Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 236
Хэргийн индекс 128/2018/0632/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ц.Н
Хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Улсын Их Хурлын Тамгын газрын 

Ерөнхий нарийн бичгийн даргад

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Л.Атарцэцэг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “... Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”,

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0258 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ц.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16,939,194.6 /арван зургаан сая есөн зуун гучин есөн мянга зуун ерэн дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0258 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Гадаад харилцааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 4-т “хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Тамгын газрын дүрэм, журмын хэрэгжилтийг хангах”, 4.3-т “хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон тайлан, бусад баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх” гэсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байсан нь харагдаж байна гэж дотоод аудитын албанаас дүгнэсэн байдаг.

4. Энэ нь нэхэмжлэгч Ц.Н-ийн ажил албан тушаалаа эрхэлж байсан үеийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд гарсан дүгнэлт юм.

5. Шүүхийн шийдвэрт холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж, албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолт, шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсныг албан тушаал бууруулахад хамаатуулан авч үзэж дүгнэсэн нь буруу юм. Энэхүү өөрчлөлт нь Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н-ийг албан тушаал бууруулах үндэслэл болоогүй билээ.    

6. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүх шийдвэр гаргахдаа илтэд мушгин гуйвуулж, шударга бусаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Гаргасан шүүхийн шийдвэртэй танилцахад шүүх хуралдааны явцад хангалттай үндэслэлийг тайлбарлаж, нотлох баримтыг шинжлэн судлуулсаар байтал огт харгалзан үзэлгүй илт нэг талыг барьж гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

7. ... Аудитын дүгнэлт гаргасныг холбогдох албан тушаалтнуудад тухай бүр танилцуулсан байна. Иймд Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон Ц.Н-т захирамж, дотоод аудитын дүгнэлтийг танилцуулж, сонсох ажиллагаа хийсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлийг гарын үсэг зуруулсаар байтал сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Тэрээр уг дотоод аудитын тайлантай бүрэн танилцаж, хуулбарлан хүртэл авсан байгаа.

8. Энэхүү өдөр түүнд албан ажлын үнэмлэхийг олгож хурууны хээг бүртгэлд оруулсан.  Ц.Н нэгэнт ажил, албан тушаалд томилогдсон тул түүний ажиллаж байх хугацаанд нь хийсэн дотоод аудитын дүгнэлтийг танилцуулах нь захиргааны байгууллагын үүрэг.

9. Иймээс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц, дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Б, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Сургалт хүний нөөцийн албаны ахлах референт Б.П нар байлцаж, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Н-т Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг танилцуулсан.

10. Дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж Захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулсан.

11. Шүүхээс Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланг үнэлж үзээгүйгээр барахгүй гүйцэтгэлийн аудитын хийсэн холбогдох албан тушаалтыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг огт харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна.

12. ... Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт ач холбогдол бүхий Ц.Н-ийн удаан хугацаагаар цалинтай чөлөө хүссэн өргөдлийг хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч огт харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

13. Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н-ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалт огт хамааралгүй юм.

14. Өөрөөр хэлбэл захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь сахилгын шийтгэлтэй хамаатуулж шийдвэрлэсэнтэй огт санал нийлэхгүй байна.

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үндэслэлд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсныг сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

16. Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н-ийг албан тушаал бууруулсан болохоос ажил, албан тушаалаас чөлөөлсөн, халсан зүйл байхгүй бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15/774, 6 дугаар сарын 08-ны өдрийн 15/991, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1874 дүгээр албан бичгээр төрийн ажил үүргийг цалгардуулахгүйгээр албан үүргээ гүйцэтгэж, энэ хугацаандаа гомдлоо шийдвэрлүүлэхийг удаа дараа мэдэгдсэн.

 17. Ц.Н нь мэдэгдлийг биелүүлэхгүйгээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай хүсэлт гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2018/5828 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШТ2018/0679 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.

18. Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг бүрэн хэрэгжүүлэхэд хүн хүчний дутагдал үүсч, хэлтэс үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл үүсэж байгаа талаар хэлтсийн удирдлагаас удаа дараа мэдэгдсээр ирсэн.

19. Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас 3 сарын цалинтай чөлөө олгож өгөх хүсэлт гаргасныг Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 1 сарын цалинтай чөлөө олгосон. Иймээс Ц.Н нь шинжээчийн албан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

20. Түүний чөлөөний хугацаа дуусаагүй байхад, чөлөө хүссэн шалтгаан нөхцөл арилсан байхад ажилдаа ороогүй. Ц.Н-ийг ажлаас халаагүй, цалин хөлс олгохгүй байх талаар ямар нэгэн шийдвэрийг байгууллагаас гаргаагүй.

21. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин олгоно”, Улсын Их Хурлын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д “ажилд ирсэн, ажлаас явсан цагийг баг бүртгэлийн төхөөрөмжид хурууны хээгээр таниулна”, 4.4.2-д “захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсээс цаг бүртгэлийг сар бүрийн 20-ны өдрийн дотор гаргаж, хэлтсийн дарга нарт танилцуулан баталгаажуулснаар нягтлан бодогч цалинг тооцож олгоно” гэж тус тус заасан байдаг.

22. Өөрөөр хэлбэл албан тушаалаа хэрэгжүүлсэн тохиолдолд ажлын цагийн бүртгэлийг үндэслэн цалин, хөлсийг аль ч байгууллага олгодог. Гэтэл албан үүргээ огт хэрэгжүүлээгүй, хуруугаар огт бүртгүүлээгүй мөртлөө цалин хөлс авна гэж нэхэх нь шударга ёсонд нийцэхгүй байна.

23. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 168 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 258 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

24. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэдгийг тухайн ажилтан албан тушаалаасаа халагдсан, чөлөөлөгдсөн, шилжүүлсэн, бууруулсан зэргээр урьд гүйцэтгэж байсан ажил, албан тушаалаа эрхэлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг нэгтгэн ойлгоно” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

25. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийхийг даалгах” гэж тодорхойлсон ч шүүхээс Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч Ц.Н нь албан тушаал бууруулах захирамжийг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчиж байна гэж үзвэл Гадаад харилцааны хэлтсийн шинжээчийн албан тушаал дээрээ ажиллангаа шүүхэд нэхэмжлэл гарган маргаанаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Үүнтэй холбоотойгоор түүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээ, хязгаар, хүрээ яригдах учиртай. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 “ажпаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Албан тушаал бууруулах тухай харилцаа бол энэхүү хэргийн тухайд зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн жинхэнэ албан хаагчид үйлчлэх онцлог харилцаа.

26. Эндээс дүгнэвэл, ажлаас үндэслэлгүй халагдсан /чөлөөлөгдсөн/ тохиолдолд л ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хуулийн заалттай бөгөөд Ц.Н-ийн хувьд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзнэ.

27. Мөн Ц.Н-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дахь шаардлага ч өмнө дурдсанчлан түүний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх шаардлагатай хамтад нь авч үзэх харилцаа юм. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд Ц.Н-ийг ажлаас буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй тул түүнд Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 2, 3 дахь шаардлага ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэгт хамаарна.

28. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт ач холбогдол бүхий Ц.Н-ийн удаан хугацаагаар цалинтай чөлөө хүссэн өргөдлийг хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Н 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас чөлөө хүссэн өргөдөл гаргаснаа хүлээн зөвшөөрдөг.

29. Өөрөөр хэлбэл, Ц.Н өөрийг нь албан тушаал бууруулж байгааг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдсэнийхээ дараа, нэг хоногийн дараа 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3 сарын цалинтай чөлөө хүссэн өргөдөл гаргаж байна гэдэг бол албан тушаал бууруулсан захирамжийг үйлдлээрээ зөвшөөрсөн гэсэн үг. Тэгээд ч түүнд шинжээчийн албан тушаалынх нь 1 сарын цалинтай чөлөө олгох шийдвэр гарч уг цалин хөлсийг Ц.Н хүлээж авсан байдаг.

30. Хариуцагч захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчөөгүй, харин ч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр захиргааны шийдвэр гаргахаасаа өмнө оролцогчид түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаагаа урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагааг хийж, асуух зүйл байгаа эсэхийг тодруулахад тэрээр асуулт байхгүй гэдгээ илэрхийлсэн нь “Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргад захирамж, дотоод аудитын дүгнэлт танилцуулсан хурлын тэмдэглэл”-ээр нотлогддог. Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлсэн төдийгөөр биөлүүлсэн үү үгүй юу гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгасны дараа тогтоогдох харилцаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэж, түүнийг нь буруутгах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд нийцэхгүй дүгнэлт болсон.

31. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0258 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

32. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдох хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай (2002),  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

33. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжаар “... өөр албан тушаалд шилжин ажиллах болсон” гэх үндэслэлээр Ц.Н-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн, уг шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 285 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, Ц.Н-ийг урьд эрхэлж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 378 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 350 дугаар тогтоолоор уг шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

34. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаар захирамжаар “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 350 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 04/574 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн” Ц.Н-ийг Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон, мөн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 211 дүгээр захирамжаар “... ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр Ц.Н-ийн албан тушаалыг бууруулж, Гадаад харилцааны хэлтсийн “шинжээч”-ийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

35. Хариуцагч уг тушаалын үндэслэлээ “...Ц.Н-ийн 2013-2016 оны үйл ажиллагаанд Дотоод аудитын албанаас гүйцэтгэлийн аудитыг хийсэн, аудитын дүгнэлтээр гадаад харилцааны хэлтсийн дарга нь үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Тамгын газрын дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон” гэж, нэхэмжлэгчээс “...шүүхийн шийдвэр албадан биелүүлэх журмаар намайг буцаан томилоод маргааш нь албан тушаал бууруулах захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй, ... намайг ажиллаагүй үед хийсэн гэх аудитын шалгалт,  дүгнэлтийг үндэслэн, ажлаа хүлээж аваагүй байхад албан тушаалыг бууруулах захирамж гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргажээ.

36. Төрийн албаны тухай (2002) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн ... /төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох/”-оор заасан, төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай эсхүл хангалтгүй биелүүлсэн эсэхийг түүний үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг эрх бүхий этгээдээс дүгнэсэн үнэлэлтийг үндэслэж, шүүх дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

37. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, үр дүн, хэлтсийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, дотоод хяналтын орчинтой танилцаж, үнэлэлт дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх замаар хэлтсийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” зорилгоор тус хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэлийн аудит хийсэн, уг гүйцэтгэлийн аудит нь нэхэмжлэгч Ц.Н-ийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа, ажил үүргээ гүйцэтгээгүй байх хугацаанд хийгдсэн, энэ үйл баримттай талууд маргаагүй тул өөрийг нь оролцуулаагүй, тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаагүй хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад гаргасан дотоод аудитын тайланг үндэслэж,  Ц.Н-ийн албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй,  энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Гадаад харилцааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 4-т “хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Тамгын газрын дүрэм, журмын хэрэгжилтийг хангах”, 4.3-т “хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон тайлан, бусад баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх” гэсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байсан нь харагдаж байна гэж дотоод аудитын албанаас дүгнэсэн”, “... шүүх ... Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланг үнэлж үзээгүй” гэх зэргээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

38. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “... захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж заасан, хариуцагчаас өмнө нь “хууль бус” шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, түүнийг Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилоод, 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 211 дүгээр захирамжаар албан тушаалыг бууруулсан нь нэхэмжлэгч Ц.Н-ийг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

39. Нэхэмжлэгчээс Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын маргаан бүхий 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 211 дүгээр захирамжийг үл зөвшөөрч, хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн шүүхэд маргаан үүсгэсэн байх тул уг захирамжийн дагуу томилогдсон “шинжээч”-ийн албан тушаалд ажиллаагүй гэж буруутгах боломжгүй,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан, “...төрийн ажил үүргийг цалгардуулахгүйгээр албан үүргээ гүйцэтгэж, энэ хугацаандаа гомдлоо шийдвэрлүүлэхийг удаа дараа мэдэгдсэн байхад ... Ц.Н нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй, ... албан тушаалаа хэрэгжүүлсэн тохиолдолд ажлын цагийн бүртгэлийг үндэслэн цалин, хөлсийг аль ч байгууллага олгодог, гэтэл албан үүргээ огт хэрэгжүүлээгүй... мөртлөө цалин хөлс авна гэж нэхэх нь шударга ёсонд нийцэхгүй”, “... Гадаад харилцааны хэлтсийн шинжээчийн албан тушаал дээрээ ажиллангаа шүүхэд нэхэмжлэл гарган маргаанаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан ... шүүх Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх зэргээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

40. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын маргаан бүхий 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 211 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч Ц.Н нь Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Гадаад харилцааны хэлтсийн “шинжээч”-ийн албан тушаалд томилогдсон гэж үзнэ, уг захиармжийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Н-ийг урьд эрхэлж байсан “Гадаад харилцааны хэлтсийн дарга”-ын албан тушаалд эгүүлэн тогтоож байх тул түүний “ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.

41. Шүүхүүд нэхэмжлэгч Ц.Н-ийн “захиргааны чөлөө авсан”-тай холбоотой үйл баримтыг үгүйсгээгүй, шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхөн олговороос чөлөөтэй байх хугацаанд олгогдсон “шинжээчийн үндсэн цалинг хасаж тооцох боломжтой” талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн, захиргааны чөлөө авсан нь төрийн албан хаагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул “... шинжээчийн албан тушаалынх нь 1 сарын цалинтай чөлөө олгох шийдвэр гарч уг цалин хөлсийг Ц.Н хүлээж авсан, ... иймээс Ц.Н нь шинжээчийн албан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна.

42. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0258 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,  өмгөөлөгч Т.Б нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА