Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-23
Дугаар 181
Хэргийн индекс 020/2014/0343/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч С.Санжааванчиг
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол:

С.Санжааванчигийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Санжааванчиг, түүний өмгөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Энхтөр  нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар магадлалтай, С.Санжааванчигийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Санжааванчиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Санжааванчиг миний бие Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 15 байр буюу 1990-ээд оны үед баригдсан угсармал есөн давхар орон сууцны дөрвөн давхрын 12 тоотод оршин суудаг. Манай байрны урд хэсэгт Нийслэлийн Засаг дарга “Бамбар-Инж” ХХК-д зориулан барилга барих зөвшөөрөл олгосон байна. Уг зөвшөөрлийг үндэслэн “Бамбар-Инж” ХХК нь байрнаас 4.5-5 метр зайд барилга барихаар зэхэж, үйл ажиллагаа явуулан Барилгын норм ба дүрэмд заасан барилга хоорондын аюулгүй байдлын (галын болон барилгын бөх бат байдлын) зай хэмжээг болон 15 дугаар байранд оршин суух иргэн миний аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжийг үндэслэн баригдах барилгын төлөвлөлт нь Барилгын норм ба дүрмийг зөрчиж байгаа утгаар иргэн миний аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: ... 9.1.3 захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй..” гэж тус тус заасан. “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг Улсын дээд шүүх тайлбарлахдаа “захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад... бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хууль болон өөр бусад хуулиар Нийслэлийн Засаг даргад “барилга барих зөвшөөрөл” олгох эрх мэдлийг хуулиар тусгайлан олгоогүй болно. Харин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны 248 дугаар захирамжид дурдсан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалт нь иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжид барилга барих, өргөтгөхөд зориулан газар, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх олгосон заалт юм.

 “Бамбар-Инж” ХХК-д анх 0.084 га газрыг конторын барилгын өргөтгөлийн зориулалтаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг дарга 2007 онд зөвшөөрөл олгосон байх ба дээр дурдсан 2013 оны А/828 дугаар, 2014 оны А/993 дугаар захирамжуудаар тус газрын талбайн хэмжээг ихэсгэж, зориулалтыг нь өөрчилсөн байдаг. Дээрх шийдвэрүүдийн улмаас холбогдох хууль тогтоомж, иргэн миний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрх, Барилгын тухай хууль, түүний дагуу тогтоосон норм дүрмийг илтэд зөрчиж, хойч үедээ үлдээх, дурсагдах тэрхүү түүх соёлын дурсгалт зүйлийг хомхойн сэтгэлээр үгүй хийсэн, гадаадын иргэдээр түүх соёлын дурсгалт зүйлээ сэргээлгэхэд хүргэсэн байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар, 2013 оны А/828 дугаар, 2014 оны А/993 дугаар захирамжуудын “Бамбар-Инж” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1907 онд баригдсан модон хийц бүхий Оросын хувьсгалчдын музей нь төрийн өмчид бүртгэлтэй түүх соёлын дурсгалт барилга бөгөөд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа (хуучин нэрээр)-ны 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн дагуу байгуулсан гэрээгээр “Бамбар-Инж” ББХК-д хадгалалт, хамгаалалтын асуудлыг нь хариуцуулж өнөөг хүртэл тус компани бүрэн бүтэн байдлыг нь хадгалж хамгаалж ирсэн. Тус барилга нь ашиглалтын норм хугацаа хэтэрснээс барилгад гажилт цууралт үүсэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул эзэмшигч байгууллагаас барилгыг өөрийн хөрөнгөөр шинэчлэн барих хүсэлт гаргасан. Хүсэлтийг судлан үзээд Мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай 248 дугаар захирамж гарч 0,084 га газарт барилга барих зөвшөөрөл олгогдсон. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ дэд бүтцийн талаар хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг тусгасан бөгөөд 29.1.4.а заалтад “харьяалах нутаг дэвсгэрийнхээ болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын, түүнчлэн бүс нутгийн чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламж барьж байгуулахад орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжиж зохион байгуулах” эрхтэй.

Мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтад Нийслэлийн Засаг дарга нь “барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг Газрын тухай хууль тогтоомж, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх эрхтэй гэж тусгасан. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн “Бамбар-Инж” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 340 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 хороонд 1786 м.кв газрыг “Бамбар-Инж” ХХК-д конторын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд 2013 оны А/828 дугаар захирамжаар 174 м.кв газрыг нэмж, 1962 м.кв болгон талбайн хэмжээг нэмэгдүүлжээ. Ийнхүү талбайн хэмжээг нэмэгдүүлсэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 153 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 924 дүгээр захирамж, “Бамбар-Инж” ХХК-ийн хүсэлтийг тус тус үндэслэсэн бөгөөд дээрх тогтоол болон захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Бамбар-Инж” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан Оросын хувьсгалчдын байрыг буулган Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн болно. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар “Бамбар-Инж” ХХК-ийн эзэмшил газрын зориулалтыг контор орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд нь Газрын тухай болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй өөр бусад газар эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хөндөөгүй байна. Иймд иргэн С.Санжааванчигийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн С.Санжааванчигийн гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд бид уг газар барилга барихдаа Барилгын норм ба дүрэмд заасны дагуу барилга хоорондын аюулгүй байдлын зай хэмжээ болон иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд одоогоор барилгын зураг төслийн ажлыг боловсруулж байгаа болно. Тус шүүхэд хянагдаж буй иргэн С.Санжааванчигийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэр нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан бөгөөд иргэн С.Санжааванчигиийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

 Гуравдагч этгээд “Бамбар-Инж” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Бамбар-Инж” ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын байр”-ыг оффисын зориулалттайгаар 1994 оноос хойш түрээсээр эзэмшиж, ашиглаж ирсэн болно. Уг барилга нь чулуун /ивээс бүхий/ суурьтай, модон /дүнзэн/ ханатай, модон хучилттай төмөр дээвэртэй, модон шал, шаттай 2 давхар 1907 онд баригдсан бөгөөд “Бамбар-Инж” ХХК нь 1994 оноос хойш ашиглалтын явцад уг барилгыг төвийн дулаан, цахилгаан, цэвэр усны систем, бохир ус зайлуулах төвлөрсөн шугам сүлжээнд холбуулсан бөгөөд барилгын хийц бүтэц, инженерийн шугам сүлжээнд хэсэгчилсэн засварыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байсан.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Соёл урлагийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дээрх барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлэн манай компанид түрээсээр эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр Нийслэлийн Өмчийн харилцааны газартай 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Уг барилгын суурь, хөрс нь үер усны нөлөөллөөс хөрсний физик механик шинж чанар, даацад байнга нөлөөлснөөс барилгын чулуун ивээс суурь нь зарим хэсгээрээ суулт улмаар барилгын гадна дүнзэн хананууд хэв гажилтад орж цоколийн хэсгийн дүнзнүүд ялзарч өмхөрсөн. Барилгын дотор тал, шатны дам нуруунууд ялзарч өмхрөн гулзайж эвдрэлд орж нурж унах нөхцөл байдал үүссэн нь мэргэжлийн байгууллагаар удаа дараа тогтоогдож байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/622 тоот дүгнэлтээр уг барилгын ашиглалтыг зогсоож, барилгын хийцүүдийг нэмж хүчитгэх боломжгүй болсон тул мэргэжлийн зураг төслийн байгууллагаар тооцоо судалгаа зураг төслийг боловсруулсны үндсэн дээр шинэчлэлийн ажлыг хийлгэхийг даалгасан бөгөөд 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний хур тундас орсны улмаас уг 1 дүгээр давхрын өмхөрсөн багана эвдэрч нуран гэмтэж хучилт нурж, тулгуур хийцгүй болсноор барилга бүхэлдээ нурж цаашид ашиглах боломжгүй болсон юм. Бид уг барилгын анхны дүр төрхийг алдагдуулахгүйгээр шинээр барих барилгадаа өнгө дүр төрхийг хадгалан үлдээж, түүх соёлын өвийг хадгалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдөд хандсанаар эрх бүхий байгууллагын шийдвэр гаргасан. “Бамбар-Инж” ХХК нь Оросын Хувьсгалчдын байрыг түүх соёлын өв, түүхэн дурсгалт барилга байсан гэдэг утгаар нь шинээр барих барилгын төлөвлөлт, хэв шинж дүр төрхөд хадгалан үлдээхийг зорилго болгосон гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2001 оны/ 17 дугаар зүйлийн 17.9, 17.11, 17.13, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2014 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.4, 45 дугаар зүйлийн 45.3.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 24 дүгээр зүйлийн 24.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Санжааванчигийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар, 2013 оны А/828 дугаар, 2014 оны А/993 дугаар захирамжуудын “Бамбар-Инж” ХХК-д холбогдох заалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “Бамбар инж” ХХК-ийн өмгөөлөгч Т.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2007 оны 248 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна" 33 дугаар зүйлийн 33.1.2-т "... хүсэлт гаргасан ... аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ", 33.45-т "...нийслэл, ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ.

Гэтэл 1992 оны Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны А/24 дүгээр тогтоолоор "Оросын хувьсгалчдын байр"-ыг Хотын соёл олон түмний хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд тухайн барилгын доорх газар нь 1994 оны хуулиар зохицуулагдана. Иймд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар, 2013 оны А/828, 2014 оны А/993 дугаар захирамжуудын "Бамбар инж" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай, мөн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс барилга баригдсан тохиолдолд миний эрх ашиг хөндөгдөнө гэж шүүх хуралдаанд мэдүүлсээр байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэт хальсан дүгнэлт хийж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэхэд хүргэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 762 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, маргаж буй захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг үнэлж,  дүгнэх хангалттай нотлох баримтыг бүрдүүлэлгүй, бүрдэл дутуу нотлох баримтад дүгнэлт хийн, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Санжааванчиг нь “...баригдах барилга нь иргэн миний оршин суух орон  сууцнаас 4.5-5 метрийн зайд төлөвлөгдсөн байгаа нь Барилгын норм ба Дүрэмд нийцээгүй, ... аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, ... дээрх шийдвэрүүд нь миний эрхийг хөндөөд зогсохгүй, түүх соёлын дурсгалт зүйлийг үгүй хийсэн ...хууль бус шийдвэр ..” хэмээн  Нийслэлийн Засаг даргын 2007 оны  248, 2013 оны А/828,  2014 оны А/993 дугаар захирамжуудын “Бамбар инж” ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

1.“...Барилгын норм ба Дүрэмд нийцээгүй, ... аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, ...” гэх тайлбарын талаар:

 “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжаар “Бамбар инж” ХХК-д конторын барилгын өргөтгөлийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт 0,084 га газарт барилга барих зөвшөөрөл олгогджээ.

Мөн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар дээрх 2007 оны 248 дугаар захирамжийн “Бамбар инж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, уг компанийн эзэмших газрын хэмжээг 1786 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн тухайн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжаар 2011 оны 340 дүгээр захирамжийг хүчингүй болгон, газрын хэмжээг 1962 м.кв болгон нэмэгдүүлэн, 2014 оны А/993 дугаар захирамжаар дээрх 2013 оны А/828 дугаар захирамжийг мөн хүчингүй болгож, эзэмшил газрын зориулалтыг “контор, орон сууц”-ны болгон өөрчилжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай маргаан бүхий захиргааны актууд болох  Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248, 2013 оны А/828  дугаар захирамжууд нь захиргааны байгууллагын шийдвэрээр хүчингүй болсон байхад нэхэмжлэгч нь эдгээр актуудын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж байгаа шалтгааныг нь тодруулахаас гадна маргаж буй захиргааны актуудын агуулга, зорилго өөр өөр байгааг анхаарч, эрх зүйн үндэслэлийг тус тусад нь дүгнэх шаардлагатай байжээ.

Тодруулбал, шүүхээс “...248 дугаар захирамж нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг үндэслэж гарсан бусад актууд мөн илт хууль бусад тооцогдоно” хэмээн дүгнэж, захиргааны байгууллагын шийдвэрээр нэгэнт хүчингүй болгосон захиргааны актуудыг “илт хүчин төгөлдөр бус” гэх эрх зүйн үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр шүүхээс барилга хоорондын зайны талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт хамааралтай үйл баримтыг үнэлж, дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн “...баригдах барилга нь иргэн миний оршин суух орон сууцнаас 4.5-5 метрийн зайд төлөвлөгдсөн...” гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдох нотлох баримт хангалттай биш, хэрэгт цугларсан нотлох баримтууд зөрүүтэй байна.

Тухайлбал, анхан шатны шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...маргаж байгаа газар нь иргэн С.Санжааванчигийн байрнаас 4-5 м зайтай” гэж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд “нэхэмжлэгч С.Санжааванчигийн байр нь маргаан бүхий газрын чанх ард, 10 орчим метр зайтай, хэрэв маргаан бүхий газарт орон сууц барилга баригдвал С.Санжааванчигийн орон сууцны нарыг халхлахаар байна” гэж өөр өөрөөр заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай захиргааны актуудад заасан газрын хэмжээ өөр өөр байхад  газрын хэмжээ, төлөвлөгдөж буй барилгын зураг зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүхээс ийнхүү үзлэг хийж, үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу болно.

Үүнээс гадна захиргааны байгууллагаас Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийг хүчингүй болгосон байгаа нөхцөлд энэ захирамж нь холбогдох хууль, дүрэмд нийцээгүй талаарх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10-10/1139 дүгээр дүгнэлт нь  ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхийг шүүх анхаарах нь зөв юм.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгож, шаардлагатай гэж үзвэл баригдахаар төлөвлөгдсөн барилга,  нэхэмжлэгчийн орон сууц хоорондын зай нь Хот байгууллалтын тухай, Хот тосгоны төлөвлөлт  барилгажилтын норм ба дүрэмд нийцэж байгаа эсэхийг энэ асуудлаар тусгайлан мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. “... түүх соёлын дурсгалт зүйлийг үгүй хийсэн ... хууль бус шийдвэр ...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:

Маргаж байгаа газарт байрлаж байсан түүх, соёлын дурсгалт хөрөнгөд хамаарах Оросын хувьсгалчдын байрыг нураасантай хамааралтай эрх бүхий захиргааны байгуулагаас гаргасан холбогдох шийдвэрүүд хэрэгт авагдсан бөгөөд эдгээр захиргааны актууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхад шүүх эдгээр актуудын талаар үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь буруу болжээ.

Мөн маргаан бүхий захиргааны актууд Соёлын өвийг хамгаалах тухай  хуульд нийцээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хэрхэн уялдах, ямар, эрх, ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоож дүгнэх нь Захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхийг анхаараагүй байна.

Энэ талаар “... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт хийсэн ...” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, хэргийн нөхцөл байдал тодорхой биш байхад хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтыг холбогдох хуульд нийцүүлэн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ