Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 245
Хэргийн индекс 158/2018/0014/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "М м" ХК
Хариуцагч Булган аймгийн Засаг дарга, Тендерийн хороон
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "К" ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“М м” ХК-ийн

нэхэмжлэлтэй,

Булган аймгийн Засаг дарга,

 Тендерийн хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад тус тус даалгах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах”,

            Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0272 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “М м” ХК-ийн ерөнхий захирал Ж.Ж-ны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 21 дүгээр зүйлийн 21.5, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.5, 37 дугаар зүйлийн 37.1, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М м” ХК-ийн Булган аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн Засаг дарга, “К” ХХК хооронд байгуулсан “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулган, сургуулийг цогцолбор болгон өргөтгөх ажил гүйцэтгэх” гэрээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр/тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмж, Булган аймгийн Засаг даргад хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Булган аймгийн засаг даргад тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “М м” ХК-ийн гаргасан Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн шийдвэр/цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0272 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м” ХК-ийн “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад тус тус даалгах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын дугаарыг “2, 3” гэж дугаарлан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “М м” ХК-ийн ерөнхий захирал Ж.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “...Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд,

4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасны дагуу тендерийн бичиг баримтын ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилж...” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх өөрчлөлт нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасантай нийцэхгүй байгаа талаар маргасан боловч энэхүү маргасан үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

5. Учир нь энэхүү захиргааны хэргийн гол маргаантай байгаа асуудал нь 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг 2.1.1* болгон өөрчилсөн, энэ шаардлагыг хангах эсэх дээр талууд маргадаг боловч энэ талаар үндэслэлтэй бүрэн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/4565 дугаар албан бичгээс үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь “...үе шатны ажлын хуваарь шаардлагад нийцээгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай туршлагын мэдээллийг ирүүлэхдээ ...ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй, ерөнхий инженер нь үндсэн ажилтан гэж нотлогдохгүй...” гэх үндэслэлүүдийг дурдсан байхад энэхүү амжилтгүй болсон шалтгаануудтай холбоотой бус харин тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т заасантай нийцэхгүй байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, энэхүү хуулийн заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй байна.

6. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс энэхүү өөрчлөлт орсон тендерийн бичиг баримттай холбогдуулан холбогдох төрийн байгууллагад гомдол гаргаагүй боловч хууль зөрчсөн гэж үзэж байгаа захиргааны актын үндэслэл болж буй асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагатайн зэрэгцээ нэхэмжлэгч компанийн хувьд тендерийн баримт бичигт ийнхүү өөрчлөлт орсон талаар мэдээгүй, мэдэгдээгүй, түүнчлэн энэхүү тендертэй ижил шаардлага тавигдсан бусад тендерт 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэйгөөр оролцож, шаардлагыг нь хангаж, мөн Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан дүйцүүлэн тооцох аргачлалаар шаардлагыг хангана гэж үзсэн тул гомдол гаргаагүй нөхцөл байдал байгаа болно.

7. Мөм тендерийн төсөвт ороогүй ажлыг сүүлд нь нэмэлт гэрээ байгуулж, төсвийг нь нэмэлтээр улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах замаар шийдвэрлэж хийлгэхээр төлөвлөж байсантайгаа холбоотойгоор 2.1.1* заалтыг оруулсан, түүнчлэн сургуулийн барилгын норм ба дүрэм болон бусад ямар ч хуулиар сургуулийн барилга барихад интерьерийн ажил шаардлагатай талаар заагаагүй байхад тендерийн баримт бичиг боловсруулах аргачлал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, энэхүү өөрчлөлтийг оруулжээ.

8. Түүнчлэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тендер шалгаруулалтаар тендерийн үнэлгээний хорооны зүгээс нэхэмжлэгч комланийг тусгай зөвшөөрлийн талаар шаардлагыг хангаж байгаа гэж үзсэн хэрнээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр татгалзаж, мөн бусад төрлийн тусгай зөвшөөрлүүдийг өөр тусгай зөвшөөрлүүдтэй дүйцэж байна гэж дүгнэж байсан зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс хуулийн эттээдүүдэд тэр дундаа тендерт оролцож байгаа компаниудад тэгш бус хандаж, Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуульд заасан төрийн албаны үндсэн зарчмыг хангаагүй, зөрчиж байгаа талаар маргасанд огт дүгнэлт хийсэнгүй.

9. Тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах эрхийг хуулиар тендерийн үнэлгээний хороонд олгосон хэдий ч хамгийн гол нь 2.1.1* тусгай зөвшөөрөл нь 2.1.1 тусгай зөвшөөрлийнхөө дагалдах заалт буюу 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл нь 2.1.1 тусгай зөвшөөрөлдөө багтаж явдаг, шинээр баригдаж байгаа ямар ч барилга 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй, энэ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх гадна тохижилтгүй барилга гэж байдаггүй болохыг харгалзан үзэх шаардлагатай байсныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

10. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар 2.1.1 болон 2.1.1* тусгай зөвшөөрлүүдийг БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэн тооцохоор баталснаас үзэхэд БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдсан тендерт дээрх тусгай зөвшөөрлүүдийн аль нь ч байсан оролцох боломжтой, дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусах хүртэл энэ хэвээрээ дүйцүүлэн тооцоод ажилла, харин хугацаа нь дуусмагц БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөл авна гэсэн агуулгатай аргачлал болохыг ялгаж салгаж дүгнээгүй байна.

11. Эдгээрээс үзэхэд тендерийн үнэлгээний хороо хууль зөрчиж, 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тендерийн баримт бичигт оруулсан байхын зэрэгцээ нэхэмжлэгч компанийн хувьд тендерийн баримт бичигт тавигдсан бүх шаардлагыг тэр тусмаа 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

12. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн тус компанид хүргүүлсэн Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй буюу захиргааны акт биш гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд:

13. Дээрх нэхэмжлэгчийн нэг дэх шаардлагын үндэслэлд дурдсан үндэслэлээр хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан бөгөөд уг мэдэгдлийг аймгийн Засаг даргаас бус тендерийн үнэлгээний хорооноос хүргүүлэхээр хуульчилсны зэрэгцээ энэхүү албан бичиг нь дээрх хууль бус тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу түүнийг биелүүлж гарсан, хэрэгжүүлж байгаа хэлбэр учраас тодорхой үр дагаврыг бий болгосон, гадагш чиглэсэн, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан шинжтэй байгаагийн зэрэгцээ уг мэдэгдлийг хүлээн авснаар түүнийг зөрчиж шалгараагүй компани захиалагчтай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаагаараа захирамжилсан шинжийг агуулна гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

14. Тиймээс энэхүү захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан тул хүчингүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой.

15. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний тендер шалгаруулалтыг хууль зөрчин явуулж, энэ талаар гаргасан гомдол, нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэхүү хууль бус шийдвэрээ үндэслэн дахин тендер шалгаруулалтыг зарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана”, 21 дүгээр зүйлийн 21.4-т “захиалагч тендерийн урилгыг энэ хуулийн 52.1.12-т заасан вэб хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн, мөн өмнөх тендерээс хууль бусаар татгалзсан гэж үзэж байгаа тул шинээр тендер шалгаруулалтыг зарлах хууль зүйн үндэслэлгүй болно.

16. Түүнчлэн энэхүү сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно” гэж заасан хэлбэрээр гаргасан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан шинжийг бүрэн агуулсан захиргааны акт мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.

17. Хэдийгээр хариуцагч тендерийн үнэлгээний хорооны зүгээс мэдээллийн чанартай зарлал байдлаар сайтад байршуулсан гэх боловч уг зарласан шийдвэртээ өмнө нь явагдсан тендерийн шаардлагуудыг илт, огцом бууруулж заагаад, тэр бууруулсан шаардлагыг нь дөнгөж хангаж байгаа компанитай гэрээ байгуулсан байгаа нь уг тайлбар нь үндэслэлгүй, худлаа болох нь харагдаж байна.

18. Мөн давж заалдах шатны шүүхээс энэ асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд давж заалдах журмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан байхад хэргийг бүхэлд нь хянаагүйгээр барахгүй нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудал байхад огт дүгнэлт хийгээгүй байна.

19. Уг тендерийн шаардлагад бүрэн нийцсэн “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлэхийг тендерийн үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Булган аймгийн Засаг даргад тус тус даалгуулах шаардлагын тухайд:

20. Энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан дээрх 2 шаардлагатай салшгүй холбоотой бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6-1/5842 тоот албан бичигт дурдсанаар уг тендерт 3 компани оролцсоноос “И а" ХХК нь “...үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь төсөв болон үнийн саналаас зөрүүтэй”, “Ж о" ХХК нь “Дархан-Уул аймгийн Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг тендерт санал болгосон машин техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч нь энэхүү тендертэй давхацсанаас гэрээг хэрэгжүүлэх чадавхийн шаардлага хангахгүй” гэж үзсэн зэргээс харахад тендерт оролцогчдоос шаардлага хангаж байгаа “М м” ХХК-ийг тендерт шалгаруулан, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, улмаар захиалагчийн зүгээс гэрээ байгуулан ажиллах бүрэн боломжтой юм.

21. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М м” ХК-ийн хувьд дээрх үндэслэлүүдээр тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа нь тогтоогдсоноор хариуцагч тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр бүх тендерээс татгалзсан нь хууль бус, дахин зарласан шийдвэр болон шууд гэрээ байгуулах зөвлөмж, байгуулсан гэрээ нь бүгд хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан тул хууль бус болох нь тогтоогдсоноор тухайн өдрийн хууль бус шийдвэрийг шүүхийн зүгээс залруулан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

22. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн гаргасан “...Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зарласныг үндэслэн гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

23. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер сонгон шалгаруулалт нь шууд гэрээ байгуулах журмаар явагдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т зааснаар гуравдагч этгээд “К” ХХК-тай ... гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй” гэжээ.

24. Нэхэмжлэгчийн зүгээс шууд гэрээ байгуулж болох ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “энэ хуулийн 34.1-д заасан нөхцлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах...” гэж тус тус заасныг зөрчиж байгаа талаар маргасан бөгөөд энэ хуульд нийцэхгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

25. Тодруулбал гуравдагч этгээд “К” ХХК нь хэдийгээр тусгай зөвшөөрлийн тал дээр асуудалгүй ч гэлээ санхүүгийн, туршлагын гэх мэт дээрх хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг огт хангаагүй, энэ талаар огт баримт ирүүлээгүй байхад шууд гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ энэхүү маргаж байгаа тендерийн төлөө энэ олон компаниуд Сангийн яам болон захиргааны хэргийн шүүхэд ийнхүү нэхэмжлэл, гомдол гаргаад ч шалгуурт тэнцэх эсэх нь одоо ч маргаантай байсаар байхад гэнэт нэг компани гарч ирээд ямар ч шаардлага тавигдахгүйгээр шууд гэрээ байгуулж байгаа нь хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааг харуулж байна.

26. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасны дагуу Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0272 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

                 27. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

                 28. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БСШУСЯ/201801246 дугаартай тендерийг анх 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зарлаж, “И а” ХХК, “Б к” ХХК, “Н к” ХХК, “Ж о” ХХК-иуд саналаа ирүүлж оролцсон, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “хамгийн бага үнийн санал”-аар “Ж о” ХХК-ийг шалгаруулсан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/4565 дугаар албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж, “тендер шалгаруулалтыг дахин явуулах”-аар шийдвэрлэжээ. 

                 29. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин тендер зарлаж, уг тендерийн урилгад “тендерт оролцогч нь ... Барилгын хөгжлийн төвийн 2.1.1”, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх”-аар заасан, түүнчлэн, сонирхогч этгээдүүдэд тараасан “Тендерийн баримт бичиг”-ийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4.(в)-д “Барилгын хөгжлийн төвийн 2.1.1”, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай” болохыг тусгайлан заасан, уг тендерт оролцохоор материалаа ирүүлсэн нэхэмжлэгч “М м” ХК нь  тендерийн баримт бичигт заагдсан “Барилгын хөгжлийн төвийн 2.1.1” ...” гэх тусгай зөвшөөрөлгүй байсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

                 30. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “... тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх  тухай сонирхогч этгээдийн саналыг /ойлгоно/” гэснээс үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй “захиалагч” нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, ажил үйлчилгээ худалдах гэж байгаа этгээд уг нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.

                 31. Тодруулбал, захиалагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газар Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа уг ажлыг гүйцэтгэх этгээд нь Барилгын хөгжлийн төвөөс олгосон “2.1.1” Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гүйцэтгэх” тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсан, уг нөхцлөө тендерийн баримт бичигт урьдчилан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэсэнтэй нийцсэн байх тул уг үйлчилгээг гүйцэтгэхээр сонирхогч “М м” ХК нь захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийн баримт бичгээ ирүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

                 32. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг ... хуульд ... нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж заасны дагуу захиалагчийн тогтоосон шалгуур үзүүлэлт, шаардлага нь “өрсөлдөөнийг хязгаарласан” гэж тендерт оролцогч үзвэл,  тухайн тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргахаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т тусгайлан заасан, нэхэмжлэгч “М м” ХК-иас “... 2.1.1” тусгай зөвшөөрөл шаардсан нь хуульд нийцээгүй” талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй тул нэхэмжлэгч “М м” ХК-ийн “... тендерийн бичиг баримтын ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилсөн нь  ... хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасантай нийцэхгүй”, “... тендерт оролцож байгаа компаниудад тэгш бус хандаж, Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуульд заасан төрийн албаны үндсэн зарчмыг хангаагүй”, “... 2.1.1” гэсэн тусгай зөвшөөрөл нь 2.1.1 тусгай зөвшөөрөлдөө багтаж явдаг, шинээр баригдаж байгаа ямар ч барилга 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй, энэ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх гадна тохижилтгүй барилга гэж байдаггүй болохыг харгалзан үзэх шаардлагатай байсан” гэх зэрэг гомдол үндэслэлгүй, уг асуудлаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

                 33. Хариуцагч Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг тендерт оролцогч “М м” ХК, “И а” ХХК, “Ж о” ХХК-иудын материалыг үнэлж, “хамгийн бага үнийн санал гаргасан” үндэслэлээр “Жинсийн орой” ХХК-ийг шалгаруулсан, уг шийдвэрт  “М м” ХК, “И а” ХХК-иас Сангийн яаманд хандаж гомдол гаргасан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6-1/5842 дугаар албан бичгээр “... захиалагчийн хамгийн сайн ... гэж үнэлсэн “Ж о” ХХК-ийн санал болгосон голлох инженер, техникийн ажилтнууд болон зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм нь  ... /Дархан-Уул аймагт тендерт шалгарч давхардсан/ байх тул гэрээ хэрэгжүүлэх чадавхийн шаардлага хангахгүй гэж татгалзах үндэслэлтэй ... /тул/ тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх”-ийг мэдэгдсэн, үүний дагуу Үнэлгээний хороо 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар тендерийн материалд дахин үнэлгээ хийж, “...бүх тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул шууд гэрээ байгуулах талаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

                 34. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “... шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй /тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзах/”-аар, 30.4-т “бүх тендерээс татгалзсан тохиолдолд ... захиалагч ... /нээлттэй тендер шалгаруулалт явуулах, .... хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах, ... явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд /бүх тендерээс татгалзсан/ нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/ ... шийдвэрийн аль нэгийг гаргах”-аар тус тус заасан, “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БСШУСЯ/201801246 дугаартай тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус тус зарлаж, тендер шалгаруулалт явуулсан, Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 17, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаануудаас “бүх тендерээс татгалзаж” шийдвэрлэсэн, энэ тохиолдолд, “шууд гэрээ байгуулах” зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны маргаан бүхий шийдвэр дээрх хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

                 35. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, Үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар тендерт оролцогч “М м” ХК, “И а” ХХК, “Ж о” ХХК-иудаас ирүүлсэн тендерийн материалыг үнэлж, “тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр “М м” ХК-ийн, “ажлын хуваарь зөрүүтэй” гэх үндэслэлээр “И а” ХХК-ийн, “чадавхийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр “Ж о” ХХК-ийн тендерээс тус тус татгалзсан байх тул “үнэлгээ хийгээгүй” гэж хариуцагч Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “... Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байхад Үнэлгээний хороо ... шууд гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь .. хууль бус” гэх гомдол үндэслэлгүй. 

                 36. Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаартай албан бичгээр “...”М м” ХК тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй ... тул гэрээ байгуулах боломжгүй, ... тухайн тендер шалгаруулалтад ... шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул захиалагч бүх тендерээс татгалзсан” талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  тендерийг цахимаар дахин зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 болон мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “... захиалагч ... тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэсэнтэй нийцсэн, нэхэмжлэгч “М м” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

                 37. Өөрөөр хэлбэл, захиалагчийн тавьсан “Барилгын хөгжлийн төвийн 2.1.1” тусгай зөвшөөрөлтэй байх” нөхцөл, шаардлагыг хангаагүйн улмаас тендерт шалгараагүй “М м” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  ийнхүү шалгараагүй талаар мэдэгдсэн Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаар мэдэгдэл, дахин тендер зарласан захиалагчийн шийдвэрийн улмаас хөндөгдөж, зөрчигдсөн гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр “... дахин тендер шалгаруулалтыг зарлаж байгаа нь ... /хууль бус/... мөн өмнөх тендерээс хууль бусаар татгалзсан ... /тул/ шинээр тендер шалгаруулалтыг зарлах хууль зүйн үндэслэлгүй, ... эрх зөрчсөн” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

                 38. Түүнчлэн, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн маргаан бүхий 01/1197 дугаар албан бичиг, Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тендерийг цахимаар зарласан үйл ажиллагааг анхан шатны шүүх “захиргааны акт биш” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч “М м” ХК-ийн захирал Ж.Ж-ны “... захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад ... анхан шатны шүүх захиргааны акт биш гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэх гомдолд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

                 39. Нэхэмжлэгч “М м” ХК-ийн тендерээс татгалзаж, үндэслэлээ мэдэгдсэн болон дахин тендер зарласан хариуцагчийн шийдвэр болох маргаан бүхий актууд хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “...  тендерийн шаардлагад бүрэн нийцсэн “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлэхийг тендерийн үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Булган аймгийн Засаг даргад тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, түүнчлэн, үүнтэй холбогдуулан “ ... гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцжээ.

                 40. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 52 дуугар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг нэхэмжлэлийн үндэслэлд заахаар тусгайлан зааснаас үзэхэд, хариуцагч Булган аймгийн Засаг дарга, гуравдагч этгээд “К” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны улмаас нэхэмжлэгч “М м” ХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй, нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмнөх нэхэмжлэлийн шаардлагуудтай холбон тайлбарлаж маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан захиргааны акт “хуульд нийцсэн” болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний улмаас нэхэмжлэгч “М м” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

                 41. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдуулан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхойлохгүйгээр “хуульд нийцээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулсан нь үндэслэлтэй зөв байх тул “... шууд гэрээ байгуулсан нь ... хууль зөрчсөн, ... гуравдагч этгээд “К” ХХК нь хэдийгээр тусгай зөвшөөрлийн тал дээр асуудалгүй ч гэлээ санхүүгийн, туршлагын ... шаардлагыг огт хангаагүй, энэ талаар огт баримт ирүүлээгүй байхад шууд гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй, ... энэ талаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авахгүй.

                 42. Дээрхэд тулгуурлан “... магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0272 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М м” ХК-ийн ерөнхий захирал Ж.Ж-ны гомдлыг хангахгүй орхисугай.

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М м” ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА