Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-16
Дугаар 258
Хэргийн индекс 128/2018/0074/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "М Г" ХХК
Хариуцагч ЧД ТХШТ-ийн ТУБ нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“М г” ХХК-ийн гомдолтой,

Чингэлтэй дүүргийн Татварын хяналт

шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Ч.Тунгалаг,            

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                     Б.Мөнхтуяа,

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Б.Уранзаяа,

Гомдлын шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0334 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.Ц, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэрээр: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 35 дугаар зүйлийн 35.3, 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0334 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. “М г” ХХК-ийн гаргасан нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчил нь Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн 8,228,484,461.96 төгрөгийн зөрчил бүхий татварын улсын байцаагчийн 24/00000237 дугаар дүгнэлт, татварын тооцооллын программын татварын өрийн бүртгэл, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.О-ын 140 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул Татварын улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж 351730071 дугаар шийтгэлийг хуудас үйлдсэн.

5. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар “М г” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Шийдвэр, магадлалд хариуцагч татварын улсын байцаагч нарыг “Татварын Ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д заасны дагуу татвар төлөгчийн татварын бүртгэл болон анхан шатны баримтад үндэслэн хяналт шалгалтыг дахин хийхээр, үүний тулд татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль тэдгээрийн төлөлтийг хийх тооцооллыг бүрэн хийхээр байна” гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дээрх татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлтийг хийх тооцоолол нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн.

7. Гэтэл дээрх Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалт нь Татварын бүртгэл хөтлөх ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ болохоос татварын хяналт шалгалт хийхэд чиглэсэн хэм хэмжээ биш учир шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Мөн Шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

8. Учир нь “М г” ХХК-ийн 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эрдэнэбилэг, Т.Оюундэлгэр нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн 8,228,484,461.96 төгрөгийн зөрчил бүхий татварын улсын байцаагчийн 24/00000237 дугаар дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.О-ын 140 тоот шинжээчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчдын 2017 оны 351730071 дугаар шийтгэлийг хуудас зэрэг нотлох баримтууд хангалттай хэргийн материалд авагдсаар байгаа атал дахин шинээр акт гаргахыг даалгасан нь Татвар төлөгчид хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс зугтах, татварын хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэх боломжийг олгосоор байна.

9. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

11. Татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 дугаар шийтгэлийн хуудсаар 814,824,600 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд гомдол гаргагчаас “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл оногдуулах байсан, татварын илүү төлөлттэй байсан, нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох асуудлыг ил тодын тайлангаар тайлагнасан байсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн маргаантай байгаа нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байхад судалж үзэлгүйгээр төлбөр тогтоосон” гэж, хариуцагчаас “хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэх зорилгоор татвар төлөх үүргээс зориуд зугтаж байна” гэж тус тус маргасан байна.

12. “М г” ХХК-ийн 2011-2013 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дугаар дүгнэлтээр “татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татварын орлогыг нуусан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дүгээр тогтоолоор “орлого санаатай нуусан субъектив санаа зорилго тогтоогдоогүй” гэх үндэслэлээр захирал Н.У-т холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

13. Дээрх байдлаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шийтгэлийн хуудсаар төлбөр тогтоосон шалтгаан, цаг хугацааны нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг үнэн зөв, бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой, захиргааны байгууллага 2014-2017 оны хугацаанд ямар ажиллагаа хийсэн, түүнд холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай. Нөгөө талаар хариуцагчаас “гомдол гаргагч компанийн захирал нь утсаа авдаггүй, гадаад явчихдаг, баримтаа авчирч өгдөггүй, хяналт шалгалтын ажилд саад учруулдаг” гэж маргаж байгаа тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т заасан үүргээ гомдол гаргагч хуулийн этгээд хэрхэн биелүүлсэн талаар нотлох баримт цуглуулах, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан эсэх талаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой байна.

15. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “татварын албанаас энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, цааш шинээр тоологдоно” гэж заасан тул 2014 оны хяналт шалгалтын хугацаанд гомдол гаргагч хуулийн этгээдэд мэдэгдэх хуудас хэзээ, хэрхэн гардуулсан зэргийг тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар гомдлын үндэслэлийг тодруулах шаардлагатай, тухайлбал, гомдол гаргагчаас “татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж, хэргийг шалгах байтал хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж төлбөр тогтоосон үйл ажиллагааны журамтай холбогдуулан, түүнчлэн татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, өршөөлийн хуулиар торгуулиас чөлөөлөгдөнө, ил тодын тайлангаар тайлагнасан байсан гэж маргаж байгаа нь татварын нөхөн төлбөрийг зөвшөөрч байгаа хэлбэр мөн эсэх, эдгээр нь “зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн судлаагүй” гэх үндэслэлтэй нэгэн зэрэг нэхэмжлэлийн үндэслэл болж чадах эсэх, нэг нь нөгөөгөө үгүйсгэх эсэхийг тодруулж, нэг мөр болгох шаардлагатай.

17. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлах шаардлагатай бөгөөд гомдол гаргагч хуулийн этгээдийн 2001-2013 оны татвар ногдуулалт төлөлтийн харилцааг зохицуулсан, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх ба хуулиар хүлээсэн татвар төлөх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж,  баримтаар тогтоогдож байгаа хэмжээгээр хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлж, төлбөл зохих татварын хэмжээг тогтоох боломжтой байна.

18. Нөгөө талаар хариуцагчийн нэрлэн зааж буй нөхөн төлбөрийн асуудал нь захиргааны зөрчилд хамаарах эсэх, тухайлбал 2017 оны Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх эсэх, эрүүгийн журмаар болон татварын хяналт шалгалтын явцад гомдол гаргагч хуулийн этгээд ямар зөрчлийг хүлээн зөвшөөрч байсан, хяналт шалгалтын явцад холбогдох анхан шатны санхүүгийн баримтыг хэрхэн захиргааны байгууллагад хүлээлгэн өгч байсан талаар нотлох баримт цуглуулах нь зүйтэй юм.

18.Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0334 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

          ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ