Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-28
Дугаар 104
Хэргийн индекс 128/2015/0390/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “Монголиан Хээдвэй” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

“Монголиан Хээдвэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар магадлалтай, “Монголиан Хээдвэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Монголиан Хээдвэй” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Т.Анхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Х201504061019, Х201504061059 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдөлд дурдсан талбайнууд нь Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол тогтоосон талбай бөгөөд манай компани Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст цахим дугаар олгох үйл ажиллагааны журмын дагуу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Х201504061019 дугаар авч, 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16:15-16:30 цагт өргөдөл хүлээн авахаар зарласан хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын “Тал” нэртэй газарт 34931 га талбайд мөн дээрх журмын дагуу мөн оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Х201504061059 дугаар авч, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10:15-10:30 цагт өргөдөл хүлээн авахаар зарласан хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 3412.12 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хуулийн үндэслэлгүйгээр манай гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Дээрх хууль бус үйлдлийн талаар Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гомдол гаргасан боловч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3001 дугаартай албан бичгээр манай “өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061019, Х201504061059 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Кадастрын хэлтэс нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно.

Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөрөгөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан.

2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж, 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж заасан захиргааны акт болно.

Иймд “Монголиан Хээдвэй” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголиан Хээдвэй” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Монголиан Хээдвэй” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан Х201504061019, Х201504061059 дугаарын өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,

2 дахь заалтаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан нэхэмжлэгчийн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэх ажиллагааг явуулах бөгөөд шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан ямар шийдвэр гаргахыг зааж өгөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаас бусад ажиллагаанд хамааралгүй, мөн энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан огнооноос хойших хугацаанд нэхэмжлэгчийн өргөдлийн солбицолтой давхцуулан гаргасан бусад этгээдийн өргөдлийг хүлээн авч, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, нэхэмжлэгчийн өргөдлүүдэд заасан огнооноос хойш гаргасан бусад этгээдийн өргөдлөөс нэхэмжлэгчийг түрүүлж өргөдөл гаргасан гэх үр дагавар бий болгохгүй, мөн нэхэмжлэгч компанийг өргөдөл гаргасан солбицолд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэж үзэх үр дагавар бий болгох шийдвэр биш гэдгийг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 78 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголиан хээдвэй” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061019, Х201504061059 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Монголиан Хээдвэй” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Т.Анхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Монголиан Хээдвэй” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар баталсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”, Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар гаргаж өргөдлийн Х201504061019, Х201504061059 дугаар олгосны дагуу уг өргөдлөө бүртгүүлэхээр хандсан билээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлүүдийг бүртгэж хянан, албан ёсоор шийдвэрлэлгүй буцаасан эс үйлдэхүйг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд хууль бус гэдгийг тогтоосон. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэхдээ хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл гаргах, өргөдлийг бүртгэх, шийдвэрлэх журам, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6-д заасан өргөдөл, гомдол гаргагчийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх, өргөдөл гаргах эрхийг тус тус зөрчсөнийг тогтоосон.

Гэтэл захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй нь “нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй” хэмээн дүгнээд Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн өргөдөл гаргах хууль ёсны эрхийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 78 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан “өргөдлийг хүлээн авч бүртгээгүйг хууль бус болохыг тогтоох, хүлээн авч бүртгэхийг даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталж, 2 дугаар заалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллах”-ыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байна.

Тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, ил тод, чирэгдэлгүй, хүртээмжтэй олгох үүднээс өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг нэг цонхны үйлчилгээгээр үзүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж, эхний ээлжинд газар зүйн солбицлын 104 дүгээр уртрагийн баруун хэсгийн 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, энэ хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээж авахаар шийдвэрлэж, нийтэд зарласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч “Монголиан хээдвэй” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын “Тал” нэртэй газрын 34931 га талбайд, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийн 3412.12 га талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаар Ашигт малтмалын газарт бүртгүүлж,  VPN  төхөөрөмж болон системд нэвтрэх эрх худалдан авч “өргөдлийн дугаар олгох цахим систем”-д хандан Х201504061019, Х201504061059 дугаар авснаар Кадастрын хэлтэст өргөдлөө гаргасан боловч “газар зүйн солбицлын 104  дүгээр уртрагаас зүүн тийшэх талбайд өргөдөл гаргасан” гэдгээр хүлээж аваагүй, өргөдлүүдийг нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3001 дүгээр албан бичгээр тус компанид мэдэгджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Монголиан хээдвэй” ХХК нь дээрх байдлаар цахим дугаар авч, 2015 оны 4 дугаар сарын 8, 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд өргөдлөө гаргахдаа 104 дүгээр уртрагаар заагласан, баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах учрыг мэдэж байсан боловч зүүн талд байрлах талбайд өргөдөл гаргасан талаараа маргаагүй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдөл хүлээн авах, бүртгэх асуудал хариуцан мэргэжилтэн нь уг өргөдлүүдийг “татгалзсан өргөдлийн бүртгэлийн дэвтэр”-т  тэмдэглэн, хүлээн аваагүй тухай тодорхойлолт өгч, буцаасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, өргөдлийг хүлээн авч, бүртгэх, бүртгэсэн өргөдөлд анхан шатны шүүлт хийх, 19.2.1-д өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах талаар зааснаас үзвэл “хүлээн авч, бүртгэгдсэн өргөдөлд” хийх ажиллагааг эдгээр зүйл, заалтаар зохицуулжээ.

Харин нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг “нийтэд зарлаагүй буюу 104 дүгээр уртрагаас зүүн хэсгийн талбайд” гаргасан гэдэг үндэслэлээр хүлээж авалгүй буцаасныг, Ашигт малтмалын хуулийн дээрх зохицуулалтын дагуу “заавал хүлээн авч бүртгэн, ажиллагаа явуулах байсан” гэж анхан шатны шүүх буруутган дүгнэхдээ энэ маргаанд уг зүйл, заалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь хэдийгээр “иргэдийн” өргөдөлд хамааралтай, ерөнхий зохицуулалттай боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “иргэд өргөдөл, гомдлоо  төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана...” гэж заасныг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс адилтган авч үзэж, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч, бүртгээгүй байдлыг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй, энэ хуулийг давж заалдах шатны шүүх төсөөтэй хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ