Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 243
Хэргийн индекс 128/2018/1001/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Б.У
Хариуцагч СХД ЗД, ГА
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ш.Д
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.У-н нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

тус дүүргийн Газрын албанд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн Ш.Д-д холбогдох хэсгийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0246 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Л, гуравдагч этгээд Ш.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.А нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулж гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн Ш.Д-д холбогдох хэсгийг, тус дүүргийн Газрын албанаас олгосон 000720975 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0246 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.У-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны 31 дүгээр гудамжны 9 тоот хаягт орших 700 м.кв газрын гарц нь гуравдагч этгээдийн эзэмшлийн 9-б тоот хаягт орших 130 м.кв газрын гарцтай хамт нэг хаалгаар орж гардаг байсан. Энэ нь хэрэгт авагдсан фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг, гуравдагч этгээд, хариуцагчийн тайлбараас тодорхой мэдэгддэг.

4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хээрийн судалгаа хийж байх үед Б.У-ийн өмчлөлийн газрын орц, гарцаар автомашин орж гарах боломжгүй гэдэг нь тодорхой байсан. Б.Л-ийн газар олгосон үйлдэл нь Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаартай тушаалаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.3.1-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тогтоох” гэж заасныг зөрчсөн, гуравдагч этгээд Ш.Д-д олгосон газрын орц гарц болон Б.У-ийн өмчлөлийн газрын орц гарцуудыг тогтоолгүй олгосон байдаг.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх журмыг зөрчин олгосон газрын гэрчилгээг эрх зүйн зөрчилгүй акт гэж үзэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зуйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

6. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч Б.У нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн Ш.Д-д холбогдох хэсгийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар 130 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ш.Д-д эзэмшүүлсэн, нэхэмжлэгчээс “миний эзэмшлийн газрыг орц, гарцгүй болгож, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд маргаан бүхий 130 мкв газар нь хэн нэгний эзэмшилд байгаагүй, улмаар гуравдагч этгээд түрүүлж хүсэлт гаргаснаар эзэмших эрх үүссэн тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

10.  Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий 130 мкв газрыг “Э.З гэрчилгээгээ өөрсдөө хөөцөлдөөд аваарай гэж байсан, ирээдүйд үйлчилгээний зориулалтаар гарц болгож ашиглахаар төлөвлөж байсан” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Б.У нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд 700 мкв газар эзэмшдэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт зааснаар газрын гэрчилгээ олгох эсэх асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлэх болохоос хувь этгээд шийдвэрлэхгүй, ирээдүйд орц гарц болгох хүсэл зоригоо захиргааны байгууллагад ач холбогдолтой цаг хугацаанд гаргаж шийдвэрлээгүй байдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

11.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан, эдгээр үндэслэлийн аль нь ч бүрдээгүй, нэхэмжлэгч анх маргаан бүхий 130 мкв газрын зэргэлдээ орших газрыг эзэмших үед уг газар нь хойд талдаа орц гарцтай байсан тул захиргааны байгууллагыг “хээрийн газрын үзлэг дутуу хийсэн, орц гарцгүй газар бусдад эзэмшүүлсэн” гэж буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн “зүүн талаар орц гарц гаргаж өгөхөөр гуравдагч этгээдтэй тохирсон” гэх үйл баримтад захиргааны байгууллагын оролцоо байхгүй, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагад орц гарц өөрчлөх талаар мэдэгдээгүй, харин газрын орц гарцыг өөрчлөхөөр “иргэнтэй тохиролцсон” гэх тайлбар нь иргэд хоорондын гэрээний маргаан бөгөөд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар эрхээ хамгаалах боломжтой.

12.  Нэхэмжлэгчийн “манайх дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор газар худалдан авсан, орц гарцгүй болсноор энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, захиргааны байгууллагад хандахад “нийтийн эзэмшлийн газар” гээд олгоогүй атлаа гуравдагч этгээдэд олгосон” гэх гомдлын тухайд: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл авснаар дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах эрх үүсэх ба ийм зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч аваагүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөхгүй, хариуцагчаас “нийтийн эзэмшлийн газар” гэж татгалзсан тухай баримт байхгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

13.  Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг ... зохих шатны Засаг дарга шийдвэрлэх” гэж зааснаар нэхэмжлэгч, гуравдагч нарын хооронд орц, гарцын маргааныг захиргааны байгууллага шийдвэрлэх ба үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан захиргааны байгууллагад шинээр хүсэлт гаргах замаар орц, гарцын асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг тэмдэглэв.

14.  Эдгээр болон бусад үндэслэлүүдээр шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0246 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ