Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-02-29
Дугаар 59
Хэргийн индекс 127/2015/0007/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Б.Нямхатан
Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

 

 

Б.Нямхатаны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Нямхатан, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр, гуравдагч этгээд Б.Гүрсүрэн нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалтай, Б.Нямхатаны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Нямхатан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд анх Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гэрээт ажилтнаар орж, 2012 оноос ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Гэтэл тус газрын дарга Г.Энхбаяр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, аймгийн Засаг даргын 2015 оны Б/18 дугаар захирамжаар батлагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, дүрмийг үндэслэн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн тул ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тоо нь хасагдсан, шинэ ажлын байранд мэргэжил таарахгүй гэсэн шалтгаанаар намайг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс албан тушаалаас маань чөлөөлсөн.

Аймгийн Засаг даргын Б/18 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцийг шинэчлэн батлахдаа миний эрхэлж байсан албан тушаалын орон тоог хасаагүй, нэрийг нь “ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавьж, цөлжилт хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчилснөөс бус хэрэгжүүлэх чиг үүрэг нь агуулгын хувьд хэвээрээ байгаа тул ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн. Иймд Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.

Би Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангасны учир ажилласаар ирсэн.

Өмнөх ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэж боловсруулахдаа ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагад “ойн аж ахуйн инженер, ой судлаач, агрономич” гэж байсныг зөвхөн “агрономич” гэснийг нь зориуд хасч “ой зүйч” гэж оруулаад үүнийг нь үндэслэж шинэ ажлын байранд мэргэжил таарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Орон тоо хасагдах гэдэг нь тухайн албан тушаалын ажлын байр огт үгүй болсныг ойлгоно. Гэтэл миний эрхэлж байсан албан тушаал хэвээрээ бөгөөд намайг чөлөөлөгдсөний дараа өөр албан тушаал эрхэлж байсан хүнийг миний оронд томилсон нь орон тоо хасагдаагүйг нотолно.

Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан байхад энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.   

            Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ойн албаны 3 мэргэжилтэн шинэ бүтэц, зохион байгуулалтаар 2 мэргэжилтэн болсон. Орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагчдыг эргүүлэн авах тушаал гаргаж, орон тооны цомхтголд орсон төрийн албан хаагч Б.Нямхатанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3,059.688 төгрөг олгосон. Хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг сарын өмнө өгч танилцуулсан. Б.Нямхатан нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хоёр ч удаа авч байсан.

Энэ бүгд ажлын байранд тэнцэж үлдээх үү, үгүй юу гэдэг асуудлын шалгуур болж байсан бөгөөд үүнээс үндэслээд Б.Гүрсүрэн, Б.Нямхатан хоёроос Б.Нямхатаныг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгон, Б.Гүрсүрэнг ажилд нь үлдээсэн. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг Засаг даргын захирамжаар өөрчилдөг бөгөөд би өөрийн санаачилгаар Б.Нямхатаныг ажлаас чөлөөлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Гүрсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би 2012-2015 онд тус байгууллагад ургамлын нөөц ашиглалт, хамгаалалт, ойн дагалт нөөцийн ашиглалт хамгаалалт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ой хээрийн түймэр, цөлжилт, бэлчээрийн асуудлыг хариуцан ажиллаж байна. 2015 оны 5 дугаар сараас эхлэн ойжуулалт, байгалийн гамшиг, хортон шавж, цөлжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа ба ойжуулалт, ойн дагалт нөөцийн ашиглалт хамгаалалт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ой хээрийн түймэр /гамшиг/, хортон шавж, цөлжилт, бэлчээрийн асуудлуудыг хариуцан ажиллаж байна.

Үүнээс харахад урьд эрхэлж байсан албан тушаалаас шинэ ажлын байранд томилогдсон нь үйл ажиллагааны хувьд өөрчлөлт орсон ба хасагдсан чиглэл нь “байгалийн ургамал”, нэмэгдсэн чиглэл нь “ойжуулалт, хортон шавьж”-ийн асуудал юм. Энэ нь бүтцийн өөрчлөлтөөр миний ажил үүргийн хуваарьт бага зэргийн өөрчлөлт орсныг харуулж байна. Нэхэмжлэгч Б.Нямхатан нь ойжуулалт, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн асуудлыг хариуцан ажиллаж байсан ба бүтцийн өөрчлөлтөд орсноос хойш ойжуулалтын ажлыг би, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн асуудлыг мэргэжилтэн Э.Батсайхан хариуцан ажиллаж байгаа гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.3-т заасныг тус тус баримтлан Б.Нямхатаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Нямхатаныг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин болох 2,781.543 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 12 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх дараах зүйлүүдийг дутуу хянаж буруу шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Бүтцийн өөрчлөлт хийхдээ ойн албаны ойжуулалт, нөхөрлөлийн асуудал хариуцсан орон тооноос нөхөрлөлийн асуудал нь ой ашиглалт хамгаалалт хариуцсан орон тоонд шилжсэн. Ургамлын нөөц ашиглалт, хамгаалалт, цөлжилт хариуцсан орон   тооноос ургамлын нөөц ашиглалт, хамгаалалт нь ой ашиглалт, хамгаалалт хариуцсан орон тоонд шилжсэн. Мэргэжилтэн Э.Батсайхан нь урьд нь ойн ашиглалт, хамгаалалт хариуцан ажиллаж байгаад одоогоор ой, ургамлын нөөц ашиглалт, хамгаалалт, нөхөрлөлийн асуудлыг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Үлдсэн бүх салбарын асуудлууд нь нөгөө мэргэжилтний хариуцах ажил болсон ба ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавж, цөлжилтийн асуудлыг хариуцдаг болсон.

Энэ орон тоо нь одоогоор ойжуулалт мод үржүүлэг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ойн зурвас, хортон шавьж, цөлжилт бэлчээр, ой хээрийн түймэр /гамшиг/, ойн дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт зэрэг олон үйл ажиллагаануудыг өөртөө багтаасан орон тоо юм. Дээрх чиглэлүүдийг шинэ бүтэц орон тоо батлахаас өмнө, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, цөлжилт бэлчээр, ой хээрийн түймэр /гамшиг/, ойн дагалт нөөцийн ашиглалт хамгаалалт зэрэг үйл ажиллагаануудыг мэргэжилтэн Б.Гүрсүрэн, ойжуулалт мод үржүүлэг, ойн зурвас, хортон шавьж зэрэг үйл ажиллагаануудыг мэргэжилтэн Б.Нямхатан хариуцан ажилладаг байсан. Дээрх 2 хүний орон тоог нийлүүлсэн байхад зөвхөн Б.Нямхатаны ажиллаж байсан чиг үүрэг орон тоо хэвээр хадгалагдсан байна гэж гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байна.

2. Ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавж, цөлжилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод ой зүйч, ойн инженер, ойн аж ахуйн инженер гэсэн мэргэжлүүдийг тавьсан байгаа хэдий ч Ойн албаны дарга болон мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа ашигласан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нидерландын вант улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас санаачилж, хэрэгжүүлсэн “Ойн алба болон ойн ангиудын мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх ажлын гүйцэтгэлийн тайлан”-д байгаль хамгаалал, экологийн мэргэжилтэй, ой судлал байгаль орчны чиглэлээр мэргэшсэн албан хаагчийг ажиллуулахаар заасан байдаг.

Энэ нь тус орон тоонд ажиллаж байгаа Б.Гүрсүрэнг дахин ажилд томилох гол шалтгаан байсан. Энэ тухайгаа Ойн албаны дарга, хүний нөөцийн ажилтан Д.Мөнгөнцэцэг гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан боловч шүүх хурлын тогтоолд энэ тайлбарыг оруулаагүй хассан байна.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирсэн 2015 оны 09/65/5 дугаартай албан бичгэнд дурдагдсанаар ойн нөхөрлөл хариуцан мэргэжилтний ажлын байр бүр байхгүй болоогүй. Хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн нь солигдсон болно.

4. Нэхэмжлэгч Б.Нямхатан нь өгсөн үүрэг даалгавар, мэдээ тайлан хугацаанд нь гаргаж өгдөггүй, ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих ажилд уриалан ажиллах байтал оролцоогүй, хийсэн ажлын тайланг өөр ажлын хэсгийн тайлангаас хуулж тайлан өгсөн гэх мэт алдаа дутагдал гаргаж байсан. Мөн хоёр ч удаа ажлаас халагдах шийдвэр сонсож байсан. Хөдөө томилолтоор явах өдрөө яваагүй, ажилдаа ирэлгүй бүтэн 1 өдрийн ажил тасалж алга болсон шалтгаанаар 1 удаа халагдах шийдвэр сонсоод өөрөө болон хамт олон, цуг ажилладаг албан хаагчид нь “битгий халаач, байрны зээлтэй учраас нэг удаа уучлаач” гэж гуйгаад байхаар нь халах шийдвэрийг больж байсан.

2012 оноос ойжуулалт хариуцсан мэргэжилтнээр 3 жил ажиллахдаа улсын болон орон нутгийн төсвийн, өөрийн хөрөнгийн ойжуулалтуудад хувийн хэрэг бүрдүүлээгүй ойжуулалт эзэнгүйжүүлсэн, хийж байгаа ажилдаа маш хариуцлагагүй хандсан ноцтой шалтгаанаар ажлаас халах шийдвэр гарах гэж байхад Б.Нямхатан “би нэгэнт халагдах нь үнэн болсон тул намайг орон тооны цомхтголоор халаад өгөөч, ядаж тэтгэмжээ аваад гармаар байна” гэж өөрөө гуйсан юм. Тухайн албан хаагчийг сахилгын шийтгэлээр халаагүй, бүтцийн өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолтын дагуу чөлөөлсөн учраас энэ асуудлуудыг анхан шатны шүүхийн явцад дурдаагүй болно. Гэхдээ эдгээр асуудлуудыг Б.Нямхатаныг чөлөөлөхдөө харгалзан үзсэн.

5. Б.Нямхатаны нэхэмжлэлд дурдсан хуучин ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад “агрономич” гэсэн мэргэжил байсныг шинэ тодорхойлолт гаргахдаа албаар хассан гэж дурдсан байсан. Агрономич гэж оруулсан байсан хуучин ажлын байрны тодорхойлолт нь хүчингүй тодорхойлолт байсан, анхнаасаа л буруу орон тоон дээр ажиллаж байсан гэж хэлсэн боловч давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал буруу гарсан гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.

Хянавал:

Шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, аймгийн Засаг даргын 2015 оны А/18 дугаар захирамжаар батлагдсан тус байгууллагын бүтэц, дүрмийг үндэслэн ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн Б.Нямхатаныг уг ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Нямхатан нь “...шинэчлэн баталсан бүтцээр миний эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, нэрийг өөрчилснөөс бус хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэж, хариуцагч “орон тоо хасагдсан, шинэ ажлын байранд мэргэжлийн хувьд тохирохгүй, алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байсныг харгалзан үзсэн” гэж маргажээ.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 8 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Бүтэц, дүрэм батлах тухай” Б/18 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоо, дүрмийг батлахдаа тус газрын Ойн албанд ой, ургамлын ашиглалт, хамгаалалт, түймэр хариуцах болон ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавьж, цөлжилт хариуцах 2 мэргэжилтний орон тоо баталсан байна.

Уг захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан байх ба дээрх 2 мэргэжилтний хэрэгжүүлэх чиг, үүрэгт өмнөх бүтцийн Ойн албаны 3 мэргэжилтний хариуцан хэрэгжүүлж байсан буюу нэхэмжлэгч Б.Нямхатаны ой, нөхөрлөл; гуравдагч этгээд Б.Гүрсүрэнгийн ургамал ашиглалт, хамгаалалт, бэлчээр, цөлжилт; иргэн Э.Батсайханы ойн нөөц, ашиглалт хамгаалах чиглэлийн ажлууд агуулгаараа багтаж байгаагийн зэрэгцээ тухайн албан тушаалуудад “ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой судлаач, ой зүйч” мэргэжилтэй хүн ажиллах ерөнхий шаардлага тавигджээ.

Үүнээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны адил албан тушаалын 3 орон тоог 2 болгож цөөрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага ...-ын ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн заалтыг хэрэгжүүлэх учиртай.

Тус газрын Ойн албанд мэргэжилтнээр ажиллаж байсан 3 хүнээс Э.Батсайхан нь эзэмшсэн мэргэжлийн хувьд уг шаардлагыг хангаж ой, ургамлын ашиглалт, хамгаалалт, түймэр хариуцах мэргэжилтнээр томилогдсон, харин нэхэмжлэгч Б.Нямхатан “агрономич”, гуравдагч этгээд Б.Гүрсүрэн “экологи, байгаль хамгааллын биологич”, аль аль нь мэргэжлийн хувьд үлдэх албан тушаалд тохирохгүй боловч Б.Гүрсүрэнгийн эзэмшсэн мэргэжил нь арай дөхүү, Б.Нямхатан 2014 онд 2 удаа сахилгын шийтгэл хүлээж байсныг харгалзан Б.Гүрсүрэнг сонгож ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавьж, цөлжилт хариуцах мэргэжилтнээр ажиллуулсан, нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан үндэслэлээр 6 сарын тэтгэлэг олгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх “орон тоо хасагдсан, орон тоо бодит байдал дээр хасагдаагүй, ажлын байрны чиг үүрэг бүр мөсөн хасагдаагүй” гэх зэрэг өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ялгаатай зохицуулалт бүхий Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дэх заалтын аль алиныг тухайн  маргаанд хэрэглэж, хуулийн эдгээр заалтыг буруу тайлбарласан, “чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай дүгнэлт хийж “...шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж аваагүй” гэх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Б.Нямхантаны “Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ