Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-17
Дугаар 209
Хэргийн индекс 116/2018/0016/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч А.Г
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 А.Г-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж  

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны Үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг 69.1% дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах”

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0104 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч А.Г, түүний өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Н нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-н, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Гын урьд эрхэлж байсан Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зөрүү болох нөхөн олговор 2 689 281 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, А.Гд олгохыг хариуцагч аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгаж шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0104 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Аймгийн Засаг дарга хариуцагчтай, Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн А.Гын нэхэмжлэлтэй, “Аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 69,1 хувь “Дутагдалтай" гэж дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 211/МА2019/0104 дугаар Магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байна.  Тус магадлалын 10 дугаар нүүрт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээчийн дүгнэлтэд А.Гын маргаан бүхий гэрээний үнэлгээг 85,5 хувь буюу В /сайн/ гэж үнэлсэн нь Төрийн албаны зөвлөлийн баталсан 2012 оны 134 дүгээр тогтоолын Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу, төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээ болон үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилтуудыг хангахад чиглүүлсэн, төсвийн шууд захирагч үйл ажиллагаандаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх үүргийн хүрээнд дээрх үнэлгээг гаргасан гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй гэж хянасан байна.

4. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 болон 40 дүгээр зүйлийн 40.1 /Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна/-д заасны дагуу 2017 оны үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гтай байгуулсан бөгөөд энэхүү гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу байгуулж, дүгнэдэг зохицуулалттай тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь аймгийн Засаг дарга болон А.Г нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлэх хууль зүйн зохицуулалт байхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2017 оны гэрээний биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний танилцуулгад Дорнод аймаг 86,0 үнэлэгдсэн байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй гэжээ. Гэтэл орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч аймгийн Засаг дарга нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай салбарын хууль төрийн бодлого шийдвэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулдаг бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргатай төрийн жинхэнэ албан хаагч, төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд “Үр дүнгийн гэрээ” байгуулдаг. Иймд энэхүү гэрээнүүд нь эрх зүйн үр дагавар, зохицуулалт, ач холбогдлын хувьд харилцан адилгүй эрх хэмжээ, чиг үүрэгтэй тул маргаан бүхий үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын байгуулсан “Хамтран ажиллах гэрээтэй” харьцуулан жишиж дүгнэх нь учир дутагдалтай юм. Түүнчлэн шинжээчээр томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд энэхүү 2 гэрээний ялгаа болон үнэлж дүгнэх журам, зохицуулалтын харилцан адилгүй байдлыг дурдаж, харьцуулах боломжгүй болохыг анхааруулсан байдлыг 2 шатны шүүх харгалзан үзэхгүй байна.

5. Мөн аймгийн Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” буюу аймгийн байгаль орчны салбарын үйл ажиллагааг дүгнэхэд нийт Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг тухайн салбарын 8 /Дорнод Хамгаалалтын захиргаа, Сум дундын ойн анги, Буйр нуур, Мэнэнгийн сав газрын захиргаа, Онон, Улз голын сав газрын захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа, Нөмрөгийн дархан цаазат газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар/ байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэдэг бөгөөд дээрх 8 байгууллагын 1 нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар байгааг харгалзаж үзээгүй мөн дээрх 8 байгууллагын 5 нь Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд харьяалагдаж, ажлын чиглэл арга зүйгээр хангагддаг чиг үүрэгтэй гэдгийг шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсаар байтал шүүх харгалзаж үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Дээрх тайлбар, мэдээллийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуралд мэдүүлсээр байтал шүүх нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасаар байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцан зохион байгуулдаг бөгөөд гэрээний үнэлгээг урьдчилсан байдлаар гаргаж, урьдчилсан дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга хянасны дараа аймгийн Засаг дарга гэрээний урьдчилсан үнэлгээ тус бүртэй танилцаж, хянадаг...” талаар мэдүүлж байсан. Мөн энэ талаар гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын агентлаг хариуцсан мэргэжилтэн мэдүүлэгтээ дурдаж, холбогдох зарим материалыг өгсөн.

6. Мөн А.Г-ын үр дүнгийн гэрээний дүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 09:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нарыг байлцуулан А.Гтай ярилцлага хийж, аймгийн Засаг дарга “гэрээний дүнг танилцуулан, дүнтэй холбоотой тайлбар байна уу гэхэд” А.Г “ингэж дүгнэснийг Б.Алтансүх дарга танилцуулсан, тайлбар байхгүй" гэсэн, мөн “гэрээний дүнтэй холбогдуулан албан тушаал бууруулах гэж байгаа тухай танилцуулахад” А.Г “журмаараа бол өөр сонголтууд бас бий албан тушаал бууруулахаас өөр сонголтыг нь авч болох уу гэж” байсан бөгөөд аймгийн Засаг дарга “...та аймгийн Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжаар ногдуулсан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа тул албан тушаал бууруулахаар сахилгын шийтгэлийг сонгоод байгаа...” тухай мэдэгдсэн. Энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад тайлбартаа тодорхой дурдсан.

7. Харин А.Г аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний дүнтэйгээ урьдчилсан байдлаар 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын өрөөнд танилцсан, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын хамт уулзсанаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй бөгөөд эдгээр хугацаанаас хойш 3 сарын дараа буюу /тайлбар гаргах бүрэн боломжит хугацаа/ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албан тушаал бууруулах Б/10 дугаар захирамжийг гаргасан байхад анхан шатны шүүх А.Гд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэж үзсэнийг үндэслэлгүй, асуудлыг дутуу судалж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А.Г-д үр дүнгийн гэрээний урьдчилсан дүнг танилцуулж, эс зөвшөөрвөл тайлбар гаргах эрхтэй талаар сануулж байсан бөгөөд А.Г нь энэ хугацаанаас хойш аймгийн Засаг даргатай уулзсан хугацаа буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний дүнтэй холбоотой тайлбар гаргах бүрэн боломжтой байсан. Мөн А.Г 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын хамт уулзсанаас хойш аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг гаргасан хугацаа хүртэлх 2 сарын хугацаанд албан тушаал бууруулж байгаатай холбоотой эс зөвшөөрсөн тайлбар гаргах боломж байсан боловч А.Г өөрөө “Албан тушаал бууруулж байгаа бол ахлахын албан тушаалд томилж өгөх”-ийг хүсэж буйгаа аймгийн Засаг даргад хэлүүлж байсан.

8. Мөн шинжээч аймгийн Засаг дарга болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж байгаа атлаа Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хүрээнд дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын 5.1.3 дугаар заалтад “Төсвийн шууд захирагч гэрээний хэрэгжилтийн явцыг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээллээр төсвийн ерөнхийлөн захирагчийг хангана” гэж заасан байх тул тус үр дүнгийн гэрээг Байгаль орчин аялал жуулчлалын газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамд хүргүүлсэн тайлангийн хүрээнд бус аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн хүрээнд дүгнэхээр зохицуулсан заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа аймгийн Засаг даргын үнэлсэн баримтад тулгуурлах бус өөр баримт бичигт тулгуурлан үнэлүүлж, түүнийгээ үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шатанд дахин маргаан үүсгэх нөхцөл болж байна. Шүүх маргаан үүсгээд байгаа баримтыг орхигдуулан, өөр чиг үүрэг бүхий, үнэлгээний баримт бичгийг шалгах ажиллагааны явцад нэмж оруулж маргаан үүсгэж байгаа нь маргаан бүхий баримтыг түшиглэн шийдвэр гаргах зарчмыг алдагдуулж байна. Учир нь аймгийн Засаг дарга болон А.Г хооронд байгуулсан гэрээг дүгнэж байгаа тул А.Г-ын аймгийн Засаг даргад ирүүлсэн гэрээний биелэлтийн хүрээнд дүгнэх ёстой байтал өөр байгууллагад хүргүүлсэн, өөр үр дагавар, ач холбогдол бүхий баримтыг үндэслэн гаргасан. Аймгийн Засаг дарга өөрийн байгуулсан гэрээний биелэлтэй ирүүлсэн тайлангийн хүрээнд бодитой дүгнэсэн эсэхийг л тодруулах ёстой байсан.

9. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална гэж заасан бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий, ... мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл ...” зэргийг тодруулж шийдвэр гаргахаар байтал Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ыг улсын хэмжээнд мөрдүүлдэг, чиглэл арга зүйгээр хангадаг төрийн албаны төв байгууллагыг бус Байгаль орчны салбарын төрийн захиргааны төв байгууллагаар Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын хэрэгжилтийг дүгнүүлж, энэхүү бодитой бус дүнгийн үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам’’-ыг 6.1, 6.2 дугаар заалтын ажиллагааг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар бүрэн хийж, тайлбарласан, 6.5 дугаар заалтад заасан боломжийг А.Г хэрэгжүүлээгүй, иймд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэх шаардлагагүй юм. Энэ нь нэхэмжлэгч А.Г-ын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар, мэдээлэлд тусгагдсанаар нотлогдож байна.

10. Дээрх гомдлыг харгалзан үзэж аймгийн Засаг дарга хариуцагчтай, Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн А.Г-ын нэхэмжлэлтэй, “Аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 69,1 хувь “Дутагдалтай” гэж дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0104 дугаар магадлалыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Нэхэмжлэгч А.Г нь “Дорнод аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг 69.1% дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагчаас миний 2017 оны үр дүнгийн гэрээг илт доогуур 69.1 хувь гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...аймгийн байгаль орчны ажил нь салбарын хэмжээнд 86 хувьтай дүгнэгдэж, аймаг нь улсын хэмжээнд 4 дүгээр байранд орсон байхад миний ажлыг ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэж маргажээ. 

12. Маргаан бүхий Дорнод аймгийн Засаг даргын Б/10 дугаар захирамжаар, ...Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г-ыг “аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлж 69.1 буюу дутагдалтай дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан нь дараах үндэслэлээр хууль, журамд нийцээгүй байна.

13. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг зохих журмын дагуу үнэлж дүгнэн, тус үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, ...шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэхээр, 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн болон үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд албан тушаал бууруулахаар хуульчилсан.

14. Мөн, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2-т ...гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ: ...”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” гэж тус тус журамлажээ. 

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч аймгийн Засаг дарга нь дээрх журмын 2.3-д заасан, төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, Б.Г-тай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээг журамд заасан хугацаанд дүгнээгүй /2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дүгнэсэн/, мөн гэрээг дүгнэхдээ журмын 6.2-т заасан мэдээллийг үндэслээгүй, гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө нэхэмжлэгчтэй ярилцлага хийгээгүй, үнэлгээний санал нийлээгүй асуудлаар түүнээс тайлбар авч, дахин авч үзэх талаарх журмын дээрх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсоны гадна гэрээг дүгнэснээс хойш, 3 сарын дараа албан тушаал бууруулсан захиргааны шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Г-ын албан тушаалыг бууруулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу албаны чиг үүрэгт тусгагдсан үүргийг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдоогүй байхад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан байна.

16. Мөн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлан ажиллах бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны байгууллага захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохыг заасан.

17. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь А.Г-д үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ, төрийн албанаас халах шийдвэрийн талаар түүнд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан гэх боловч хуульд заасан шаардлага болох сонсох ажиллагааны мэдэгдэлд зохих мэдээллийг тусгаагүй, нэхэмжлэгчид тайлбар гаргах боломж, хугацаа олголгүйгээр албан тушаал бууруулах захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэл зөв байна.

18. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр буюу “...А.Г аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний дүнтэйгээ урьдчилсан байдлаар 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын өрөөнд танилцсан, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын хамт уулзсанаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй бөгөөд эдгээр хугацаанаас хойш 3 сарын дараа буюу /тайлбар гаргах бүрэн боломжит хугацаа/ 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр албан тушаал бууруулах Б/10 дугаар захирамжийг гаргасан байхад анхан шатны шүүх ...асуудлыг дутуу судалж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэж гаргасан  хяналтын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

19. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасан нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд, нэхэмжлэгч А.Г-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ бодитой гарсан эсэхэд шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд ...шинжээчийг томилж болно” гэж заасантай нийцээгүй, мөн давж заалдах шатны шүүхээс магадлалд огноо /оныг 2018 гэж/-г буруу бичсэн алдаа гаргасан байх бөгөөд шүүхүүдийн эдгээр алдаа нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй боловч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарч ажиллавал зохихыг тэмдэглэж байна.

20. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА