Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 235
Хэргийн индекс 128/2018/0674/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "Н" ХХК
Хариуцагч БОАЖС
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“НГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖС-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Б.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын “НГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0223 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “НГ” ХХК-ийн захирал Т.Түмэндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “НГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “НГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0223 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 5, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НГ” ХХК-ийн БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “НГ” ХХК-ийн захирал Т.Түмэндэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: "НГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0223 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Учир нь давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгчийн тухайд зөвхөн өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтойгоос бус Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй гэдгээр хариуцагчийг буруутгах ...үндэслэлгүй” хэмээн буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Үндсэн хууль, бусад хуулиар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны акт зөрчиж байна гэж үзвэл түүнийг хүчингүй болгуулахаар /хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоолгохоор/ шүүхэд хандах эрхтэй, захиргааны хэргийн шүүх түүнийг нь хэлэлцэж, маргаж буй акт хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид ямар асуудлаар шүүхэд хандах талаар “зааж” ийм дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнээс гадна бид маргаж буй актыг дан ганц мэдэгдэх, сонсгох зүйл заалтыг /шүүх уг зүйлийг “зарчим” гэсэн/ зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа хэрэг биш бөгөөд өөр олон хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж маргаж байгаа болно.

5. Давж заалдах шатны шүүх “...зэргээс үзэхэд анхнаасаа уг газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт хийжээ. Шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэв анхнаасаа уг газрыг ашиглуулах боломжгүй байсан юм бол, хариуцагч эхний актыг хүчингүй болгох шийдвэр гаргах асуудал яригдахгүй байсан. Эндээс үзэхэд, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн захиргааны эрх зүйн суурь ойлголт болох /анхнаас нь гаргах ёсгүй байсан акт, хүчингүй болгох акт гэх мэт/ зэргийг өөр хооронд нь хольж ойлгосон гэж үзэж байна. Түүнээс гадна хариуцагчийн татгалзал, маргаж буй актын үндэслэл нь маргааны зүйлтэй холбоогүй байхад ийнхүү дүгнэснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

6. Хариуцагч манай компанид газар ашиглуулах шийдвэр /тушаал/ гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг баримталсан. Үүнийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ зүйлд заасны дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан журам хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл шүүх захиргааны байгууллагын нэрийн өмнөөс дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.

7. Бид газар ашиглах эрхийг авснаар хууль тогтоомжийн ямар нэгэн зөрчил гаргаагүй. Уг газрыг ашигласнаар байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээ хийлгэх, газрын төлбөрийг цаг тухайд нь төлөх зэргээр хууль тогтоомжид заасан бүхий л үүргээ биелүүлсээр ирсэн. Гэтэл хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн яаж зөрчсөнийг шалгаж тогтоолгүйгээр тушаал гаргасныг /хариуцагчийг/ зөвтгөсөн шүүхийн магадлалын үндэслэлийг ойлгохгүй байна. Захиргаа баримтлах ёстой хуулиа зөрчөөд байхад уг хууль бус актын улмаас иргэнээ хамгаалах үүрэгтэй захиргааны хэргийн шүүх түүнийг нь үл ойшоовол хууль дээдлэх зарчим хэрхэн яаж хэрэгжих талаар эргэлзээ төрж байна.

8. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хийсвэр дүгнэлт хийсэн байгааг мөн эс зөвшөөрч байна. Тодруулбал, шүүх "...уг төслийг хэрэгжүүлж эхлэх тохиолдолд Туул голын бургасыг гэмтээх, сүйтгэх үр дагаварт хүргэхээр байх тул” гэж дүгнэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх хэрхэн яаж тайлбарлаж, хэрэглэсэн нь ойлгомжгүй үлдлээ.

9. Захиргаа шийдвэр /акт/ гаргахдаа мөрдөх хууль бол Захиргааны ерөнхий хууль бөгөөд түүнийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах байгууллага бол захиргааны хэргийн шүүх гэж ойлгодог. Гэтэл захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн зүйл, заалтыг /нөхцөл байдлыг тогтоох тухай 24 дүгээр зүйл, шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулах 27, 28 дугаар зүйл/ илтэд зөрчсөн байхад шүүх түүнийг нь зөвтгөж байгаад гомдолтой байна. Эдгээр ажиллагаа хуулийн дагуу зөв явагдсан бол маргаан гарахгүй ч байж болох талтайг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй гэж үзэхээр байна.

10. Эдгээрийг үндэслэн, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0223 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

             ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

12. Маргаан бүхий БОАЖС-ын 2018 оны А/113 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байгаа гэх үндэслэлээр 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “НГ” ХХК-ийн “Хүрхрээгийн ам”-нд байрлах 2,61 га газар багтжээ.

13. БОАЖС-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “НГ” ХХК-д Богдхан уулын Зуун модны аманд 2,61 га газрыг 5 жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл анх олгогдсон байна.

14. Нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газар нь Туул голын эрэг дагуу, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан ундны усны эрүүл ахуйн хязгаарлалтын буюу төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд байршиж байгаа нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/2788, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд оршиж байгаа нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1707 тоот албан бичгээр  тус тус тогтоогджээ.

15. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах ...хориглоно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэсэн зохицуулалттай.

16. Нэхэмжлэгч “НГ” ХХК нь “Их нүүдэл” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан өнөөдрийг хүртэл уг газар төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлах боловч маргаан бүхий газарт ус зайлуулах шуудуу татсанаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нь холбогдох нотлох баримт хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

17. Уг төслийг хэрэгжүүлж эхлэх тохиолдолд Туул голын бургасыг гэмтээх, сүйтгэх шууд үр дагаварт хүргэхээр байх тул усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх зорилгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газар ашиглах эрх авснаас хойш, өнөөг хүртэлх хугацаанд маргаан бүхий газар дээр барилга байгууламж бариагүй, ямар нэг байдлаар Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулаагүй, байгаль орчинд шууд болон шууд бус хохирол учруулаагүй, голын эрэг орчмын амьдрах чадвартай бургас, бут модыг сүйтгээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж эхлэх үед дээрх хууль болон журам, стандартад заасан хориглолт, хязгаарлалт зөрчигдөхөөр нөхцөл үүсэхийг хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа харгалзан үзсэн нь зөв байна. 

19. Иймээс нэхэмжлэгч “НГ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЖС-ын маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын холбогдох хэсэг дээрх хуулийн заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

20. Харин шүүх хэргийн оролцогчдын маргаагүй буюу нэхэмжлэгчид анх газар олгосон БОАЖС-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын эрх зүйн үндэслэлийг дүгнэх шаардлагагүй байхад давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхнаасаа газар ашиглуулах боломжгүй байжээ...” гэж дүгнэсэн нь буруу. Энэ талаар нэхэмжлэгчийн хяналтын гомдолд дурдсан нь үндэслэлтэй боловч, энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй .

21. Дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн, …хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргасан...” гэх гомдлыг хангах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

22. Нэхэмжлэгч нь хохирол, төлбөрийн асуудлаар харьяалах шүүхэд хандах, маргах, маргаанаа шийдвэрлүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0223 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ