Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-19
Дугаар 218
Хэргийн индекс 128/2018/1004/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч НЗД ТГД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0227 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Б-ийг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т холбогдуулан гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0227 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 гэсний ард 107 дугаар зүйлийн 107.1 гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт хариуцлага тооцохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

4. Жагсаал цуглаан хийх болсон тул бүртгүүлэх хүсэлтээ өгсөн боловч системд оруулахгүй байгаа, өргөдлөө хаана хэрхэн шийдвэрлэгдэж байгааг мэдэх боломжгүй байгаа асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т гомдол гаргасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад тухайн өдрөө хуулийн хэлтсийн дарга А.Д-д, харин А.Д нь хэлтсийн мэргэжилтэн Ц.И-д хариу бэлдэхийг үүрэг болгосон байдаг.

5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн 07/3476 тоот Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д-ын гарын үсэгтэй албан бичгээр жагсаал цуглаан хийх хүсэлт шаардлага хангахгүй байх тул уг хүсэлтийг хангах боломжгүй тухай хариу ирсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж өргөдөл, хүсэлт гаргасан боловч мэдээлэл нь smartcity.mn цахим сүлжээнд бүртгэгдэхгүй, мэдээллийг оруулахгүй байгаа тухай гомдол гаргасан болохоос жагсаал цуглаан бүртгүүлэх хүсэлт гаргаагүй юм.

6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Д, мэргэжилтэн Ц.И нарын үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “...Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, мэргэжилтэн Ц.Ижилмөрөн нарт арга хэмжээ авах, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” тухай гомдлыг гаргасан.

7. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж байгаа явдал юм. 

8. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

10.  Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг даалгах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр жагсаал зохион байгуулахыг бүртгүүлэх тухай өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, удаа дараагийн өргөдлийг цахим бүртгэлд бүртгээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох” гэж тодорхойлж байна.

11.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0554 дүгээр шийдвэрээр Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй болохыг тогтоолгох, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, жагсаал цуглаан хийхийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байсан бөгөөд дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь нэхэмжлэгчийн “2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр жагсаал цуглаан хийхээр бүртгүүлэх” тухай 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэлд захиргааны байгууллага шийдвэр гаргаж, хариу өгөөгүй нь хууль зөрчсөн болохыг тогтоож, уг жагсаалыг бүртгэх эсэх талаар холбогдох шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж байжээ.

12.  Энэхүү үйл баримт нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой буюу нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болох жагсаалыг бүртгүүлэх тухай мэдэгдлийг шийдвэрлэж, хариу өгөөгүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа алдаатай байсан болохыг тогтоосон байна.

13.  Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”  гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр захиргааны байгууллагын шийдвэр эрх зүйн зөрчилтэй болох нь тогтоогдсон, иймээс алдаатай шийдвэр гаргасан захиргааны албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтнаас гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй нэхэмжлэл үндэслэлтэй юм.

14.  Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “захиргааны шийдвэр зөрчилтэйд тооцогдсон талаар тухайн захиргааны байгууллагын эсхүл дээд шатны захиргааны байгууллагын, түүнчлэн шүүхийн шийдвэр байхгүй байна” гэж маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг буруу үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчжээ.

15.  Хариуцагчийн “нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, гомдлын хариуг авсан” тухай тайлбар үндэслэлгүй, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх” урьдчилсан нөхцөл үүссэн байхыг шууд шаардахгүй, харин уг шийдвэр гаргах ажиллагааны оролцогч гомдол гаргаснаар эхлэх урьдчилсан нөхцөлтэй байна. Учир нь эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцсоноор нэхэмжлэгчийн эрх сэргэх үр дагавар үүсэхгүй, ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг хэрэглэхдээ урьдчилсан нөхцлийг “эрх зүйн зөрчилтэй акт гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол гэм буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх” гэж тодорхойлжээ.

16.  Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх зохицуулалтад заасан “хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага”-ын харилцаа нь тухайн шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нь гомдол гаргаснаар эхлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-т “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн эрх сэргэсэн байхыг заавал шаардахгүй. 

17.  Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэх эсэхийг шийдэх эрх Засаг даргад хадгалагдаж байгаа, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Засаг даргын ажлын алба нь Засаг даргын тамгын газар байх бөгөөд иргэний өргөдөл гомдлыг зохих журмын дагуу хуулийн хугацаанд бүртгэн авч, үндэслэл бүхий шийдвэр гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, холбогдох баримтыг бүрэн цуглуулах нь төрийн захиргааны албан хаагчдын үүрэг болно.

18.  Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0554 дүгээр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нар ямар үүрэг хүлээсэн, ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт тусгагдсан аль үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагааны ямар алдаа гаргасан болохыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шалган тогтоож, уг зөрчилд тохирсон хариуцлага тооцохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

19.  Харин Захиргааы ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтанд ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь захиргааны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал болохыг тэмдэглэв.

20.  Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0227 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хангаж, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ