Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-07
Дугаар 301
Хэргийн индекс 120/2018/0005/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Х” ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “Х” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн

 татварын улсын байцаагч Б.М, Э.Б нарт холбогдох зөрчлийн

 хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0355 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч З.М, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Х ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нарын тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1102201801 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0355 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.       

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0355 дугаар магадлалыг Захиргааны өрөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ... “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол" гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна.

4. Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нар Х ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ” гэж дүгнэжээ.

5. Шүүхийн эл дүгнэлтээс үзэхэд татварын улсын байцаагч нар “Х” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт хийсэн нь хууль бус, зөрчлийн хэрэг нээх ёстой гэсэн үндэслэлээр “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгожээ. Татварын улсын байцаагч нарын “Х” ХХК-д хийсэн хяналт шалгалт нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “... дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх” заалтын дагуу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр 07-ны өдрийн 10д/477 дугаар албан бичгийн хүрээнд “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-иас нийт 1,688,612,187.2 нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтанд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нийт 108,526,520.2 төгрөгийн төлбөр ногдуулсан.

6. Тус компани татварын улсын байцаагчийн “шийтгэлийн хуудас”-ыг эс зөвшөөрч татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хэргийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн.

7. Татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт мөн учраас түүнийг шүүхээс хянахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нэгэн адил үйлчлэх ёстой.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ТЕГ болон ЦЕГ-ын ЭЦА-ны албан бичгийг ЗШШтХ-ийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн хэрнээ үндэслэлээ тайлбарлаагүй орхисон. Талууд улсын төсөвт төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийсэн үйл баримт дээр маргаагүй бөгөөд “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-ийн захирал Р.Батсуурь буюу худалдагч гэх НӨАТ-ын падааныг хууль бусаар ашигладаг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотой материалыг хэрэгт нотлох баримтаар авч хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн тайлбарыг ТУБ нар анхан, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хийсэн.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” буюу шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дүгнэлтэд “... хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг талууд бус захиргааны хэргийн шүүх хүлээх бөгөөд үүгээрээ захиргааны хэргийн шүүхийн үндсэн мөн чанар, онцлог тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх шийдвэрээ хэргийн оролцогчдын тодорхойлсон нөхцөл байдал, нотолгооны хүрээнд гаргадаггүй, нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх өөрөө цуглуулж, талуудын тэгш байдлыг хангадаг” гэснээс үзэхэд улсын төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан татварын улсын байцаагчийн “шийтгэлийн хуудас”-ыг анхан шатны шүүх хянахдаа шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх ёстой байсан.

10. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0355 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар нь “Х” ХХК-ийн 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дүгээр шийтгэлийн хуудсаар, хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтанд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 68,861,218.7 төгрөгийн нөхөн татвар, 20,658,365.6 төгрөгийн торгууль, 19,006,935.9 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэжээ. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, хариуцагч татварын улсын байцаагч нар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий 1102201801 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

13. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэр, магадлалыг Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг заасан бөгөөд уг зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр хуульчилсан. 

15. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь зөрчлийг шийдвэрлэхдээ, Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10д/4767 тоот албан бичгүүдийн дагуу шалгахад нэхэмжлэгч “Х” ХХК нь 2015-2016 онуудад “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-иас хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтанд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, зөвхөн кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт бичигдсэн байгаа нь ямар бараа материал авсан нь тодорхойгүй, иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргажээ.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зөрчилд холбогдогч “Х” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил гаргаагүй гэж маргасан байхад хариуцагчаас Татварын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дээрх албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэгчийн зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой болсон гэж дүгнэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.  

17. Мөн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” буюу шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

18. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.19, ...д заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж тус тус зааснаар татварын улсын байцаагч нь татварын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй, иймээс нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй юм. 

19. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

20. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гэх зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0355 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА