Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-04-04
Дугаар 110
Хэргийн индекс 020/2014/0574/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

 

Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах, Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Одгэрэл нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаар магадлалтай, Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар захирамжаар Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар “Шим констракшн” ХХК-д орон сууцны цогцолбор хороолол бариулах зориулалтаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5,3 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна.

Гэтэл энэ газрын зөвшөөрлийг аваад орон сууцны цогцолбор хороолол барихгүйгээр зөвхөн газрынхаа зөвшөөрлийг 4 хэсэг болгож худалдсан бөгөөд 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Олох ирээдүй” ХХК-д 0.2 га газар, “Төгс үргэлжлэх” ХХК-д 1.3 га газар олгосон. Анх олгогдсон газрын байршлыг өөрчилж, бүтэн нэг хороо /7 дугаар хороог/ алгасаад 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энэрэл-Интернэшнл” ХХК-д 1.8 га газар, “Вэв” ХХК-д 2.0 га газар гэж 5.3 га газрыг хэсэгчлэн олгосон байна.

Ингэж 8 дугаар хорооны нутагт газар эзэмших зөвшөөрлийг олгоход олгосон газрын хэмжээ нь хүрэхгүй байсан бөгөөд газраа хэмжээнд нь хүргэхийн тулд нийтийн эзэмшлийн орц, гарц, ногоон байгууламж, хашаа хоорондын зайг бүгдийг нь хамруулан 18000 м.кв газар болгон олгосон. Үүнийгээ 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар баталгаажуулсан. “Энэрэл-Интернэшнл” ХХК-д олгогдсон 18000 м.кв газар нь хотын төвөөс Нисэхийн чиглэлийг холбосон төв замын ар талаар байрладаг төмөр хайс бүхий Япон улсын тусламж хөрөнгө оруулалтаар байгуулсан ногоон байгууламжийг хамруулсан байдаг.Энэ ногоон байгууламжийг устгаад газар олгосон байна.

Анхны газар эзэмшигч “Шим констракшн” ХХК-иас “Энэрэл-Интернэшнл” ХХК-д шилжүүлсэн 18000 м.кв талбай бүхий газар нь 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд олгогдсон учраас зориулалт өөрчилж бусдад шилжүүлсэн нь хууль бус үйлдэл юм. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамж нь мөн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжийг үндэслэсэн, уг 672 тоот захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 тоот захирамжийг тус тус үндэслэн гарсан байна.

Гэтэл газар эзэмшүүлэхээр гарсан 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 тоот захирамжид “Шим констракшн” ХХК-д орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.3 га газар олгосон байдаг. Гэтэл 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжаар “Энэрэл-Интернэшнл” ХХК-д 18000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ 672 тоот захирамжийн хавсралтад заасныг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо болгон өөрчилсөн.

Газар эзэмшүүлэхдээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд олгогдох ёстой байсан 18000 м.кв газрыг 8 дугаар хороо болон өөрчлөгдсөнөөр энэ газар дээр байгуулсан 8 дугаар хорооны иргэдийн төв зам руу орох, гарах туслах зам хаагдаж байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан оршин суугчдын төв замд хүрэх гарцыг гаргаж өгөлгүйгээр газар эзэмшүүлэхээр захирамж гаргасан байна.

Ингэснээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж устаж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны оршин суугчдын газар өмчлөх эрхээ эдэлж нийтийн эзэмшлийн газраар дайрч гарах гарц хаагдаж эрх нь зөрчигдөж байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжийн “Энэрэл-Интернэшнл” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжийн “Энэрэл-Интернэшнл” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, Ш.Төмөрбаатар нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжаар “Энэрэл-Интернэшнл” ХХК нь “Шим констракшн” ХХК-иас 18000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны цогцолборын зориулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна.

Дараа нь газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ, орон сууцны зориулалт болгохоор өөрчлүүлэхээр хүсэлт, холбогдох материалыг бүрдүүлсний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн зориулалтыг өөрчилсөн байна.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа” чиглэлийн авто зам дагуу газар эзэмшигч “Энэрэл-Интернэшнл” ХХК-иас эзэмшил газартаа барилга барих хүсэлтийг 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, одоо байгаа авто машины замыг хэвээр үлдээж, орц гарцыг нээлттэйгээр ашиглахаар төлөвлөлтийг дэмжих шийдвэрийн дагуу тус компанид 1-2 давхар үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталсан байна.

Иймд хамтран хариуцагчаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг оролцуулах, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Энэрэл-Интернэшнл” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Иргэн Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг төлөөлж тус газрын орлогч дарга Ш.Уртнасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Энэрэл-интернэшнл” ХХК нь 2014 оны 1 дүгээр сард өөрийн эзэмшил газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа” чиглэлийн авто замын дагуу барилга барих хүсэлтээ ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлт болон холбогдох баримтыг судлан үзээд тус байгууллагын 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

Хурлаас одоо байгаа авто машины замыг хэвээр үлдээх, орц гарцыг нээлттэйгээр ашиглахаар төлөвлөлтийг дэмжих шийдвэр гарч үүний дагуу тус компанид 1-2 давхар үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг нь батлагдсан болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан “...8 дугаар хорооны иргэдийн төв зам руу орох, гарах туслах зам хаагдах...” гэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд “Энэрэл-Интернэшнл” ХХК-ийн өмгөөлөгч П.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасны дагуу зөвхөн хууль ёсны эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тиймээс нэхэмжлэгч өөрийнхөө хууль ёсны эрх хэрхэн зөрчигдсөнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д заасны дагуу нэхэмжлэлд заавал тусгана. Иргэн Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нар “орц гарц хаагдсаны улмаас газар өмчлөх эрх зөрчигдсөн” хэмээн нэхэмжлэлдээ дурджээ.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн шийдвэрээр газар эзэмшигчид одоо байгаа орц, гарцыг хэвээр нээлттэй үлдээхийг үүрэг болгож, баригдах барилгын зураг төслийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байдаг. Газар эзэмшигч энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчвөл иргэд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ хэдийд ч хамгаалах боломжтой байна. Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх зөрчигдөөгүй цаашид зөрчигдөхгүйгээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан нь тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамж нь газар эзэмших зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэсэн агуулгатай захирамж юм. Энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй байгаа тул тус захирамжийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт шаардлага гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны захиргааны акт гарснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй гэсэн хугацааг хэтрүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамж, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжийн тус тус “Энэрэл-Интернэшнл” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 107 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Энэ хэрэг нь анх 2008 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрөөр халхавчлан, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд 5.3 га газрыг хууль бус газрын наймааны зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн орон сууцны хороолол барих нэрийдлээр “Шим коснтракшн” ХХК-д газар эзэмших Засаг даргын захирамжгүйгээр эзэмшлийн гэрчилгээ шууд олгогдон газар эзэмшүүлснээс үүдэлтэй билээ. Энэхүү хууль бус ажиллагааг гардан зохион байгуулсан, гэрчилгээг олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн этгээдүүд бол одоогийн Улсын Их хурлын гишүүн Түвдэндорж, түүний төрсөн ах Өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар нар юм.

Ийм учраас Газрын тухай хуулийн 21.2.1, 21.2.2, 21.2.3, 21.2.4, 25.1, 25.5, 26.1, 34.6.3-д заасан 8 заалтууд бүгд зөрчигдсөн, кадастрын зураглал болон газрын хэмжээ байршил заагийг харуулсан зураг огт байдаггүй. “Шим коснтракшн” ХХК газрын зөвшөөрлийг авангуутаа анх төлөвлөснөөрөө орон сууцны хороолол барихгүйгээр 4 хэсэг болгон бусдад худалдсан. 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших зөвшөөрлийг олгоход газрын хэмжээ нь 1.1 га байсан учир 1.8 га хүргэхийн тулд нийтийн эзэмшлийн орц гарц, ногоон байгууламж, хашаа хоорондын зай бүгдийг нь хамруулан олгосон. Тийм ч учраас 2002 онд нэхэмжлэгч бидний зохих зөвшөөрлийг нь аван өөрсдийн хөрөнгөөр байгуулсан төв зам руу орж гардаг, 8 дугаар хорооны нийт оршин суугчдын орц, гарц, авто машины зогсоолын талбай, нисэх явах зам дагуу байгуулсан төмөр хайс бүхий ногоон байгууламж энэ бүгдийг дараад огт байхгүй юм шиг, тэндхийн оршин суугчдын хашаа руу 8 м болтол шахсан гэрчилгээ бичигдсэн байна.

Хэргийн материалаас үзэхэд энэ газар олголт нь зөвхөн Газрын тухай хуулийн 20 заалтыг 24 удаа зөрчсөн үйлдэлтэй байдаг. Гэтэл шүүх энэ заалтуудыг огт авч хэлэлцдэггүй, харин ч бүр эсрэгээрээ шинжээч томилох шаардлагагүй асуудлаар шинжээч томилж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг хасч, мөн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд оролцохдоо хэлсэн үгийг засварлаж, эрх нь зайлшгүй зөрчигдсөн байхад эрх зөрчөөгүй гэсэн шийдвэр хүчээр гаргаж байна.

Үүнд, 1. Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олох тухай захирамж огт байхгүй байхад өөр хорооны өөр нэгж талбарын дугаартай /6 дугаар хороо, 18635305451097, 8 дугаар хороо, 18634304745747/, өөр кадастрын зурагтай, газар нутгийн байршлаар залгаа биш байсан нь хавтаст хэргийн 163-167 дугаар хуудсанд байгаа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн албан бичгээр баталгаажсан 6 дугаар хорооны газар эзэмших эрхийг энэ хэрэгт хамруулж байна.

“Шим коснтракшн” ХХК нь 8 дугаар хороонд газар эзэмшигч биш атал эрх шилжүүлсэн мэтээр “Энэрэл-Интернейншл” ХХК-д хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар биш, газар шинээр олголт хийсэн нь хууль зөрчсөн газрын наймааны луйвар будлианы үргэлжлэл нь юм. Өнөөдрийн байдлаар “Шим констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх тухайн газрыг “Эс Си Эм” ХХК аж ахуйн нэгж эзэмшиж ашиглаж байгаа болно.

2. Газрын тухай хуулийн 21.2.1, 21.2.2, 21.2.3, 21.2.4, 25.1-н 6 заалт, 25.5, 26.1, 31.3, 33.4, 35.6.3, 35.3.1, 35.3.5, 38.3.2, 38.3.3, 40.1.1, 40.1.5, 40.1.6, 44.9, 56.10, 61.1-д заасан 20 заалтууд зөрчигдсөн байхад зөрчигдөөгүй гэж шийдвэр гаргаад байна.

3. 2002 онд хороо, дүүрэг, дүүргийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулаад өөрсдийн хөрөнгөөр байгуулж /тухайн үедээ 11 сая төгрөг/ 13 жил арчилж, тордож, засвар үйлчилгээ хийж ирсэн төв замын орц, гарц, зогсоолын талбай, нэхэмжлэгч нар өөрсдийн хөрөнгөөр байгуулсан /тухайн үедээ 2 сая төгрөг/ 240 м.кв ногоон байгууламжийг огт байхгүй болгож хаачхаад нэхэмжлэгч талын буюу Сонсголонгийн 1 дүгээр гудамжны айл өрхүүдийн цаашилбал хорооны нийт айл өрхүүдийн эрх ашиг огт зөрчигдөөгүй гэж дүгнээд байна.

4. 2002 онд Нийслэлийн ерөнхий архитектор М.Цэлмэгийн “Яармагийн нарийвчилсан ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулан баталж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд оруулсан төв зам руу орох орц, гарцын зураглал бүхий зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байхад нотлох баримтын хэмжээнд огт үнэлэхгүй байна. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Кадастрын зураглалтай холбогдсон маргааныг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана” гэж заажээ.

Гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зураг нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэгийн 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан нэхэмжлэгч нарын төв зам руу орох орц, гарцын зураглалтай давхцалтай, тухайн орц, гарцыг огт байхгүй мэтээр хийгдсэн байх тул дээр дурдсан хуулийн заалтын дагуу кадастрын зураглалтай холбоотой учраас Геодези зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага маргааныг харьяалан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг тогтоожээ.

5. Авто замын тухай хуулийн 12.2-т “авто замын зурвас, газрын өргөн, улсын чанартай авто замд 100 м, орон нутгийн чанартай авто замд 60 м байна” гэж заасан байтал энэ эзэмшиж байгаа газар нь 16-20 м зайд байрласан нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна.

6. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах, үйл ажиллагааны журмын 4.3.1-д заагдсан барилгажаагүй талбайд барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс 2, 4 давхар барилга, /нэхэмжлэгч 3 давхар барилгатай/ хоорондоо 15 метр байна” гэж заасан байхад маргаан бүхий объект шинжээчийн дүгнэлтээр 8 м зайд байгаа нь хуулийн зөрчилд тооцогдоно.

7. Газрын тухай хуулийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан нь хавтаст хэргийн 2-49 дүгээр хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтээр “орц, гарц, авто машины зогсоолын талбай, өөрсдийн байгуулсан ногоон байгууламж, хотын ногоон байгууламж нь бүрэн давхцалтай байна” гэж нотлогдсоор атал одоо байдлыг нь авч үзвэл давхцалгүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Хуулийн хүрээнд эзэмшигч нь кадастрын зураглалаар олгогдсон нийт талбайн хэмжээгээр газрын бүрэн эрх эдлэхээс биш одоо хашиж авсан хашааны хэмжээгээр тэр эрх нь хязгаарлагдахгүй.

8. Газрын тухай хуулийн 40.1.6-д “зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан нь 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гуравдагч этгээд эзэмшил газартаа нэг гадас ч зоогоогүй байхад хэрэгжсэнгүй.

9. Газрын тухай хуулийн 40.1.7-д “газрын төлбөрөө хугацаанд нь /улирал тутам/ бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан нь гуравдагч этгээд 2010 он, 2011 онд газрын төлбөрөө огт төлөөгүй байж байгаад маргаан үүссэний дараа нөхөн төлсөн нь үүргээ биелүүлсэнд тооцогдохгүй юм.

10. Газрын тухай хуулийн 40.1.1-д “газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байдаг бөгөөд газар эзэмших гэрээний зориулалтыг орон сууцны хорооллоос үйлчилгээтэй орон сууц, дараа нь дахин зориулалтыг өөрчлөөд авто машин худалдаа засвар үйлчилгээний төв болгосон байхад хуулийн заалтууд огт хэрэгжсэнгүй.

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалд орц, гарцыг нээлттэй хэвээр үлдээх асуудлаар “нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх зөрчигдөхгүйгээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан нь тогтоогдож байгаа…” гэжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны урд талд бусдад эзэмшүүлэх 18000 м.кв газар байхгүй /хүрэхгүй/ байхад газар олголт хийгдсэн, үүнээс болж оршин сууж байгаа айл өрхүүд аюулгүй орчинд амьдрах, аж төрөх баталгаа алдагдаж, хүний эрх ноцтой зөрчигдөн, хашаанаасаа гараад л шууд нарийн гудамтай тулж, машин зогсоол гэж байхгүй, гал команд, түргэн тусламжийн машин ирэх боломжгүй, хүүхэд хөгшид хашаанаас гарч, чөлөөтэй салхилах, зугаалах байтугай бараг л зөрөлцөж өнгөрч багтахгүй шахам аюултай нөхцөл байдал бий болох гээд байна.

Нэхэмжлэгч нар нь гэр бүлээрээ, үр хүүхэд, ач зээгийн хамт гурван үеэрээ тухайн нутаг дэвсгэрт оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа иргэд өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулсан орчин тойрны ногоон байгууламжийг буюу ажиллаж, амьдрах таатай орчныг арчин хаяж бусдад эзэмшүүлж байгаа нь бидний Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, эрх ашиг сонирхолд халдсан явдал гарцаагүй мөн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан хуулийг хэрэглээгүй. “Шим констракшн” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэргийг гаргуулахаар шүүх 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/7735, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/1554 тоот албан бичгийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцаан газарт хүргүүлсэн байдаг.Гэтэл дээрх албан тоотын дагуу “Шим констракшн” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэргийг ирүүлээгүй байхад хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талд ““Шим констракшн” ХХК-ийн газрын хувийн хэрэг хадгалагдаагүй тул гаргаж өгөх боломжгүй гэснийг дурдах нь зүйтэй байна” гэсэн байна. 2008 оны 558 тоот захирамжаар нээсэн байх ёстой “Шим констракшн” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэрэг яагаад байхгүй болдог билээ. Үнэхээр хадгалагдаагүй юу, Нийслэлийн Өмчийн харилцаан газрын архивт биш өөр архив руу шилжээд байхгүй болсон уу, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирэнгүүт хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

“Шим констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд олгогдсон газрын кадастрын зураг, Нийслэлийн Газрын албанд “Шим констракшн” ХХК-иас “Энэрэл-Интернэшнл” ХХК-д нэр шилжүүлэхээр гаргасан хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 тоот захирамж зэргийг судалж үзвэл “Шим констракшн” ХХК-д олгосон газар нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлаж байгаа бөгөөд үүнтэй талууд маргадаггүй. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар “Шим констракшн” ХХК-иас “Энэрэл-Интернэшнл” ХХК-ийн нэр дээр шилжихдээ нөгөө 18000 м.кв газар гэнэт хан-Уул дүүргийн 8 дугаар хороо болоод газрын байршил нь өөрчлөгдөөд гарчихдаг.

Шүүхийн шийдвэрийн 9-10 дугаар талд “Хэрэгт авагдсан тойм зургаас дүгнэхэд “Шим констракшн” ХХК-д эзэмшүүлсэн 5.3 га газар нь салангид байршилтай бөгөөд хоёр өөр хоорондоо харьяалагддаг болох нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар “Хороодын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан хилийн цэсээс тодорхой харагдаж байна” гэсэн байна. Гэтэл “Хороодын хилийн заагийг тогтоох тухай” тогтоол гарахаас 16 хоногийн өмнө буюу 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжид 8 дугаар хороо болоод газрын байршил нь өөрчлөгдсөн байдаг. Шүүх уг нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэр, магадлалд “...Хан-Уул дүүргийн 6 хороонд “Шим констракшн” ХХК-д эзэмшүүлсэн байсан газраас Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд /ондоо газар/ “Энэрэл-Интернэшнл” ХХК-д 1.8 га газрыг эзэмшүүлсэн нь бид нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна” гэсэн нь нэхэмжлэгч нар өмчлөлийн газраа ашиглах эрх нь зөрчигдсөн байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй”, 138 дугаар зүйлийн 138.2-т “энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох...” гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч нарын хөрш залгаа газар нь Нийслэлийн өмчид байдаг газар, зохих ёсны зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2002 онд нэхэмжлэгч нарын өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан гарц, замыг зөвшөөрч баталгаажуулсан.

Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “хот, тосгон бусад суурины газарт иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “Яармагийн нарийвчилсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан баталсан” нэхэмжлэгч нарын байгуулсан гарц, замыг Нийслэлийн Засаг дарга үл ойшоон гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр захирамжилсан байдаг. Нэгэнт батлагдсан замыг бусдад эзэмшүүлэхээр захирамж гаргах эрх Нийслэлийн Засаг даргад байгаа эсэх тал дээр шүүх дүгнэлт хийгээгүй.

Ийнхүү батлагдсан гарц, замыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамж, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжууд нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлүүд байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 672 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18000 м.кв газрыг “Шим констракшн” ХХК-иас “Энэрэл интернэшнл” ХХК-д орон сууцны цогцолбор барих зориулалтаар шилжүүлж, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 дүгээр захирамжаар газар эзэмших зориулалтыг үйлчилгээ, орон сууцны барилга барих болгон өөрчилжээ.

Хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн орчимд” гэж зааж, “Шим констракшн” ХХК-д Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтруулан орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар эзэмшүүлсэн 5.3 га газрын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй нь тогтоогдсон байна.

Гэвч “Энэрэл интернэшнл” ХХК-д шилжүүлсэн 1.8 га газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт болохыг нотолж хариуцагчаас “...5.3 га газрын 1.5  га- нь 6 дугаар хорооны, 3.8 га- нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон” болохыг харуулсан “Шим консракшн” ХХК-ийн газрын байршлын тойм зураг, “...маргаж буй уг газарт орон сууц барихаар төлөвлөгдсөн” гэдгийг нотлох зорилготой Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний болон Яармаг шинэ хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг зэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Эдгээр баримтыг шүүх хүлээн авч, үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 31.3-т “оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх, үнэлэхийг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэсэнтэй нийцсэн, маргаан бүхий 18000 м.кв газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт болохыг нотлох баримтуудыг мөн хуулийн 30,1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсний дагуу үнэлсэн байна.

Иймээс “Шим констракшн” ХХК-ийн “шилжүүлэх газрын байршлыг өөрчилсөн” гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй байхад дутуу баримтаар хэргийг шийдвэрлэсэн, дутуу үнэлсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн газар эзэмших эрхийг /эрхийн гэрчилгээ/ шилжүүлэх, шилжүүлэн авах ажиллагаа “Шим консракшн”, “Энэрэл интернэшнл” компаниудын хооронд явагдсан, үүнийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж, шилжүүлэхийг зөвшөөрч нийслэлийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, “...газрыг зориулалтаар нь эзэмшээгүй, улмаар 4 хувааж зарсан “Шим констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох байтал бусдад шилжүүлсэн” гэх үндэслэлээр уг захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин нэхэмжлэгч нарын шаардлагын “...нийтийн эзэмшлийн орц гарцыг хамруулан газар олгосон” гэх үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан “Энэрэл интернэшнл” ХХК-ийн эзэмших газрын байршлын нэгж талбарын 18634304745747 дугаартай кадастрын зургаас үзвэл, уг газарт Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 35 айлын орц гарц буюу тээврийн хэрэгсэл зорчих авто зам орсон болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, Д.Мөнх-Амгалан нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 13, 14 тоот хашааны газрын өмчлөгч ба “Буянт-Ухаа” чиглэлийн төв замтай огтлолцуулан тус гудамж руу орох авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан авто замыг Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан зураг төслөөр, нийслэлийн Засаг даргын ажлын алба, Хот байгуулалт, газрын харилцааны газар, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газар зэрэг байгууллагуудын зөвшөөрлөөр 2002 онд байгуулж, нийтээр ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заажээ.

Иймд нийтээр ашигладаг авто замын буюу орц гарцын газрыг “Энэрэл интернэшнл” ХХК-д үйлчилгээ, орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг болон нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, анхан болон давж заалдах шатны шүүх нь “орц, гарц бүхий замтай, зам дагуух ногоон байгууламжтай давхцалтай байна” гэж тодорхой дүгнэсэн атлаа “...гуравдагч этгээдээс хүсэлт гаргаснаар захирамжид өөрчлөлт оруулах боломжтой” гэсэн хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хангаагүй нь буруу тул нийтийн эзэмшлийн газарт давхцалтай уг хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нийслэлийн Засаг дарга нь нийтийн эзэмшлийн газрыг оролцуулан “Энэрэл интернэшнл” ХХК-д газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч нарын болон Сонсголонгийн 1 дүгээр гудамжны нийт 35 айл өрхийн орц, гарц буюу тээврийн хэрэгсэл зорчих авто зам хаагдах байхад шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцаагүй гэж өөр үндэслэлээр дүгнэлт хийсэн, нийтийн эдэлбэрийн газрыг эзэмших, ашиглах талаарх хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй, газар эзэмших эрхийн маргааныг шийдвэрлэх байтлаа өөрийн санаачилгаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, улмаар “Энэрэл интернэшнл” ХХК-ийн барих барилгыг “автомашины зам, орц, гарцыг нээлттэй байдлаар ашиглах нөхцөлтэйгээр төлөвлөх тул барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, одоогоор тодорхойгүй асуудлаар дүгнэлт хийсэн зэргээр алдаа гаргасан байна.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, орц, гарцын газарт хамаарах газрын хэсгийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгч нарын хууль ёсны шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн “Энэрэл интернэшнл” ХХК-д холбогдох хэсгийн 18000 м.кв газрын төв зам руу гарсан орц гарц бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ