Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-19
Дугаар 220
Хэргийн индекс 118/2019/0002/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ц.С
Хариуцагч З аймгийн Н сумын ЗДТГД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Ш.Б
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Нөмрөг сумын

Засаг даргын Тамгын газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг,

                                                     Г.Банзрагч,

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах, зардал, тэмдэгтийн хураамж гаргуулах,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0240 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ыг оролцуулж,

Нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах” тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.С-г Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийн ажилгүй байсан болон бага цалинтай ажил эрхэлж байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 5291307 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцон, зохих бичилтийг хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн шүүхэд хандахад гарсан зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0240 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч Ц.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн тушаалыг хүчингүй болгох боломжгүй, үр дүнд нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж дүгнэлт хийсэн нь буруу юм.

4.  Давж заалдах шатны шүүх Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар бүхий хэрэгт авагдаагүй тушаалыг энэ хэрэгтэй хэрхэн холбогдуулж үнэлж дүгнээд байгаа нь ойлгомжгүй.

5.  Анхан шатны шүүхээс Нөмрөг сумын засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгон түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь зөв зүйтэй болсон гэж үзэхээр байна.

6.  Мөн хэрэгт авагдсан Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.С-г 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон, харин 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар тодорхой шалтгаангүйгээр ажлаа таслан ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалууд нь хуурамчаар үйлдэгдсэн, уг тушаалуудыг надад танилцуулаагүй, дээрх тушаалуудыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг хийгээгүй, тушаал гарсан талаар нэхэмжлэгч надад мэдэгдээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

7.  Мөн Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлыг албан ёсоор хүлээлцүүлээгүй, уг ажил үүргийг хүлээлцсэн талаар ямар нэгэн баримт байхгүй, дээрх орон тоонд миний бие ажиллаагүй учир Б/17 тушаалаар миний зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

8.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

9.  Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах” тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба энэхүү захиргааны актыг Завхан аймаг дах Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Илт хууль бус шийдвэр” болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Дээрх төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэртэй хариуцагчийн зүгээс маргаагүй. Тиймээс Завхан аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоол эрх зүйн үйлчлэлтэй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Апбан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах тухай” Б/10 дугаар тушаал хүчин төгөлдөр бус буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тул нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.

10.  Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч ажилдаа ирээгүй тул ажлаас халах шийдвэр гаргасан.

11.  Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын хүрээнд дээрх шаардлагыг гаргах боломжгүй. Учир нь маргаан бүхий захиргааны актын хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудал яригдахгүй, албан тушаал бууруулсан шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгч нь тухайн албан тушаал буурсан ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд цалингийн зөрүүний асуудал л яригдана. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд цалингийн зөрүү нэхэмжилсэн шаардлага байхгүй.

12.  Дээрх шаардлагуудын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны байгууллагын шийдвэр байхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах тухай” Б/10 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй хүчингүй захиргааны акт бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол биш юм. Мөн нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргах боломжгүй байна.

13.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулаагүй байна гэжээ. Гэвч нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нэгэнт сэргэхгүй нь тодорхой буюу эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт байдаг. Иймээс хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгуулахаар шүүхэд хандах боломжгүй, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах шаардлага нь маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үр дагавар биш тул дахин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Өөр захиргааны акттай нэхэмжлэгч нь маргаагүй шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

14.  Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу үнэлсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16.  Нэхэмжлэгч Ц.С нь Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах, шүүхийн зардал, тэмдэгтийн хураамж төлүүлэх шаардлага гаргасан байх бөгөөд маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг “Мал эмнэлгийн үржлийн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлж, гэрээт ажилтнаар томилж” шийдвэрлэсэн байна.

17.  Гэвч энэхүү тушаалыг тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан “Илт хууль бус” шийдвэр болохыг тогтоожээ.

18.  Энэ дагуу хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга нь дээрх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Ц.С-г “мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн томилсон байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг  хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн эрхийг сэргээснээр дээрх тушаалын үр дагавар дуусгавар болжээ.

19.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн хүчингүй болгохыг хүсч буй захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байх шаардлагатай.

20.  Гэтэл тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсч буй 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаартай тушаал нь эрх зүйн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нөлөөлөл дууссан, шүүхээс хүчингүй болгох эрх зүйн бодит нөлөөлөлтэй захиргааны акт байхгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгов.

21.  Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байгааг анхаараагүй, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

22.  Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасныг хариуцагч биелүүлээгүй буруутай гэж үзлээ.

23.  Тодруулбал, хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар “...Ц.С нь тодорхой шалтгаангүйгээр ажлаа таслан ажилдаа ирээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн   байх боловч нэхэмжлэгчид уг тушаалыг гардуулаагүй, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, иймээс нэхэмжлэгч уг тушаалтай холбогдуулан ач холбогдолтой цаг хугацаанд нэхэмжлэл гаргаж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн өөрийн эрх зөрчигдсөн шийдвэртэй холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаагүй шалтгаан нь дээрх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалсан байх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр тушаалтай холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах замаар уг  актын хууль зүйн үндэслэлийг хянуулах бүрэн боломжтой гэж үзлээ.

24.  Түүнчлэн нэхэмжлэгч нь бууруулсан албан тушаал буюу гэрээт ажилтны албан тушаалын чиг үүрэг хэрэгжүүлж байсан тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох цалин, хөлснийг зөрүүг тодорхой болгож, холбогдох хууль бус тушаалын улмаас үүссэн хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

25.  Давж заалдах шатны шүүхээс “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийхгүй тухай заалтад нийцээгүй, нэгэнт нэхэмжлэгчийн хүчингүй болгохыг хүссэн захиргааны актын үр дагавар арилж, захиргааны байгууллага өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, шинээр захиргааны акт гаргаж, эрх зүйн өөр үр дагавар үүссэн байгааг анхаараагүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд дахин цуглуулах нотлох баримт байхгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байна.

26.  Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шийдвэрийг хэвээр үлдээх гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0240 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн  Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ