Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-25
Дугаар 285
Хэргийн индекс 119/2018/0022/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "ЭТ" ХХК
Хариуцагч ОА-ийн МХХ-ын УБ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн МХГ-ын ХХУБ Д.Б-т

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                        Д.Мөнхтуяа

                                        Ч.Тунгалаг

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Орхон аймгийн МХГ-ын ХХУБ Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150,000 төгрөг болон нөхөн төлбөр 2,160,000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0341 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн Орхон аймгийн МХГ-ын ХХУБ Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150,000 төгрөг болон нөхөн төлбөр 2,160,000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0341 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0341 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна”, 111.2-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө гэж хууль тогтоогч хуульчилж өгсөн. “ЭТ” ХХК нь ажилд орохоор ирсэн одой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохирсон ажлын байранд авдаг бөгөөд ямар нэгэн байдлаар авахгүй буцаасан, татгалзсан тохиолдол байхгүй, энэ талаар санал гомдол гарч байгаагүй болно.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр хийлгэж болохгүй гэж Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн ба одой болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажилд орохоор хүсэлт гаргаж өөрөө сайн дурын үндсэн дээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж ажилд орох хүсэлгүй байгаа иргэнийг албадан хөдөлмөрлүүлэх боломжгүй.

6. Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалт нь заавал биелэгдэх шинжтэй хууль зүйн заалт гэсэн мөртлөө албадан хөдөлмөрлүүл гэсэн утга агуулгатай биш гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, одой эсвэл хөдөлмөрийн чадваргүй иргэн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж ажил орохоор ирэхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь заавал биелэгдэх шинжтэй хуулийн заалтыг биелүүлэх, хэрвээ биелүүлэхгүй бол сар бүр төлбөр төлөх үүрэгтэй болох тул одой эсвэл хөдөлмөрийн чадваргүй иргэнийг албадан хөдөлмөрлүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Дээрх жагсаалт нь одоо хүртэл батлагдаагүй ба “ЭТ” ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг үйлдвэрийн газар бөгөөд үйлдвэрийн газарт ямар хүмүүс ажиллаж болох талаар тогтоосон зүйл байхгүй. Энэ талаар Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн ямар ажил хийх боломжтой болох талаар зохицуулсан зүйл байхгүй. Үйлдвэрийн газарт одой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахад эргээд үйлдвэрийн осол гарах эрсдэл нэмэгдэж ажилчдын амь насанд эрсдэл бий болно.

7. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ”. Тус хуулийн 5.7 дахь хэсэгт “Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж тодорхойлж төлсөн. Үүнээс үзвэл нэхэмжлэгчээс төлбөр нэрээр хурааж авсан дээрх мөнгө нь татвар гэж үзэх нь эргэлзээтэй юм. Энэ төлбөр нь Татварын ерөнхий хуулийн дагуу явагдах ёстой болохоос Хөдөлмөрийн тухай хуулиар татвар ногдуулж, 100-аас дээш хүн ажиллуулах юм бол татвар авч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бус татвар бий болгоод нөгөө талаасаа ажлын байр олон бий болгож байгаагаараа татвар төлж байгаа нь үндэслэлгүй юм.

8. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заагдсан орон тооны хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэдийг тухайн ажил олгогч нь ажил олгож ажиллуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Засгийн газраас тогтоосон төлбөрийг хууль журмын дагуу төлөх ба улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах хууль зүйн зохицуулалттай тул уг гомдлыг хангах боломжгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

9. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн удирдамжид заасан хугацаандаа хяналт шалгалт хийгээгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасныг зөрчсөн талаарх гомдлын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлтэй тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүхээс дахин, давхардуулан дүгнэх нь шаардлагагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд 5.2.6 дахь хэсэгт шалгалт эхлэх болон дуусах хугацааг тусгаж өгөхөөр хуульчилсан.

10. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14/43 тоот удирдамжийн 6 дугаар хэсэгт шалгалт эхлэх дуусах хугацааг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэхээр зааж өгсөн. Гэтэл “ЭТ” ХХК-д төлөвлөгөөт шалгалт 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр явагдсан ба талууд энэ талаар маргадаггүй болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэвэл хугацаа дууссан удирдамжаар хяналт шалгалт хийсэн нь удирдамжгүйгээр шалгалтыг хийсэн гэж үзэх юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар улсын байцаагч удирдамж, хяналтын хуудасгүйгээр шалгалт хийх эрхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хуулиар төрийн хяналт шалгалт эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу тус удирдамжаар тогтоогдсон хугацаанд явагдах талаар хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүх заавал энэ хугацаанд дуусгах албагүй хэмээн хуулийг үгүйсгэн тайлбарлаж хэт нэг талыг баримталж гаргасан шийдвэр байсаар байтал давж заалдах шатны шүүхээс тус алдааг залруулалгүй үндэслэлтэй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Иймээс Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0341 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “...шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ. 

13. Орхон аймгийн МХГ-ын ХХУБ Д.Б- “ЭТ” ХХК-д хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийж, тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасныг зөрчсөн буруутай, 11 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэнийг ажиллуулахаас 5 иргэн ажиллаж байгааг тогтоож, компанийн захирал Н.Ариунааг 150,000 төгрөгөөр торгож, зохих иргэдийг ажиллуулаагүй 6 орон тоо тутамд Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр буюу 1 орон тоонд сар бүр 120,000 төгрөгийг нийт 2,160,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дүгээр шийтгэлийн хуудас үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн, хууль ёсны захиргааны акт байна.

14. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тоогоор хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулаагүй болон нөхөн төлбөр, торгуулийн хэмжээний асуудлаар маргаагүй, зөвхөн “...ийм хүн манайд сайн дурын үндсэн дээр ажилд орохоор хүрэлцэн ирээгүй байхад бид хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болохгүй..., ийм иргэд манайд ажилд орохоор ирэхэд манай зүгээс татгалзсан тохиолдол байхгүй..., ...Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7-д заасан дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхлэх боломжтой ажил мэргэжлийн жагсаалтыг эрх бүхий этгээдээс баталж гаргаагүй байхад аж ахуйн нэгж, байгууллагыг торгож, нөхөн төлбөр авч байгаа нь буруу...” хэмээн тайлбарлаж уг шийтгэх хуудсыг хүчингүй болгохыг хүсчээ.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зорилго бүхий захиргааны байгууллагад үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт бөгөөд энэ үүргээс чөлөөлөх үндэслэлийг тухайн болон өөр бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй тул хуульд заагаагүй үндэслэлээр хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

16. Өөрөөр хэлбэл, хуулиар нэгэнт үүрэг болгосон тул “...хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө ирээгүй үед түүнийг албадан хөдөлмөрлүүлж болохгүй, ...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр хийлгэж болохгүй гэсэн заалт зөрчигдөнө..., төлбөрийг Татварын хуулиар ногдуулах байтал Хөдөлмөрийн хуулиар татвар тогтоож байгаа нь буруу...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, холбогдох хууль Үндсэн хуульд нийцээгүй гэх агуулгатай маргаж буй асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй болно.  

17. Үүнээс гадна улсын байцаагчид нь нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан түүнтэй тохиролцсоны үндсэн дээр шалгалтын удирдамжид заасан хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, шалгалтыг явуулахдаа удирдамжийн агуулгыг өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл өмнөх удирдамжид заагдсан асуудлын хүрээнд шалгалт хийгдсэн байна.

18. Иймээс “...улсын байцаагч нь удирдамжгүйгээр шалгалт явуулж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй.

19. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Хөдөлмөрийн тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0341 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, өмгөөлөгч М.Ганзориг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ