Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-02
Дугаар 299
Хэргийн индекс 128/2018/0626/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч З ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:           Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Г.Банзрагч,

                                                  П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0316 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгоннямыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0316 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болормаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.      

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болормаа би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 0150 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 0316 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхээс ““З” ХХК нь 2013.07.01-ний өдрөөс хойш ...төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний газрыг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулан Төслийн удирдах хороонд танилцуулах гэсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй” гэжээ. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.20-д “Нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.15 дэх заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно” -д зааснаар “З” ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-аас дээш хувийн зөвшөөрөл авч, бүх хоёр талт гэрээг байгуулсан бөгөөд манай компанийн төслийн төлөвлөгөөг хянаж, Удирдах хорооны саналыг авсан учраас Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан болно. Иймд давж заалдах шатны шүүхийн “Төлөвлөгөөг өдий хүртэл боловсруулаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

5. Түүнчлэн шүүхээс “5 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн байна. Манай компанийн зүгээс уг хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх нотлох баримтууд болон, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, иргэд аж ахуйн нэгжийн саналаар ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдсөн болох талаарх баримтуудыг өгсөн боловч эдгээр баримтуудад шүүх дүгнэлт хийлгүйгээр, шууд дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.14-т заасан гурван талт гэрээг байгуулаагүй гэх тухайд: Шүүхээс "...нэхэмжлэгч “З” ХХК нь төсөл хэрэгжүүлэх “3” блокт иргэн, аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээ байгуулсан гэх боловч Гэр хорооллын дэд бүтцийн газарт гурван талт гэрээ байхгүй болох нь тус байгууллагын архив, бичиг хэрэгт хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдсон” гэжээ. Нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Гэр хорооллын хөгжлийн газарт хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Энхбаатарын өгсөн мэдүүлэгт “Гурван талт гэрээг байгуулах гэтэл Гэр хорооллын хөгжлийн газраас тухайн байршил дахь газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиар байхгүй байсан тул гэр хорооллын хөгжлийн газраас гурван талт гэрээг баталгаажуулж, гарын үсэг зураагүй.. .тухайн “3” блок нь онцлог буюу зуун айлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байдаг тул ихэнх нь газар, газрын гэрчилгээгээ барьцаалж зээл авсан байсан тул гэрчилгээг нь эх хувиар гэрээнд хавсаргах боломжгүй байсан” талаар тайлбарласан.

6. Өөрөөр хэлбэл, журамд заасан Гурван талт гэрээг төрийн байгууллага болох Гэр хорооллын хөгжлийн газар өөрөө баталгаажуулаагүй бөгөөд үүссэн дээрх нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авах, хамтарч ажиллах байтал Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл хариуцагчаас дээрх гэрээг байгуулж, баталгаажуулалгүй гацаасан бөгөөд гэрээг цаашид хэрхэх, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн арилгах талаар арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй атал “гурван талт гэрээг байгуулах үүргийг шаардаж албан бичиг хүргүүлж байсан байна” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

7. Шүүхээс “...төсөл хэрэгжүүлэх талбайд нийслэлийн төсвийн хөрөнгөөр “З” ХХК-ийн гүйцэтгэсэн дэд бүтэц тус компанийн төслийн хэрэгжилтээс шалтгаалан зорилго, үр дүндээ хүрээгүй бөгөөд “өнөөг хүртэл төслийн ажил эхлээгүй, төсөл хэрэгжүүлэх “3” хэсэгчилсэн талбай дахь иргэд, аж ахуйн нэгжийн ашиг сонирхол зөрчигдсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 сарын 13-ны өдрийн А/865 дүгээр “Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол, “3” хэсэгчилсэн талбайн гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг баталсны дагуу “З” ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэн Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 14/310 дугаар актаар Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 7-р хорооллын Сэлбэ голын дагуу гадна цэвэр усны ф60-219 мм, 087 км шугам, гадна бохир усны ф150-500 мм-ийн 0,87 км шугам угсрах ажлыг байнгын ашиглалтад оруулж хэвийн ажиллаж байгаа болно.

8. Хавтаст хэрэгт байх үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар “З” ХХК нь “3” хэсэгчилсэн талбайд барилга угсралтын ажил эхэлсэн буюу барилгын суурийг бэлэн болгосон талаарх гэрэл зураг хэрэгт авагдсан тул барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөл байдал, барилгын салбарын уналтаас үүдэж барилгын ажил саатсан болохыг тогтоосон Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” олгосон /хавтаст хэрэгт авагдсан/ бөгөөд тус гэрчилгээнд “Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямрал, барилгын салбарын тогтворгүй байдал нь тус компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж “З” ХХК-д гэрчилгээ олгож байна” гэсэн байдаг.

9. Шүүхээс “...Хяналтын хорооны 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 01/2 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “...Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэсэн бөгөөд 2018 оны 05 сарын 07-ны өдрийн Хяналтын хорооны хурлын №01/2 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” шийдвэр гаргасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг үзвэл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа” гэсэн боловч ямар баримтыг үндэслэж ийнхүү дүгнэж байгаа нь ойлгомжгүй, хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлт, тодорхойлолт байхгүйгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамж нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

10. Шүүхээс . .нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн тайлбар нь “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гаргасныг мэдэгдсэн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018.04.11-ний өдрийн 03/275, 2018.05.15-ны өдрийн 03/419, 2018.06.20-ны өдрийн 03/569 дүгээр албан бичгээр тус тус үгүйсгэгдэж байна” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 03/275 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт ”3аг” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг үүгээр мэдэгдэж байна” гэх, 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 03/419 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...танай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны А/433 дугаар захирамж гарсныг үүгээр мэдэгдэж байна” гэх, 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 03/569 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг өөрчлөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн эдгээр мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ...” хэмээн заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа байсан.

11. Гэтэл дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 дахь хэсэгт “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” хэмээн зааснаар нийслэлийн Засаг даргаас “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авахын өмнө холбогдох нотлох баримтыг өгч тайлбар, санал гаргах эрхийг хангах арга хэмжээ аваагүйгээс гадна тус хуулийн 27 дугаар зүйлээр зохицуулсан сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг мөн адил ирүүлээгүйгээр сонсох ажиллагааг хийх үүргээ төрийн байгууллага хэрэгжүүлээгүй байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Нэхэмжлэгч “З” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...З ХХК нь тухайн байршлын бүх блокын иргэдтэй уулзаж, хоёр талт болон гурван талт гэрээг байгуулан, бүх зураг, геологийн ажлууд, архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэн, барилгын суурийг бэлэн болгож, ерөнхий төлөвлөгөөний зураг өөрчлөгдөж, хүсэлтийг НЕТГ болон ГХДБГазарт батлуулахаар өгсөн зэрэг ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэсэн байтал барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд гурван талт гэрээний аль үүргийг зөрчсөн нь тодорхойгүй” гэж маргажээ.

13. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/433 дугаар захирамжаар, ...Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасныг үндэслэн, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны 7 дугаар хороолол орчмын ХЕТ-2013/1 багцын “З” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “З” ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын ажил хийгээгүй, төслийн явц хангалтгүй” гэсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн “...Хяналтын хорооны хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/2 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь ...журмын 5.2-т “...Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заасан бөгөөд ...Хяналтын хорооны 01/2 дугаар шийдвэрт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй” гэж дүгнэсэн боловч ямар баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй, ...Нийслэлийн Засаг даргын ...А/433 дугаар захирамж нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

16. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар, тухайлбал хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11.2-т газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулахаар, 26 дугаар зүйлийн 26.1-д төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулж, 26.4.1-д тус хороо төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.

17. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.11-д “Төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ”, 4.14-т “Гурван талт гэрээг Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулна”, 4.25-д  “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

18. Нэхэмжлэгч “З” ХХК нь 2013 онд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчмын ХЕТ-2013/1 багцын “З” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын  01-ний өдрийн А/635 дугаар захирамжаар тус компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилжээ. 

19. Дээрх хууль, журмын зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “З” ХХК нь төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Гэр хорооллын хөгжлийн газартай гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн боловч 2013 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойшхи 5 жилийн хугацаанд журамд зааснаар газар, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцоо хийж гурван талт гэрээ байгуулах, барилгажуулах ажлыг журамд заасан хугацаанд гүйцэтгэх зэрэг үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчээс “...төсөл хэрэгжүүлэх боломж бүрдсэн, ...барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газарт ерөнхий төлөвлөгөөний зургийг өөрчлөх хүсэлтийг гаргасан” гэж маргах боловч энэ үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

20. Түүнчлэн хариуцагчаас, тухайлбал Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2016-2018 онуудад нэхэмжлэгч “З” ХХК-д төслийн ажлыг эрчимжүүлэх, хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх, тайлан, төлөвлөгөөгөө ирүүлэх талаар удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан нь Гэр хорооллын хөгжлийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 02/721 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/337 тоот,  Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/80 тоот, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03/186 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03/651 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/49 тоот албан бичгүүд, төсөлд хамрагдах иргэдийн гомдол, хүсэлт болон бусад баримтаар тогтоогдсон. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагчаас дээрх гэрээг байгуулж, баталгаажуулалгүй гацаасан бөгөөд гэрээг цаашид хэрхэх, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн арилгах талаар арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.  

21. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, хариуцагчаас Хяналтын хорооны саналыг үндэслэн “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын А/433 дугаар захирамж нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ...гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заасантай нийцсэн, тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар 2 шатны шүүхээс зөв дүгнэжээ. 

22. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0316 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА

                                 ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА