Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-02-29
Дугаар 58
Хэргийн индекс 119/2015/0022/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч М.Амгалан
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

 

М.Амгалангийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарыг оролцуулан, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 589 дүгээр магадлалтай, М.Амгалангийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1996 оноос 2013 он хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оноос хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсон. 2015 оны 5 дугаар сарын цалин хөлсөө автал цалинг маань хассан байсан. Ингээд нягтлан бодогчтой уулзтал 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 тоот Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг үзүүлсэн. Уг тушаал нь намайг ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж, ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүй гэж буруутган үндсэн цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал байсан.

Ингээд би “ямар үндэслэлээр ингэж байгаа юм бэ?” гэхэд ганц энэ тушаал ч биш дахин нэг тушаал үзүүлэхэд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 тоот Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал байсан. Уг тушаал нь мөн надад сахилгын шийтгэл ногдуулсан байсан бөгөөд учир шалтгааныг нь тодруулах санаатай уулзах гэтэл 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өрөөнд орж ирээд “өнөөдрөөс ажлаа хүлээлгэж өг” гэж шаардаж, ажил хүлээлцэх тухай акт өөрөө бичиж, “би өөрөө ажлыг чинь хүлээж авна” гээд бүтэн өдөр дарамталж байна.

Энэ байдлыг нь ямар учиртайг нь тодруулахад “одоо тушаал төлөвлөгдөж гарах гэж байна. Хэл ам хийлгүй ээлжийн амралтаа ав, эс бөгөөс тушаал төлөвлөчихсөн байгаа шүү, түр амраад яваад өг” гэх зэргээр авирлах боллоо. Дарга М.Эрдэнэчимэг нь удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж, өөрийн хувийн ааш араншингаа ичгүүр сонжуургүй гаргадаг төдийгүй ажил хийхэд удаа дараа хүндрэл учруулдаг байсан ч гэсэн удирдах ажил эрхэлж байгааг нь хүндэтгэн хүлцэнгүй хандсаар өнөөдрийг хүрсэн.

Гэтэл хэзээ хэдийд ямар шалтгаанаар сахилгын арга хэмжээ авах болсон нь тодорхойгүй хүссэн үедээ янз бүрийн тушаал гаргаж ирж байгааг тэснэ, тэвчинэ гэхэд хэрээс хэтэрч байна. Иймд удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 тоот, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 тоот тушаалуудыг хүчингүй болгож, мөн нэг сарын цалингийн арга хэмжээ авч хассан 103.622 төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Амгалан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 тоот, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 тоот тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 тоот тушаал гарч намайг дахин ажлаа хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулж, Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилсон тушаал гаргасан.

Нэг л үндэслэлээр удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж байгааг болон удаа дараа үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажиллах нөхцөл боломжийг хязгаарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Амгалан нь 1996 оноос 2013 он хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оноос тус газар хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсон. Ийнхүү ажиллах болсон үеэсээ үүрэгт ажилдаа хайнга хандаж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаатай тайланг хоцроох зэргээр алдаа дутагдал гаргасаар улмаар Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Үүний дараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Ийнхүү М.Амгалан нь дахин давтан зөрчил, дутагдал гаргаж, удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, тэр болгонд энэ талаар өөрт нь хэлж, алдаа дутагдлаа засах, дахин гаргахгүй байх талаар сануулсаар байтал ажлын цагаар интернет орчинд цаг нөхцөөх, тоглох зэргээр ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж, ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүй тул Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай тушаалаар 1 сарын үндсэн цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

М.Амгалан нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хайнга хандаж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаатай тайланг хоцроох, ажил таслах, ажлын цагаар компьютер тоглоом тоглох, фэйсбүүкд удаан хугацаагаар холбогдох зэргээр ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үл биелүүлэн олон алдаа дутагдлыг удаа дараа давтан гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар албан тушаал буурч, мөн өдрөөс Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилогдсон хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа албан ёсоор хүлээж авалгүй 4 хоног ажил тасалж, төрийн албаны тасралтгүй байх зарчмыг алдагдуулсан.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээний баг аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны байгууллагын үйл ажиллагаанд жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг бөгөөд Баян-Өндөр суманд 2014, 2015 онуудад хийгдсэн шалгалтаар сумын хяналт шинжилгээ, үнэлгээний ажил удаа дараа хангалтгүй дүгнэгдэж, маш олон алдаа дутагдал илэрч, 2014 онд 9 заалт бүхий, 2015 онд 16 заалт бүхий зөвлөмж ирсэн ба хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээ чадваржуулах, чадавхижуулахад анхаарах асуудал байнга яригддаг. Зөвлөмжийн заалт 2015 онд урьд оныхоос бараг 2 дахин өссөн байгаа нь М.Амгалангийн ажлын үр дүн ямар байдалтай байгааг нотлон харуулж байгаа үзүүлэлт юм.

Түүнчлэн М.Амгалан нь үр дүнгийн гэрээгээ тооцуулаагүй бөгөөд бодитой хийсэн ажил, үзүүлж дүгнүүлэх зүйлгүй байсан ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар мөн л үр дүнгийн гэрээгээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлээгүй тул Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаартай тушаалаар түүний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Амгалангийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, М.Амгаланг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэг сарын цалингаас хассан 103622 төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 589 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байх ба ийнхүү нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан нь шийдвэр болон магадлал зарим талаараа үндэслэл муутай болсон гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэчимэг гэх хувь хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба харин үүнийг шүүх өөрчлөн тодорхойлсон байх ба энэ нь хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хараат бусаар дүгнээгүй мэт харагдаж байна.

2. Мөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан харилцааг тодотгосон бус харин зөрчсөн Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын хоёрын 4 дэх хуулиас давсан зохицуулалттай журмыг баримталж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байна.

Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн харилцаанд зөвшөөрснөөс бусдыг хориглох ёстой ба Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан харилцааг ийнхүү хууль зөрчсөн журмыг удирдлага болгон хариуцагчийн тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 589 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.   

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч М.Амгаланд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалаар сануулах, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалаар нэг сарын хугацаагаар цалинг 20 хувир бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар М.Амгалангийн албан тушаалыг бууруулж тус сумын Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилсон байна.

М.Амгалан “...сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаал гарсныг мэдээгүй, буруутгасан үндэслэлүүдийг зөвшөөрөхгүй, нэг л үндэслэлээр хүссэн үедээ тушаал гаргаж байгаа нь хэрээс хэтэрч байна” гэж, хариуцагч “...алдаа дутагдлыг өөрт нь анхааруулж, засах боломж олгож байсан, ажил тасалсан, ажлын цаг хийдүүлдэг, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо биелүүлээгүй” гэж тус тус маргажээ.

“... ажил тасалсан” гэх талаар:

Нэхэмжлэгч нь “сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалыг 5 дугаар сарын цалингаа авах үедээ мэдэж, танилцуулсан тухай баримтад 5 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурснаас үзвэл уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Төрийн албаны тухай 26 дугаар зүйлийн 26.8-д заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан 2015 оны 1 дүгээр сарын “цагийн бүртгэл”-д М.Амгаланг 1 дүгээр сарын 15-ны өдөр “ажил тасалсан” гэж бүртгэсэн, уг баримтаар “зөрчил тогтоогдсон” гэж үзэж, дээрх тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй учир хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

“...ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж ажлын байрны зорилт чиг үүргийг биелүүлээгүй” гэх талаар:

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан, үүнийг зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөж байна.

Энэ журмын хоёрын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлэлгүйгээр 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.

 

Тухайлбал дээрх тушаалыг гаргах үндэслэл болох ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ М.Амгалан гүйцэтгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг шалгаж тогтоосон ямар нэгэн баримт байхгүй байна.

 

Хэдийгээр Засгийн газрын “төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” нь өмнө үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийг үндэслэж гарсан шинэ 2002 оны Төрийн албаны тухай хуулиар Засгийн газарт уг асуудлаар хэм хэмжээ тогтоох эрхийг хууль тогтоогч үргэлжлүүлэн шилжүүлсэн, хуульд зохицуулагдаагүй уг харилцааг мөн журмаар нөхөн зохицуулсан, нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт тул “хуулиас давсан зохицуулалттай журмыг баримталж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан гэх” хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.

 

“...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх талаар:

 

М.Амгалангийн гаргасан дээрх 2 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд шүүх 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/42 дугаар тушаалаар албан тушаалыг нь бууруулж Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилсныг “нэг л үндэслэлээр удаа дараа тушаал гаргаж, ажиллах нөхцөл боломжийг хязгаарлаж байна” гэж уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч нэмж гаргажээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох зохицуулалттай, хариуцагч энэ заалтыг үндэслэж дээрх тушаалыг гаргасан байна.

 

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас тус суманд хүргүүлсэн зөвлөмж, түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг шалгасан мөн Хурлын ажлын хэсгийн шалгалтаар “хангалтгүй” дүгнэгдсэн зэрэг нь М.Амгалангийн албан тушаалыг бууруулах үндэслэл гэж хариуцагч маргаж байгаа боловч эдгээр шалгалтаар “хангалтгүй” үнэлгээ авсан нь бүхэлдээ хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Амгалангийн “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир шүүхүүд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нөгөө талаар хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан “нэг сарын хугацаагаар албан тушаалын цалинг 20 хувиар бууруулах”, мөн хуулийн 23.1-д заасны дагуу “албан тушаал бууруулах” шийдвэрүүдийг гаргахдаа “М.Амгаланг ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг, ажлаа хийдэггүй” гэдэгт үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймээс хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан уг үндэслэлээр 6 дугаар сарын 19-ний өдөр “албан тушаал бууруулах”-аар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаарх маргаантай харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг дутуу баримталж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д заасан “тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах” гэснийг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 589 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 гэсний дараа 23 дугаар зүйлийн 23.1.1, гэж, 26 дугаар зүйлийн 26.1.1 гэсний дараа 26.1.2, 26.8, 26.9” гэж тус тус нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ