Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-07
Дугаар 73
Хэргийн индекс 128/2015/0634/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Д.Сэржмядаг
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

Д.Сэржмядагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, Х.Идэрбулган нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 69 дүгээр магадлалтай, Д.Сэржмядагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Сэржмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “Блюскай” хотхоны 44Г байрнаас орон сууц болон авто зогсоол худалдан авахаар 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай Орон сууц захиалагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөр тооцоог дуусгасан боловч “Мфикс капитал” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 онд нэхэмжлэгчийн нэр дээр гарган өгч, харин уг гэрээгээр тохирсон 42 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг өдийг хүртэл шилжүүлэхгүй байсан тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч “Мфикс капитал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5824 тоот захирамж гарган нэхэмжлэгчийг дээр дурдсан авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг даалгасан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, намайг тус авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон ч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхээс 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 1594 дугаартай захирамж, 38 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Гэвч нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас надтай утсаар холбогдсоны дагуу очиж уулзахад тус авто зогсоол нь “Мфикс капитал” ХХК-ийн Капитрон банктай 2007, 2010 онуудад байгуулсан гэрээний дагуу барьцаат зээлийн гэрээний бүртгэлтэй байгаа тул иргэн Д.Сэржмядагийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй байна гэсэн утгатай Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/4617 тоот албан бичгийг гардуулан өгсөн. Ийнхүү Д.Сэржмядаг нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч тус газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6/9479 тоот албан бичгээр миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, миний хууль ёсны өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулахаас татгалзаж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Өндөр настай болсон миний бие сүүлийн хэдэн жил энэ асуудлаас болж барилга барьдаг компани, зээл олгосон гэх банкны хоорондын маргаантай асуудлаас болж барилгын гүйцэтгэгч байгууллага, банк, хууль шүүхийн байгууллагаар өөрөө буруу хэрэг үйлдсэн мэт хөөцөлдөн явсаар сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирч байна. Би Капитрон банктай ямар ч төрлийн гэрээ байгуулаагүй, миний худалдан авсан хөрөнгийг /авто зогсоолыг/ барьцаалах зөвшөөрөл олгоогүй, банкны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй.

Аль ч маргааныг эцэслэн шийдсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хүчинтэй байдаг, түүнийг төр ч бай иргэн, хуулийн этгээд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй гэж хуульд заасан байдаг. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, хоорондоо тооцоотой 2 байгууллагаас дотоод асуудлаас болж өндөр настай жирийн иргэн намайг дахиад олон жилээр хохироон, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тунхагласан Монгол улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг маань эдлүүлэхгүй үл тоомсорлож, эрх ашгийг минь хохироосон шийдвэр гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “Блюскай” хотхоны 44Г байрны зоорийн давхрын 42 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.Сэржмядагийг бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэсэрмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Сэржмядагийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блюскай” хотхоны 44А, Б, БВ, Г дүгээр байрны зоорийн давхарт 42 тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мфикс капитал” ХХК нь өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014103 дугаарт 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхээ бүртгүүлж авсан байна.

Иргэн Д.Сэржмядагийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блюскай” хотхоны 44А, Б, В, Г дүгээр байрны зоорийн давхрын 42 тоот авто зогсоолын өмчлөх эрхээ, эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр анхны бүртгэлээр бүртгүүлэхээр мэдүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол гэсний дагуу бүртгэхээс татгалзана” гэж заасан байдаг тул мэдүүлгээс татгалзсан.

Мөн тус авто зогсоолыг “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Капитрон банктай байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014103 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Т07/141 тоот барьцааны гэрээ, 2007 оны 8 дугаар сарын 01-ний Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014103 дугаартай үл хөдлөх хөрөнгийг збг0003/100519 тоот барьцааны гэрээг тус тус бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсоор барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийгдээгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан бөгөөд захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт, хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж, энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар “Мфикс капитал” ХХК-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн бүртгэл хийгдсэн.

“Мфикс капитал” ХХК нь иргэн Д.Сэржмядагтай захиалагчийн гэрээ байгуулсан болохыг манай байгууллага мэдэх боломжгүй байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг. Иймээс “Мфикс капитал” ХХК-ийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү. Иргэн Д.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус банк нь “Мфикс капитал” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “зээлийн гэрээ”-г байгуулж, 1.400.000.00 /Нэг сая дөрвөн зуун мянган/ ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “Мфикс капитал” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “зээлийн барьцааны гэрээ” байгуулан зээлээр санхүүжүүлэн барих 5 блок, 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, гурван өрөө орон сууц, гаражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “Мфикс капитал” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан болно.

Харин 2010 онд тус банкны зээлийн санхүүжилтээр баригдсан барилгын тоот /хаалга/ тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн учир тус банк 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “зээлийн барьцааны гэрээ”-г “Мфикс капитал” ХХК-тай дахин байгуулж, 205 авто машины зогсоол тус бүрийг зээлийн барьцаад барьцаалж, барьцааны эрхээ хуульд заасны дагуу бүртгүүлж, баталгаажуулсан.

Иймд тус банк нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасны дагуу барьцаалагч этгээдийн буюу Капитрон банкны барьцааны эрхийг хөндөхгүйгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “Блюскай” хотхоны 44А, Б, В, Г байрны 42 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр иргэн Д.Сэржмядагийг бүртгэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК-ийн захирал Б.Батхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн 5824 дугаар захирамжаар Д.Сэржмядагийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны зоорийн давхрын 42 тоот авто машины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компаний зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэр дээр дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх хурлыг манайхыг оролцуулахгүйгээр явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “Блюскай” хотхон 44Г байрны зоорийн давхрын 42 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.Сэржмядагийг бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэгч Д.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 69 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06 өдрийн 757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 сарын 21-ний өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг үйл баримт буюу маргааныг буруу дүгнэж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Магадлалын хянавал хэсэгт “... Гэтэл нэхэмжлэгч “Мфикс капитал” ХХК-тай орон сууц, авто зогсоолыг худалдан авах гэрээ 2010 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр буюу маргаан бүхий авто зогсоолыг зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлснээс хойш гэрээ байгуулсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн, эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэг дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолыг барьцааны зүйлд бүртгүүлсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд нэхэмжлэгч Д.Сэржмядагийн нэр дээр давхар бүртгэх хууль зүйн боломжгүй тул бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх өмчлөлийн асуудал дээр дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн байгаа юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “Блюскай” хотхоны 44Г байрны зоорийн давхрын 42 тоот авто зогсоолын өмчлөгчөөр дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5824 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр иргэн Д.Сэржмядагийг өмчлөгчөөр тогтоосон.

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тус авто зогсоолын өмчлөгчөөр Д.Сэржмядагийн тогтоосноор өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байхад, өмнөх өмчлөгч бүртгэлтэй байхад дахин бүртгэл хийхгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэж байгаа нь огт ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч Д.Сэржмядаг нь шүүхийн шийдвэрийн дагуу тус авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөх эрхээ баталгаажуулахаар, хуульд заасан үүргээ биелүүлэн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагын ханган мэдүүлэг гаргасан.

Тус мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байхад бүртгэл хийхээс татгалзсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн уг хуулийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, мөн 19.1.2-т “өмчлөгч нь шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөн бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан өндөр настай иргэн Д.Сэржмядагийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Мөн барьцааны бүртгэлийн тухайд гуравдагч этгээд “Капитрон” банк нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр болон амаар гаргасан тайлбартаа “барьцааны эрхийг хөндөхгүйгээр өмчлөгчийг өөрчилж бүртгэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар гаргасан байдаг. Түүнчлэн энэхүү барьцааны эрхтэй холбоотой маргаан нь иргэний маргаан тул гуравдагч этгээдийн эрхийг огт зөрчихгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5824 дугаар захирамжаар иргэн Б.Сэржмядагийн “Мфикс капитал” ХХК-д холбогдуулан гаргасан “авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталснаар Б.Сэржмядаг нь 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай байгуулсан “орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блюскай хотхоны 44Г орон сууцны байрны зоорийн давхар дахь 42 дугаартай авто зогсоолын өмчлөгч болсон байна.

Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1594 дугаар захирамжийг үндэслэн авто зогсоолын өмчлөх эрхийг Б.Сэржмядагийн нэр дээр шилжүүлэн бүртгэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдэгдэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг “Капитрон” банк барьцаалсныг бүртгэсэн бүртгэл байгаа учир өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Сэржмядагийн нэр дээр гаргах боломжгүй гэж тус байгууллагаас хариу өгчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Мфикс капитал” ХХК нь Блюскай хотхоны барилгын ажлын санхүүжилтэд зориулж Капитрон банкнаас 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай зээлийн гэрээгээр мөнгө зээлсэн, зээл төлөх баталгаа болгож  44 А, Б, В, Г дугаар орон сууцны барилгуудын зоорийн давхар дахь өөрийн өмчлөлийн тус бүр нь 18 м.кв талбайтай тус бүр нь 90 хувийн гүйцэтгэлтэй 205 ширхэг авто зогсоолыг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай “зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу тус банкинд барьцаалсныг бүртгэлийн байгууллага 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн, нэхэмжлэгч Б.Сэржмядагийн маргаж байгаа 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014103 дугаарт бүртгэгдсэн 000104066 дугаартай гэрчилгээ бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй 42 тоот авто зогсоол /үл хөдлөх эд хөрөнгө/ нь банкны барьцаанд байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэснээр шүүхийн шийдвэрийн дагуу 42 тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Сэржмядагийг тогтоосон учир эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014103 дугаарт бүртгэлтэй уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх нь зүй ёсны юм.

Харин мөн зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаас үзвэл “бүртгүүлэх тухай мэдүүлэг”-ийг хүлээн авсан эрхийн улсын бүртгэгч нь маргаан бүхий 42 тоот авто зогсоолыг барьцаалсан “Капитрон” банкны зөвшөөрлийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Сэржмядаг нь уг эрхээ бүртгүүлэхийн тулд холбогдох мэдүүлгийг гаргах ёстой юм.

Нэхэмжлэгч Д.Сэржмядаг нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээр дурдсанаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь тухайн иргэний хэргийн хариуцагч “Мфикс капитал” ХХК-д хамааралтай байхад уг шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь гаргавал зохих мэдүүлэг гаргаагүй боловч “Д.Сэржмядагийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй” гэж Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулсан хариунд холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт тэрээр гомдол гаргаж 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6/9479 дугаартай албан бичгээр уг гомдолдоо хариу авчээ.

Уг албан бичгээр “...42 дугаартай авто зогсоолын захиран зарцуулах эрхийг сэргээсэн холбогдох байгууллагын шийдвэр болон Капитрон банкны зөвшөөрлийг авч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой” болохыг тодорхой тайлбарлаж мэдэгдсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Сэржмядаг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар маргаж буй бүртгэлтэй холбоотой мэдүүлэг гаргаагүй, уг эрхийг бүртгэхэд зайлшгүй шаардлагатай “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх” Капитрон банкны зөвшөөрлийг аваагүй нь тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “барьцааны бүртгэлийн тухайд гуравдагч этгээд Капитрон банк бичгээр болох амаар гаргасан тайлбартаа барьцааны эрхийг хөндөхгүйгээр өмчлөгчийг өөрчилж бүртгэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасныг шүүхүүд анхаараагүй” гэсэн хяналтын гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн нэрийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хууль гэж бичиж техникийн алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ