Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-02
Дугаар 297
Хэргийн индекс 119/2019/0006/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "ОД" ХХК
Хариуцагч "ЭҮ" ХХК ТҮХ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд "ХХК" ХХК, "ТФ" ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“ОД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,“ЭҮ ТӨҮГ” ХХК,

“ЭҮ ТӨҮГ” ААТҮГ-ын ТҮХ-нд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...1. “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах;

2. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

3. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ”ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ- хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “ХХК” ХХК, “ТФ” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

4. “ОД” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах,

5. “ЭҮ” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах;

6. “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “ХХК” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулах”

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0363 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “ОД” ХХК-ийн захирал Ш.Давааням, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Л.Дашравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, О.Алтансүх, гуравдагч этгээд “ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, өмгөөлөгч Ж.Батзоригт, гуравдагч этгээд “ТФ” ХХК-ийн захирал Ж.Ууганбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах нар,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ХБ-Т-12/58 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “ОД” ХХК-ийн “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн ТҮХ-нд холбогдуулан гаргасан

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ- хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “ХХК” ХХК, “ТФ” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

-“ОД” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлүүд;

-“ЭҮ” ХХК /ТӨҮГ/-т холбогдуулан гаргасан “ЭҮ” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн Захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах;

-“ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “ХХК” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0363 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ОД” ХХК-ийн төлөөлөгч Ш.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Л.Дашравдан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ОД” ХХК-ийн захирал Ш.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани “ЭҮ” ХХК-ийн зүгээс зарласан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерт зохих хууль журмын дагуу оролцож Тендерийн бичиг баримт цаашид /ТББ/-ийн шаардлагын дагуу бүх материалыг хүргүүлсэн болно.

4. Энэхүү тендерийн шалгаруулалт нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон бөгөөд уг 1 шалгаруулалтыг зохион байгуулах ТҮХ-ноос манай компанийг уг тендерт Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй хэмээн хэд хэдэн үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдлээр хүргүүлсэн захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн тухай хууль/ 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтын дагуу ажлын 5 өдрийн дотор Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болно гэсний дагуу бид Сангийн яаманд гомдол гаргасан билээ.

5. Энэ гомдлын дагуу Сангийн яамнаас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичигт “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ноос манай компанийг тендерээс татгалзсан үндэслэл болох ихэнх шалтгаануудыг ТББ-т нийцэж байна хэмээн үзэж зөвхөн нэг шалтгаан буюу “ОД” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул Тендерийн баримт бичгийн ТШӨХ-иин ТОӨЗ 4.2.(д)-д ...Дээрх ажилтнууд тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна... гэж заасан шаардлагад нийцэхгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлж тендерийн цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн болно. Тус мэдэгдэлд заасан “...Дээрх ажилтнууд тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна...” гэж заасан шаардлагад нийцэхгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд холбогдох баримт материалууд нь манай компанийн зүгээс хүргүүлсэн ТББ-т бүрэн байсан тул Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Энэ нь тус шүүх дээр ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож ТББ-ийн ....6.17-д заасны дагуу хоол зүйчийн албан тушаалд санал болгосон А.Цэрэнчимэг нь манай компанид 4 дэх жилдээ ажиллаж байгаа үндсэн ажилтан болох нь нотлогдож тус шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн. “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүдийн дагуу уг тендертэй холбоотой нотлох баримтуудтай танилцах явцад бусад тендерт оролцогч компаниудын хүргүүлсэн ТББ нь энэ тендерийн шаардлагад үл нийцэх маш олон баримт ил болсон ба тендерийн үнэлгээ, шалгаруулалт нь зохих хууль, журмын дагуу явагдаагүй, зөвхөн манай компанийн тендерт үнэлгээ хийж, бусад тендерүүдэд огт үнэлгээ хийлгүй илэрхий хууль зөрчсөн ажиллагаа болсон нь тодорхой болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт энэ хууль бус ажиллагааг хянаж манай зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах талаар хэргийг хянан шийдвэрлэх явцад огт ажиллагаа хийгдээгүй ба хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн буруутай үйлдлийг илтэд хамгаалж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6. Энэ нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд: 1. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд шүүгч дүгнэхдээ “Үнэлгээний хороо нь тендерт ирүүлсэн оролцогчдын тендерийг хянан үзжээ гэсэн нь нотлох баримтыг шинжлэн судлах явцад Тендерийн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийн хэд хэдэн заалтыг зөрчиж тендер ирүүлсэн бүх компанийн ТББ-д ижил тэгш үнэлгээ хийлгүй зөвхөн нэг компанийг хасах зорилготой үнэлгээ хийж тендерээс татгалзаад бусад компаниудын ТББ-д үнэлгээ хийж хянан үзсэн тухай баримт, хурлын тэмдэглэл бусад нэг ч материалд энэ тухай /үнэлгээ хийсэн эсэх/ баримт байхгүй байсаар атал хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн ашиг сонирхлыг илтэд хамгаалсан дүгнэлт гаргасан нь илэрхий харагдаж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар “Тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг” гэх үндсэн зорилгоо мартаж илт хууль бус үйлдэл, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүйг судалж тогтоохын оронд бусармаг үйлдлийг даамжруулан илтэд буруутай этгээдүүдийг дэмжин шударга өрсөлдөж буй жирийн иргэд, аж ахуй нэгжүүдийг цаашид хохирсоор байх нөхцөлийг улам даамжруулсан шийдвэр болжээ гэж үзэж байна.

7. Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт болох Тендерийн үнэлгээний заавар маягтыг баримтлаагүй, тус зааврын 6 дугаар зүйлийн заалтуудыг тэр чигт нь зөрчсөн нь илэрхий болж хянан үзэх шатыг огт хийлгүй тус зааврын 6 дугаар маягтын 6.5-д Тендерийн хянан үзсэн дүнг 6 дугаар маягтад бөглөж энэ шатанд ашигласан нэмэлт хүснэгт болон холбогдох тооцоог түүнд хавсаргана. Мөн энэ маягтад шаардлагад нийцэхгүй гэж тодорхойлогдсон тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар, шалтгааныг хавсаргах бөгөөд эдгээр тендерээс татгалзаж цаашид үнэлгээнд оруулахгүй гэсний дагуу нэг ч материал нотлох баримтад ирээгүй нь тус ТҮХ- нь хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна.

8. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ- хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгарсан “ХХК” ХХК, “ТФ” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд хэрэв тендерийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд дээр тулгуурлан бодит үнэлэлт, дүгнэлт гаргасан бол хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн буруутай, хууль бус үйлдэл илчлэгдэж болзошгүй байсан учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах тал дээр ямар нэгэн дүгнэлт, үнэлэлт өгөлгүйгээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан байна гэж үзэж байна.

9. Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 6-1/1771 тоот шийдвэрийн тухайд: ТҮХ-ны шалгаруулалт 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон байдаг. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ХБ-Т-12/58 албан тоотоор манай тендерээс татгалзсан хариуг “ЭҮ” ХХК-аас мэдэгдэж бид үүнийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь ТҮХ- 4 үзүүлэлтээр татгалзсаны 3-ыг нь үндэслэлгүй гэж үзэн 1 үзүүлэлтийг тендерээс татгалзах үндэслэлтэй гэж ирүүлсэн. Ийм учраас “ОД” ХХК нь Сангийн яамны хариуг эс зөвшөөрч, хоол зүйчийн албан тушаалд санал болгосон А.Цэрэнчимэгийн үндсэн ажилтан мөн гэдэг нь НД8 маягтаар нотлогдох тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шүүхэд хандсанаар тендерт оролцогч бүх компанийн ТББ-ийн эх хувь болох материалтай нотлох баримтын хүрээнд танилцах эрх олдсон. Нотлох баримттай танилцсаны үндсэн дээр тендерт шалгарсан гэх компаниудаас Тендерийн тухай хууль, ТББ-ийн шаардлагуудыг маш олон үзүүлэлтээр хангахгүй байсныг нотлох баримтаар харьцуулсан хүснэгт үүсгэн маш ойлгомжтой байдлаар бэлтгэж шүүхэд хүргүүлсэн. Уг тендер шалгаруулалт үндсээрээ хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалын давуу байдлыг ашиглаж техникийн шаардлага хангаагүй компаниудад гэрээ байгуулах эрх олгосон нь баримтаар нотлогдож байсан.

10. Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрөө Сангийн яамны татгалзсан хариу болох А.Цэрэнчимэг нь үндсэн ажилтан мөн болохыг нотлох баримтын хүрээнд тогтоосон. Гэтэл үндсэн ажилтан болох А.Цэрэнчимэг нь Хоол зүйчийн албан тушаалд ажиллах боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг хангахгүй, шим судлалын ухааны бакалавр болон дүйцэхүйц, түүнээс дээш зэрэгтэй 3-аас доошгүй жил ажилласан байна гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй хэмээгээд “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэр, Сангийн яамны мэдэгдэл болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд огт хамааралгүй үндэслэлээр шүүгч шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, илтэд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр гаргасан нь илэрхий харагдаж байна.

11. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэв тендерийг бүхэлд нь авч үзэхгүй зөвхөн Сангийн яамны шийдвэрийг л үндэслэлтэй эсэхийг шүүх гэж байсан юм бол А.Цэрэнчимэг нь үндсэн ажилтан мөн гэдэг нь нотлогдмогц ТҮХ-ны гишүүдийн ажил болох хоол зүйчийн албан тушаалд мэргэжлийн хувьд тэнцэхгүй хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Ингэж шүүхдээ нотлох баримтыг шинжлэн судлаагүй бодитой дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар үгүйсгэгдсэн болно. Энэ дүгнэлтийг гаргахдаа мэтгэлцүүлээгүйгээр барахгүй бусад оролцогч компаниудын яг энэ мэргэжилтэн, албан тушаал болох хоол зүйчийг нотлох баримтын хүрээнд харьцуулж үзээгүй, хэрэв харьцуулж үзсэн бол “ХХК” ХХК-нйн хоол зүйчид санал болгож буй С.Сарантунгалаг нь үндсэн ажилтан огт биш, С.Сарантунгалаг нь Улаанбаатар хот дахь “Хаан бууз” ХХК-ийн салбар хариуцсан менежер албан тушаал эрхэлдэг, нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод суурьшин амьдардгийг бид маш сайн мэднэ. Ийм байтал Монгол Улсын Зөвлөх инженер хүнийг санал болгосноороо “ОД” ХХК нь буруудаад байхад огт үндсэн ажилтан биш хүнийг санал болгосон “ХХК” ХХК нь аль ч шатны шүүхэд шаардлага хангаж байна гэж үзээд байгаа нь шүүхийг шударга биш байдлыг нотолж байна.

12. Хоол зүйчийн албан тушаалд ажиллах А.Цэрэнчимэгийн ажлын үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг тендерийн материалд ирүүлсэн бөгөөд А.Цэрэнчимэг нь 1987 онд Политехникийн дээд сургуулийг “Нийтийн хоолны технологи, зохион байгуулалт”-ын мэргэжлээр төгссөн ба Технологи инженер мэргэжлийн цолтой байна. Тэрээр энэ мэргэжлээрээ тасралтгүй 32 жил ажиллахдаа, 2014 оноос “ОД” ХХК-ийн үндсэн ажилтан болж ажилласан. 2015 онд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Монгол Улсын Зөвлөх инженерийн диплом, тамга, тэмдэгтийг авсан. Энэ нь хавтаст хэргийн материалд хавсрагдсан байгаа. Монгол Улсын зөвлөх инженер нь мэргэжлийн чиглэлээр төсөл тооцоо, техник технологийн шийдэлд үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэйг уг гэрчилгээ нотолж байгаа юм. Энэ нь ТББ-ийн ТОӨЗ 4.2-д Бүлэг.VII.Үйлчилгээний тодорхойлолтын Хүснэгт №3-ын 6.1.7-д Хоол зүйч нь Төлөвлөгөөт цэсийг боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологид хяналт тавих, сургалт явуулах, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх чадвартай, шим судлалын ухааны бакалавр болон дүйцэхүйц, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагад нийцэж байгааг давж заалдах шатны шүүх тогтоож хүлээн зөвшөөрсөн болно. А.Цэрэнчимэг нь Хоол зүйч гэх албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Ийм ч учраас 2014, 2016 онд ЭҮээс зарлагдаж байсан Халуун хоолны тендерт А.Цэрэнчимэгийг үндсэн ажилтнаар, С.Уянгын нөөц ажилтнаар санал болгоход шаардлага хангаж байсан байтал одоо энэ удаагийнх яагаад болохоо байсан бэ. А.Цэрэнчимэг төлөвлөгөөт цэсийг зохиож, шимт бодисыг тооцоолж, илчлэг ккал-ыг боловсруулж, тэр цэсээрээ хоол үйлдвэрлэгдэж явсан ба уг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ЭҮийн Эрүүл ахуйн хяналтын баг өөрөө хянаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулж байсан. Энэ 4-н жилийн хугацаанд А.Цэрэнчимэг тогтвор суурьшилтай, тасралтгүй ажиллаж байсан. Ийм байхад Эрүүл ахуйн хяналтын баг ур чадвар мэргэжлийн шаардлага дүйцэж байгааг хүлээн зөвшөөрсөөр 4 жил болсон. Санал болгосон ажилтны үндсэн ажилтан мөн, биш эсэх дээр маргаж байхад, түүнийг нотлох захиалагчийн өөрийнх нь шаардлага болох НД8 маягтын 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 саруудын байдлаар ирүүлнэ гэж заасан материалыг огт ирүүлээгүй “ХХК” ХХК-ийн тухай аль ч шатанд гаргаж нотлохыг шүүх хүсэхгүй байна. Өөрөө хэлбэл материалаа бүрэн хүргүүлсэн нь буруудаж, тендерийн хуулийн иж бүрдэл байх заалтыг зөрчсөн компани нь хожиж байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хуурамчаар үйлдсэн эсэх, тухайн ажилтан үндсэн ажилтан мөн эсэхийг баталгаажуулахын тулд НД8 маягтыг тендерийн материалд заавал ирүүлэхийг шаарддаг. Гэтэл “ХХК” ХХК НД8 маягтад байхгүй ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг тендерийн материалд ирүүлсэн уг ажилтан нь үндсэн ажилтан биш гэдэг нь нотлогдох гээд байгаа тул санаатайгаар НД8 маягтыг ирүүлээгүй. Анхан шатны шүүх дээр тендерийн мэргэжилтэн Б.Оюунчимэг бид НД8 маягтыг шаардаад байгаа шүү дээ хэмээн мэтгэлцээнд хэлж байсан нь бусад компаниудад ч бас хамааралтай байх ёстойг нотолж байгаа юм. Энэ бүхнийг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хоол А.Цэрэнчимэг нь манай компанийн үндсэн ажилтан мөн болохыг нотлох баримтаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаад энэ нь нотлох баримтаар нотлогдмогц огт өөр шалтгаанаар буюу мэргэжлийн хувьд ТББ-ын шаардлагыг хангаагүй гэж дүгнэлт гаргасан гэтэл үүнийг нь давж заалдах шатны шүүхээс А.Цэрэнчимэгийн боловсрол, ур чадварын байдал нь ерөнхий тогооч, хоол зүйчийн аль алиныг хангахыг үгүйсгэхгүй” хэмээн шийдвэрлэсэн байгаа.

13. Иймээс тендерийг бүхэлд нь хянуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагуудыг бүрэн хангаагүйн энэ тухай ямар нэг тайлбар, бүхэлд нь хянаж болохгүй тухай хуулийн гаргалгаа тайлбар ирүүлээгүйн тул нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалын тухайд: “ЭҮ” ТӨҮГ, ААТҮГ газрын ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 05-нд нэхэмжлэгч “ОД” ХХК-ийг дээрх хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэх шатанд ТББ-т заасан албан тушаалд А.Цэрэнчимэг, С.Оюун-Эрдэнэ гэх хүмүүсийг давхцуулан санал болгож, хоол зүйчид С.Уянгыг санал болгохдоо ажлын үнэмлэх, НД дэвтрийн хуулбар ирүүлээгүй, мөн компанид ажиллаж буй даатгуулагчдын шимтгэл ногдуулалтанд үндсэн мэргэжилтнүүд хүснэгтэд Хоол зүйч албан тушаалд санал болгосон С.Уянга нь байхгүй Хүснэгт №03-н 5.2.3, 6.1.8-д заасан мэдээллүүдийг дутуу ирүүлсэн гэх үндэслэлүүдээр тендерт оролцуулахаас татгалзсан байна гэсний тухайд: А.Цэрэнчимэг, С.Оюун-Эрдэнэ гэх хүмүүсийг давхардуулж санал болгосон материал манай “ОД” ХХК-ийн ТББ-т огт байхгүй. Бид А.Цэрэнчимэгийг Ерөнхий тогооч, Хоол зүйч албан тушаалд С.Оюун-Эрдэнийг, Нийтийн хоолны инженер технологич албан тушаалд тус тус санал болгосон. С.Уянгын тухайд гэрээ хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд ажиллуулахаар төлөвлөсөн манай нөөц ажилтан бөгөөд багц тус бүрд санал болгосон боловсон хүчний мэдэгдэлд огт ороогүй зөвхөн удирдлагын боловсон хүчний судалгаанд бүртгэгдсэн, хүний нөөцийн давуу байдлаа харуулахаар нэмэлтээр материалыг нь оруулсан ба ТББ-т заасан өгөгдлийн хүснэгтэд нэр, албан тушаал нь ороогүй хүний материалд зориуд буруутгах зорилгоор үнэлгээ хийсэн нь илт харагдаж байгаа. Эдгээр нь “ЭҮ” ХХК-ийн ХБ-Т-12/58 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тендерээс татгалзах нэг үндэслэл байсныг аль эрт Сангийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 6-1/1771 тоот албан бичигт давхардсан зүйлгүй, энэ нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж, мөн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр /тал 25/.... Хүснэгт № 3-ын VI-д заасан албан тушаал тус бүрт нэг ажилтан байх эсхүл тухайн албан тушаалуудад давхар ажиллаж болох талаар тодорхой заалт, нөхцөл шаардлага тусгайлан заагаагүй гэсэн нь А.Цэрэнчимэгийг хүлээн зөвшөөрч болохыг нотолж шийдвэрлэсэн байдаг.

15. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, нэгэнт дээд шатны байгууллагаас /Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/ гаргасан шийдвэрийг үгүйсгэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэгч компаниас дээрх ТББ-ийн хүний нөөц, боловсон хүчинд хамаарах дээрх хэсэгт заасан тусгай, нөхцөл шаардлага хангасан баримтуудыг хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Тодруулбал ТББ-ийн ...7 дугаар бүлгийн 6.1.4-д “Ерөнхий тогооч”, 6.1.7-д “Хоол зүйч” 2 өөр албан тушаалыг тус бүрийг нэрлэн зааж, тавигдах шаардлагыг тус бүрт нь жагсааснаас үзвэл энэ 2 албан тушаалыг нэг хүн гүйцэтгэж болохоор заасан гэж үзэхээргүй байна гэсний тухайд “ЭҮ” ХХК-аас зарласан ТББ-ийн ТОӨЗ-ын 4.2(д) Бүлэг.ҮII.Үйлчилгээний тодорхойлолт хүснэгт №3-ын ҮI-ын 6.1.1-д Багц тус бүрд дараах мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна гэсэн нь шаардлагатай мэргэжил болон мэргэжилтнүүдийн тухай заасан байгаа нь хэн ч харахад ойлгомжтой байсаар байтал давж заалдах шатны шүүхийн магадлал дээр албан тушаал, орон тооны тухай зориуд утгыг нь гажуудуулж нэхэмжлэгчийг буруутгах шалтаг олж тогтоосон болох нь харагдаж байна.

16. Харин албан тушаал, орон тооны тухайд тус хүснэгтийн 6.1.8-д Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг хуваарийг гаргаж ирүүлэх гэсэн. Нийт 16 төрлийн албан тушаал дээр багц тус бүрд ажиллах мэргэжилтнүүдийн тоог зааж өгсөн өгөгдлүүд нь байна. Гэтэл энэ хүснэгтэд Ерөнхий тогооч гэсэн албан тушаал байхгүй ба Хүснэгт №03-ын VI 6.1.4.1-д Ерөнхий тогооч мэргэжилтэн байна гэсэн нь тендерт оролцогчдод ойлгомжгүй байдалтайгаар ТОӨЗ болон ТШӨХ-ийн материалыг хүргүүлсэн байгаа нь харагдаж байна. Иймээс энэ №5 хүснэгтийн өгөгдөлд ерөнхий тогооч албан тушаал огт заагдаагүй улмаас манай компани хоол зүйч А.Цэрэнчимэгийг ерөнхий тогооч, хоол зүйч албан тушаалыг өнгөрсөн 4 жил хавсран ажиллаж байсан туршлагатай, цаашид энэ тушаалуудыг хавсран ажиллахад хоол үйлдвэрлэлийн технологи, түүнд тавих хяналт, гүйцэтгэлд үзүүлэх үр нөлөөтэй байдлыг харгалзан үзэж ерөнхий тогооч, хоол зүйчийн албан тушаалд нэг хүн санал болгосон нь Тендерийн тухай хуулийн 27.4 дэх заалтыг зөрчөөгүй юм. Мөн ТББ-ийн шаардлагад Хүснэгт №3-ын VI-ын 6.1.1-д заасан мэргэжилтнүүд нь заавал 1 хүн 1 мэргэжилтэй байх ёстойг заагаагүй мөн 1 хүн 2 өөр төрлийн мэргэжил эзэмшсэн байж болохгүйг бас заагаагүй нь 1 хүн 2 өөр төрлийн мэргэжилтэй байхыг үгүйсгээгүй байна. Жишээ нь Ерөнхий тогооч, Хоол зүйчийн мэргэжилтэн. Тэр тусмаа Хүснэгт №3-ын ҮI-ын 6.1.4.1-д Ерөнхий тогооч Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дадлага, туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна гэсэн нь тухайлан нарийвчилсан мэргэжил заагаагүй, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн ямар ч мэргэжилтэн ажиллаж болохоор байгаа нь тус өгөгдлөөс илт харагдаж байна.

17. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалд А.Цэрэнчимэгийн боловсрол, ур чадварын байдал нь ерөнхий тогооч, хоол зүйчийн аль алиныг хангахыг үгүйсгэхгүй боловч уг 2 албан тушаалыг 1 хүн хийж болохоор ТББ-т заагаагүй, бусад тендерт оролцогч нь уг албан тушаал тус бүрд өөр өөр иргэнийг санал болгосон гэсэн нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд буюу тендерт оролцогчдын тендерт ирүүлсэн материалд ижил үнэлгээ хийсэн болох нь харагдахаар байна.

18. Хэрэв үнэхээр бусад тендерт оролцогчдын материалыг судалж ижил хэмжээнд үнэлгээ хийсэн юм бол “ХХК” ХХК-ийн санал болгосон хоол зүйч С.Сарантунгалаг нь үндсэн ажилтан биш, “ТФ” ХХК-ийн санал болгосон С.Өөдсөнгэрэл нь ТББ-д шаардсан 6.1.8-д нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг Хүснэгт №05-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх гэсний дагуу Хүснэгт №5-д байгаа жагсаалтад байхгүй, тэр байтугай тус хүснэгтийг огт ирүүлээгүй нь С.Өөдсөнгэрэл нь тус компанийн санал болгосон ажилтан гэдгийг нотлохгүй, тус компанийн материал ТББ-ийн шаардлагыг хангаагүй байсаар байтал яагаад энэ үндэслэлүүдийг нотлох баримтад байсаар байтал хянан шалгаж үзэн магадлал гаргасангүй вэ? Энэ нь хууль бус үйлдэл байсаар байтал тендерийг бүхэлд нь авч үзэлгүй зөвхөн 1 талыг барьж нэхэмжлэгчийг буруутгах үйлдэл зориуд хийгдсэн магадлал гарчээ гэж үзэх үндэслэлтэй байна. Ер нь бол захиалагчийн зүгээс өгсөн ТББ-ийн 80 орчим хувь нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг чанартай авах талын бүх шаардлагыг ТОӨЗ болон ТШӨХ-д заасан байдаг мөн бид хоол л үйлдвэрлэх гээд тендерт оролцоод байгаа ш дээ, гэтэл хоол үйлдвэрлэлийн үндсэн технологи болох, захиалагчийн ТББ-ийн шаардаад байгаа шаардлагын нийт 80% орчмыг дангаараа эзлээд байгаа материалаа огт дурдахгүйгээр Тендерийн тухай хуульд заасанчлан гэрээг хэрэгжүүлэх явцад саад учирхааргүй, ихээхэн хэмжээний зөрүүгүй бол тендерийг хянан үзэхдээ тендерийн дараагийн шатны үнэлгээнд оруулна... гэсэн заалтыг баримтлаагүй, зээлийн баталгаа огт байхгүй, бүр эрх бүхий биш /...бүх хуудсанд гарын үсэг зурсан байх шаардлага/ тендер ирүүлсэн, НД8 маягтаа огт ирүүлээгүй, эмчилгээний хоолны цэсийг шаардлагын дагуу ирүүлээгүй “ХХК” ХХК болон “ТФ” ХХК-ийн материал, хоолны цэсээ цайны газрын түвшнээс ч доор бэлдсэн “ТФ” ХХК-ийн материал нотлох баримт дээр байгаа бусад олон зөрчилтэй 2 компани тэнцээд яваад байна вэ гэдгийг судлан энэ бүхнийг бүхэлд нь шүүх хянаж үзэхийг хүсч байна.

19. Манай жирийн нэг орон нутгийн компани тендерт шударгаар өрсөлдөөд албан тушаалаа урвуулан ашиглаж илэрхий ашиг сонирхлын зөрчилтэйгээр тендер шалгаруулалт хийсэн захиалагч, шалгарсан компаниудын хамаарал бүхий этгээдүүд нь төрийн өндөр албан тушаал хашдаг эрх мэдэл бүхий этгээдүүдийн өмнө бүх шатны байгууллагуудыг шийдвэр, шүүх хурлуудын өмнө өвдөг сөхөрч буруутай болж явах нь хуулийн тэгш үйлчлэл, шударга ёс байхгүй байна.

20. Иймд, тендерийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

21. Нэхэмжлэгч “ОД” ХХК-ийн өмгөөлөгч О.Сарантуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “ОД” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 03-нд зарлагдсан “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерт оролцож, ТББ-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан тендер хүргүүлсэн. “ОД” ХХК-ийн тендерийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ХБ-Т-12/58 тоотоор “ЭҮ” ХХК тендерээс татгалзах тухай мэдэгдэж, эс зөвшөөрвөл Сангийн яаманд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсэн. “ЭҮ” ХХК нь уг тендерийг зарлаад тендерийн тухай хуульд заасны дагуу үнэлгээний хороог байгуулж, уг үнэлгээний хорооноос “ОД” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Тендерийн тухай хуулийн 27.4-т заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж татгалзсаныг захиалагч байгууллага шийдвэрээрээ баталгаажуулж мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцэж байгаа юм. “ОД” ХХК нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны байгууллага тодорхой 1 тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаас үзэхэд захиалагч байгууллага, түүний дэргэд байгуулагдсан үнэлгээний хороо нь захиргааны байгууллага юм. “ЭҮ” ХХК “ОД” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж ТББ-ийн 4 заалтаар татгалзсан бөгөөд “ОД” ХХК нь татгалзсан заалтуудын шаардлагыг хангасан талаар Сангийн яаманд гаргасан гомдолдоо дурдсан. Сангийн яам гомдлыг хянаж үзээд 4 заалт биш 1 заалтаар нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж тендерээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, шүүхэд тендерийн бичиг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн тул нотлох баримттай танилцаад улмаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, эдгээр нэмэгдүүлэн шаардлагаараа уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн хүчингүй болох дахин тендерийг үнэлгээ хийхийг даалгах ...гэх мэтээр нотлох баримтыг үндэслэн маргасан. Анхан шатны шүүх “ОД” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны үйл ажиллагааг болон захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт ТББ-т тавигдсан шаардлагыг зөрчөөгүй гэж үзсэн хэрнээ “ОД” ХХК-аас ирүүлсэн материалд гэрээг гүйцэтгэх үндсэн мэргэжилтнүүдийн жагсаалтад Хоол зүйчийн албан тушаалд А.Цэрэнчимэг, С.Уянгыг тус тус санал болгосон. А.Цэрэнчимэг нь хоол зүйчид тавигдах шаардлагыг хангаагүй, үнэмлэх диплом байхгүй байгаа тул ур чадварын шаардлагыг хангахгүй гэж, С.Уянга нь компанийн ажилтан биш болох нь тогтоогдлоо. Иймд тендерт тавигдах нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзах нь хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг “ОД” ХХК нь хянан үзэх шатанд тендер нь шаардлага нийцээгүй захиалагч татгалзсан тул тендерийн үнэлгээ хийснээр ОД ХХК-ийн ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны эхний шаардлагыг захиргааны акт биш, захиалагч бол захиргааны байгууллага биш, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэгсэхгүй гэж үзэж байгаа юм.

22. Нэхэмжлэгч “ОД” ХХК нь ТББ-т авагдсан нотлох баримтуудыг 1 бүрчлэн судалж, мэтгэлцэж байхад ТҮХ-ны шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 заалтад нийцүүлэн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

23. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлага нийцээгүй гэж үзэж татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд (цаашид тендерийн хууль гэх) түүнд нийцүүлж гаргасан сангийн яамны 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалын III хавсралт бүхий үнэлгээний зааврын дагуу тендерийг хянан үзэх шатны үнэлгээний хорооны шийдвэр нь хуульд хэрхэн нийцсэн талаар хавтаст хэрэгт авагдсан болон судлагдсан нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, “ОД” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй гэсэн нь шийдвэр үндэслэлтэй байх шаардлагад нийцсэнгүй. Үнэлгээний зааврын 6 дугаар зүйлд тендерийг хянан үзэх зорилго нь Тендерийн оролцогч эрх бүхий эсэх, ирүүлсэн тендер нь хүчин төгөлдөр бүрэн эсэх, ТББ-ийн үндсэн шаардлагыг хангасан эсэх, гэрээ хэрэгжүүлэх чадвартай эсэх, цаашид нарийвчилсан үнэлгээ хийх боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр шаардлагад нийцсэн тендерийг тогтоох бөгөөд ингэхдээ эрх бүхий байх шалгууруудыг хангаж байгаа эсэхийг магадлах, гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасан эсэхэд ТББ-т заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг, чадварын мэдээлэл бусад баримт бичигт үндэслэж тодорхойлох ёстой юм байна. 2 буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тохиолдолд тэдгээр багцуудыг нийтэд нь гэрээ байгуулан, хэрэгжүүлэх чадвартай эсэхийг зааврын 6.3-д нийцүүлэн дахин магадлах, ингэхдээ тендерийн иж бүрдэл, хүчинтэй байдал, тендерийн шаардлагын дагуу гарын үсэг зурсан эсэхийг шалгаж бусад нөхцөлийг хангасан эсэхийг тодорхойлох юм байна. 6.3-а.б.в-д заасан үндсэн хуваарь болон үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарьт гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулаагүй тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй байх зэрэг үндэслэл байвал татгалзах үндэслэл болгохыг заажээ. Эдгээр бүх үе шатыг ТҮХ- зохих ёсоор хийгээгүй нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаар хурлаас харагддаг. Уг хурлын тэмдэглэлээс харахад үнэлгээний хороо зөвхөн “ОД” ХХК-ийн тендерийг хянан үзэж байгаа мэт харагдах боловч бусад оролцогч компанийн тендерийг хянан үзсэн нь тодорхой харагдахгүй байгаа. ТББ-т заагдсан шаардлагуудыг хангасан баримтуудыг шүүх хуралд судалж шаардлага хангаж байгаа гэж мэтгэлцэж, маргалдаж байхад хариуцагч тал тодорхой няцаалт хийгээгүй. Мөн зааврын 6.5-д зааснаар ТББ-т заасан арилжааны бүх нөхцөл, болзол болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан тендерийг үндсэн шаардлага хангасан гэж үзсэн юм байна. Гэтэл ТББ-т зааснаар “ОД” ХХК-ийн Голомт банкаар судлагдсан, авч болох боломжтой зээлийн хэмжээ нь 2 тэрбум төгрөг байна гэсэн баримт, мөн сайн гэж үнэлэгдсэн гэх “Хаан хүнс катерианг” ХХК-ийн санхүүгийн чадварыг тодорхойлсон Хас банкны судлагдаагүй зээлийн тодорхойлолт нь ТББ-н ТОӨЗ 4.4-д заасан арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий судлагдсан зээлийн тодорхойлолт ирүүлнэ. Тендерт шалгарсан тохиолдолд судалж зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг баталгаажсан эрх гэж үзэхгүй гэсэн хориглосон шаардлагыг зөрчиж ...ТҮ-2019/01 тендерт оролцсон шалгарсан тохиолдолд 20 сая хүртэл зээл судалж олгох боломжтой. Энэ тодорхойлолт гэрээ гэсэн баримт, мөн 600 сая төгрөгийн зээлийн тодорхойлолт нь хэнд юунд зориулагдсан болох нь тодорхойгүй, судлагдаагүй зээлийн тодорхойлолт байхад хянаж үзээд шаардлагад нийцэж байна гэж үнэлээд байгаа нь хууль буюу журмыг илтэд зөрчсөн. Өөрөөр хэлбэл ийм, ийм байвал тооцохгүй шүү гэж тусгасан үг өгүүлбэрийн эсрэг бүр Хас банкны 20 тэрбум төгрөгийн зээлийн тодорхойлолтыг онцолж ирээд болно гэж үнэлээд байгааг ба “ХХК” ХХК нь ийм том зөрчилтэй тул Монгол банкны тодорхойлолтыг ирүүлээгүй байгаа нь санхүүгийн чадваргүй болохоо нуун далдалж байна гэж үзэх үндэслэлтэй. Эдгээрийг яаж харьцуулан хянан үзэж тендерээс татгалзсан, нарийвчилсан үнэлгээг яаж хийж шалгаруулаад байгаа зэрэг нь хуулийг дээдэлж, хуульд нийцүүлж шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн нь үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг харуулж байна. Тендерийг хянан үзсэн дүнг 6 маягтад бөглөж, шаардлагад нийцээгүй гэж үзсэн тендерийн дэлгэрэнгүй тайлбар шалтгааныг хавсаргах ёстой юм байна. Тендерийг хянан үзэх үе шатны явцад үнэлгээний зааврын 6-р зүйлд дурдсан нөхцөл байдлуудыг сайтар магадлан хянан үзэх шаардлагатай байдаг юм байна. Анхан шатны шүүх хуралд 6 маягтад хавсаргах, татгалзсан тендерийн дэлгэрэнгүй тайлбарыг яагаад хийгээгүй, дээр дурдсан үе шатыг яагаад баримтлаагүй талаар хариуцагч талыг төлөөлөгчид няцаалт хийж чадаагүй.

24. Ийнхүү шүүх “ОД” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд огтоос дүгнэлт хийж чадсангүй, зөвхөн хуулийн заалтыг бичиж дүгнэлт хийсэн юм шиг харагдах байдлаар бичээд байгаа нь захиргааны хэргийн шүүхийн гол зорилго болох захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг зогсоох, зөрчигдсөн хууль ёсны эрхийг сэргээх, үндсэн үүргээ хэрэгжүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь хууль бус ажиллагаагаараа “ОД” ХХК-ийн тендерт ил тод, тэгш боломжтой, шударгаар өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө. Хянан үзэх ажиллагаа нь нөхцөл байдлыг бодитой тогтоож чадаагүй эс үйлдэхүй буюу үйл ажиллагаа байгаа тул тухайн захиргааны акт хууль бус болохыг батлах юм.

25. ТББ-ийн 26 дугаар зүйл нь дээрх тендерийн үнэлгээний зааварт үндэслэгдэн боловсруулагдсан бөгөөд ТББ-ийн 26.2-т ...ТББ-ын үндсэн шаардлагыг хангасан гэдэг нь ТББ-ийн бүх болзол, нөхцөл болон үйлчилгээний тодорхойлолтын шаардлагуудыг томоохон зөрүүгүй хангасан тендерийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй зөрүү нь үйлчилгээний хамрах хүрээ, чанар, гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бол, захиалагчийн эрх, тендерт оролцогчийн үүрэгт ТББ-тай үл нийцэх зарчмын хязгаарлалт оруулсан бол, эдгээрийг хүлээн зөвшөөрөх нь үндсэн шаардлагыг хангасан тендер ирүүлсэн бусад оролцогчийн өрсөлдөөнд шударга бус байдал үүсгэхээр бол томоохон зөрүүтэй гэж үзэх юм байна. Гэтэл “ОД” ХХК-ийн ирүүлсэн тендерт дээр дурдсан томоохон зөрүүтэй гэж үзэх нөхцөл байхгүй байхад тендерээс татгалзсан нь хууль бус байна ТҮХ-ны боловсруулсан ТББ-ийн 26 дугаар заалтаас үзэхэд үнэлгээний хорооны үйл ажиллагааны гол үүрэг нь Тендерийн тухай хуулийн 27.2.1-27.23-т заасан үзүүлэлтүүдийг тодорхойлох, хянах үүрэгтэй байна. Тэгвэл “ОД” ХХК-ийн тендерт дээрх хуулийн зохицуулалтад заагдсан нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлэх журмыг зөрчсөн нь хуулийн заалтыг зөв хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

26. Давж заалдах шатны шүүх магадлалын тухай: Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлийг заасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг хянан үзэж шийдвэрлэх байтал, хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээж аваад ажлын 3 хоногт танилцаж 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хуралдан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан олон тооны нарийн төвөгтэй тендерийн материал болох нотлох баримтуудыг бүрэн дүүрэн тал бүрээс нь нягталж судалж танилцсан эсэхэд эргэлзээ төрж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн бол нэхэмжлэлийг хангах хуулийн зохицуулалт байсаар байтал давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

27. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ ТҮХ-ны шийдвэр буюу “ОД” ХХК-ийн тендерээс татгалзсан гэж хянаж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдлаас зөрүүгүй байна гэж дүгнэсэн байдаг ба энэ дүгнэлтээ давж заалдах шатны шүүх тодорхой зүйл заалтыг үндэслэн, тодорхой үг өгүүлбэрээр зааж өгөөгүй. Зөвхөн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй нь тендерээс татгалзах томоохон зөрүү болох эсэх талаар, тухайн харилцааг зохицуулсан Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлтэй нийцүүлж хуулийг хэрхэн зөв хэрэглэсэн талаараа үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Үнэлгээний хороо “ОД” ХХК-ийн ТББ-т байгаа тухайн мэргэжилтний анкетыг тодруулсан нүүр хуудас буюу нэмэлт хуудсанд үнэлгээ зориудаар хийгээд, жинхэнэ эрх бүхий хүн Ш.Давааням гарын үсэг зурж баталгаажуулсан, тамга дарж захиалагчийн өөрийнх нь шаардлагын дагуу хүргүүлсэн хүснэгт болон хуудсаар үнэлгээ хийгдээгүй. Жишээ нь Бид өнөөдрийн шат шатны шүүх дээр маргаад байгаа, захиалагч татгалзаад байгаа Хоол зүйч бакалавр, үндсэн ажилтан мөн биш эсэх дээр хоёрын хоёр шатны шүүх хуралдаад байгаа энэ томоохон зөрүүгүй болох, ТББ-ийн шаардлага үзүүлэлтүүдийн нэгээхэн хэсгийг шүүх биш, өөрөөр хэлбэл шалгаруулах үзүүлэлтүүдийн ар талаас нь яваад байгаа нь хуулийг завхруулж байгааг харуулж байна. Жишээ нь: Аль хянан үзэх шатанд тендерээс татгалзах ёстой байсан томоохон зөрүүтэй материал бүхий “ХХК” ХХК, “ТФ” ХХК-ийн материалууд болох Эрүүл мэндийн сайдын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/16, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/74 тушаалаар эмчилгээний хоолны цэсийг ирүүлнэ гэж заасныг “ХХК” ХХК, “ТФ” ХХК шаардлагын дагуу огт ирүүлээгүй. Бүлэг 7, үйлчилгээний хүснэгтийн №3-ын дагуу хоолны цэсээ “ТФ” ХХК ирүүлээгүй, ирүүлсэн цэсийг мэргэжлийн хүн харахад огт ойлгохооргүй, тухайн цэсээр хоол үйлдвэрлэл явагдах ямар ч боломжгүй материал ирүүлсээр байтал тэнцэнэ гэж үнэлсэн байна.

28. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.

29. Нэхэмжлэгч “ОД” ХХК-ийн өмгөөлөгч Л.Дашравдан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна

30. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасан журмаар нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллах А.Цэрэнчимэгийн ажлын үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг тендерийн материалд ирүүлсэн байх бөгөөд А.Цэрэнчимэг нь Политехникийн дээд сургуулийг “Нийтийн хоолны технологи, зохион байгуулалт”-ын мэргэжлээр төгссөн ба технологич инженер мэргэжлийн цолтой байна. А.Цэрэнчимэгийн хувьд тендерийн баримт бичигт заасан “Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

31. Гэтэл тендерийн баримт бичгийн 6.1.7-д Хоол зүйч: “шим судлалын ухааны баклавар болон дүйцэхүйц түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байна гэсэн шалгуурыг тавьсан. А.Цэрэнчимэг нь тухайн үед буюу 1987 он социалист тогтолцооны үед нийтийн хоолны технологи зохион байгуулалт мэргэжлээр “технологич инженер” мэргэшлийн зэрэгтэй төгссөн ба үүнээс хойш нийтийн хоолны салбарын мэргэжлийн нэр томьёо салбарлан өөрчлөгдөж, эрүүл ахуйч, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, хоол зүйч, технологич гэх мэт олон мэргэжил болон салаалсан байна. Мөн түүнчлэн А.Цэрэнчимэг нь 2015 онд Монгол Улсын зөвлөх инженер гэдэг эрхэм цолыг хүртсэн нь энэ салбарын мэргэшлийн дээд цол хэргэм зэрэг байгаа, энэ мэргэжлээрээ тасралтгүй 32 жил хөдөлмөрлөж мэргэжлээ байнга дээшлүүлж мэргэшиж ирсэн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан мэргэжилтэнг шүүх бакалавар зэрэг болон түүнтэй дүйцэхүйц биш мэргэжлийн ур чадвар хангахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ТОӨЗ-ийн 6.1.7-д заахдаа нэг хоол зүйч шаардсан бөгөөд бид үндсэн ажилтан А.Цэрэнчимэгийг энэ албан тушаал дээр санал болгосон юм. С.Уянга нь компанийн үндсэн ажилтан биш гэдэг дээр бид маргаагүй бөгөөд хэрэв тендерт ялбал бид ажиллуулах боломжтой нөөц ажилтан байсан. Манай компанийн нийт боловсон хүчний 70 хүний жагсаалт бүхий судалгаанд бид С.Уянгыг оруулаагүй.

32. Давж заалдах шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч компаниас А.Цэрэнчимэгийг ерөнхий тогтооч, хоол зүйч гэх 2 өөр албан тушаалыг хавсран ажиллуулах, мөн хоол зүйчийн албан тушаалд С.Уянгыг тус тус санал болгон хүргүүлсэн нь тендерийн баримт бичигт тавигдах дээрх шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэргийн 212 хуудаст буй хүснэгт 05 ажилчдын тоо гэсэн хүснэгтийн албан тушаалын нэр тоо гэсэн баганад Ерөнхий тогооч гэсэн албан тушаал огт байхгүй тул манай компани өөрийн үндсэн ажилтан ерөнхий тогоочоо хоол зүйч албан тушаал дээр санал болгосон. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзалгүй, нотлох баримтыг тал бүрээс нь ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.

33. Гэтэл уг тендерт ялсан гэх “ХХК” ХХК-ийн тендерийн баримт бичигт Хоол зүйч албан тушаалд санал болгосон С.Сарантунгалаг нь үндсэн ажилтан биш. Техникийн шаардлагад заасан саруудад “ХХК” ХХК-д НД шимтгэл төлөөгүй байна. Хүнсний эрүүл ахуйч албан тушаалд санал болгосон Э.Энхзул нь 2018 оны 11, 12 дугаар саруудад НД төлөөгүй байна. Энэ нь тус хугацаанд үндсэн ажилтан биш байсан байна. Хүнсний эрүүл ахуйч албан тушаалд санал болгосон Ц.Гантуяа, Б.Болорчимэг нар нь 2017 онд ажилд орсон, ажлын туршлага 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагад хүрэхгүй байгаа нь техникийн шаардлагад хүрэхгүй байна.

34. Хэрэв “ОД” ХХК-ийн боловсон хүчний шаардлага хангахгүй гэж үнэлж татгалзаж байгаа бол дээрх алдааг гаргасан “ХХК” ХХК-ийн тендерээс татгалзаагүйгээр үл барам нарийвчилсан үнэлгээ хийхгүйгээр, өрсөлдөгчгүйгээр тендерт шалгаруулж байгаа нь шударга бус байна. ТҮХ-ны хурлын тэмдэглэл 05 дугаар тэмдэглэл бүхэлдээ нэг талыг барьсан субъектив үнэлгээ хийсэн нь дараах 2 гишүүний тэмдэглэлд хэлсэн үнэлгээ үгээр нотлогдож байгаа болно. Үүнд Т.Очирхүү: “ХХК” ХХК-ийн хувьд Хас банкны тодорхойлолтоор 20 тэрбум төгрөгийн зээлийг судалж олгох боломжтой гэж ирүүлсэн байна. Энэ заалтын хувьд банкны мэргэжилтэнтэй өчигдөр зөвшилцөөд тооцогдоно гэж үзсэн. Мөн 600 сая төгрөгийн тодорхойлолт ирүүлснийг тооцож үзнэ. Нийт 20 тэрбум 600 сая төгрөгийн зээлийн эрхтэй гэж үзнэ. Д.Цагаан-Эрдэнэ: “ОД” ХХК-ийн хувьд энэ үйл ажиллагааг эрхэлж чадна гэдэгт итгэхгүй байна. 4000 ажилтныг зэрэг хооллох чадвар “ОД” ХХК-д байхгүй гэсэн байгаа нь ТҮХ-ны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх хуулийн зарчмыг зөрчсөн нь дээрх тэмдэглэлээр нотлогдож байхад шүүх харгалзсангүй.

35. Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйл 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана” гэсэн заалтыг үнэлгээний хороо зөрчсөн. Уг тендерийн Багц 1, Багц 3-т 2 компани өрсөлдсөн бөгөөд багц тус бүрт үнэлгээ хийх, мөн ирүүлсэн бүх тендерийг бүх талаас нь харьцуулан үнэлэх тендерийн үндсэн зарчмыг зөрчин нэг шалтгаанаар “ОД” ХХК-ийн ирүүлсэн тендерийг татгалзан, дараагийн үнэлгээний шатанд оруулалгүй хассан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан.

36. Тендерийн үндсэн баримт бичиг 9 хавтас эх баримт бичгийг шүүхийн танхимд ирүүлэн судлахад маш их алдаа зөрчил гарсан тухайд анхан шатны шүүх хурал дээр ногтлон, эх баримтаас ишилсэнг шүүх хэрхэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдсангүй.

37. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалууд нь хууль ёс, дүрэм журмыг уландаа гишгэсэн /зарим үйлдэл нь авилга, хээл хахуул, албан тушаалаа ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн/ Үнэлгээний хорооны гишүүдийн хууль бус үйлдлийг зөвтгөснөөрөө хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

38. Эдгээр үндэслэлүүд байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

39. Шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай байна.

40. Нэхэмжлэгч “ОД” ХХК нь “...шаардлагад нийцээгүй...” гэх үндэслэлээр “ЭҮ” ХХК-иас зарласан “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер”-ийн 1, 2, 3 дугаар багцуудад түүний тендерээс татгалзсан ТҮХ-ны шийдвэрийг эс зөвшөөрч, “...тендерт оролцогчдын материалыг судалж, ижил хэмжээнд үнэлээгүй..., ...тендерт ил тод, шударгаар өрсөлдөх боломжийг алдагдуулсан, ...хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, тухайн үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой 6 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

41. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан шаардлагад нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг анхаарч, эдгээрт нэг бүрчлэн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэх байтал “...тендерийг хянан үзэх шатанд хасагдсанаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй...” гэж хэт өрөөсгөл дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.  

42. Нэхэмжлэгчээс “....тендерт оролцогчдод тэгш бус хандсан, ...тендерт оролцогч компаниудын боловсон хүчний талаар нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, ...ерөнхий тогооч, хоол зүйч гэх албан тушаалыг хавсран ажиллах боломжгүй гэж тендерийн баримт бичигт заагаагүй, …тендерт шаардлага хангаагүй компаниудыг оруулсан” гэж маргасан тул шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудал тус бүрийг нягталж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, тухайн тендерийг бүхэлд нь дүгнэх шаардлагатай байтал “...бусад тендерт оролцогчид нь албан тушаал тус бүрд өөр өөр иргэнийг санал болгосон...” хэмээн ерөнхий байдлаар зөвхөн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагаагаар хязгаарлан дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

43. “ЭҮ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт зааснаас үзвэл “ОД” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлээ тендерийн баримт бичгийн багц тус бүрд боловсон хүчин, ажилчдын тоо, тэдний судалгаа зэрэг нь шаардлагад нийцээгүйгээс гадна тоног төхөөрөмжийн тоо хэмжээ хүчин чадлын мэдээллийг дутуу ирүүлсэн гэж заажээ. 

44. Нэхэмжлэгч нь дээрхийг үгүйсгэж, “...бүх компанийн тендерийг тэгш үнэлээгүй, ...хянан үзэх шатыг огт хэрэгжүүлээгүй...” гэж тендерийг үнэлсэн үнэлгээний хорооны үйл ажиллагааны талаар маргаж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байна.  

45. Хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлыг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0363 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ