Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-23
Дугаар 272
Хэргийн индекс 128/2018/0450/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ц.Э
Хариуцагч НЗД, БЗД БХ, ГА
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Д.Ч, Д.Б, Д.Э
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн

Газрын алба, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн

хэлтэст тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                      Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 18 дугаар гудамжны 256 тоотод байрлах 700 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар захирамжаар Д.Б-д өмчлүүлснийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжаар Ц.Б-аас Д.Б-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар захирамжаар Д.Б-д эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн 18649309145872 нэгж талбарын дугаартай Д.Э-т олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0301 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Д.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.1, 5.1.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ны 206 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжны 23 дугаар гудамж 464 тоот хаягт байршилтай Д.Э-ын өмчлөлд Г-2204015933 дугаарт бүртгэгдсэн газрын өмчлөх эрхийн бүртгэлийн 000086012 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0301 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2006 онд Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжины, 18 дугаар гудамжны 256 А, Б тоот хаягт байрлах 1152 м.кв газрыг иргэн Д.Данзанням, Д.Б нараас худалдан авч холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.

4. Гэвч Ц.Б гэгч нь дээрх газарт Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 тоот захирамжийг давхардуулан авсныг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон газрын эзэмших эрхийг 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Д.Б-д шилжүүлэн газрын эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар өөрийн өмчлөлийн газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах, амьдрах, ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж өмчлөх зөрчигдөж, уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, хэргийн оролцогчдын газар эзэмших эрх тодорхой бус байна хэмээн дүгнэж байгаа нь хавтаст хэргийн материалтай бүхэлд нь танилцаагүй, хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулж, хянаж үзээгүй гэж үзэж байна.

6. Хавтаст хэргийн материалд нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн архив, газар худалдах худалдан авах гэрээ, нийслэлийн газрын албаны лавлагаа зэрэг тухайн газрын өмчлөгчтэй холбоотой бүхий л баримт хуульд заасан шаардлага хангасан байхад үнэлэхгүй, газар эзэмших эрх тодорхой бус гэж дүгнэж, ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй, архивын мэдээлэл бүртгэл байхгүй гуравдагч этгээд Д.Батцэрэнг газар эзэмших эрхтэй мэтээр дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хэсгийг ноцтой зөрчиж байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасныг зөрчиж зөвхөн гомдлын хүрээнд хянах зохицуулалттай хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн бүрэн эрхэд нөлөөлж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтэрч, өмнө нь давж заалдах шатны шүүхээс Ц.Э тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нэгэнт тогтоосон шүүхийн тогтоолыг үгүйсгэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй хэмээн дүгнэж, өмнө нь шүүх шийдвэрлэсэн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотойгоор өмнө шүүх шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр захирамжийг шийдвэрлэсэн байдаг болно.

8. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэл гаргах эрхгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Ц.Э-ийн хэтрүүлэн эзэмшиж, өмчилсөн газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, зохигчдын өмчлөлийн газрын давхцалыг арилгах, хил зааг, орц, гарцыг тогтоож, газар зохион байгуулалтыг зөвтгөхийг даалгасан. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр, магадлал, тогтоолд тусгагдсан Д.Чинбатын бие даасан шаардлагыг шүүх өмнө нь 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай захирамжаар шийдвэрлэж байсан бөгөөд шүүх дахин хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

9. Гомдол гаргагч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хурал дээр гаргасан гомдлоосоо татгалзаж байна хэмээн бичгээр болон амаар тайлбарлаад байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцно” гэсэн зохицуулалтыг хэрэглэхгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрлэсэн нь тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдэж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

10. Маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг Ц.Б гэгч авсан байх бөгөөд уг газар эзэмших эрхийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийдвэр, 60 дугаартай магадлал, тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хүчингүй болсон захирамжийг үндэслэн Д.Б-д шилжүүлснийг хууль зөрчөөгүй мэтээр дүгнэж байгаад туйлын гомдолтой байна.

11. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” хэмээн хуульчилсаар байтал газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч түүнийг сунгасан талаарх баримт байхгүй байхад газар эзэмшиж, өмчилсөн нь хуулийн дагуу хэмээн үзэж байгаад гомдолтой байна.

12. Иймд магадлалыг бүхэлд хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг хүчингүй болгосон нь шударга шийдвэр болсон боловч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзсэн байна. Гэтэл магадлалын хянах хэсэгт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар бичсэн байх ба эдгээр бичигдсэн зүйлүүд нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд Ц.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул Д.Б-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн болон Д.Б-ээс Д.Ч-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.

14. Гэтэл Ц.Б-д газар ашиглах эрхийг олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298-р захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон 2005 оны 01 дүгээр сарын 19-ний 09 дүгээр шийдвэр гарахаас нэг жилийн өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  02 тоот захирамжаар Д.Б-г гэрчилгээжүүлэн газар олгосон байдаг.

15. Д.Ч нь уг газартаа анхнаасаа л буюу маш олон жил амьдарч ирсэн, харин Ц.Э нь маргаж буй уг газрууд дээр нэг ч удаа очиж байгаагүй, шүүх хуралдаанд энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа оролцож байгаагүй, үзэгдэж мэдэгдээгүй хүн байдаг ба тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаандаа гаргаагүй байдаг. Давж заалдах шатны шүүх нь хэргийг гомдлын хүрээнд хянах ёстой байтал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдлыг минь хянан шийдвэрлээгүй.

16. Миний бие нь Д.Д-ыг нэхэмжлэгч гэгдэх Ц.Э-ийг төлөөлөх эрхгүй этгээд байна гэж үзэж гомдоллосон боловч энэ талаар шүүх мөн ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Ц.Э-ийн өмнөөс өөр хүн нэхэмжлэл гаргаад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан байдаг.

17. Маргаж буй газар, маргааны талаарх үйл баримттай холбоотой бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд болон шүүгчийн захирамжууд байсаар байтал хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой.

18. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтаар бус харин 121.1.3-т зааснаар шийдэх ёстой байсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул гомдлыг минь хянан хэлэлцэж мөн хуулийн 127.2.4-т зааснаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад бүрэн дүүрэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтыг дутуу цуглуулсан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

20. Нэхэмжлэгч Ц.Э нь маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулах үндэслэлээ “хуулийн дагуу бусдаас шилжүүлэн авсан миний газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгож, үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэж, хариуцагчаас “нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй” гэж тус тус маргасан, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн тайлбарын үндэслэлийг тодруулаагүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн үр дагавартай уялдуулж дүгнээгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

21. Нэг. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах тухайд:

22. Нэхэмжлэгч Ц.Э нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д.Д, Д.Б нарын хамт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсэг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4880 дугаар захирамжаар “Ц.Э-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, энэ захирамжид холбогдуулан нэхэмжлэгч Ц.Э-ээс гомдол гаргаагүй, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

23. Тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлага нь одоогийн хэрэгт маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай адил, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжууд байх бөгөөд харилцан хамааралтай нэхэмжлэлийн шаардлага байх тул нэхэмжлэгч нь шүүхэд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

24. Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8104 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар шилжүүлэн өгсөн этгээд болох Д.Д, Д.Бг нарын нэхэмжлэлийг “256а, 256б тоот хашааны эзэмшлийн талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, эдгээр иргэдээс гомдол гаргаагүй учраас уг захирамж мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ. Эндээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт зааснаар өмнөх эзэмшигчийн эрх үгүйсгэгдсэн, тодруулбал, өмнөх эзэмшигч Д.Д, Д.Б нарын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан байхад дээрх иргэдээс уг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд маргах эрхтэй эсэхийг тодруулах нь зүйтэй.

25. Хоёр. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

26. Ц.Энь 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж байсан, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамж[1] /Д.Б-д газар эзэмшүүлсэн захирамж буюу одоо нэхэмжлэлийн шаардлагад нэрлэн зааж буй захирамж/, 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр захирамж /шүүхийн шийдвэрт тусгагдсан[2]/-ийг мэдэх боломжтой байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

27. Гурав. Газрын байршил тодруулах тухайд:

28. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/27 дугаар захирамжаар[3] гуравдагч этгээд Д.Б, нэхэмжлэгчид газар шилжүүлсэн гэх Д.Д нарт тус бүр 300 мкв газар, 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар Ц.Б-д 300 мкв газар эзэмшүүлсэн болох нь Иргэний газар ашиглах гэрчилгээгээр тус тус тогтоогдсон, эдгээр газрын байршил тодорхойгүй байна.

29. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Д.Д-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газраас албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

30. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “захиргааны байгууллага нь Ц.Б-д газар эзэмшүүлэхдээ хаяг буруу бичсэн алдаатай болохыг тогтоож, Ц.Б, Д.Д нар тус бүр “300 мкв” газар эзэмших эрхтэй, эдгээр газрууд давхцаагүй болохыг тогтоож, газраас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, газрын хил хязгаарыг тогтоохыг захиргааны байгууллагад даалгасан” үйл баримт тогтоогдож байна. Үүнээс хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжаар Д.Б-д 700 мкв газар, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар Д.Д-д 700 мкв, 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжаар Д.Б-т 452 мкв газар өмчлүүлсэн байна.

31. Эндээс ямар үндэслэлээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын хэмжээ нэмэгдэх болсон, газрын байршил хэрхэн давхацсан, чухам ямар хаяг бүхий газрыг хэн нь хэрхэн эзэмшиж байсан талаар нотлох баримт цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна. Тухайлбал, Д.Б-д 2000 оны захирамжаар 300 мкв газар эзэмших эрх үүссэн, дахин өөр газар 700 мкв хэмжээгээр Ц.Б-аас шилжүүлэн авсан эсэх, шүүхийн шийдвэрийн дагуу Д.Ч-т 300 мкв өмчилж байгаа эсэх, эсхүл уг газар нь хэнд шилжсэн, харин нэхэмжлэгчийн тухайд Д.Д 2000 оны захирамжаар 300 мкв газар эзэмших эрхтэй атлаа 700 мкв болгох боломжтой эсэх, Д.Б-т 425 мкв газар өмчлүүлсэн үндэслэл, уг газрын байршил тодорхойгүй, тухайн үед бодитойгоор газар эзэмших байсан эсэх, хэрэв эзэмшиж байсан бол уг газрын байршлыг тодруулах шаардлагатай.

32. Хавтаст хэргийн 113 дугаар хуудаст авагдсан нэгж талбарын 18649309167869 кадастрын зураг болон 178 дугаар хуудаст авагдсан нэгж талбарын 18649309153879 кадастрын зураг нь газрын байршлын хувьд өөр өөр, цэг тэмдэглэгээ нь хоорондоо тохирохгүй байх тул нотлох баримтын эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой юм.

33. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсэг, өмчлөх эрхийн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Ч-ын бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжийн Д.Д, 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

34. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь “маргаан бүхий газар Д.Ч, түүний ах Д.Б амьдарч байсан болохыг тогтоож, гуравдагч этгээдийн газартай давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн” гэх үйл баримт байх бөгөөд хэргийн энэхүү нөхцөл байдал нь одоогийн хэрэгт хэрхэн нөлөөлөх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

35. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0301 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ


[1] 128/2010/0420/З индекстэй хэргийн 147 дугаар тал

[2] Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр

[3] Хавтаст хэргийн 174 дугаар тал