Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 240
Хэргийн индекс 118/2018/0029/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Ц.О
Хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Ц.Огийн нэхэмжлэлтэй, Завхан

аймгийн Эрүүл мэндийн газрын даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Ц.Од сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0243 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ж нарыг оролцуулан,

Хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.11.6-д заасныг баримтлан Ц.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Ог Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0243 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0243 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.21, 16.5, 15.22 хэсэгт урамшуулал нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр заасан учир төлөөлөн удирдах зөвлөл нь Завхан аймаг төдийгүй Монгол улсад нэг ч газар байгуулагдаагүй албан тоотыг Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1655 тоот албан бичгээр ирүүлсэн байгаа учраас анх томилсон албан тушаалтан нь чөлөөлсөн, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд нь зөв байна гэж үзэхээр байна. Улсын хэмжээнд 5 аймагт хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон сумын нэгдсэн эмнэлэг байдаг үүний томилгоо нь тус аймгийн эрүүл мэндийн газрын дарга томилж чөлөөлдөг.

5. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэсний дагуу Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О нь Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм.

 6. Төрийн үйлчилгээний албан тушаалтантай хамаарах, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой, сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу Иргэний хэргийн шүүхэд харьяалах маргаан байхад Захиргааны хэргийн шүүх хүлээн авч илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

7. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн харьяаллыг зөв тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

9. Учир нь, шүүхүүд маргаан бүхий актууд болох Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг “илт хууль бус” хэмээн дүгнэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг алдаа гаргажээ.

10. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.О нь Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан ба тус даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, улмаар мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ажлаас халагдсан байх бөгөөд шүүхүүд эдгээр маргаан бүхий актуудыг “хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж гаргасан” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцсон нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч Ц.О нь анх тухайн албан тушаалд хариуцагч Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогдсон бөгөөд түүнийг томилсон албан тушаалтан нь сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан байна.

10.2. Бодит байдал дээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг нь нэхэмжлэгчийг ажилд томилогдох үед ч, мөн түүнийг чөлөөлөх үед ч /одоо ч/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “Төлөөлөн удирдах зөвлөл”-гүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.

10.3. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ”; 16 дугаар зүйлийн 16.5-д “Энэ хуулийн 16.7.1-д[1] заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна” гэсэн бөгөөд энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн “урамшуулал”, 15.22[2] дахь хэсгийн “урамшууллын жишиг” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөл ажиллах боломжгүй тул хуулийн эдгээр зүйл, заалтын үйлчлэх хугацаагаар зөвлөлийн үйл ажиллагаа тодорхойлогдох үндэслэлтэй.

11. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх бодит нөхцөл байдал болон холбогдох хуулийн зохицуулалтын уялдаа холбоог харгалзалгүйгээр хариуцагчийг буруутган маргаан бүхий актуудыг гаргах эрх хэмжээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

12. Нөгөөтэйгүүр, хэрэв хариуцагч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нэхэмжлэгчийг чөлөөлөх/халах эрхгүй” гэж үзэж байгаа бол мөн хуулийн зүйл, заалтаар түүнийг томилох ч эрхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй байна.

13. Нэгэнт шүүхүүд маргаан бүхий актуудын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй, зөвхөн “эрх хэмжээгүй этгээд гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бусад тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгож, маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй юм.

14. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, гэхдээ энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болохгүй, түүнчлэн энэхүү маргаан нь хэдийгээр төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой боловч нэгдсэн эмнэлгийн дарга нь төсвийн шууд захирагчийн эрх, үүрэгтэй, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдож, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлдэг учир захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэйг дурдах нь зүйтэй. Иймээс “шүүхийн харьяаллыг зөв тогтоож өгнө үү” гэсэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0243 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ


[1] 16.7.Эмнэлгийн захирал дараахь нийтлэг үүрэгтэй байна:

16.7.1.төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах;

[2] 15.22.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.