Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 238
Хэргийн индекс 128/2018/0639/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Н,У
Хариуцагч НЗД, БГД-ийн Засаг дарга, УБЕГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд А.Б, "Б" ХХК, "К" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Н.У-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Баянгол дүүргийн Засаг дарга,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Л.Атарцэцэг

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “К” ХХК, иргэн А.Б нарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Б-ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах”,           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0084 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0206 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О, гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, гуравдагч этгээд А.Б-ын өмгөөлөгч З.С нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0084 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/05 дугаар захирамжийн “К” ХХК, А.Бнарт, нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т, , нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б” ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-тхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Бнарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0206 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-тхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна.

4. Шийдвэрт дурдсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамж нь БНХАУ, Фу Жиэн, Шиа Мэн 36 1004 Шиа Хө зам №668 ССRЕ цамхаг 21 дүгээр давхарт байрлах “ХGМА” олон улсын худалдааны компаний нэхэмжлэлтэй, “Т ф” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гарсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гарсан захирамж байна.

5. Тухайн хэрэгт нэхэмжлэгч Н.У нь ямар нэгэн байдлаар оролцоогүй буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно. Уг хэрэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32016/09149 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор дуусгавар болсон болно.

6. Түүнчлэн дээрх газрын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/8390 дүгээр албан бичгээр сэргээхийг мэдэгдсэн байдаг.

7. Нөгөөтэйгүүр Н.У нь тухайн хэргийн оролцогч биш учир дээрх захирамжийн биелэлтийг хангуулах, эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр гомдол гаргах зэрэг эрхгүй бөгөөд “ХGМА” олон улсын худалдааны компани нь Н.У-т эрх олгосон итгэмжлэл, хуулийн хүчин төгөлдөр баримт байхгүй ба Н.У нь “Т ф” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй ямар ч хамааралгүй этгээд болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно.

8. Шүүхээс “...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар нийслэлийн Засаг даргын 2015 оны маргаан бүхий А/979 дүгээр захирамжийн А.Б-тхолбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв” гэжээ.

9. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө, түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” бол уг шийдвэрийг хүчингүй болгохоор байна.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/979 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг А.Б-тшилжүүлснээр “газрын тухай хуулийг зөрчсөн” болон “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.У-т тухайн байршилд газар эзэмших эрх үүсээгүй, хамааралгүй байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хуулъ бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

12. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагыг хуулиар тавьсан бөгөөд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжийн дагуу эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд үүний улмаас бий болж буй үр дагавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү байдлыг харгалзан үзэлгүйгээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

13. Харин нэхэмжлэгчид хамааралтай нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байж болзошгүй хэд хэдэн шүүгчийн захирамж, мөрдөн байцаагчийн тогтоол, прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан бөгөөд эдгээр захирамж, тогтоолоор эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Саппорогийн замын урд байрлах 8030/0065 тоот гэрчилгээтэй 830 м.кв газрыг А.Б-тшилжүүлсэн гэх баримт байхгүй юм.

14. Гуравдагч этгээд А.Бнь “Т ф” ХХК-аас дээрх газрыг шилжүүлэн авахдаа Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг газрыг шилжүүлэхэд ямар нэгэн байдлаар зөрчилтэй эсэхийг асууж тодруулсаны үндсэн дээр шилжүүлэн авсан. Тухайн үед Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ямар нэгэн зөрчилгүй шилжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн тул шилжүүлэн авч шударга эзэмшигч болсон бөгөөд тухайн газарт нилээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан.

15. Түүнчлэн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр барилгын материалуудыг худалдан авсан байсан ба захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг материалуудыг ашиглах боломжгүй болж, арматур төмрүүд зэврэх зэргээр ашиглалтын шаардлага хангахгүй болж ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

16. Хэрэгт авагдсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Баянгол дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлгээр тухайн газарт ямар нэгэн хориг тогтоосон зүйлгүй байсан талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

17. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болдог талаар хариуцагч тайлбарладаг. Гэтэл гуравдагч этгээд А.Б-ыг газрыг шилжүүлэн авах үед уг газрын мэдээллийн санд түдгэлзүүлсэн талаар бүртгэл хийгдээгүй байсан тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаас ирсэн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзэлгүйгээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

18. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0250 дугаар магадлалд дурдсан ...шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжууд хэрхэн биелэгдсэн, биелэгдсэн бол эрх нь сэргээгдсэн эсэхийг шалгаж тогтоох, ...дээр дурдсан шүүгчийн захирамжууд шүүхээс эрх бүхий байгууллагад хүргэгдсэн эсэх, тухайн захирамжуудыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн үйл баримтыг нарийн шалгаж, шаардлагатай бол үзлэг хийлгэх байдлаар тогтоох, ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/317 дугаар албан бичигт “Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаар тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн атлаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7/2790 дүгээр албан бичгээр дээрх 326 дугаартай тогтоолыг цахим системээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй, хэрэгт хамааралтай гэж үзсэн нотлох баримтуудыг цуглуулж, холбогдох дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ...зөрчжээ” гэж дүгнэжээ.

19. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх магадлалд дурдсан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх тогтоол нь захиргааны байгууллагуудад хүргэгдсэн эсэхийг “Монгол шуудан” ХК-иас тодруулж, холбогдох баримтууд хэрэгт авагдсан, мөн шүүгчийн захирамжуудад заасан үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг шүүгчийн захирамжаар сэргээсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус лавлагаа ирсэн болно.

20. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг биелүүлээгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

21. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах 830 мкв газар эзэмших эрхийг иргэн А.Б нь “Т ф” ХХК-аас шилжүүлэн авсан. “Т ф” ХХК нь Н.Э гэдэг хүний 100 хувийн эзэмшлийн 1 үүсгэн байгуулагчтай компани байдаг. Н.Э нь А.Б-аас 500.000.000 төгрөг зээлсэн бөгөөд Н.Э нь зээлээ төлж барагдуулах боломжгүй болсон тул маргаан бүхий газрыг шилжүүлсэн байдаг.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” гэж заасан байхад нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдорийн 6949 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 595 дугаар тогтоолооор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

23. Хэрэгт авагдсан баримтын дагуу барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдсон гэрээ хэлцэлтэй холбоотойгоор гарсан зардал хохирол нь 824.000.000 төгрөг бөгөөд үүнээс гадна газрын төлбөр, барилгын ажлын зураг төсөл хийлгэх, барилга барихад шаардагдах бүхий л зөвшөөрөл баримт бичгийг бүрдүүлэхэд нилээдгүй хэмжээний зардал гарсан болно.

24. Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан 3 жилийн хугацаанд газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа бөгөөд өмнө барьсан суурь энэ хугацаанд стандартын шаардлагад нийцэхгүй болох өндөр магадлалтай байна.

25. Түүнчлэн дээрх газар эзэмших эрхийг шилжүүлсэн төлбөрийн зөрүүд барьсан барилгаас 1000 м.кв газрыг “Т ф” ХХК-д олгохоор харилцан тохиролцсон байдаг.

26. Дээрх нөхцөл байдлуудаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс холбогдох баримтуудыг цуглуулсан, дахин дээрх баримтуудыг цуглуулсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэх хуулийн үндсэн нөхцөл уг баримтаар тогтоогдохгүй юм.

27. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0206 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.У-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

                 28. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтуудыг эцэслэн шалгаж, дүгнэлт хийгээгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон, давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь зөв байна.

29. Нэхэмжлэгч Н.Уээс шүүхэд хандан: “нийслэлийн Засаг даргын  2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “К” ХХК, иргэн А.Бнарт холбогдох хэсэг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-тхолбогдох хэсэг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-тхолбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-тхолбогдох хэсэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Б-ыннэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан, үндэслэлээ “... шүүх, цагдаагаас битүүмжилсэн байсан эд хөрөнгүүдийг ... /гуравдагч этгээд нарт/ шилжүүлсэн..., ... гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын шийдвэр хууль болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж маргажээ.

30. Уг маргааныг шийдвэрлэхэд, маргаан бүхий захиргааны актууд гарах үед эрх бүхий этгээдээс гаргасан, маргааны үйл баримтуудад холбогдох газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг аливаа байдлаар бусдад шилжүүлэхийг хориглосон, хязгаарласан шийдвэр хэрхэн биелэгдсэн эсэх нь чухал ач холбогдолтой, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

31. Тодруулбал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх (тухайн үеийн нэрээр)- ийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамжаар “Н.У, Э.Солонго нарын нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэгт холбогдох “үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа, тусгай зөвшөөрөл ... хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгож, тэдгээр хөрөнгийг хууль бус эзэмшлээс бүхэлд нь болон зарим хэсгийг чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт ... нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ... /зарим/ эрхүүдийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих хэлбэрээр эзэмшигч болон өмчлөгчийг өөрчлөхийг хориглохоор”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/00624 дүгээр захирамжаар “Н.У-ийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэбилэг, “Т ф” ХХК-нд тус тус холбогдох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт ... тус тусын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ... худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг ... тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаагаар ... /хариуцагч Б.Эрдэнэбилэг, “Т ф” ХХК-нд/  даалгаж” тус тус шийдвэрлэсэн,  уг захирамжууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

32. Түүнчлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар албан бичгээр дээрх 101/ШЗ2016/00624 дүгээр захирамжийг нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд, мөн өдрийн 206 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүлсэн талаарх болон, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Газрын албанд хандаж, “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжийг биелүүлэх мэдэгдэл”-ийг хүргүүлсэн, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2/11657 дугаар албан бичгээр “...2014 оны 1788, 2015 оны 0624, 2014 оны 9583 дугаар захирамжуудыг хүлээн аваагүй” гэх, мөн газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/18727 дугаар албан бичгээр “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан, ... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9583 дугаар захирамж тус газарт ирээгүй, ... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамж Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирсэн байна” гэх зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

33. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан зөрүүтэй нотлох баримтуудын талаар дахин шалгаж, нягтлаагүй, тухайлбал, “...2014 оны 1788, 2015 оны 0624, 2014 оны 9583 дугаар захирамжуудыг хүлээн аваагүй” гэх нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2/11657 дугаар албан бичгийг үндэслэж, “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлээгүй” гэх зэргээр дүгнэсэн нь “нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх” зарчимд нийцээгүй байна.

34. Иймд, гуравдагч этгээд А.Б-ынитгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.У-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх”-ээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0206 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд А.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

         ШҮҮГЧ                                                           Д.МӨНХТУЯА