Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 230
Хэргийн индекс 128/2018/0937/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч О.М
Хариуцагч ХХААХҮЯ СХШ УБ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

О.М-ийн нэхэмжлэлтэй,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын

байцаагч, мэргэжилтэн нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №13/13-01/01 дугаар актыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0231 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч С.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №13/13-01/01 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий О.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0231 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А-09 дүгээр тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог уг тушаалын хавсралтаар баталсан байдаг. Хавтаст хэрэгт энэхүү хавсралт 24 хүний бүтэцтэй байхаар хийгдсэн хувилбарыг хавсаргасан байна. Гэтэл миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бичиг хэрэгт очиж үзэхэд 17 хүний бүтэцтэй байхаар баталсан уг тушаалын өөр нэг хавсралт байна. Уг хавсралтыг нотлох баримтын шаардлага хангуулан авах гэсэн боловч зөвхөн эрх бүхий байгууллагын шаардсанаар олгоно гээд өгөхгүй байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй.

4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирал нь ажлын байрны тодорхойлолтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шууд удирдлага дор, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд юм. Сангийн гүйцэтгэх захирал өөрөө дур мэдэн сангийн бүтэц, орон тоог тогтоох, өөрчлөх эрхгүй бөгөөд тогтоож өгсөн бүтэц, орон тооны хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй юм. Тийм ч учраас О.М нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А-09 дугаартай тушаалаар 17 хүнтэй байхаар баталсан сангийн шинэ бүтцийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн ажилтнуудтай ярилцаж, санал бодлыг нь солилцож 16 хүнийг ажлаас чөлөөлсөн юм.

5. Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А-28 дугаартай тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 24 байхаар тогтоож, бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн батласан байдаг. Энэ тушаалыг хэрэгжүүлж, гүйцэтгэх захирал О.М хуучин ажиллаж байсан 2 хүнийг буцааж ажилд нь авч, мөн шинээр цөөн тооны ажилтан ажилд авсан байдаг. О.М нь байгууллагын бүтэц, орон тоог тогтоодог, баталдаг этгээд биш харин батлагдсан бүтэц, орон тооны хүрээ хязгаарт үйл ажиллагаа явуулах үүрэгтэй албан тушаалтан гэдгийг шүүх анзаараагүй.

6. Давж заалдах шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлсэн талаар бидний гомдолд дүгнэлт хийхийн оронд бүтцийн өөрчлөлт хийгдсэн эсэх талаар нэхэмжлэгчийн өмнөөс бидэнтэй мэтгэлцсэн хэлбэрийн тайлбар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, актыг гардуулаагүй, мэдэгдээгүй, Санхүүгийн хяналт шалгалтын холбогдох стандартыг мөрдөөгүй гэх үндэслэлүүдийг гаргаж маргасан боловч шүүх дээр дурьдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ “...2018 оны № 13/13-01/01 тоот акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх тул” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

8. Шүүх улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзсэн нь ойлгомжгүй. Шалгалтын зорилго  нь  О.М-ийг  буруутайд  тооцох байсан гэж тодорхойлсон нь сэжиг дагуулж байна.

9. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас чөлөөлөгдсөн нэг ч иргэн шүүхэд болон өөр бусад эрх бүхий байгууллагад үндэслэлгүйгээр халагдсан талаар маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл халагдсан ажилтан ажлаас халсан шийдвэрийг хуульд нийцсэн, зөв шийдвэр гэж үзсэн гэж ойлгогдохоор байна. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан эсэх маргааныг үүсгэх эрх нь хуулиар гагцхүү “Ажилтан”-д өөрт нь олгогджээ.

10.  Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчид шүүхээс урьд хэн нэгэн ажилтныг хууль бусаар халагдсан мэтээр дүгнэлт хийж, түүнийг нь захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч иргэний хэргийн шүүхийн шийдвэрлээгүй байгаа асуудлын хүрээний дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгосон асуудал хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой ажил олгогчийн үүрэг юм.

11.  Анхан шатны шүүх хуралдааны дундуур шүүх хуралдаан даргалж байсан шүүгч М.Б гэнэт шүүх хуралдааныг орхин гарч явсан, удаан хугацааны дараа буцаж орж ирээд шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг хэн нэгэн шүүгчид нөлөөлсөн гэж хардаж байна. Шүүгчийг шүүх хуралдааны танхимаас гараад явсан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна.

12.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгч хэрэг илтгэж байх үед шүүх хуралдааны танхимд хариуцагчийн өмгөөлөгчид орж ирсэн буюу шүүх хуралдаан дундаас нь оролцоод явсан. Даргалагч шүүгч Д.Б тэдний биеийн байцаалтын аваад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Магадлалаас харвал хэргийн оролцогчоор зөвхөн Л.Н миний бие оролцсон гэж харагдаад байдаг. Харин шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгчид гэх хоёр хүн оролцсон болж харагдаад байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд шүүх бүрэлдэхүүнийг татгалзах тухай зохицуулалт бий. Энэ эрхийг хариуцагчийн өмгөөлөгч нарт сануулаагүй шүүх хуралдаан үргэлжилсэн.

13.  Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, хэргийг дахин хэлэлцүүлэхэр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

15.  Нэхэмжлэгч О.М нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Д.С, Б.А, С.С, тус яамны Гүйцэтгэлийн аудит хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаа нарт холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №13/13-01/01 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...сайдаас баталсан орон тооны бүтцийн хэрэгжилтийг хангаж ажилласан, акт тогтоохдоо мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэж маргажээ.

16.  Маргаан бүхий шийдвэрээр “байгууллагын орон тоо хасагдаагүй байхад шинээр ажилтан авч ажиллуулан, чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж олгож, төсвийн хөрөнгийг хэмнэлтэй үр ашигтай зарцуулах зарчмыг алдагдуулсан” гэх үндэслэлээр төсөвт учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсвийг хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

17.  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-т “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” гэж, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу хариуцагчаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд түүний удирдлага дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, дүрэм, журмыг хэрхэн хангаж ажилласан, зөрчил дутагдал гаргасан эсэхэд хяналт тавьж, зөрчлийг илрүүлж, акт тогтоосон нь хуулийн зөрчилгүй байна.

18.  Нэхэмжлэгч О.М нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа “бүтэц, орон тоо өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр нэр бүхий 17 ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж, тэтгэмж олгож  шийдвэрлэсэн байх боловч бодит байдалд тухайн байгууллагын орон тоо хасагдаагүй, ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад нэр бүхий 17 ажилтныг ажлаас чөлөөлж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгож, улсын төсөвт хохирол учруулсан болох нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тус сангийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаалаар тогтоогдож байна.

19.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж, 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заасан бөгөөд улсын байцаагчийн хяналт шалгалтаар тухайн байгууллагын бүтэц, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй болох нь тогтоогдсон, нэгэнт ажилтанд тэтгэмж олгох хуулийн үндэслэл бүрдээгүй, батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулсан үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв болжээ.

20.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...яамны бичиг хэргээс үзэхэд бүтэц орон тоо баталсан тушаалын хавсралтаар орон тоо 17 байхаар батлагдсан байхад, хэрэгт орон тоо 24 байхаар батлагдсан хувийг хавсаргасан байна, хавсралтыг нотлох баримтын шаардлага хангуулан авах гэсэн боловч зөвхөн эрх бүхий байгууллагын шаардсанаар олгоно гээд өгөхгүй байна, шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгч нэхэмжлэгч талаас нотлох баримттай холбоотой гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж асуусан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаагүй, харин тухайн байгууллагын орон тоо 24 орон тоотойгоор баталсан тушаал нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт авагдсан байна.

21.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “...анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зааснаар анхан шатны шүүхэд хэлэлцээгүй асуудлаар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж, холбогдох баримтыг шүүхээр гаргуулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан, нөгөө талаар тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал хэрэгт байгаа тохиолдолд шүүхийг тухайн асуудлаар дахин нотлох баримт цуглуулах байсан гэж буруутгах боломжгүй юм.

22.  Түүнчлэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд хурлын тэмдэглэлээс “шүүгч М.Б шүүх хуралдааны дундуур гарч явсан” гэдэг нь тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч С.М, С.М нараас шүүх бүрэлдэхүүнийг татгалзах хүсэлт гаргаагүй, шүүхээс хэргийн оролцогчийн ямар нэгэн эрхийг эдлүүлээгүй зөрчил гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон магадлалд хэргийн оролцогчийн нэрийг зөрүүтэй бичсэн байдал нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй буюу шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй байна.

23.  Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгч хурлын дундуур гарч явсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд хурал эхэлснээс хойш хурлын дундуур хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулсан, магадлалаас харвал хэргийн оролцогчоор зөвхөн Л.Н миний бие оролцсон гэж харагдаад байдаг, харин шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгчид гэх хоёр хүн оролцсон болж харагдаад байгаа, шүүх бүрэлдэхүүнийг татгалзах тухай эрхийг хариуцагчийн өмгөөлөгч нарт сануулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

24.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг дүгнэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд холбогдох хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0231 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5-д” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

     ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ