Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-04-11
Дугаар 121
Хэргийн индекс 128/2015/0068/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “Грийтхангай майнинг” ХХК
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяа, Б.Чулуунцэцэг
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

 

“Грийтхангай майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр магадлалтай, “Грийтхангай майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяа, Б.Чулуунцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Грийтхангай майнинг” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 тоот актын тогтоох хэсгийн 1.1-д хувийн хэрэглээний зориулалттай худалдан авалтын дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 116507.9 мянган төгрөгөөр бууруулсан зөрчилд 11650.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алданги, нийт 20971.4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Манай компани 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Их үйлсийн эрэлд” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулан 79 м.кв 2 өрөө орон сууцыг канад технологиор тохижуулан тухайн үед Монгол улсад Канад улсын барилгын “Линвүүд Хөүм” компанийн салбар компани байгуулахаар төлөвлөн ажиллаж байсан боловч амжилтад хүрээгүй учир 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөрөнгө оруулагч миний бие компаниас авах ногдол ашиг болгон авсан.

Гэвч татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяа, Б.Чулуунцэцэг нар хувийн хэрэглээний зардал гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол учир нь тухайн компани худалдан авсан хөрөнгөө тодорхой хугацааны дараа ногдол ашигт шилжүүлсэн байхад татварын улсын байцаагч яагаад хувийн хэрэглээний зардал гэж үзээд байгааг ойлгохгүй байна.

Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлын шийдвэрийн гол үндэслэл нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 202 тоот албан бичгээр “УБЦТС”-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс авсан хэрэглэсэн цахилгааны төлбөрийн жагсаалтыг нотлох баримт болгосон байна. Тус компанийн захирал миний бие 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тухайн байрыг ногдол ашигтаа аваад компанийн балансаас хассан, хуримтлагдсан ашгийг бууруулсан, одоо өөрөө амьдарч байгаа гэдгээ тайлбартай бичиж өгсөөр байтал цахилгааны төлбөрийн баримтыг нотлох баримт болгоод хувийн хэрэглээний зардал, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т хувийн болон ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа гээд зүтгээд байгаа нь татвар хураах гэсэн санаа нь хэт давамгайлж хуулийг өрөөсгөл талаас авч үзэж байна.

Тухайн байрыг компани худалдан авсан нь мөнгө төлсөн баримт болон Монгол Улсын хуулийн этгээдүүд болох улсын бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байхад хувийн хэрэглээний зардал болгон харж тайлбарлаж байгаа нь тухайн байцаагчийн хувийн өшөө хорслоо гүйцээх гэсэн атгаг санаа өвөрлөж байна гэж би үзэж байна. Маргааны гол асуудал бол компани худалдаж авсан хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас ногдол ашигт тооцож хөрөнгө оруулагчид өгсөн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “ногдол ашигт өгсөн бараа материал, хөрөнгөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” гэсэн заалт байхгүй тул ногдол ашигт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй учир манай компани татвар төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 тоот актын тогтоох хэсгийн 1.1-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Чулуунтуяа, Ч.Мөнхтуяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хяналт шалгалтыг хийх явцад Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон “Баянмонгол хотхон” ХХК-д албан тоот явуулж лавлагаа авсан. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс “...Д.Золжаргалын худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна” гэсэн лавлагаа ирүүлсэн.

“Баянмонгол хотхон” ХХК-иас “...Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 180 тоот Д.Золжаргалын нэр дээр бүртгэлтэй болох нь үнэн болно” гэсэн лавлагаа ирүүлсэн. Татвар төлөгч тайлбар өгөхдөө “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа одоо гарахдаа компанийн нэр дээр гарна” гэсэн нь 2011 оны жилийн эцсийн тайлангаар компанийн хөрөнгөөс хасалт хийсэнтэй нийцэхгүй байна. Байранд тавилга авсан, засвар хийсэн зэрэг хувийн хэрэглээний зардлыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд буцаан авалтаар тусгаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 11650.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алданги, нийт 20971.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтад хамрагддаг ба энэхүү худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй гэдэг заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13.1.8, 14.7-д заасан зөрчилд тооцсон. Мөн хяналт шалгалтын хугацаанд уг байрандаа амьдарч байгаа нь тодорхойлогдсон тул тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараах бараа, ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ”, 14.4.3-т “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ”, 14.7-д “үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж тус тус заасныг үндэслэн зөрчилд тооцсон.

2011 оны жилийн эцсийн тайлангийн цөөнхөд ногдох хувь гэсэн үзүүлэлтэд тусгасан 153177.2 мянган төгрөгийн гүйлгээний задаргаа байхгүй хувьдаа шилжүүлсэн гүйлгээтэй холбоотой ямар ч баримт, тушаал шийдвэр байгаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж заасныг үндэслэн зөрчилд тооцсон. Бид хяналт шалгалтыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасныг баримтлан “Грийтхангай майнинг” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяа, Б.Чулуунцэцэг нарын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 тоот актын “Нэг”-ийн 1-д “2011 онд 116507.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 11650.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 104 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 дугаар актаар ногдуулсан 10312,9 мянган төгрөгийн торгууль, 10245,2 мянган төгрөгийн алданги, нийт 20558,1 мянган төгрөгийн хариуцлагаас “Грийтхангай майнинг” ХХК-ийг өршөөж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал нь хангалттай хугацаа байхад өөрсдийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэсэн байх боловч манай зүгээс 2015 оны 5 сарын 14-ний өдөр 15/128 тоот албан бичгээр тус шүүхэд хандаж нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг тавьсныг шүүх хангаж захирамж гаргасан боловч хүсэлтийн 3 болон 4-т заасан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдааныг хийж хэргийг хянан хэлэлцсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчиж шүүх хуулиар тогтоосон үүргээ биелүүлэлгүй манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Манай байгууллагын зүгээс татварын улсын байцаагч нар нь татварын улсын байцаагчийн акт тавихдаа хууль болон журамд заасан тодорхой үйлдлүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ байдал дараах үндэслэлээр нотлогдоно. Үүнд, 352975 тоот актад дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах тухай манай байгууллагын эрхийг дурдаагүй байх бөгөөд ганц татварыг нэн яаралтай нөхөн төлүүлэх талаарх асуудлыг тусгасан байна. Тухайн актыг гаргасан татварын улсын байцаагчийн энэ үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг болон Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулсан.

2. Татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяа нь дүүргийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх М.Дуламсүрэнд 2015 оны 10 сарын 06-ны өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байх бөгөөд энэхүү итгэмжлэлийг анхан шатны шүүх үндэслэн М.Дуламсүрэнг хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь манай байгууллага нь иргэн Ч.Мөнхтуяад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд дүүргийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч Ч.Мөнхтуяагийн гаргасан актад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх Ч.Мөнхтуяагийн М.Дуламсүрэнд иргэний хувиар олгосон итгэмжлэлийг үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 180 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоогоогүй байхад иргэн Д.Золжаргал нь хувийн хэрэгцээнд зориулан авсан байх тул гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д өмчлөх эрх хэрхэн үүсэх талаар тодорхой зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Золжаргалын хувийн өмчийн орон сууц гэсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Санхүүгийн жил дуусаагүй байхад буюу 12 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаж Д.Золжаргалд ногдол ашиг болгон шилжүүлсэн нь Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байгаа тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ногдол ашиг болгон шилжүүлсэн нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлийн хувьд өнөөдрийг хүртэл Грийт хангай майнинг” ХХК-ийн өмч хэвээр байгааг нотолж байна.

Эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоогоогүй байхад буюу хууль ёсоор өмчлөгч тогтоогдоогүй байхад эд хөрөнгийг хувийн зорилгоор авсан гэх хардлагын үндсэн дээр татвараас зугтсан буюу татварын хэмжээг буруулсан гэх үндэслэлээр акт тавьж байгаа нь хууль зүйн хувьд байх боломжгүй зүйл бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зарчмыг зөрчиж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Мөнхтуяа, Б.Чулуунцэцэг нар нь Татварын ерөнхий газраас олгосон татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Грийтхангай майнинг” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад “2011 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 116507.9 мянган төгрөгөөр бууруулсан; 2012 онд хуульд заасан хязгаарлалтаас хэтрүүлсэн томилолтын зардлын 10666.1 мянган төгрөгийг хасагдах зардалд тооцсон; үндсэн баримтаар нотлогдоогүй 2011 оны 23741.1, 2012 оны 2324.9 мянган төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хассан; 2011 оны 6273.0 мянган төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын, 37526.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн, 2012 оны 30259.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татваруудыг  тус тус  хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэх зөрчилд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 дугаар актаар 15324.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 10312.9 мянган төгрөгийн торгууль, 10245.2 мянган төгрөгийн алданги нийт 35882.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч “Грийтхангай майнинг” ХХК-ийн захирал Д.Золжаргал “2008 онд компанийн үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан орон сууцыг 2011 онд хөрөнгө оруулагч надад ногдол ашигт тооцон шилжүүлэн өгснийг хувийн болон ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа гэж хуулийг өрөөсгөлөөр тайлбарласан” гэж маргаж, тус актын нэгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Грийтхангай майнинг” ХХК-ийг төлөөлж захирал Д.Золжаргал нь 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Их үйлсийн эрэлд” ХХК-тай Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 180 тоотын 2 өрөө орон сууцыг 102621.0 мянган төгрөгөөр худалдан авахаар “орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, 8 дугаар сарын 16-ны өдөр төлбөрийг бүрэн төлж авсан, худалдаж авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг хасаж 96059.4 мянган төгрөгийн өртөгтэйгөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг компанийн 2011 оны 3 дугаар улирлын санхүүгийн балансын “бусад үндсэн хөрөнгө” хэсэгт бүртгэсэн, 2011 оны жилийн эцсийн балансад бүртгэлгүй орлогын тайлангийн “цөөнхөд ногдох хувь” хэсэгт уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг оролцуулан 153177.2 төгрөгийг тусгаж тайлагнажээ.

Нэхэмжлэгч энэ байдлаа “Монгол улсад Канадын барилгын “Линвүүд Хөүм” компанийн салбар компани байгуулахаар төлөвлөн, канад технологиор барих сууцыг сурталчлах зорилгоор орон сууц худалдаж авсан, канад технологиор тохижуулан үзмэрийн зориулалтаар ашиглаж байсан боловч амжилтад хүрээгүй учир” 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон компанийн захирал миний бие уг орон сууцыг “ногдол ашиг” болгон өөртөө шилжүүлэн авсан гэж тайлбарласан байна.

Дээр дурдсанаар “Грийтхангай майнинг” ХХК нь уг орон сууцыг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн хэдий ч компанийн үйл ажиллагаанд зориулж худалдан авч, канад технологиор тохижуулан үзмэрийн зориулалтаар ашиглаж байсан гэдэг нь тогтоогдоогүй, харин тус компанийн захирал Д.Золжаргалын хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан, тэрээр эзэмшиж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх орон сууц худалдаж авсан нөхцөл байдал, хэрхэн ашиглаж байсан, ногдол хувь болгон шилжүүлсэн талаарх нотлох баримтуудыг үнэлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсний дагуу үнэлжээ.

Нэмэгдсэн өртгийн татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.4.2. хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг орон сууцтай холбогдох худалдан авалт, засварын ажилд төлсөн, баримтаар нотлогдсон нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх уг албан татвараас хасч тооцсон нь үндэслэлгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Иймд, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 116507.9 мянган төгрөгөөр бууруулан тайлагнаж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасан “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэснийг зөрчсөн байх тул уг зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Грийтхангай майнинг” ХХК-ийн гомдлоор татварын улсын байцаагчийн актыг нийслэлийн Татварын газрын болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл тус тус хянаж шийдвэр гаргаснаас үзвэл “актад гомдол гаргах эрхийг дурдаагүйгээс эрх зүйн байдлыг дордуулсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй, харин актад “төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй бол Татварын ерөнхий хуулийн 74.2, 74.3-т заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулав” гэсэн нь акт, дүгнэлтийн биелэлтийн хангах талаарх Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн зохицуулалттай нийцэхгүй боловч энэ нь уг актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Хариуцагч Ч.Мөнхтуяа нь өөрийгөө төлөөлүүлэх эрхийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх М.Дуламсүрэнд итгэмжлэлээр олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасантай нийцсэн, итгэмжлэл олгох эрхгүй этгээд олгосон гэж үзэх боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хоёулаа оролцсоныг буруутгах боломжгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг хэрэглэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шүүх хуралдаанаар татварын улсын байцаагчийн 352975 дугаар актыг бүхэлд нь хэлэлцээгүй атлаа уг актаар ногдуулсан 10312.9 мянган төгрөгийн торгууль, 10245.2 мянган төгрөгийн алданги, нийт 20558.1 мянган төгрөгийн хариуцлагаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь буруу тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр магадлалын 1 ба 2 дугаар заалтыг нэгтгэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 дугаар актын тогтоох хэсгийн нэгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, уг заалтын нийт төлбөрийн хэмжээг 11650.8 мянган төгрөг болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ