Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-23
Дугаар 270
Хэргийн индекс 128/2018/0979/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "Е" ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Г.Г, Х.Ц. Г.О
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль

орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын Тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Л.Атарцэцэг

                                                Б.Мөнхтуяа

                                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                   Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:     Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0254 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нарыг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээд Х.Ц, түүний өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, Г.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0254 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/299 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан. 

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0254 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дүгээр тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгож дуусгавар болгосон.

4. Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0151 дүгээр шийдвэрт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгээр дуусгавар болгох, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10,11,12 дугаар зүйлийг зөрчсөнийг зөв дүгнэж, шүүхийн үзлэгээр дархан цаазат газар ухсан, эскиз зураг төслөөр барилга барих нь тодорхой болох хэргийн материал дахь нотлох баримтыг зөв үнэлж хуулийн дагуу шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ асуудлаар маргаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэд маргаан бүхий газарт өмнө нь амьдарч байсныг нотлох баримтыг дутуу үнэлсэн.

5. Шүүх нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хэрэг маргаанаас үл хамаарч алдааг засах, хуулийн зөрчлийг арилгаж, хуульд нийцүүлэн, биелэгдэх боломжтой шийдвэр гаргах байтал маргаагүй асуудал гэж үзэн Тусгай хамгаалалттай дархан цаазат газрыг ухах, байгалийн унаган байдлыг эвдэж сүйтгэж барилга барихыг дэмжиж шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Г.Б: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0254 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0115 тоот шийдвэрийг хүчин төгөлдөрт тооцуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргаж байна. Магадлалын хянах хэсгийн үндэслэлд гуравдагч этгээд газар эзэмших, ашиглах эрхтэй байсан эсэх, мөн иргэнд тусгай хамгаалалтай газар нутагт эзэмших эрх үүсэх эсэх зэргийг хянасан тухай дурдсан маргааны зүйл болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалын үндэслэлийг хэлэлцээгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үндэслэлээр үйл баримтыг үнэлж дүгнэн хэтрүүлэн шийдвэр гаргасан.

7. Гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж маргаагүй, өөрсдийн нэр дээр уг газрыг ашиглах эрхээр гаргуулах тухай бие даасан шаардлага ч гаргаагүй байхад шүүх гуравдагч этгээдүүд хаана, хэдэн оноос эхлэн амьдарч байсан талаар лавлан тодруулж, тушаалын үндэслэлд байхгүй зүйлийг асууж тодруулж нэхэмжлэгчээс нэг ч асуулт асуухгүй түүнд давуу байдал олгосон байдлаар хуралдааныг үргэлжлүүлж байсан нь давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг ойлгоогүй байгааг харуулж байна. Учир нь А/229 тоот тушаалын үндэслэл нь нэхэмжлэгч тал “Е” ХХК нь газар ашиглах гэрээг зөрчиж, тусгай хамгаалалтай газар нутагт барилгын ажил эхлүүлсэн нь, нийтийн эрх ашигт хохирол учруулж холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байх тул цуцлах нь зүйтэй, тушаалыг гаргахдаа иргэдээс ирүүлсэн мэдээлэл гомдлыг үндэслэн шийдвэрлэв гэсэн утгыг агуулж байгааг давж заалдах шүүх анхаарч үзээгүй. А/229 тоот тушаалыг "...иргэдэд газрыг олгох нь зүйтэй.., тэдэнд газрыг ашиглах эрх үүссэн байсан байна..." гэж маргаан бүхий газрыг хүчингүй болгоогүй юм.

8. Тушаалын үндэслэлд иргэдийн эзэмшиж байгаа газартай давхацсан гэсэн үндэслэл дурдаагүй, иргэдийн оршин сууж буй газарт “Е” ХХК хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна гэсэн байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгийг зөрчин А/229 тоот тушаалын 1 дэх хэсгийг буруу ойлгож, иргэд газар ашиглах эрхтэй гэж маргаж үүнийг үндэслэн эрх бүхий байгууллага цуцалсан мэтээр буруу ойлгож, маргааны зүйлээс хальж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь 10 давхар барилгын ажлыг 5 жилийн хугацаатай авсан, ажлыг 2 жилийн дараа ашиглах эрх дуусгавар болох газар дээр эхлүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээний 4.4 дэх хэсгийг бүхэлд нь зөрчсөн, дархан цаазат газарт газар ухсан, барилга барьснаас болж үүсэх сөрөг үр дагаврын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй зэрэг үйл ажиллагаа нь А/229 тоот тушаалын үндэслэл болсон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь буруу байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсгийг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, Г.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0254 дүгээр магадлалыг хүчингүй болгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/ 0115 дүгээр шийдвэрийг хүчин төгөлдөрт тооцуулахаар гомдол гаргаж байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь гомдол гаргасан үндэслэлдээ, гуравдагч этгээд болох иргэн Г.Г, Г.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нарыг давж заалдах шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр гүтгэж ярьж эхэлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн баримтыг үгүйсгэн иргэн Г.О-г ...Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэн биш, 2017 онд өрхийн дэвтэр нээлгэсэн, насанд хүрээгүй байж байгаад газар сунгаж авсан мэтээр ярьсан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар албан бичгээр ирсэн хүсэлтүүд, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 615 тоот санал зэргийг “Е” ХХК-д хүргүүлсэн.

10. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/3638 тоот мэдэгдэл, иргэн Х.Ц, Х.Б, Г.О, Г.Г нарын 2018 оны 05 дугаар сарын 04, 07, 15-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/229 дүгээр “Тушаал хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг “Е” ХХК-д өгсөн. Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны хуралдааныг үндэслэн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалд Богд хан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн 11-р хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан нь иргэдэд ашиглах эрхийн гэрчилгээ олгохдоо хууль тогтоомжид нийцүүлэн ашиглаж буй газрыг нь бичил эко аялал жуулчлалын зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.

       11.Тушаалын дагуу иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад ашиглалтын гэрчилгээ олгон, гэрээ хийж "Задгай" гэх хаяггүй болсон. Гэрчилгээ авснаар бусдын адил газар ашигласан төлбөр төлөх ийм л хуулийг хэрэгжүүлсэн юм. Сайдын А/235 дугаар тушаалд Б.Т-ын ярьснаар: 1994 он буюу уугуул суугуул гэсэн үг байхгүй. Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийн дараа он, сар, өдөр дутуу, тамгаа дутуу дарсан бичиг, гэрийн амбаарт нааж 07 настай хүүд өгсөн байсан. Хэзээ байр амласныг нь мэдэхгүй, сонсоо ч үгүй. "Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ыг ийм зүйл ярьж байхад Г.Гандэлгэр, Г.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц ярих боломжоор хангагдсангүй. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн хурлын бичлэгийг хянаж үзэх хүсэлтийг гаргаж байна. Энэ бичлэгт Б.Т нь хэлэхдээ, манай “Е” ХХК-д 2018 оны 04 дүгээр сард ямар ч мэдэгдэл ирээгүй гэж хэлж байсан. Хэрэгт авагдсан баримт материалыг үндэслэж ярьдаг байх гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь Г.Г, Г.О нарт  хамаарал бүхий баримтыг хавтаст хэрэгт баримтжуулсан байсан. Хавтаст хэргийн 2-р дэвтрийн 67 дугаар хуудсанд авагдсан. Газар зохион байгуулалт", Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн хавсралт 5 хуудас бүхий зураг нь 2011, 2012, 2013, 2014, 2018 оны сансрын зурагтай давхцуулан хавсралтаар хүргүүлсэн зурган дээр буюу албан бичигт, иргэн Г.Г-ийн “Геоботаник" ХХК-ийн зурагласан эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг дахь солбицлын утгаар газрын байршлыг тодорхойлсон зураг дээр буюу 2-р хавтаст хэргийн 67, 68, 69, 70, 71, 72 хуудасны зураг дээр давхцалгүй байгаа байршлыг заасан байдаг.

         12. Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тушаалд “0,37 га газрыг аялал жуучлалын зориулалтаар “Е” ХХК-д олгохоос өмнө Хан-Уул дүүргийн 4-р хорооны Арцатын амны хязгаарлалтын бүсэд ВС87072911 регистрийн дугаартай Г овогтой О, ВЭ58071570 регистрийн дугаартай Г овогтой Г нар оршин сууж байсан гэдэг нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг дарга Т.Г-ын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байх тул “Е" ХХК-ийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсугай” гэж бичигдсэн байдаг. Гэтэл “Е" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь иргэн Г.О-г насанд хүрээгүй, сүүлд газар сунгаж авсан, Хан-Уул дүүргийн 4-р хороонд бүртгэлгүй. Г.Г, Х.Ц нар нь Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй гэж шүүх хурал дээр худал хэлж иргэний бүртгэл мэдээлэл, 4-р хорооноос шүүхэд ирүүлсэн баримт бичгийг үгүйсгэж байгаа нь нэхэмжлэлд нийцэхгүй. Х.Ц-ын зүгээс шүүх бүрэлдэхүүнд хандан хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргаад байхад шүүх шийдвэрээ гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь хэргийн үйл баримтыг бүрэн зөв дүгнээгүйгээс холбогдох хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-ийг тус тус үндэслэн “...Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.37 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар “Е” ХХК-д олгохоос өмнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны хязгаарлалтын бүсэд ВС87072911 регистрийн дугаартай Г овогтой Ой, ВЭ58071570 регистрийн дугаартай Г овогтой Г нар оршин сууж байсан гэдэг нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга....бичгээр ирүүлсэн тодорхойлолтоос нотлогдож байх тул “Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсугай” гэж шийдвэрлэжээ.

15. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “...Газар ухаж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэсэн тайлбар өгч, мөн хяналтын гомдолдоо “нэхэмжлэгч компани нь газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтаар газрын гэрчилгээг нь хүчингүй болгож, газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон” гэж маргаж байгаа боловч А/229 дүгээр тушаалд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг тодорхой заагаагүй, энэхүү үндэслэл нь уг тушаалын 1 дэх заалтын агуулгатай /нэр бүхий иргэдийн газартай давхцалтай гэсэн/ зөрчилдсөн, мөн актыг гаргахдаа нэхэмжлэгч нь газрын тухай хууль, тогтоомж болон гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн гэдгийг бодитойгоор тогтоогоогүй, харин “хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой” гэсэн агуулгаар гаргасан байх тул захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэл нь зөрүүтэй, иймээс захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг /Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3/ зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-5/ хангах боломжгүй.

16. Гэхдээ маргаан бүхий актын 1 дэх заалтад заасан “нэр бүхий иргэд буюу гуравдагч этгээд Г.Г, Г.О нар нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохоос өмнө тухайн газар амьдарч байсан” гэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй буюу энэхүү бодит нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

17. Тодруулбал, гуравдагч этгээд Г.Г болон эхнэр Х.Ц, Г.О нар нь маргаан бүхий газар дээр 2013 оноос захиргааны санаачлагаар нүүж ирэн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, тухайн үед уг газар сул чөлөөтэй байсан бөгөөд газар ашиглах хүсэлтээ илэрхийлж байсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд /Арцатын амны 4 дүгээр хороо/ зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх” ажлын хүрээнд 2 дугаар ээлжинд шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа иргэдийн нэрсийн жагсаалтад орсон /1 дэх хавтаст хэргийн 158,178, 195-197 дахь тал/ зэрэг үйл баримтаас үзвэл, гуравдагч этгээд нарын хувьд оршин сууж буй газраа ашиглах хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн гэж дүгнэхээр байна.  Иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18. Хэдийгээр давж заалдах шатны шүүхийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл, 1994 онд уг хуулийг батлагдахаас өмнө тухайн байршилд суурьшин амьдарч эхэлсэн иргэдийн хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “хашааны” зориулалтаар олгохоор зохицуулсан байна. Тус шийдвэр нь тусгай хамгаалалттай газар нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг ашиглан уг амны аль нэг хэсэгт дураараа хашаа хатган, газар ашиглах “давуу эрх”-ийг олгоогүй...” гэсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй ч гуравдагч этгээд нарын хувьд бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газар дээр дураараа ирж оршин суугаагүй, харин сул чөлөөтэй газар дээр захиргааны зааж өгснөөр нүүж өнөөдрийг хүртэл байнга оршин сууж байгаа, мөн дээр дурдсанчлан “ашиглаж буй газрыг гэрчилгээжүүлэх” ажлын 2 дугаар ээлжинд хүлээгдэж байгаа учир “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдсан ажил нь гуравдагч этгээд нарт огт хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.

19. Нөгөөтэйгүүр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс, ... газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэсний дагуу нэхэмжлэгч “Е” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон /ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор буюу 12 давхар “Аpartment Hotel” барих төсөл, эскиз зураг зураг батлуулж, газар шорооны ажил эхлүүлсэн/-ыг тухайн газар түрүүлж амьдарч байсан иргэдийн оршин сууж байгаа газраа “хашааны” зориулалтаар ашиглах эрхээс илүү хамгаалагдах ёстой гэж үзэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

20. Иймд, давж заалдах шатны шүүхийн “гуравдагч этгээд нараас эрх бүхий этгээдэд хандаж тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших талаар нэхэмжлэгчээс өмнө эсхүл адил цаг хугацаанд хүсэлт гаргаж байсан, тэрхүү хүсэлтийг нь хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй эсхүл үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд газар эзэмшүүлэхэд тэгш байдал, шударга ёс алдагдсан гэж үзнэ..., ...гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газарт он удаан жил оршин сууж байгаагүй, ... нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэний дараа буюу 2018 онд захиргаанд хүсэлт гаргасан” зэрэг дүгнэлтүүдийг өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг зөвтгөх боломжгүй байна.

21. Харин анхан шатны шүүхийн “Гуравдагч этгээд нарыг амьдарч эхэлснээс хойш 2 жилийн дараа нэхэмжлэгч “Е” ХХК-д газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/233 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь газрын харилцааг зохицуулсан ерөнхий хууль болох Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн тул хууль бус” гэсэн агуулгатай дүгнэлт зөв байна. Энэ утгаараа гуравдагч этгээд нарын тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-12-т заасан “түрүүлж амьдарч байсан, газар ашиглах хууль ёсны ашиг сонирхолтой байсан” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

22. Гэхдээ анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн болон бодит үндэслэлд шууд хамаарахгүй /Үндэслэх хэсгийн 15-д зааснаар/ үндэслэлийг заан “нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа атлаа газраа ухаж барилга барихаар бэлтгэсэн нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ” хэмээн хариуцагчийг зөвтгөж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон А/229 дүгээр тушаалыг бүхэлдээ хууль ёсны гэж дүгнэсэн нь буруу байна.

23. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч “Е” ХХК-ийн 0.37 га газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дүгээр тушаалын “гуравдагч этгээд нарын оршин сууж буй 0.14 га газрын хэмжээгээр хүчингүй болгосон хэсэг нь хууль ёсны, харин гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй үлдсэн 0.23 га газрыг “бусдын газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус” гэж дүгнэлээ.    

24. Иймд, шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, Г.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0254 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2” гэснийг “4 дүгээр зүйлийн 4.2.5” гэж өөрчилж, “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д...” гэснийг хасаж, “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалын гуравдагч этгээд Г.Г, Г.О нарын ашиглаж буй 0.14 га газартай давхцалгүй 0.23 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, Г.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ