Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-07-03
Дугаар 247
Хэргийн индекс 128/2018/0832/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "АМ" ХХК
Хариуцагч АМГТГ-ын КХ, ЦЭГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“АМ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, АМГТГ-ын КХ-ын дарга,

ЦЭК-т тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Цөмийн энергийн комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох захиргааны акт /санал/ гаргах зорилгоор хуралдаанаар хэлэлцүүлэхийг Цөмийн энергийн комисст даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0237 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Туяацэцэг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Цөмийн энергийн комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасныг баримтлан “АМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хуралдаанаараа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Цөмийн энергийн комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцүүлэхийг Цөмийн энергийн комисст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0237 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Туяацэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын КХ-ын дарга, ЦЭКт тус тус холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/237 дугаар магадлал гаргасныг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй зэрэг зөрчил гаргасан” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх чухам ямар “шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” талаараа магадлалдаа ямар ч үг үсэг оруулаагүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргуулахаар хүссэн бүх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хэрэгт шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулан авсан. Хэрэгт шаардлагатай өөр бусад нотлох баримт өөр байгууллага, гуравдагч этгээдэд байгаа талаар талуудаас ямар нэг хүсэлт, мэдээлэл гаргаагүй. Тиймээс давж заалдах шатны магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж дүгнэж байна.

5. Анхан шатны шүүх “Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн, ...тухай материалуудад дүн шинжилгээ хийх, хуульд заасан шаардлагыг тусгай зөвшөөрөл хүсэгч хангасан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй, ийнхүү дүгнэх нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарна гэж дүгнэсэн нь зөв зүйтэй, үндэслэл бүхий дүгнэлт юм. Гэтэл давж шатны шүүх магадлалдаа “Хуулийн дээрх заалтаас үзэхэд шүүх шууд нэхэмжлэгч компанийн бүрдүүлсэн материал хуульд заасан шаардлага хангасан, эсхүл хангаагүй гэж дүгнэх боломжгүй нь харагдаж байна хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн атлаа “Нэхэмжлэгч Цөмийн энергийн комиссын хурлаар хэлэлцээгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан эсэх, санал өгөөгүй үед өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна” хэмээн зөрчилтэй дүгнэлт хийжээ.

6. Захиргааны тусгай чиг үүргийн буюу нарийн мэргэжлийн байгууллагын эрх хэмжээг шүүх шууд өөртөө аван хэрэгжүүлэх, дүгнэлт өгөх /хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр/ боломжгүй бөгөөд харин шүүх гагцхүү хуульд заасан процессын буюу журамласан хэм хэмжээ, бүрдүүлэх баримт бичиг бүрэн эсэх зэрэг хуульд заасан албан ёсны бүрдэл хангасан эсэх талаас нь дүгнэж, шийдвэрээ гаргах боломжтой. Хэрэв шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг агуулгын талаас нь үнэлэлт өгөх тохиолдолд гагцхүү мэргэжлийн хөндлөнгийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэх шаардлагатай. Гэхдээ энэ хэрэг дээр талуудаас ийм хүсэлт гаргаагүй бөгөөд Цөмийн энергийн комисс ч өөрийн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаагүй, харин ч хариуцагч Цөмийн энергийн комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны журмаар гаргасан гомдолдоо “Ашигт малтмал, газрын тосны газар нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хуульд заасан хугацааг хэтрүүлж, Цөмийн энергийн комиссын саналыг авалгүйгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж” хэмээн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйдэлхүй байж болохыг дурдсан байдаг.

7. Анхан шатны шүүх Цөмийн энергийн комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа “Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т заасан буюу уг хуулийн 5.2-5.3-т заасан төрийн хувь эзэмшлийг зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлээгүй” гэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримт материалд байгаа болохыг шүүх хуралдааны явцад тогтоосны үндсэн дээр “нэхэмжлэгч нь хуулийн бүрдүүлэх баримт бичгийн шаардлагыг хангасан байна” гэж дүгнэж шийдвэрээ үндэслэсэн. Харин Цөмийн энергийн комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...аюулгүй ажиллагаа хангуулахтай холбоотой баримтыг ирүүлээгүй байсан” гэсэн нь мөн л баримтаар няцаагдсан бөгөөд харин нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтын агуулгын хувьд “захиргааны мэргэжлийн байгууллагад хуулиар олгосон чиг үүрэгтэй холбоотой асуудлаар шүүх дүгнэлт гаргах нь зохимжгүй” гэсэн байр суурины үүднээс татгалзаж, дүгнэлт хийх боломжгүй талаараа шийдвэртээ дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг буруу ойлгож, тайлбарлан “хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй” хэмээн дүгнэж, улмаар “нэгэнт тухайн ирүүлсэн гэх материалд нь хуульд заасан шаардлага хангасан, хангаагүй гэдгийг шүүх дүгнэж чадаагүй атлаа захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт хууль бус гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ” хэмээн анхан шатны шүүхийн зөв логик гаргалгааг мушгин гуйвуулж хууль ёсны бус магадлал гаргасан байна

8. Цөмийн энергийн тухай хууль нь цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар нарийвчилсан зохицуулалт бүхий хуульд тооцогдох бөгөөд энэ тохиолдолд зайлшгүй уг хуульд заасны дагуу Цөмийн энергийн комиссын дэмжсэн, эсхүл эс дэмжсэн саналыг заавал авсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна. /Цөмийн энергийн тухай хуулийн 18.8 дахь заалт/ Гэтэл давж заалдах шатны шүүх Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргыг хариуцагчаар татаж, хариуцагчийг солих ёстой байсан мэтээр нэхэмжлэгчийн зөвшөөрлийг үл харгалзан дүгнэлт гаргаж, нарийн мэргэжлийн буюу техникийн шинжтэй асуудлаар хамтын шийдвэр гаргах чиг үүрэгтэй нийтийн эрх зүйн субъектыг хариуцагчаар татаж, шүүхээс эрхлэх чиг үүрэгтэй нь холбогдуулан захиргааны акт санал гаргахыг даалгаж болохгүй, гагцхүү түүний нарийн бичгийн даргад даалгаж болох мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, магадлалаа үндэслэжээ.

9. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь заалтын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0237 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэвэл зохих Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна.

11. Маргааны үйл баримтуудаас үзвэл, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөл хүссэн “АМ” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “...Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар эрх бүхий байгууллагаас дэмжсэн санал ирүүлээгүй..., ...17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй...” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

12. Нэхэмжлэгч нь “...энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг нь манай өргөдөлд огт хамааралгүй..., ...17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангасан гэдэгтээ манай зүгээс итгэлтэй байгаа..., ...өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комиссын саналыг аваагүй...” хэмээн маргаж дээрх 2018 оны 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

13. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.2-т зааснаар цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхийг болон энэ үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тус тусын саналыг авсан байх шаардлагатайг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт тодорхой заажээ.

14. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн өргөдөлд татгалзсан хариу өгөхдөө Тагнуулын Ерөнхий газрын 2015 оны 7 дугаар сарын 23-ны 01/1583, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2/2430 албан бичгээр ирүүлсэн “санал”-аас гадна “...хуульд заасан үндсэн шалгууруудын хангаагүй тул тусгай зөвшөөрөл олгох асуудлыг комиссын хурлаар оруулах боломжгүй” гэсэн Цөмийн энергийн комиссын ажлын албаны даргын гарын үсэг бүхий албан бичиг зэргийг үндэслэсэн, Тагнуулын Ерөнхий газрын болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын газраас ирүүлсэн санал болох албан бичгийн тухайд хэргийн оролцогчид маргаагүй, харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны даргын “...комиссын хурлаар хэлэлцүүлэх боломжгүй...” гэх албан бичиг нь санал биш..., ...комисс албан ёсоор хурлаар асуудлыг хэлэлцэх ёстой...” хэмээн нэхэмжлэгчийн зүгээс маргаж, хурлаар асуудлыг хэлэлцэж, саналаа өгөхийг тус комисст даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

16. Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Цөмийн энергийн комисс ажиллана”, 10.3-т “Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан, Засгийн газрын 2015 оны 72 тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Цөмийн энергийн комиссын дүрмийн “Гурав”-ын 3.1-д “Комиссын үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Комиссын хуралдаанд комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэйгээр оролцоно. Хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэйд тооцно. Шаардлагатай гэж үзвэл цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэд болон холбогдох бусад этгээдийг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно”, 3.5-д “Комисс нь хууль тогтоомж, энэ журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Шийдвэрийг олонхийн саналаар гаргана” гэсэн зохицуулалттай байх тул Цөмийн энергийн комиссын ажлын албаны даргын маргаан бүхий “...хурлаар хэлэлцүүлэх боломжгүй...” гэх албан бичгийг Цөмийн энергийг тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 18.8-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд Цөмийн энергийн комиссоос гаргасан санал гэж үзэх боломжгүй, уг “...санал гаргаагүй” үйл баримттай хариуцагч Цөмийн энергийн комисс маргаагүй байна.

17. Иймд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Цөмийн энергийн комиссоос санал ирүүлээгүй байхад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан шийдвэр гаргасан нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасантай нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв гэж үзнэ.

18. Түүнчлэн, хариуцагч Цөмийн энергийн комисс нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргах журамтай атал  “... тусгай зөвшөөрөл олгох асуудлыг комиссын хурлаар оруулах боломжгүй” гэх албан бичгээр татгалзсан нь хууль бус, энэ талаар мөн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, санал гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хуралдаанаараа хэлэлцүүлж шийдвэрлэхийг Цөмийн энергийн комисст даалгасан нь зөв болжээ.

19. Хариуцагч Цөмийн энергийн комисс нь дээрх хууль, журамд тусгайлан заасны дагуу “санал гаргах” эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Цөмийн энергийн комиссоос санал гаргаагүй байхад татгалзсан шийдвэр гаргасан нь тус тус хууль зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “...Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэх хариуцагч нарын тайлбарт дурдсан асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгүүд нь Цөмийн энергийн тухай, Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан шаардсан нөхцөл шаардлагуудыг хангасан эсэх талаар шийдвэр гаргах эрхийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргад хуулиар олгоогүй, уг асуудлыг Цөмийн энергийн комисс хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй, тус комиссоос уг асуудлаар аливаа дүгнэлт, санал гаргаагүй байх тул маргаан бүхий албан бичигт дурдагдсан асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй. 

21. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалттай бүрдсэн, эдгээр нотлох баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх шаардлагагүй, ач холбогдолгүй зүйлүүдийг тодруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.

22. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

23. Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаагаас ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангах боломжгүй гэж үзэж, түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг  тэмдэглэх нь зүйтэй.

24. Учир нь, өмнө нь 2019 оны 07 дугаар сарын 01-нд товлогдсон хуралдааныг нэхэмжлэгчээс гаргасан өмгөөлөгчийг байлцуулах тухай хүсэлтийг үндэслэн 07 дугаар сарын 03-ны өдрөөр хойшлуулсан, энэ шийдвэрийг сонсгох үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаагаас “07 дугаар сарын 03-ны өдөр бусад шүүх хуралдаан давхцаж” байгааг мэдэгдээгүйгээс гадна шүүгчийн туслахаас “шүүх хуралдааны дарааллыг өөрчилж хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангах”-ыг мэдэгдсээр байтал хүрэлцэн ирээгүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0237 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ