн газыг зөвхөн Ю-аас” гэсэн зар сурталчилгаа нийтэд түгээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ нь дээрх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй, заавал тусгах ёстой ямар мэдээллийг орхигдуулснаар хэрэглэгч хэрхэн төөрөгдсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

18. Өөрөөр хэлбэл, “зөвхөн” гэх үгийг зар сурталчилгаанд ашигласнаар бусад хийн түлш борлуулдаг аж ахуй нэгжийг “хийн түлш борлуулдаггүй” гэх агуулгыг илэрхийлэхгүй, хэрэглэгч төөрөгдсөн гэдэг нь эргэлзээтэй, бусдын барааг шүүмжилж буруутгаагүй тул “хэрэглэгчийн итгэмтгий байдлыг ашигласан” гэж үзэхгүй, хариуцагчийн “хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, өрсөлдөөнд харш нөлөө аль алийг үзүүлэхээр байна” гэх гомдол үндэслэлгүй.

19. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гомдол гаргагч этгээд нь хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл цацах эрхтэй, энэ эрхийн хүрээнд сурталчилгаа түгээсэн байх тул “Ю” ХХК-ийг зүй бус зар сурталчилгаа явуулсан гэж үзэхгүй юм.

20. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан захиргааны байгууллага шийдвэр гаргасан, шүүхээс энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, “өрсөлдөөнийг хязгаарласан зар сурталчилгаа биш” гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцсэн, хэргийн мөн чанараас өөр дүгнэлт хийсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн “Хохирлын хэмжээг харгалзаагүй, шингэн хийн түлшний нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа бусад аж ахуй эрхлэгч нарт бодит хохирол учирсан нөхцөл байдал үүссэн байх ёстой гэх анхан шатны шүүхийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй.

21. Анхан шатны шүүхээс “аж ахуй эрхлэгч нарт бодит хохирол учирсан байх ёстой” гэж дүгнэсэн нь буруу, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, захиргааны актын үндэслэлд шууд хамаарахгүй юм.

22. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ