Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-19
Дугаар 221
Хэргийн индекс 113/2018/0013/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч А.Б нар
Хариуцагч Г аймгийн Ш сумын ИТХ, ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "С" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

А.Б нарын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн

Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                           Л.Атарцэцэг,

                                                       Г.Банзрагч,

                                                       Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийн 1 дэх заалтын “...2 дугаар багт, 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх” хэсэг болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах,

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0194 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2019/0001 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4т заасныг баримтлан А.Б, Т.Г, Г.Д нарын гаргасан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийн 1 дэх заалтын ... 2 дугаар багт 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх ... хэсэг болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0194 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2019/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өмгөөлөгч, сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэрэг шүүхэд хандаж байгаа этгээд нь өөрийнх нь эрх хууль ёсны эрх ашиг сонирхол нь маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй этгээд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсан

4. Нэхэмжлэгч нар нь Шивээговь сумын иргэдийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг боловч Иргэний хуулийн дагуу албан ёсны төлөөлөх итгэмжлэлгүй, өөрсдөө тухайн нутаг дэвсгэрт оршин суудаггүй, өөрсдийнх нь эрх хууль ёсны эрх ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа, зөрчигдөж болзошгүй тухайгаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдсоор байтал давж заалдах шатны шүүхээс иргэнийх нь хувьд эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Нийтийн сонсголын тухай хууль зөрчсөн нь захиргааны байгууллагын буруу гэж тодорхойлж, энэ хуулийг зөрчсөн явдал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно гэж тайлбарласан нь хуулийн зөв тайлбарлаж хэрэглэсэн.

7. Иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар олгох асуудлыг Газрын тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тодорхой зохицуулсан байдаг. Газрын тухай хуулийн дагуу манай компани газар эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргаж, Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж, улмаар олонхийн саналаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулж баталсан. Ингээд бид газрын дуудлага худалдаанд оролцож 73 000 000 /далан гурван сая/ төгрөгний үнийн санал хэлж дуудлага худалдааны ялагч болж газар эзэмших гэрчилгээгээ авсан. Иймд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь хууль бус захиргааны акт биш тул  хүчингүй болгох үндэслэлгүй юм.

8. Нэхэмжлэгч А.Б нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэг төлөөлөгч бөгөөд тухайн хуралд оролцож санал хүсэлтээ илэрхийлж, олонхийн саналд ялагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг байгууллага, харин А.Б нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй төлөөлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

9. Мөн анхан шатны шүүхээс Шивээговь сумын иргэдийг төлөөлөх эрхгүй гэж зөв дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг тус сумын иргэнийхээ хувьд заавал бусад иргэнтэй нэгдэж нийтийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээдээр нэхэмжлэл гаргуулах хязгаарлалт хуульд байхгүй гэж үзсэн.

10.  Гэтэл нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сумын нийт иргэдийг төлөөлж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг, үүний дагуу шүүхээс тайлбар болон үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгасан.

11.  Нэхэмжлэгч нарын ярьж байгаа шиг сумын нийт ард иргэд манай компанийн үйл ажиллагааг эсэргүүцээгүй бөгөөд харин бүр дэмжиж байгаагаа илэрхийлж нутгийн иргэд гарын үсэг цуглуулж өгсөн. Манай компани үйл ажиллагаа эхлүүлсэнээр нутгийн олон хүн ажил, орлоготой болж сум орон нутаг нь хөгжин амьдрах орчин, эдийн засгийн боломж нэмэгдэхийг ойлгож байгаагаа илэрхийлсэнийг бид нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч нар нь бүгд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш, манай компанийн үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрт амьдардаггүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул манай компаний үйл ажиллагаа явуулсанаар нэхэмжлэгч нарын эрх ашиг нь зөрчигдөхгүй юм.

12.  Манай компани зөвхөн нүүрс боловсруулах үйл ажиллагаа явуулдаг болохоос биш байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр уул уурхайн компани шиг газар ухаж сэндийлэхгүйгээрээ ялгаатай. Байгалийн баялаг ашиглана гэхээрээ бүгд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг биш.

13.  Бидний үйл ажиллагаа эхэлснээр гагцхүү Шивээговь сумын иргэдэд ашигтай бус Монгол Улсын ирээдүйд багагүй хэмжээний хувь нэмэр оруулах томоохон хэмжээний төсөл юм. Бид эрх орондоо өөрийн байгалийн баялгийг боловсруулсанаар нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад экспортлох нь Монгол Улсад байгалийн баялгийг түүхийгээр нь гаргаснаас хамаагүй их ашигтай бөгөөд улсад их хэмжээний татварын орлого орж эдийн засагт том хувь нэмэр болох учир төрөөс бидний үйл ажиллагааг дэмжин холбогдох зөвшөөрлүүдийг гарган өгч бид одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

14.  Иймд Шивээговь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр хууль бус захиргааны акт биш, нутгийн ард иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15.  Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

16.  Нэхэмжлэгч А.Б нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийн 1 дэх заалтын “...2 дугаар багт 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх” хэсэг болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөнө, малын бэлчээрийн газаргүй болсон” гэж тодорхойлжээ.

17.  Маргаан бүхий захиргааны актаар Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан, улмаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явуулахаар, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуудлага худалдааны ялагч “С” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.

18.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар захиргааны акт хууль бус болохын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учиртай. Нэхэмжлэгч нараас “орон нутгийн иргэдийн эрх зөрчигдсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд төлөөлж байгаа, нийт бэлчээр ашиглах, байгаль орчны тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хөндөгдсөн” гэх мэтээр маргаж байгаа учир тус бүрд нь дүгнэлт өгөх нь зүйтэй.

19.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гэж, 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн “сумын иргэдийн эрхийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа” гэх тайлбар нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

20.  Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нар иргэнийхээ хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ заавал бусад иргэнтэй нэгдэж нийтийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээдээр нэхэмжлэл гаргуулан хамгаалах хязгаарлалт хуульд байхгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь маргааны үйл баримтад нийцэхгүй байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь “нийт сумын иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарлаж байжээ.

21.  Харин Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, 73.1.2-т “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан хэрэглэхэд, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байуулалтын төлөвлөгөөг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  хөндөгдөж болзошгүй этгээдүүдийн хүрээнд сонсох ажиллагаа явуулах байсан, энэ үүргээ биелүүлээгүй буруутай байх боловч энэхүү шийдвэр гаргах алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй болох нь тогтоогдохгүй байна.

22.  Тодруулбал, анхан шатны шүүхээс нотлох баримтаар нэхэмжлэгч иргэдийн оршин суугаа хаягийн лавлагааг шаардсан байх бөгөөд уг лавлагаагаар нэхэмжлэгч иргэд нь 2-р баг, 21-р зөрлөгт оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч иргэд нь маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд биш тул тухайн тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаас өмнө хариуцагч захиргааны байгуулагаас эдгээр нэхэмжлэгч нарыг хамруулсан сонсох ажиллагаа хийх үүрэг хүлээхгүй юм.

23.  Учир нь, 1-р хавтаст хэргийн 154-р талд авагдсан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 21-р зөрлөгийн баруун талд Хаялага нуур орчимд байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын зураг”-аас үзэхэд, уг маргаан бүхий газар нь үйлдвэрлэлийн бүс буюу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай, төмөр замын зурвас бүхий нутаг дэвсгэрт хамаарч байх тул нэхэмжлэгчийн “бэлчээрийн газар байсан, мал бэлчээх боломжгүй болсон” гэх үндэслэл няцаагдаж байна. Ийм учраас давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхтэй холбоотой нэмж цуглуулах нотлох баримт байхгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжтой байсан, анхан шатны шүүхээс Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэглэсэн нь буруу бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах журмыг Захиргааны ерөнхий хуулиар тодорхой зохицуулсан учир илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэхээр байна.

24.  Мөн, нэхэмжлэгчээс “...эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөнө” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн хүчингүй болгохыг хүсч буй гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж, дуудлага худалдаа явуулсан шийдвэрээс шалтгаалж, дээрх эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох “эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчны тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэртэй шууд холбоогүй, харин хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа буюу нүүрс боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд холбогдон үүсэх үр дагавар юм.

25.  Дээрхээс үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, захиргааны акт болон нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх шууд шалтгаант холбоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

26.  Давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгч иргэдийн /хурлын төлөөлөгчийн аль алиных нь хувьд/ ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаах тодруулах” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч А.Б нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон байдал нь төлөөлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

27.  Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0194 дүгээр магадлалыг хүчингүй болгож,  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2019/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ