Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 233
Хэргийн индекс 110/2018/0058/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч А.Д
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

А.Д-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий  аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:           Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                  П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:             Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж  

Нэхэмжлэлийн шаардлага: “аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А.Д-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/43 дугаар, Т.Назымыг ажилд түр томилох тухай Б/44 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийт 4,665,043 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0225 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч Л.Ж, А.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагчийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Д-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговор 857,136 төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговорт ногдох хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, илүү нэхэмжилсэн олговор 3.807.907 төгрөгийг гаргуулах, илүү нэхэмжилсэн олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0225 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Д-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А.Д-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/43, “Т.Назымыг ажилд түр томилох тухай” Б/44 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, А.Д-ыг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 4,665,043 төгрөгийг олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.          

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасны дагуу “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0225 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх талаар: Давж заалдах шатны шүүх “А.Д-ы хүсэлтийг шийдвэрлэж, акт гаргаагүй хэдий ч түүнийг ажлаас чөлөөлөлгүй тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж, 2018 онд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулсан нь А.Д-ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэж дүгнэж, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж зааснаас үзвэл Аймгийн Засаг дарга А.Д-ын хүсэлтийг хүлээн авч, төрийн албанаас чөлөөлөх эсхүл тодорхой хугацаагаар ажиллуулах шийдвэр гаргахаар зохицуулсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх 62 настай А.Д-ыг заавал 65 хүртэл ажиллуулах үүрэгтэй байсан мэтээр дүгнэж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь Засаг даргын хуулиар олгогдсон эрхэд халдаж, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж тус тус заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 24.2-т заасан сонгох боломжоо хэрэглэж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсний дараа 2 жил ажиллуулж, А.Д-ыг чөлөөлсөнийг буруутгах үндэслэлгүй ба үүнийг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэж, нэхэмжлэгчид давуу байдал олгосон байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж, А.Д-ы хүсэлтийг шийдвэрлээгүй гэх үндэслэлийг зааж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн байх ба А.Д 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр зохион байгуулалтад орж байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын даргаар 2 жил ажиллуулахыг хүссэн хүсэлтийг огт үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. А.Д-ы 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэж давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийн дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш 2 жил гаруй хугацаанд ажиллуулж чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

7. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: А.Д нь 2013-2016 онд орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдөж, худалдан авах ажиллагаа хариуцсан албыг нэгтгэсэнтэй холбоотойгоор шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 09 сараас эхлэн ажиллаж байсан ба А.Д нь төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцоогүй, төрийн албаны зөвлөлөөс томилуулахаар нэрийг нь дэвшүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагч биш этгээд юм. А.Д нь нэгэнт Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа учраас 2018 онд бүтэн жилээр үр дүнгийн гэрээ байгуулсан ба үр дүнгийн гэрээг ажиллаж байгаа хугацаагаар байгуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй. /Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын төрийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам/ Түр орлон гүйцэтгэгч чөлөөлөгдсөнөөр дараагийн томилогдож байгаа дарга нь үр дүнгийн гэрээг жилийн эцсээр тайлагнахаар заасан тул нэгэнт тэтгэвэрт гарах хүний үр дүнгийн гэрээг заавал дүгнэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд дараагийн томилогдсон даргатай үлдсэн хугацаагаар үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаар төлөвлөж, үр дүнгийн гэрээг байгуулсан. Үүгээр А.Д-ыг 65 нас хүртэл ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэх хуулийн заалт огт байхгүй болно.

8. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар Төрийн албад удирдах албан тушаалд буюу төсвийн шууд захирагчийн орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан А.Д хангагдахгүй ба Төрийн албаны тухай хуулийн 24.2-т заасныг хэрэглэж төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0225 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч А.Д нь “аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А.Дыг ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаар, “Т.Назымыг ажилд түр томилох тухай” Б/44 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийт 4,665,043 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэнэт ажлаас чөлөөлсөн, тухайн үед би өвчтэй байсан, ...төрийн албанд 65 нас хүртэл ажиллах хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргасан, төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах эрхтэй” гэж маргасан байна.

11. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 30 дугаар зүйлийн 30.2-д заасныг үндэслэн, аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Д-ыг “өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/44 дүгээр захирамжаар Т.Назымыг Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

12. Анхан шатны шүүхийн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Д-ы ажилгүй байсан хугацааны олговорт 857,136 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгон, нэхэмжлэлийн бусад шаардлага болох аймгийн Засаг даргын Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

13. Нэхэмжлэгчийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын “А.Д-ыг ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч А.Д нь маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд эмнэлгийн магадлагаатай, өвчтэй байсан, мөн түүний ээлжийн амралтын хугацааг ажлын 29 хоногоор тоолоход 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл хариуцагч нь А.Д-ыг ээлжийн амралттай байх хугацаанд болон эмнэлгийн магадлагаатай байхад нь үүрэгт ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3-т заасныг зөрчжээ.  

14. Иймд анхан шатны шүүхийн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн дээрх хугацааны цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, аймгийн Засаг даргын Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан 14 хоногийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, ийнхүү шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй байна.

15. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

16. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр, 24.2, 24.4-т төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргахаар, уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэр гаргахаар хуульчилжээ.  

17. Нэхэмжлэгч А.Д-ыг ажлаас чөлөөлөх тухайн үед, тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн /61 настай/ байсан тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цаашид ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зүйл, заалтад нийцсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс “65 нас хүртэл буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан” гэж маргах боловч хариуцагч захиргааны байгууллагаас түүний гаргасан хүсэлтийн дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэр гаргаагүй байна.

18. Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаар төрийн албан хаагчийн,  төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хүртэл ажиллах хүсэлтийг тухайн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж шийдвэр гаргахаар заасан байхад нэхэмжлэгч А.Д-ы аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан гэснийг үндэслэн түүнийг 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагч аймгийн Засаг дарга хуульд зааснаар нэхэмжлэгч А.Д-ыг “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. 

19. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэж, “...Хариуцагчаас хүсэлтийг шийдвэрлэж, захиргааны акт гаргаагүй хэдий ч түүнийг ажлаас чөлөөлөлгүй, тухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулж, 2018 онд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулсан зэргээс үзвэл А.Д-ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. ...1 жил 6 сар гаруйн дараа ...“өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр А.Дыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг түүний 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дээрх байдлаар хуульд нийцээгүй гэж үзлээ.

20. Иймээс энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг ханган, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0225 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АТАРЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА