Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-28
Дугаар 103
Хэргийн индекс 128/2015/0656/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Ишиг-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 105 дугаар магадлалтай, “Ишиг-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 584 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 га газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болж, газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн бусад үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн.

Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны А/307, “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309, гийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамж тус гаргаснаар манай компанийн эрх ашиг ноцтой зөрчигдөх боллоо.

Дээрх захирамжууд гарснаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдэл ирүүлсний дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар барилгын зураг, төслөө батлуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахын тулд 400 сая төгрөгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт төлсөн.

Нийслэлийн Засаг даргын “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны А/307, “2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамж тус тус нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг үндэслэсэн тул эдгээр захирамж нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинээр захиргааны акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь дээрх хууль бус шийдвэрүүдийг үндэслэж дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилж манай компаниас 400.000,000 сая төгрөг хууль бусаар авсан байна.

Иймд нийслэлийн Засаг даргын “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309, “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоон хүчингүй болгож, дээрх хууль бус актуудын улмаас манай компанид учирсан хохирол болох 400.000.000 төгрөгийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: Анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 га газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 га газрыг дуудлага худалдаагаар авч эзэмшихээр болсон бөгөөд дуудлага худалдааны үнэд Баянзүрх дүүргийн газарт 70 сая төгрөг, Хан-Уул дүүргийн газарт 350 сая төгрөгийг тус тус төлсөн. Компани нь нэхэмжлэл гаргахдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмших газрын дуудлага худалдааны үнэтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан бөгөөд уг газарт 300 сая төгрөгийн төлсөн баримтыг хавсаргасан.

Иймд үлдэгдэл 50 сая төгрөгийн баримт болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэл, мэдэгдлийг шүүхийн журмаар гаргуулж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг 350 сая болгон бууруулж байна гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжууд нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан бөгөөд дээрх тогтоолыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар түдгэлзүүлсэн тул эдгээр захирамжууд нь илт хууль бус гэж тайлбарлажээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”, 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг тус тус үндэслэн гарсан буюу нэхэмжлэлд тайлбарлаж байгаа шиг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг үндэслээгүй байна.

Дээрх А/309 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой ямар нэг харилцааг зохицуулаагүй тул нэхэмжлэгч энэ захирамжийг илт хууль бусад тооцуулах, хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байна. Газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр эзэмшүүлэхийн тулд төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан зөрчлийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулсан.

Нэхэмжлэгчид Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 584 дүгээр захирамжаар нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20.0 га, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.0 га газрыг тус тус эзэмшүүлсэн тул нэхэмжлэгчээс А/307 дугаар захирамжид нийцүүлэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх арга хэмжээ авсан болно гэжээ.

Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын А/307, А/915 дугаар захирамж нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох тухай аргачлал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлжээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж зааснаас харахад нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжууд нь “Ишиг-Уул” ХХК-д илүү боломж болон давуу эрхийг олгосон байна.

Мөн Засаг даргын 915 дугаар захирамжийн 1.1 дэх заалтаар нийслэлийн Засаг даргын А/307, А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр анх гарсан үед мөрдөгдөж байсан “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-аар дуудлага худалдааны анхны үнийг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг төлсөн болон үнийн 30 хувийг төлсөн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахаар зохицуулсан байна.

Захирамжийн дээрх зохицуулалт нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгаж, цаашид хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх олгох, цаашид нийслэл, дүүргийн хэмжээнд дээрх зөрчлийг гаргахгүй байх зорилготой. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.3, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу Нийслэлийн Засаг дарга тогтоох бүрэн эрхтэй байна.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгч компанид дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн болон дуудлага худалдааны анхны үнэ нийт 300.000.000 /гурван зуун сая/ төгрөг төлүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-ийн нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын “газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны А/307, “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309, “нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, тус газраас 300 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 105 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ишиг-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 105 дугаар магадлалыг “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан талаар:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэхийг тусгахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуульд зааснаар тусгасан байна.

Тухайлбал нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжууд хууль бус захиргааны акт бөгөөд эдгээр актыг үндэслэн дуудлага худалдааны анхны үнэ гэж 400 сая төгрөг /нэхэмжлэлийн шаардлагаа 300 сая болгон багасгасан/ төлүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах шийдвэр гаргуулах, эдгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан 300 сая төгрөгийн хохирлыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө дээрх байдлаар хангалттай тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлд тусгахаар заасны дагуу ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн болохыг заагаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дахь хэсгийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан талаар: Мэтгэлцээний явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байсан тохиолдолд төсөл шалгаруулалтаас бусад зарчмаар газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг Засаг дарга өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгохоор заасан гэж шийдвэрийн болзошгүй үр дагаврыг тайлбарласныг давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч захиргааны актын улмаас газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж үзсэн эсэх нь эргэлзээтэй байна” гэж хэрэгт хамааралгүй дүгнэлт хийсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-11 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална” гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “мэтгэлцэх зарчим” гэсэн 6 дугаар зүйлийн 6.6-д “нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчин нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, талууд маргаагүй газар эзэмших эрхийн талаарх асуудлаар тайлбар, дүгнэлт гаргаж хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Магадлалаар нэхэмжлэлийн агуулга, шаардлагад огт хамааралгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг үндэслэл болгон хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 105 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар төрийн байгууллагатай хамтран газар эзэмших эрх авсан иргэн, хуулийн этгээдээр эзэмших хүсэлтэй байгаа газрынх нь хэмжээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх; 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар бус газар эзэмшсэн, ашигласан иргэн, хуулийн этгээдээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх; 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамжаар эдгээр захирамжуудын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээг авч, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхдээ газар эзэмшүүлэх тухайн шийдвэр гаргах үед мөрдөгдөж байсан “үнэ тодорхойлох аргачлал”-ыг баримтлах, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, “төлөхөөс татгалзсан...” зэрэг тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн; Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “холбоо барих утасны дугаарыг бичсэн” 2013 оны 5 дугаар сарын 30, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-ийн менежер Я.Сод /Б.Сод-Эрдэнэ/-ын нэр дээр ирүүлсэн байна.

Эдгээр захиргааны актыг хууль бусад тооцож хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар барилгын зураг төслөө батлуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахын /газрын дуудлага худалдааны анхны үнэд/ тулд төлсөн гэх 400 сая төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан “Ишиг-Уул” ХХК гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаж буй захиргааны акт тус бүртээ нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндсөн болохыг тогтоогоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага бүрийн үндэслэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т заасны дагуу тодорхойлоогүй байхад дээрх захирамжуудыг “хуульд нийцсэн” гэх талаас нь хянасан, маргааны зүйлийг буруу тодорхойлж, анхнаасаа явагдсан дуудлага худалдааны үнийг төлөөгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан Газрын тухай хуулийн 33.2-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хамаарах үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй зэргээр алдаа гаргасан байна.

Түүнчлэн мэдэгдлийн дагуу төлөх ёстой дуудлага худалдааны анхны үнэ хэд болох нь тодорхойгүй, мэдэгдэлд хавсаргасан “нэхэмжлэх”-д 20 га-д хамаарах газрын үнийг 2150000000 /хоёр тэрбум нэг зуун тавин сая/ төгрөг гэж нэхэмжилсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөх дүнг 300 сая гэж тайлбартаа дурдсан, нэхэмжлэгч нь 400 сая төлсөн гэж маргаж хохирол нэхэмжилсэн зөрүүтэй энэ байдлыг шалгаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 400 сая, хяналтын шатны шүүх хуралдаанд 440 сая гэж өөр, өөрөөр тайлбарласан зэргээс үзвэл үүнийг зайлшгүй шалгаж, мэдэгдлийн үр дагаврыг тогтоохын зэрэгцээ нэхэмжлэгчээс “анх газар авахдаа дуудлага худалдааны үнэд 200 сая төгрөг төлсөн, дараа нь тасалж 50, 50 сая төгрөг төлсөн” гэх баримтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн банкны гүйлгээгээр нийслэлийн Газрын албанд “төсөл сонгон шалгаруулалтын үнэ” гэж тушаасан 100 сая төгрөгийн баримтад үндэслэн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжуудаас өмнө төлсөн байна гэдгээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

Хэргийн 111 дүгээр хуудсан авагдсан “төсөл сонгон шалгаруулалтын үнэ”-д төлсөн 100 сая төгрөгийн банкны гүйлгээний уг баримт нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн эзэмших эрх үүссэн газарт хамааралтай эсэх, мөн мэдэгдэл, нэхэмжлэхээр шаардсан мөнгөний дүнд тооцогдох эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн мөнгө тушаасан баримт гаргуулах тухай хүсэлтийн дагуу шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт өгч нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүх нь дээр дурдсанаар шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, өөрийн шаардлагын үндэс болж буй ач холбогдолтой нотлох баримтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргуулах талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр дуудлага худалдааны анхны үнэ төлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 70 дугаар зүйлийн 70.3-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ