Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-23
Дугаар 271
Хэргийн индекс 128/2018/0246/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Г.З
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

Г.З-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг,

                                                     Г.Банзрагч,

                                                     Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Ч.Уранбилэг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0300 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Г.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0300 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.Нэхэмжлэгч Г.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зохих ёсоор биелүүлээгүй, өөрөөр хэлбэл хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж, миний эрхийг цуцлахдаа хуулийн дагуу ажиллагаа хийгээгүй, А/54 дүгээр тушаалын агуулга үндэслэл нь зөрчилддөг.

4. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын алба хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд нийцсэн, бодит байдлыг бүрэн тогтоосон, иргэний эрхийг хүндэтгэсэн, бүрэн бодитой ажиллагааны үндсэн дээр шийдвэр гаргаагүй.

5. Захиргааны байгууллага иргэнийг буруутгах, хохиролтой нөхцөл байдалд оруулахаас өмнө захиргаа өөрөө хуулийг бүрэн баримтлах нөхцлийг Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааж өгсөн тул захиргааны шийдвэрийн улмаас хөндөгдсөн нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү.

6.  Шүүх захиргааны байгууллага газар эзэмшигчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэлт хийж, А/54 дүгээр захирамжийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр газрын байрлал эргэлтийн цэгийн хувьд тэгш биш гадаргууд, далан налуу байрлалд байгаа нь ашиглах боломжгүй байдлыг үүсгэж байсан, энэ нь ашиглаагүй гэсэн үндэслэл болсон, Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй тухай болон их хэмжээний хөрөнгө мөнгө шингэсэн нотлох баримт бүхий үндэслэлүүд дурьдаж тайлбарласан боловч дээрх үндэслэлд дүгнэлт хийсэнгүй.

7. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч Г.З-оос Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдээгүй, бодит байдлыг тогтоох ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй, хөрш зэргэлдээ газрын эзэмшигч нартай нэгэн зэрэг барилга барихгүй байхаар тохиролцсон байсан, мөн сургуультай ойрхон, хөрөнгө оруулалтын ажлаас шалтгаалан газраа ашиглах боломжгүй байсан” гэж маргаж байна.

10. Маргаан бүхий актаар “газрын хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн, тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй”  гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох”-оор зохицуулжээ.

11. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах 140 мкв газрыг иргэн Г.Ж-аас шилжүүлж авсан байх боловч бодит байдалд 257.56 мкв газар хашаалснаас өөрөөр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/115 дугаар дүгнэлт болон тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн  урьдчилсан нөхцөл бүрдсэн, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэлүүд нь газрыг ашиглах боломжгүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш байна.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1.1-т “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу, мөн захирамжаар тогтоосон хэмжээгээр эзэмшиж, ашиглах үүрэгтэй, бодит байдалд 140 м.кв газраас илүү газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж, үүргээ биелүүлээгүй байгаа нь мөн тогтоогджээ. 

13. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсаргана” гэж заасан, захиргааны байгууллагыг нэрлэн заасан зөрчил бодитоор тогтоогдсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “газрыг анх шилжүүлэн авахад хашаа хатгасан байсан, тэр нь яг хэвээрээ л байгаа, тухайн үед захиргааны байгууллага шалгаж, илүү газар хашаалсан гэж хэлж байгаагүй,  хэдэн метрээр илүү газар хашаалсан болохыг захиргааны байгууллага өөрөө шалгаж тогтоогоогүй, шүүхийн ажиллагааны явцад тодорхой болгосон, захиргааны байгууллага бодит нөхцөлийг шалгаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчээс “газрын байдал давчуу нөхцөлийг ойлгож, иргэний эрхийг хүндэтгэж, зөв шийдэх боломжийг захиргааны байгууллага авч үзээгүй, газрын байршлыг зөөхөөр захиргааны байгууллагатай уулзаж байсан боловч шийдээгүй” гэж маргаж байгаа боловч ийнхүү захиргааны байгууллагад хэзээ, хэрхэн хандсан тухай нотлох баримт байхгүй, нэгэнт маргаан бүхий газрын эргэн тойрон бусад этгээдийн эзэмшил үүссэн бол захиргааны байгууллагаас газрын байршил өөрчлөх боломжгүй тул дээрх гомдол няцаагдаж байна. Нөгөө талаар газрын төлөв байдлыг нэхэмжлэгч өөрөө урьдчилан мэдсэнээр бусдаас шилжүүлэн авсан тул захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, газар шилжүүлж авахдаа газрын төлөв байдлыг шинжлэн судлах, тооцоо судалгаа хийх нь нэхэмжлэгчид хамааралтай юм.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий газар нь огт үйл ажиллагаа явуулаагүй, хоосон газар биш, техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байсан” гэх гомдлын тухайд  шүүхээс нэхэмжлэгчийн 2012 оны архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 он, 2014 оны техникийн нөхцөлүүдийг үгүйсгээгүй, гагцхүү 2016, 2017 онуудад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа нөхцөлийг харгалзсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдсэн тул маргаан бүхий захирамж хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

16.Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0300 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ