Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-28
Дугаар 105
Хэргийн индекс 020/2013/0241/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “Койнвол” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол:

“Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, Г.Барсболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Ё.Энхээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Довдонпүрэв, Л.Отгонжаргал нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаар магадлалтай, “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Койнвол” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал Ж.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Койнвол” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжийн дагуу олгогдсон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0203954 дугаартай гэрчилгээ, нийслэлийн Газрын албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжинд 6591 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.

Бид уг газар дээр 77 айлын орон сууц болон хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх Спорт, чөлөөт цагийн төв барихаар урьдчилан төлөвлөж, холбогдох зураг төслүүдийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаар батлуулж, улмаар холбогдох зөвшөөрлүүдийг авсан. Манай компани нь 77 айлын зоорьтой орон сууцны барилгыг “Зунбоо” ХХК-иар бариулж, 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэхүү орон сууцны оршин суугчид өөрсдийн орон сууцны өмчлөх эрхийг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.

“Койнвол” ХХК-ийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжаар хүчингүй болгож байсан ба энэхүү захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж байсан. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Нийслэлийн Засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “Койнвол” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0231382 дугаартай гэрчилгээг олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд нийслэлийн Засаг даргаар сонгогдсон Э.Бат-Үүл 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамжийн “Койнвол” ХХК-д, мөн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжийн “Койнвол” ХХК-д, хууль зөрчиж олгосон газрын эрхийг сунгасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамж, мөн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “Койнвол” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосон.

Энэхүү захирамжаа гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэж, “Койнвол” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэж үзжээ.

Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн захиргаа 2004 онд багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулийн эзэмшлийн талбайд барилга барихад татгалзах зүйлгүй болох тухай хүсэлтээ нийслэлийн Газрын албанд гаргаж байсан бөгөөд 2008 онд “Койнвол” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж байжээ.

Улмаар энэхүү гэрээ болон тус сургуулийн захиргааны хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Койнвол” ХХК-д газар эзэмших эрх олгосон байдаг. Үүнийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэртээ дүгнэж, “Койнвол” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.

“Койнвол” ХХК нь Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, газар эзэмшигч, ашиглагч бусад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Койнвол” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Анх “Койнвол” ХХК-д Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн эзэмшил газраас 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 тоот захирамжаар 675 м.кв талбай газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 464 тоот захирамжаар 6591 м.кв талбай газрыг /үйлчилгээ, орон сууцны/ зориулалтаар олгосон байна. Хууль зөрчиж олгосон газрын эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамж, мөн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “Койнвол” ХХК-д сунган олгосон байна.

Уг газрыг “Койнвол” ХХК-д эзэмшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн эзэмшил газраас шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Иймд “Койнвол” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирал С.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Улсын тэргүүний 13 дугаар сургууль нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Газрын тухай хуулиар тогтоон олгосон 23940,0 м.кв талбай бүхий газрыг нийслэлийн Газрын алба, хот байгуулалтын газартай 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдөр кадастрын зураг бүхий 21/0038 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулж түүний дагуу ашигладаг байлаа. Үүнээс хойш газар эзэмших гэрээ дахин огт хийгдээгүйг бид мэдэгдэж байна.

Гэтэл 2010 онд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн С.Долгорын гаргасан гомдлын дагуу нярав Г.Армийсүрэн, нягтлан бодогч О.Оюунцэцэг нар Авилгатай тэмцэх газарт дуудагдаж, гэрчийн мэдүүлэг өгснөөр 2008 оноос нийслэлийн Засаг даргын 359 ба 464 тоот захирамжаар 675 м.кв талбайг, дараа нь 6591 м.кв, нийтдээ 7266 м.кв талбайг “Койнвол” ХХК-д давхардуулан эзэмшүүлэх болсныг мэдсэн. Энэ асуудал манай сургуулийн багш ажилчид, сурагчид, эцэг эх, хорооны иргэдийн хэн ч мэдэхгүй зүйл байлаа.

Тэгээд Авилгатай тэмцэх газар 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2200 тоот албан бичгээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт даалгасны дагуу 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 тоот захирамжаар “Койнвол” ХХК-д эзэмшүүлсэн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжийн хавсралтын 24 дэх заалтыг хүчингүй болгосон захирамж гаргажээ. Өнөөг хүртэл энэ захирамж хэрэгжихгүй байгааг бид эсэргүүцэн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүсэлт гаргасны хариуд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 тоот захирамжаар мөн 464 тоот захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Энэ захирамж нь бидний болон бүх хүүхдийн, бусад сургуулийн сурагчдын адил биеийн тамирын ногоон талбайтай болох хүсэл мөрөөдлийг биелүүлсэн алсын хараатай бүхэнд нийцсэн зөв зүйтэй шийдвэр гэж үзэж бид туйлын баяртай байлаа.

Харин энэ захирамжийг эсэргүүцэж “Койнвол” ХХК нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг эсэргүүцэж, бид 13 дугаар сургуулийн захиргаа, 1774 сурагч, 113 багш, ажилчид, 10, 13 дугаар хорооны нийт иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болон энэ шүүх хуралд оролцох хүсэлт гаргасныг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2202 тоот шүүгчийн захирамж гарч бид уг хуралд гуравдагч этгээдийн төлөөлөл болон оролцох болсноо мэдэгдэж байна гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.2. 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 82 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Номуундарь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Бодит байдлын талаар: “Койнвол” ХХК нь 2005 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамжинд орших 6591 м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмших болсон. Газар эзэмших эрх нь нийслэл, дүүргийн Засаг дарга нар буюу төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг баримтлан гаргасан хууль ёсны захирамж шийдвэрүүдээр олгогдож, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр баталгаажсан талаар нэхэмжлэлдээ удаа дараа дэлгэрэнгүй тайлбарласан.

Дээрх эзэмшил газрыг өөрийн дураар бус, газрын харилцаатай холбогдох хууль тогтоомжийг баримтлан газар эзэмших эрх олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эзэмшиж байгаа, өнөөдрийг хүртэл эзэмшил газрын хэмжээ болон эзэмшигч, газар эзэмших зориулалт ч өөрчлөгдөөгүй, газар эзэмшигчийн үүргийг огтхон ч зөрчөөгүй боловч энэхүү газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргаас өөрийнхөө гаргасан шийдвэрийг ямар нэг шалтгаан зааж хүчингүй болгох шийдвэрийг одоогийн байдлаар 3 удаа гаргаад байгааг давж заалдах шатны шүүхийн онцгой анхааралд авахыг хүсэж байна.

Эхний удаа нийслэлийн Засаг даргаас 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай” 706 дугаар захирамж гаргаж, тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянаад бүхэлд нь, газрын маргаан бүхий талууд харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулан газар эзэмших эрхээ хуулийн дагуу шилжүүлсэн, компани нь газар эзэмшигчийн хувиар Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, газар эзэмшүүлэхээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, Засаг даргаас шийдвэр гаргахдаа компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хууль бус үндэслэлээр шийдвэр гаргасан, компанийн эзэмшил газар дээр барьж байгуулагдсан, байгуулагдах барилга байгууламжууд нь барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгаврууд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан шийдвэр, техникийн зөвлөлийн хурлын шийдвэр, барилгын эскиз зураг зэрэг шаардлагатай бүх төрлийн баримт бичгийн бүрдлийг хангасан гэж тус тус дүгнэж, Засаг даргын дээрх 706 дугаар захирамжийг хүчингүй болгосон 525 дугаар шийдвэрийг 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.

Шүүхийн энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тухайн үедээ нийслэлийн Засаг даргаас 340 дүгээр захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/250 дугаар захирамж дахин гаргаж, манай компанийн газар эзэмших эрхийг 2 дахь удаагаа хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Үүнд: Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн үндэслэлийг “Койнвол” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэжээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд агуулгаар нь багцлан авч үзвэл, газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэй эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зэрэг болон бусад эрх эдэлж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, газрын төлөв байдал, чанарыг алдагдуулахгүй байх, бусдын газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээхээр тус тус томьёологдсон байна.

Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрх бүхий эзэмшигчийн албан ёсны санал хүсэлтийг зөвшөөрөн, газар эзэмших эрхийнх нь зарим хэсгийг бусдад шилжүүлсэн шийдвэр гаргасан болох нь илэрхий зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, дуусгавар болгох, хүчингүй болгох, эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах зэрэг газар эзэмших эрхэд өөрчлөлт оруулах хэлбэрүүдийг тусгайлан зааж, хэрхэн шийдвэрлэвэл зохих журмуудыг нэг бүрчлэн хуульчилж өгсөн. Тэгвэл нийслэлийн Засаг даргаас манай компанийн эзэмшиж байгаа газрын эзэмшилд өөрчлөлт оруулахдаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэж үзсэн байна.

Газрын тухай хуульд заасан аливаа газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмших ёстой, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох бол зөвхөн хуульд тусгайлан /хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1/ заасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой бөгөөд аливаа албан тушаалтан зөвхөн хуулийн энэхүү заалтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Энэ нь нийслэлийн Засаг даргыг дээр дурдсан хуулийн заалтыг илт зөрчсөн илэрхий хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэх хангалттай үндэслэл болно.

Гэтэл бодит байдал дээрээ 13 дугаар сургуулийн эзэмшилд байсан газрын зарим хэсэг манай компанийн эзэмшилд шилжсэн процесс нь анхны газар эзэмшигч болох 13 дугаар сургууль Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэй эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэдэг эрхээ хэрэгжүүлсэн, Засаг дарга тэрхүү эрхээ хэрэгжүүлэх эрхийг нь зөвшөөрч зохих журмын дагуу шийдвэрээ гаргасан тул газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг анхнаасаа зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Хэрэв нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан юм бол энэхүү хууль бус шийдвэрээс бий болсон үр дагавар буюу “Койнвол” ХХК-д газар эзэмшүүлснээс шалтгаалан учирсан бүх хохирлыг хууль бус шийдвэр гаргасан нийслэлийн Засаг дарга шууд хариуцах учиртай. Энэ нь манай компани гэм буруутай этгээд буюу нийслэлийн Засаг даргаас 4 тэрбум төгрөгөөр тоологдох хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг тодорхойлж байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл хууль бус үйлдэл гаргасан этгээд, албан тушаалтан хуульд заасан хэлбэрээр тогтоогдоогүй төдийгүй, хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрт энэ талаар дэлгэрэнгүй зааж, шалган тогтоосон нөхцөлд газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хэргийн маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болон хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, хохирсон этгээдийн хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг асуудлыг хамтатган шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Дээр дурдсан үндэслэл, товч тайлбараас үзэхэд тус компанид газар эзэмших эрх олгосон, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн гэм буруутай үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тогтоогоогүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлууд тогтоогдоогүй байхад хуулийн заалтыг илт буруу тайлбарлаж гаргасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн хангалттай үндэслэлгүй, хууль ёсоор газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

2. Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий акт буюу нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг утга, агуулга, хэлбэрийн хувьд алдаатай, бодит байдалд байхгүй газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж үнэлэлт дүгнэлт хийсэн атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэв маргаан бүхий захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны акт хууль бус байна гэсэн зохицуулалтыг шууд зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Газрын тухай хуулийн зохицуулалт илтэд зөрчигдсөн хууль бус үйлдлийг тогтоохын оронд нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагагүй, шүүхийн шийдвэрлэх ёсгүй, нэхэмжлэлд хамааралгүй гуравдагч этгээдийн газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэлээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэн хэрэгтээ нэг агуулгатай, нэг оролцогч нартай маргааныг 3 дахь удаагаа шийдвэрлэсэн бөгөөд эхний шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дахин хоёр удаа тогтоохдоо эсрэгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрүүдэд тодорхой байгаа. Зүй нь, захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан тул 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэрийн заавал харгалзах бодит үндэслэл болж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэж, хүчингүй болгосны эцэст шүүх дахин үнэлэлт дүгнэлт хийх ёстой байсан.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн “Койнвол” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ өмнөх Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэл нь ерөнхий боловсролын 13 дугаар сургууль нь “төрийн байгууллага” гэж үзсэнтэй холбоотой гэж ойлгогдож байна.

Шүүхээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн агуулгыг газар эзэмшигчийн хуульд заасан бүрэн эрхийг огт болохгүй мэтээр тайлбарласан төдийгүй нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр анхан шатны шүүхэд хянагдаагүй, дүгнэгдээгүй нөхцөл байдал байсан мэтээр үндэслэл гаргасан нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна. Шүүх 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө оруулалт, хохирлын асуудал гарч ирсээр байтал нэхэмжлэгчийн ямар ч ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61.1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн эзэмшил газраас 7266 м.кв газрыг “Койнвол” ХХК-д Газрын тухай хуулийн 35.2-т заасныг зөрчиж шилжүүлсэн” гэж нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464, 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжуудын тус компанид холбогдох заалтыг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч “Койнвол” ХХК нь “...сургуулийн захиргааны хүсэлт, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр газрыг шилжүүлж авсан, маргааны үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, газар эзэмшүүлсэн шийдвэрүүдээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны “эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 359 дүгээр захирамжаар “Койнвол” ХХК-д 675 м.кв хэмжээтэй эзэмшил газар дээрээ “орон сууц, үйлчилгээ”-ний зориулалттай барилга барих зөвшөөрөл олгосон, 2008 оны “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 464 дүгээр захирамжаар эзэмших газрын хэмжээг 6591 м.кв болгон өөрчилсөн, 2010 оны “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 816 дугаар захирамжаар эзэмших газрын хэмжээг 675 м.кв гэж зааж баталгаажуулсан, 2011 оны “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 340 дүгээр захирамжаар газрын хэмжээг 6591 м.кв-ээр баталгаажуулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий 2013 оны А/250 дугаар актаар шийдвэрлэсэн зарим захирамжуудын үндэслэлд эрх зүйн дүгнэлт буруу хийж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Койнвол” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 410 дугаар захирамжаар иргэн Ж.Галбадрахын мөн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 256 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 13 дугаар сургуулийн баруун хойд талын 675 м.кв хэмжээтэй газрыг шилжүүлэн авч нэгж талбарын 21/5092 дугаар бүхий уг газрыг эзэмших эрх нь 2006 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 050880 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажсан, дүүргийн Газрын албатай 2006 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ” нь улсын бүртгэлд бүртгэгдсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тус компани нь уг газар дээрээ барилга барих зөвшөөрөл хүссэнийг нийслэлийн Засаг даргын 2008 оны 359 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ газрын зориулалтыг орон сууц, үйлчилгээний барилгын болгон өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгожээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн 675 м.кв газрын эрхтэй холбогдох маргааны талаар дүгнэлт хийхдээ нийслэлийн Засаг даргын 2008 оны 359, 2010 оны 816 дугаар захирамжуудаар “Койнвол” ХХК-д 13 дугаар сургуулийн эзэмшлийн газраас шилжүүлэн эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн мэтээр үндэслэлгүй дүгнэж, улмаар “шилжүүлсэн асуудал” нь хууль бус учраас эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь зөвтгөсөн нь буруу юм.

Түүнчлэн уг 675 м.кв газрыг нэмэгдүүлэн 6951 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжийг хүчингүй болгосон мөн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед нийслэлийн Засаг даргаас дээрх 2010 оны 816 дугаар захирамжийг гаргаж “Койнвол” ХХК-ийн 675 м.кв газар эзэмших эрхийг сэргээж байснаас үзвэл тухайн газрын эрх нь 13 дугаар сургуулийн эзэмшлийн газраас шилжүүлэн авах замаар үүсээгүй болохыг баталсан, энэ байдлыг шүүхүүд анхаараагүй нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн 675 м.кв газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй тул энэ талаарх өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамж гарснаас хойш 1 сар гаруй хугацааны дараа мөн Засаг дарга нь 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжийг гаргаж  “Койнвол” ХХК-д 6591 м.кв хэмжээтэй газрыг “орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар эзэмшүүлсэн байх ба энэ газарт 675 м.кв хэсэг газар, 13 дугаар сургуулийн баруун талд ил задгай байрлах биеийн тамирын талбайн газар орсон, уг шийдвэрийг гаргах үндэслэл нь 13 дугаар сургуулийн захирлын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаартай албан бичгээр гаргасан “барилга барихад татгалзахгүй” гэх хүсэлт, сургуулийн захиргаа болон “Койнвол” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “хамтран ажиллах гэрээ”, сургуулийн тохижилтын ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн акт, биеийн тамирын талбайн фото зураг, 2008 оны 359 дүгээр захирамж болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.2-т “35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасан, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх журам, тавигдах шаардлага, хүсэлтийг хүлээн авч хянан, шийдвэрлэх ажиллагааг хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тусгайлан заажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: 1/ төрийн байгууллага, албан газар, 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар” гэж зааж,14 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлжээ.

Иймээс төрийн байгууллага болох төрийн өмчийн сургууль нь “газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, мөн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын зарим хэсгийг шилжүүлэх эрхийг” эдлэхгүй юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл ерөнхий боловсролын 13 дугаар сургууль нь дунд сургуулийн зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 470 дугаар захирамжаар 22058 м.кв газар эзэмшсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй байна.

Гэвч нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дугаар захирамжаар “Койнвол” ХХК-д нэмж эзэмшүүлсэн 5916 м.кв газар нь 13 дугаар сургуулийн эзэмшлийн буюу ил задгай биеийн тамирын талбайн газар гэдэг нь илэрхий, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд уг газар тус сургуулийн эзэмшилд бүртгэлтэй гэдэг нь тогтоогдсон байх тул “эрхийн гэрчилгээ, эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын зарим хэсгийг шилжүүлэх хүсэлт”-ийг газар эзэмшигч 13 дугаар сургуулиас гаргаагүй байхад тус газрыг “Койнвол” ХХК-д шилжүүлж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд, нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай “3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, маргаан бүхий захиргааны актаар мөн Засаг даргын 2008 оны 464, 2011 оны 340 дүгээр захирамжуудын “Койнвол” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байна.

3. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжийн “Койнвол” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон мөн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Койнвол”ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан байна.

Уг шийдвэрээр “нийслэлийн Засаг дарга нь 2008 оны 464 дүгээр захирамжийг хяналгүй, шийдвэр гаргах журмыг зөрчиж гаргасан” гэдэг үндэслэлээр 2010 оны 706 дугаар захирамжийг хүчингүй болгосноос үзвэл “13 дугаар сургуулийн эзэмшил газраас “Койнвол” ХХК-д шилжүүлсэн” гэх үйл баримтыг дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнээгүй болохыг шүүхүүд зөв дүгнэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, уг захирамжаар шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 359, 2010 оны 816 дугаар захирамжийн “Койнвол” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн 675 м.кв газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг “нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/250 дугаар захирамжийн нэг дэх заалтад нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359, 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамжийн “Койнвол” ХХК-д холбогдох заалтыг” гэснийг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ