Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-16
Дугаар 265
Хэргийн индекс 125/2019/0007/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч М.Б
Хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 М.Б-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0266 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Н.О-ийг оролцуулж,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мянгад Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М.Б-ын урьд эрхэлж байсан Мянгад Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа /2019 оны 02 сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 сарын 28-ны өдөр/-ны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0266 магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга С.Л-ийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.       

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. М.Б-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0266 дугаар магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч миний бие нь эс зөвшөөрч “хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тул шийдвэр, магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг өмгөөлөгч миний бие нь 2019 оны 06  дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03  дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрөх үндэслэлүүд:

5. Нэг. Анхан шатны шүүх “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлагатай байгууллага бөгөөд Хурлын дарга дангаар асуудлыг шийдвэрлэхгүй. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын орлогчийг чөлөөлөхдөө тухайн Хурлын дарга биш Тэргүүлэгчтэй зөвшилцөхөөр журамласан тул Хурлын даргатай зөвшилцсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй”, “зөвшилцөх гэдэг нь Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хуралдаанаас тогтоол, тэмдэглэл гарсан байхыг ойлгоно” гэж дүгнэжээ.

6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хурлын Тэргүүлэгчид рүү зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичиг, ямар нэгэн баримт байхгүй тул Тэргүүлэгчидтэй зөвшилцөх” гэсэн хуулийн шаардлага биелсэн гэж үзэхгүй” гэж дүгнэж зөвтгөжээ.

7. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Сум, дүүргийн засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх ба 31.1.2-т “Засаг дарга нь орлогчийг тухайн Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлөх”-өөр журамласан байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд “Хурлын чөлөө цагт дараа тайлагнахаар хэрэгжүүлэх эрх болон өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх эрх”-үүдийг журамлажээ. Үүнд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлаар хэрхэн зөвшилцөх, Хурлын тэргүүлэгчдийн санал эрх зүйн актын ямар хэлбэрээр гарах, Тэргүүлэгчдийн тэрхүү асуудлаар гаргасан саналыг Сумын Засаг дарга хэрхэн хүлээж авах эсэх асуудлыг хуульд тодорхойлон зохицуулаагүй байх бөгөөд хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан асуудлаар “хэрхэн зөвшилцөж, шийдвэрлэх” талаар хуульчлаагүй байх тул хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай зөвшилцөн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Хоёр. Анхан шатны шүүх “тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх гэдэг нь Засаг дарга нь орлогчоо чөлөөлөх үндэслэлээ сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хуралдаанаас тогтоол, тэмдэглэл гарсан байхыг ойлгоно” гэж дүгнэсэнд давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар Тогтоол гаргах бөгөөд түүнийг олонхийн саналаар батална” гэж заажээ. Хурал болон Хурлын Тэргүүлэгчдээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэлэлцсэн асуудлаар тогтоол гарах бөгөөд тогтоол нь тухайн орон нутагтаа заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байх тул “зөвшилцөх” гэсэн ойлголтод хамаарахгүй болно. Засаг даргын орлогчийг зөвшилцөх журмыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байх бөгөөд “зөвшилцөх” гэдэг нь Засаг дарга саналаа Хурлын Тэргүүлэгчдэд хүргэж, хуралдаанаар тухайн асуудлыг шийдвэрлэсэн Тогтоол гаргах ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Гурав. Мөн анхан шатны шүүх “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д зааснаар “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах замаар захиргааны акт гаргах бодит нөхцөл, үндэслэлийг хангуулах ёстой байжээ" гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу маргаан бүхий акттай холбоотой нотлох баримтуудыг хангалттай цуглуулж, үнэлсэн байна гэж дүгнэжээ. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газрын даргын аппаратын хуралд М.Б-ыг оролцуулан түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөд “шүүх өөрөө очиж нотлох баримтыг цуглуулж авна” гээд хүлээж аваагүй тухай тайлбарласан байх бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бичиг хэрэгт үзлэг хийсэн байдаг. Харин Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын албан бичиг хэргийн архивт үзлэг хийж, нотлох баримт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-т зааснаар хэргийн оролцогч нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй ч 32.1 дэх хэсэгт зааснаар “эх сурвалжийг нь зааж өгсөн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хүлээхээр” мөн зохицуулжээ. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг шүүх санаачлагаараа гэрчээр асуусан байх боловч Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг аваагүй байна.

11. Хариуцагчийн шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгч М.Б-ыг өөрийг нь оролцуулан Засаг даргын Тамгын газрын аппаратын хурлыг хийсэн” гэсэн тайлбарыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан “шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, уг ажиллагааг хийх эрхийг шүүх эдлэхээр” зохицуулсан атал анхан шатны шүүх нь нэмэлт нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх хууль зүйн боломж, эрхээр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

12. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0266 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч М.Б нь “Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...намайг хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн, ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гараагүй” гэж маргажээ.

15. Маргаан бүхий Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн, сумын Засаг даргын орлогч М.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар сумын Засаг дарга нь Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байхыг хуульчилсан.

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга нь сумын Засаг даргын орлогч М.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл хариуцагчаас “...хуулийн дагуу Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн, ...урьд нь Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөхдөө иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж, тогтоол гаргаж байгаагүй” гэсэн тайлбар гаргасан нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ хэрэгт гэрчээр асуугдсан, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын зарим төлөөлөгчид, Хурлын нарийн бичгийн дарга нарын мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар хариуцагчийн “зөвшилцсөн” гэсэн тайлбар няцаагджээ.

18. Анхан шатны шүүхээс, “...“тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх" гэдгийг сумын Засаг дарга нь орлогчоо чөлөөлөх үндэслэлээ сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хуралдаанаас тогтоол, тэмдэглэл гарсан байхыг ойлгоно” гэж зөв дүгнэсэн байна.

19. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах...” гэж зааснаар Хурлын Тэргүүлэгчид аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргахаар заажээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...Засаг даргын орлогчийг зөвшилцөх журмыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байх бөгөөд “зөвшилцөх” талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

20. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн “...Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газрын даргын аппаратын хуралд М.Б-ыг оролцуулан түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай ...холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөд “шүүх өөрөө очиж нотлох баримтыг цуглуулж авна” гээд хүлээж аваагүй. ...анхан шатны шүүхээс Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бичиг хэрэгт үзлэг хийсэн байдаг. Харин Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын албан бичиг хэргийн архивт үзлэг хийж, нотлох баримт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

21. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын үндэслэлтэй холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 32.4-д заасныг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

22. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0266 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА