Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-02
Дугаар 296
Хэргийн индекс 128/2018/1045/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Э.С
Хариуцагч ЦЕГ-ын дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Э.С-ийн нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...ЦЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0278 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0375 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0278 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн ЦЕГ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн дэслэгч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0375 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Э.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 375 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. хуулийг 6уруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн хувьд: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нь төрийн албан хаагчийн үүрэг” байхаар зохицуулж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй тодорхой сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зааж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлагыг зохицуулсан байх бөгөөд" гээд Цагдаагийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтын талаар дурдаад хууль хэрэглээний талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасныг үндэслэл болгож хууль хэрэглээний зарчимд нийцсэн гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

5. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” гэж хуульчилжээ. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т цагдаагийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн заасан боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна гэж нэхэмжлэгч тал дүгнэж байна.

6. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаас илүү нарийвчилсан зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийн зохицуулалт хамтдаа байгаа нь илүү нарийвчилсан зохицуулалт гэдгийг хууль хэрэглэгч хэнд ч ойлгомжтой байна. Тухайлбал Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэг нь зөвхөн Цагдаагийн албан хаагчид хүлээлгэх “Сахилгын шийтгэл”-ийн төрлүүдийг нэрлэн заасан ба энд дурдсан хариуцлагыг хүлээлгэхдээ ямар хууль хэрэглэх, хэрхэн, яаж хэрэглэх зэрэг арга замыг тодорхойлоогүй байна. Тэгвэл Төрийн албаны тухай хуульд энэ талаар илүү нарийвчилсан зохицуулалтыг тусгасан бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг", 15 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийг болон 40 дүгээр зүйлд заасан “...хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчлийн шинж байдлыг үнэлэх, анх удаа болон давтан зөрчил гаргасан эсэхийг заавал харгалзан үзэх”-ээр хуульчилсан.

7. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаас үзвэл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа уг хуулийн 26 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагатай байх ба харин сахилгын шийтгэл хүлээлгэх санкцын зохицуулалтыг хэрэглэх, ямар санкцыг сонгон хэрэглэхдээ тухайн харилцааг зохицуулсан буюу өөр хуулиар зохицуулсан бол уг хуульд нь заасан сахилгын шийтгэлийн төрлийг хэрэглэ гэсэн утга агуулгатай юм.

8. Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “хуульд өөрөөр заагаагүй бол” гэдэг хэсэг тухайн зүйлийн өгүүлбэрийн эхэнд орсон байвал зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж болох юм. Гэтэл хуулийн найруулга, агуулга, утга санаа нь зөвхөн сахилгын шийтгэл хүлээлгэхдээ өөр хуульд заасан бол тэр хуулийг хэрэглэ гэсэн нь ойлгомжтой байна. Тиймээс ЦЕГ-ын даргын 2018 оны Б/648 тушаал нь Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэрэглээгүй гэж дүгнэж байгаа нэхэмжлэгч талын тайлбарыг анхан шатны шүүх дүгнэсэн дүгнэлтийг шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзнэ.

9. Товчоор хэлбэл хариуцагч маргаан бүхий актыг Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т дангаар нь биш Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-ыг хамтад нь хэрэглэх байсан гэж дүгнэж байж хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч ба хариуцагчийн хэн аль нь ЦЕГ-ын даргыг сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй, эрхтэй гэж маргаагүй. Харин сахилгын шийтгэлийг үндэслэлгүй оногдуулсан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж мэтгэлцсэн болно.

10. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бол гэдэг үндэслэлийн хувьд: Хариуцагч Б/648 дугаартай тушаалдаа нэхэмжлэгчийг “ЦЕГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1-т “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гарсан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.10-т “гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх”-д заасныг нэхэмжлэгч тус тус зөрчсөн гэж үзэж халах сахилгын шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн фэйсбүүк хаягаас цагдаагийн албан хаагчийн нүцгэн байх үеийн зураг олон нийтийн сүлжээнд тарсны дагуу албаны шалгалт явуулж, ...Э.С-ийн..., П.Л-ийн..., тайлбарууд Э.С удирдах албан тушаалын алба хаагчтай хувийн харилцаа тогтоосон, өөрийн болон албаны нэр төрийг гутааж, зүй зохисгүй үйлдэл гаргасан” зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон байна, ...хариуцагчаас дээрх үйлдлийг ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж..., ...сахилгын шийтгэл ногдуулсан нь "сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар ...өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасныг зөрчөөгүй...” гэж дүгнэсэн байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

11. Тодруулбал, нэхэмжлэгчийг ёс зүйн дүрмийн 2.4.1-т заалтын өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, 2.4.10 дахь заалтын нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэснийг зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ “удирдах албан тушаалын алба хаагчтай хувийн харилцаа тогтоосон, өөрийн болон албаны нэр төрийг гутааж, зүй зохисгүй үйлдэл гаргасан” гэж дүгнэж байгаа нь ёс зүйн дүрмийн агуулгыг нэг нь нөгөөгөө тодотгосон байдлаар биш тус тусдаа агуулгатай тайлбарласан, тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэр бүлийн харилцаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөөгүй тухай байх тул үүнд Гэр бүлийн хуулиар хүлээсэн гэрчлэгчдийн хоорондын эрх, үүрэг хамаарахгүй, уг хууль нь зөвхөн гэрлэгчдэд хамааралтай, өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж болно, энэ нь ёс зүйн зөрчил биш гэж тайлбарлах нь өөрөө нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцэхгүй, нэхэмжлэгчийг зөвхөн хэн нэгэнтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэхээсээ илүүтэй албаны чиг үүргийн хувьд дээд шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон, фэйсбүүк хаягт цагдаагийн албан хаагчийн зүй бус зураг тавигдсан зэрэг нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр буруутгаж, уг зөрчлийн хэм хэмжээг харгалзан ногдуулсан сахилгын шийтгэлийг тохироогүй гэж үзэх боломжгүй байна” гэж тайлбарласан байгаагаар хүлээн зөвшөөрөх боломжгүй.

12. Өөрөөр хэлбэл, хариуцагч болон анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “дээд шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон, фэйсбүүк хаягт цагдаагийн албан хаагчийн зүй бус зураг тавигдсан“ зөрчил гаргасан нь “нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэсэн заалт зөрчсөн гэж үзэж холбон тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар тогтоогдож байгаа үйл баримт нь ёс зүйн дүрмийн энэхүү заалтын “гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж” гэдэг нэг нь нөгөөгөө тодотгосон заалтыг хамтад нь биш, салгаж өөр агуулгаар тодруулбал “дээд шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон, фэйсбүүк хаягт цагдаагийн албан хаагчийн зүй бус зураг тавигдсан“ нь гэр бүл үр хүүхдэдээ халамжтай байж гээд таслал нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахин мөрдөх гэсэн заалтыг тус тусдаа өөр агуулгатай гэж буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

13. Ёс зүйн зөрчил гэж үзээд байгаа “дээд шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон” гэдэг нь нэхэмжлэгч болон П.Л нарын тайлбараар 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 сар хүртэлх хугацаанд байсан, энэ хугацаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болоод байгаа Ёс зүйн дүрэм батлагдан гарах 2017 оны 06 сараас өмнөх үйл баримт болохтой зохигчид хэн аль нь маргаагүй.

14. Гэтап анхан шатны шүүх “дээд шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон” зөрчил нь “фэйсбүүк хаягт цагдаагийн албан хаагчийн зүй бус зураг тавигдсан“ 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр илэрч байгаагаар зөрчил гарсан, илрүүлснээс хойш 1 сар гэж заасныг зөрчөөгүй хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

15. Хууль хэрэглээний хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “...илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол...” гэсэн заалтын илрүүлснээс хойш гэдэг зохицуулалтыг хэрэглэсэн атал энэ хугацаа нь зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байгаад, мөн сахилгын зөрчил оногдуулж болохгүй нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч тал маргаж байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, 1 сар нь 6 сардаа багтаж байх, хамтад нь хэрэглэх эсэхийг, шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлаагүй гэж үзнэ. “Фэйсбүүк хаягт цагдаагийн албан хаагчийн зүй бус зураг тавигдсан” үйл баримтын хувьд зураг бол цагдаагийн байгууллага, албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл биш. Тэр зурагт цагдаагийн алба, үйл ажиллагаатай холбоотой үг үсэг, өгүүлбэр, тайлбар огт байхгүй гэдэг тайлбараа дэмжинэ.

16. Иймд, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж байгааг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ гэж үзэхээр байна.

17. Мөн ЦЕГ-ын дарга нь албан хаагчдын зөвхөн үйл ажиллагаанд л мөрдөгдөх Ёс зүйн дүрэм баталж мөрдүүлэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр 81.1, 81.2 дахь хэсэгт заасан байхад хуулиар тогтоосон энэ хэм хэмжээнээс хальсан. Тодруулбал, хэдийгээр цагдаагийн албан хаагч ч гэлээ хувь хүний хувийн харилцаа, хувийн амьдралын асуудалд дүрэм тогтоож түүгээрээ үндэслэн ажил хөдөлмөр эрхлэх эрхэд нь халдаж байгаа нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг ойлгохгүй, нийтийн эрх зүй болон хувийн эрх зүйн зохицуулалтын хүрээг хольж хутгасан хууль хэрэглээний бүдүүлэг алдааг хууль зөрчөөгүй хэмээн анхан шатны шүүх зөвтгөж байгаа нь шүүх өөрөө хууль хэрэглэх чадваргүй байгааг харуулж байна. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоох, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүл үр хүүхдэдээ хайр халамжтай байх гэдэг нь өөр өөр агуулгатай. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосноор гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байх ёс зүйн хэмжээ зөрчсөн гэж үзэх эсвэл энэ хоёрыг ижил зүйл гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болно.

18. Гэтэл маргаан бүхий актад Цагдаагийн албаны тухай хуулийн Ёс зүйн дүрмийн 2.4.10-т заасан Гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг үндэслэн ажлаас халсан гэх тайлбарыг үндэслэн зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг болно.

19. Иймд, шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

21. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.С-ийг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хураахаар шийдвэрлэсэн ЦЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын холбогдох хэсэг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай нийцжээ.

22. Маргааны үйл баримтуудаас үзвэл, Э.С болон тус Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга П.Л нар нь гэр бүлээс гадуур харьцаатай байсан, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус Э.С-ийн фэйсбүүк хаягаас П.Л-ийн нүцгэн зураг цахим сүлжээнд тавигдсан үйл баримтын тухайд маргаагүй болно.

23. Э.С-э нь тухайн зургийг гэртээ байхдаа өөрөө авснаа үгүйсгээгүй, “...зургийг би тараагаагүй, ...хэн нэг нь миний хаягаар орсон байна...” гэх түүний тайлбар нь нэхэмжлэгчид хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй талаарх шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

24. Цагдаагийн албаны хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж, “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан сануулах, албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах, цагдаагийн цолыг бууруулах, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийн аль нэгийг ногдуулахыг энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

25. Э.С-э өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байсан нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нь хуульд заасан сахилгын шийтгэлээс “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэлийг сонгон хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдалд нийцсэн талаарх дүгнэлт үндэслэлтэй.

26. Тодруулбал, цагдаагийн албан хаагч Э.С нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд түүний эрх зүйн байдал, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар бөгөөд ёс зүйн дүрэм зөрчсөн Э.С-д Цагдаагийн албаны хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгож хэрэглэх хариуцагчийн эрх хэмжээ нь Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуульд нийцэж хэрэгжсэн, хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна.   

27. Иймээс “...маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг хамтад нь заагаагүй буруу..., ...шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. 

28. Түүнчлэн Э.С нь цагдаагийн албан хаагчийн ёс зүйг чанд сахихаар тангараг өргөсөн төрийн албан хаагч бөгөөд үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй, ёс зүйн дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохыг Цагдаагийн албаны тухай хуулийн 9, 81 дүгээр зүйлүүдийн холбогдох хэсгүүдэд тус тус тодорхой заасан байна.

29. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.2-т “...цагдаагийн албан хаагчийн нэр төр, алдар хүндийг ямагт өргөж...”, 1.3.1-д “цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 2.4-т “ёс суртахуунтай байх”, 2.4.1-д ”өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах...”, 2.4.10-т “гэр бүл үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг сахиж мөрдөх“ гэж тус тус тусгажээ.

30. Дээрхээс үзвэл, цагдаагийн албан хаагч хууль, дүрмээр зохицуулсан ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх нь албаны, хувийн аль аль харилцаанд хамааралтай, П.Л-ийн нүцгэн зураг цахим сүлжээнд тараагдсан үйл баримтыг ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, Э.С-д сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны байгууллагын шийдвэр зөв, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул “...хэдийгээр цагдаагийн албан хаагч ч гэлээ Цагдаагийн газрын дарга нь хүний хувийн харилцаа, хувийн амьдралд дүрэм тогтоож, ажил хөдөлмөр эрхлэх эрхэнд нь халдсан алдааг шүүх зөвтгөж, хууль буруу хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй.

31. Үүнээс гадна ёс зүйн зөрчилд тооцогдох үйл баримт болох олон нийтийн сүлжээнд гэрэл зураг тавигдсан огноогоор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тодорхойлогдох тул “...гэр бүлээс гадуур тогтоосон харилцааг 2017 оны 4 сард дуусгасан байхад хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй...” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.  

32. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0278 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0375 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ