Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-16
Дугаар 172
Хэргийн индекс 112/2015/0036/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжил
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Ц.Жүгдэрнамжилын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжил, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалтай, Ц.Жүгдэрнамжилын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чандмана сумын сургуулийн захирлын ажлыг 8 дахь жилдээ, боловсролын байгууллагад нийт 26 жил ажиллаж байна. 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар намайг өөрөө хүсэлт гаргасан мэтээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Энэ нь хуульд нийцээгүй тул шүүхэд хандаж Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Ц.Жүгдэрнамжил намайг ажилд маань эгүүлэн тогтоосон боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаар аймгийн Засаг даргын захирамж гарч, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа хүлээн авсан юм.

Миний бие ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж үзээгүй. Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор, удаа дараа зөрчин, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, төрийн хууль, шүүхээ хүндэтгэхгүй, шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлж байна.

Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Жүгдэрнамжил намайг Чандмана сумын 12 жилийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Жүгдэрнамжилыг тус аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар Чандмана сумын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтын дагуу аймгийн Боловсрол соёлын газрын даргын саналыг үндэслэн Чандмана сумын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд Ц.Жүгдэрнамжилын Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Буяннэмэх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Буяннэмэх нь Чандмана сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдтал уг албан тушаалд түр тавигдсан ба ажил үүргээ гүйцэтгэн явуулж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Жүгдэрнамжилыг Говь-Алтай аймгийн Чандмана сумын 12 жилийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжилын бага цалинтай ажил эрхэлсэний зөрүүтэй тэнцэх олговороо иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжилд цалингийн зөрүү 541793 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгосугай”. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна..

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлээгүй гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “19.1.2.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” хариуцагчийн бүрэн эрхийг хангаагүй, хуулийн 49 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааныг хэзээ, хаана болох товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Жүгдэрнамжилыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын  12 жилийн сургуулийн захирлын үүрэгт  ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүх, түүний цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж буруу дүгнэснийг  давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаар захирамжаар Улсын дээд шүүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаар тогтооолыг үндэслэн Ц.Жүгдэрнамжилыг Чандмань сумын  12 жилийн сургуулийн захирлын албан тушаалд томилсон атлаа мөн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн болохыг шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн  холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчөөгүй байх тул “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, оролцуулаагүй..., магадлалыг хүчингүй болгоно уу...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдааны зарыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайванд 2016 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 44 минутад мэдэгдсэнийг тэмдэглэсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн  175.2-т зааснаар шүүх хуралдаанд түүний хүрэлцэн ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ