Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-04
Дугаар 84
Хэргийн индекс 128/2015/0620/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч С.Мейрамбек
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

С.Мейрамбекийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аманкелд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалан нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 533 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, С.Мейрамбекийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Мейрамбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1990 оноос Баян-Өлгий аймаг дахь шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоол гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчийн орон тоонд тасралтгүй 25 жил ажилласан ба энэ хугацаанд мэргэжлийн ноцтой алдаа дутагдал гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2014 оны А-151 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан нэрэмжит шалгалт явуулах удирдамжийн дагуу явуулсан нэрэмжит шалгалтанд мэргэжил, чадварын хувьд дахин “хангалтгүй” дүгнэгдсэн тул 2015 оны б/496 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу ногдуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг миний бие зөрчөөгүй, тухайн зүйл ангиудад намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдол байхгүй билээ.

Намайг мэргэжил, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж тогтоохдоо “нэрэмжит шалгалт”-д хангалтгүй дүн үзүүлсэн гэх боловч жинхэнэ утгаар нь шийдвэр гүйцэтгэгчийн мэргэжлийн чадварыг үнэлж, дүгнэх шалгалт явагдаагүй гэж үзэж байна. 2015 оны 4 дүгээр сард хошууч Ч.Мөнх-Эрдэнээр ахлуулсан шалгалтын комиссын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бидний онолын шалгалтыг гүйцэтгэсэн хуудсыг танилцуулаагүй, бидэнд гүйцэтгэлээ хамгаалах боломж олгоогүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт явуулах удирдамжийн 4 дүгээр заалтад “нэрэмжит шалгалтад “F” буюу хангалтгүй дүн үзүүлсэн албан хаагчийг нэгж бүр 1 сарын хугацаатай дахин бэлтгэж, тухайн албан хаагч өөрийн зардлаар Ерөнхий газар дээр ирж дахин шалгалт өгөх буюу “хангалтгүй” үнэлгээг дахин авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэжээ.

Гэтэл “хангалтгүй” дүн үзүүлсэн гэх нэр бүхий албан хаагчдыг удирдамжид заасны дагуу дахин сургалтанд хамруулахгүйгээр шууд дахин шалгалтад оруулсан үйлдэл нь уг шалгалтын журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Зарим албан хаагчийг төрийн албанаас халах тухай” б/496 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Мейрамбек нь 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн б/496 дугаар тушаалаар төрийн албанаас халагдсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж заасны дагуу төрийн тусгай албан тушаал, мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах ба Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх үүргийг хүлээдэг.

Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон” гэж заасан байгаа нь заавал уг хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байхыг шаардахгүй. С.Мейрамбек нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалтад 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “хангалтгүй” дүгнэгдэж, улмаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дахин шалгалт авахад мөн “хангалтгүй” дүгнэгдсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн б/496 дугаар тушаал нь эрх зүйн үндэслэлтэй байх тул С.Мейрамбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 136 дугаар зүйлийн 136.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Мейрамбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 34 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/496 дугаар тушаалын С.Мейрамбекэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч С.Мейрамбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоох үндэслэлээ “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж дүгнэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь оны эхэнд батлагдсан тус ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.12 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын дунд нэрэмжит шалгалт зохион байгуулах”-аар төлөвлөсөн байсан. Дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/151 дүгээр тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэрэмжит шалгалтыг байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулахаар зааж, шалгалтын удирдамжийг баталсан байдаг.

Уг удирдамжид шалгалтын зорилго нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын дунд 2013-2014 онд явуулах албаны бэлтгэл, сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт, нийт бие бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилт, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, албан хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг тогтооход оршиж байсан. Оны эхэнд төлөвлөгөө батлагдаж, нэрэмжит шалгалт зохион байгуулах нь тодорхой байсан төдийгүй шалгалт явуулах тушаал 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гарч, нийт хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, нэгжид хүргүүлсэн байтал нэхэмжлэгч С.Мейрамбек нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр авсан шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан, түүнчлэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дахин шалгалт авахад мөн л хангалтгүй дүгнэгдсэн байдаг.

Иргэн С.Мейрамбек нь 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, уг ажлыг 13 жилийн турш хийж байгаа хүн шийдвэр гүйцэтгэгчид зориулан зохиосон, эрх зүйн мэдлэгийн асуултуудыг багтаасан онолын буюу тестийн шалгалтад удаа дараа хангалтгүй дүгнэгдсэн явдал нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон байдаг.

Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан үндэслэлээр хүний үндсэн эрхэд халдах замаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг бүрэн эрхийг эдэлдэг төрийн тусгай албан тушаалтан болохын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дагаж мөрдвөл зохих хууль тогтоомж, бусад эрх зүйн актуудыг ягштал мөрдөн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д шийдвэр гүйцэтгэгчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг тусгайлан заасан байдаг. Үүнд, сануулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох, зэрэг багтдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гүйцэтгэгчид оногдуулж болох хоёр төрлийн сахилгын шийтгэлээс хуулийн 136.1.2 дахь хэсэгт заасан шийтгэлийг сонгон хэрэглэсэн.

Учир нь нэрэмжит шалгалтад удаа дараа хангалтгүй дүгнэгдсэн албан хаагчид “сануулах” төдий сахилгын арга хэмжээ авах нь үр дүн муутай тухайн зөрчилд тохирохгүй гэж үзсэн. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээр дурдсан тусгайлсан зохицуулалтаас гадна төрийн албан хаагчтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг баримталсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж заасан бөгөөд энэ нь сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэлийн төрлийг өөрөө сонгон хэрэглэх эрхийг тодотгосон зохицуулалт юм.

Иймд “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Мөн магадлалын хянавал хэсэгт “түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д заасан “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж тодорхойлсон төрийн албаны үндсэн зарчим, 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалинг авах” гэсэн төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийг мэргэшүүлэх, мэргэжил чадварыг сайжруулах, сургалтад хамруулах зэргээр зохих арга хэмжээ аваагүй...” гэж дүгнэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэдэг нь зөрчил гаргасан албан тушаалтанд ажил олгогчийн зүгээс хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах эрхийг хязгаарласан эсхүл төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлж буй ойлголт биш.

Мөн дээрх хуулийн 4.2.6-д заасан “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалинг авах” гэсэн төрийн албан хаагчийн баталгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчөөгүй.

Тус байгууллага нь албан хаагчийг мэргэшүүлэх, мэргэжил чадварыг сайжруулах, сургалтад хамруулах ажлыг жил бүр тусгайлсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг. Үүнийг хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны А/151 дүгээр тушаал, түүний хавсралтаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт явуулах удирдамж”-ийн нэг дэх хэсэгт “...албан хаагчдын дунд 2013-2014 онд явуулах албаны бэлтгэл, сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт...” гэж дурдсанаас харж болно.

Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь Удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуульд төрийн хөрөнгөөр давтан сурч, мэргэшлээ дээшлүүлж байгаа. Ийнхүү сурах болсон тохиолдолд тус байгууллагаас эрхэлж байгаа албан тушаалынх нь цалинг олгож, тушаал гарган чөлөө олгодог.

Нэхэмжлэгч С.Мейрамбек Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ямар баримтыг үндэслэн тус байгууллагыг төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж үзэж, түүнийг маргаан бүхий захиргааны актад холбогдуулж дүгнэсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн б/496 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.1.2, 136.1.2-т заасныг тус тус үндэслэн “даргын нэрэмжит шалгалтад дахин хангалтгүй дүгнэгдэж, мэргэжил, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон” гэж Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбекийг мөн өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч С.Мейрамбек нь “...Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан сахилгын зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан, шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шалгалтын удирдамжийг зөрчиж шууд дахин шалгалтанд оруулсан” гэж, хариуцагч “...хуульд зааснаар мэргэшлээ дээшлүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй, шалгалтад дахин хангалтгүй дүгнэгдсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан үүргээ биелүүлээгүй зөрчил” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны А/151 дүгээр тушаалаар батлагдсан “Нэрэмжит шалгалт явуулах тухай” удирдамжийн дагуу энгийн орон тоонд ажиллаж байгаа албан хаагчдаас авсан онолын шалгалтаар нэхэмжлэгч С.Мейрамбек нь “хангалтгүй” үнэлгээ авсан, мөн давтан шалгалт өгсөн боловч  дахин “хангалтгүй” дүн авсныг түүнийг “албан үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж буруутгах, улмаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “шийдвэр гүйцэтгэгчид зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч “нэрэмжит шалгалт”-ын онолын мэдлэгийн шалгалтад “хангалтгүй” үнэлгээ авсныг хариуцагч “албан үүргээ биелүүлээгүй” гэх сахилгын зөрчилд хамааруулан авч үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хуулийн дээрх зүйл, заалтын “албан үүргээ биелүүлээгүй” гэдгийг төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүйг хэлэх бөгөөд нэхэмжлэгч С.Мейрамбек нь ийм зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зааснаар “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх” үүрэгтэй, үүнийг зөрчсөн нь сахилгын зөрчил гэхээсээ Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан өөр эрх зүйн харилцаа байна.

Тодруулбал сахилгын зөрчил нь эрх зүйн эсрэг идэвхтэй үйлдэл болон эрх зүйн дагуух идэвхгүй эс үйлдэхүйгээр илэрдэг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч мэргэшлийн шалгалтад тэнцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эрх зүйн үр дагаврыг үүсгэхээр байна.

Дээрх шалгалтын удирдамжаас үзвэл уг шалгалт нь “...нийт бие бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилт, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, алба хаагчдын бие бялдарын бэлтгэжилтийн түвшинг тогтоох, цаг үеийн мэдээллээр сургалт зохион байгуулах, ажил үйлчилгээг шалган зааварлах” зорилготой, “хангалтгүй” дүгнэгдсэн албан хаагчийг нэгж бүр нь нэг сарын хугацаанд давтан бэлтгэх, тэднээс дахин шалгалт авах зэрэг журамтай байна.

Тиймээс онолын мэдлэгийн шалгалтад “хангалтгүй” дүгнэгдсэн нэхэмжлэгч С.Мейрамбекийг дээрх удирдамжид заасны дагуу сургалтад хамруулах, мэргэшлийг нь дээшлүүлэх /давтан бэлтгэх/ талаар тухайн нэгж ямар нэгэн арга хэмжээ аваагүйн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан арга хэмжээг аваагүй нь буруу байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээс гадна давж заалдах шатны шүүхийн хийсэн “Төрийн албаны тухай хуулийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэж заасан төрийн албан хаагчийн баталгааг хангалгүйгээр “сахилгын шийтгэл”-ийн хамгийн хүнд хэлбэрийг ногдуулсан нь буруу” гэсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, уг зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ