Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 228
Хэргийн индекс 128/2018/0854/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Д.З
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Д.Згийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр,

нийгмийн хамгааллын сайдад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг

Шүүгчид: Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаар хангаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажлаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх бичилт хийлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0146 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0259 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч Д.Згийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0146 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Зг ажлаар хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу өөр ажлаар хангахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинд 4694293 (дөрвөн сая зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ерэн гурав) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад тус тус даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0259 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Згийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаар хангаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажлаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0259 дүгээр магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж ажил олгогчид үүрэг болгосон, хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан заавал биелэгдэх шинжтэй заалт байхад уг заалтыг хэрэглээгүй учир, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хохироосон шийдвэр гаргасан.

5. Давж заалдах шатны шүүх хуулийн ямар нэгэн заалт, үндэслэл бичилгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтын дагуу нэхэмжлэгчид ажил олж өгөхийг шүүхийн журмаар хариуцагчид даалгах үндэслэлгүй гэжээ. Чухам ямар ажлаар хангахыг даалгах боломжгүйгээс шүүхийн шийдвэр үл биелэгдэх магадлалтай гэж заасан нь хуулийн үндэслэлгүй. Учир нь, давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн заалтыг амьдралд хэзээ ч хэрэгжихгүй, хий хоосон заалт болгон хувиргаж тайлбарлаж байна. Хэрвээ тийм л хэрэгжихгүй заалт юм бол Улсын Их хурлаас хууль батлан гаргах нь үнэ цэнэгүй болж байна.

6. Мөн намайг эрх зүйн байдлын хувьд тухайн албан тушаалд жинхлээгүй буюу түр томилогдсон ... гэх зэргээр ямар ч үндэслэлгүй, миний нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйлүүдийг бичиж шүүх хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой байсныг зөрчсөн. Нэхэмжлэгч би хуулийн дагуу ажилд томилогдсон юм. Тухайн ажил албан тушаалд томилогдоод тодорхой хугацааны дараа сонгон шалгаруулалт явагддаг журамтай байдаг. Үүнд иргэн миний буруу байхгүй билээ.

7. Мөн магадлалд: нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон тоо гарсан тохиолдолд Д.Зг бололцооны ажлаар хангах шаардлагатай болохыг тэмдэглэв гэж заасан байна. Энэ заалтаас харахад, давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм шиг харагдаж байгаа атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Орон тоо гарсан тохиолдолд ажлаар ханга гэсэн хуулийн заалт байхгүй. Тэгээд ч орон тоо хэзээ хэдэн онд гарах нь мэдэгдэхгүй, хэзээ биелэгдэх нь тодорхойгүй тэмдэглэл гэх зүйл магадлалдаа бичиж байгаад гомдолтой байна.

8. Иргэн би Төрийн байгууллагад 25 жил идэвх зүтгэлтэй амжилттай ажилласан. Одоо би ажилгүй болж хохирч явна. Би Төрийн албан хаагч 4000 хөтөлбөрийн хүрээнд орон сууцны 8 хувийн хүүтэй 38 сая төгрөгийн зээлтэй юм. Энэ зээлээ төлж чадахгүйд хүрч байгаа, цалин орлогогүй болсон ... зэргээр их хохирч байна.

9. Хуулийн заалт тэр л бичигдсэн байдлаараа хэрэгжих ёстой гэж үзэж байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй, хуулийг тайлбарлаж байна гэдэг нэрийдлээр үндэслэлгүй зүйлүүд бичиж хүний эрхийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж  заалдах  шатны  шүүхийн  магадлал  хууль  ёсны  бөгөөд  үндэслэл бүхий байна.

11. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4-ийн дагуу төрийн “үйлчилгээний” удирдах албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 /2019 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3./-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, ... бусад актаар тогтооно” гэсний дагуу түүний хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

12. Иймд, маргаан бүхий акт болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах:  36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”; 37 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл: 37.1.5 “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон”; гэсэн хуулийн зүйл, заалт болон холбогдох шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.Зг үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

13. Учир нь, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан П.Оыг халж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Зг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч П.О нь шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон тул түүнийг эгүүлэн томилох зорилгоор нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зүйл, заалтад нийцсэн гэж үзнэ.

14. Ийнхүү ажлаас буруу халагдсан ажилтан эгүүлэн тогтоогдох тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсний дагуу үүрэг хүлээх боловч энэхүү зохицуулалт нь сул эсхүл шинээр орон тоо гарсан нөхцөлд хэрэгжих боломжтой юм. Тодруулбал, ажил олгогч буюу хариуцагчийн хувьд сул юмуу шинэ орон тоо гараагүй нөхцөлд өөр хэн нэгний ажиллаж буй албан тушаалд нэхэмжлэгчийг шууд томилох боломжгүй юм.

15. Гэтэл энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд түр томилогдсоноос гадна ямар ажил, албан тушаал сул чөлөөтэй, эсхүл шинээр бий болсон нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх “бололцооны өөр ажлаар хангахыг хариуцагчид даалгаж ...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16.  Иймд, “хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэсэн агуулга бүхий /Тодорхойлох хэсгийн 4-5, 7-9/ нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

17. Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлдэг тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “түр томилогдсон” эрх зүйн байдлын талаар дүгнэлт хийсэн нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан” гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй /Тодорхойлох хэсгийн 7/.   

18. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс “Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон тоо гарсан тохиолдолд Д.Зг бололцооны ажлаар хангах шаардлагатай болохыг тэмдэглэв” гэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч энэхүү үүргийг анхаарах нь зүйтэй.

19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0259 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ