Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-08
Дугаар 102
Хэргийн индекс 128/2016/0939/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "А" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Б" ХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газарт

холбогдох  захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Р.О,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Д.Д, Ц.Ж, Д.О, Э.Э нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б, Д.Д, Д.О, Э.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.15, 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн "Ашигт малтмалын газрын   даргын   2012   оны   10  дугаар  сарын  23-ны  өдрийн  615,  616  дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах" шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.  

2. Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхийн  2019  оны 02 дугаар

сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 дугаар магадлалаар: Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Магадлалын Хянавал хэсэгт "... анхан шатны шүүх маргаж буй захиргааны актуудын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн маргааны үйл баримтыг дурдаж,   ерөнхий   байдлаар   дүгнэлт   хийж,   хэргийг   шийдвэрлэсэн   нь   учир дутагдалтай байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.16-2.21 дэх, 3.2, 3.4 дэх хэсэгт захиргааны актуудыг гаргах болсон хуулийн болон бусад үндэслэлүүдийг зөв дүгнэж шийдвэрлэсэн.

5. Мөн магадлалын Хянавал   хэсэгт   "... Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан шийдвэрлэх   тухай   хуулийн   121   дүгээр   зүйлийн   121.3.3,   121.3.7-д   заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй, ... тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн ..., нотлох баримтыг зөвхөн нэг талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн ..." гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй   юм. 

6. Тухайлбал, анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан нөхцөл, шаардлагад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг  олон  талын  эх  сурвалжаас бодит байдал үйл баримт,  он цагийн дарааллаар тал бүрээс нь бүрэн гүйцэт судлан, холбогдох хуулиудад нийцүүлэн зөв тайлбарлан дүгнэлт хийсэн.

7. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

9. Магадлалын Хянавал хэсэгт “... анхан шатны шүүх, хяналтын шатны шүүхийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл болсон нотлох баримт, үйл баримтын талаар бүрэн гүйцэд нотлоогүй, нөгөөтэйгүүр, нүүрсний орд газрын тухайн талбайн төлбөртэй холбоотой асуудлаар аль талд хамаарч байгаа эсэхэд холбогдох нотлох баримтыг зөвхөн нэг талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

10. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  7  дугаар

зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна", 7.2-т "Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй" гэж тус тус заасан нь урьдач нөхцөл заасан, захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулахын тулд нотлох баримт цуглуулах, тухайн цуглуулсан нотлох баримтаа үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг тодорхойлсон ерөнхий хэсэг бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн баримталдаг гол зарчим юм.

11. Тодруулбал, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг талд нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага оролцдог нь хэргийн бусад оролцогчид /нэхэмжлэгч, гуравдагч этгээд/-оос ямагт эрх мэдлийн хувьд давуу байх нөхцөл бий болдог. Энэ төр - иргэн, хуулийн этгээд хоорондын тэнцвэргүй харилцааг тэнцвэржүүлэх нь Монгол Улсад шүүн таслах ажиллагааг дагнан явуулдаг шүүх болох захиргааны хэргийн шүүхийн гол онцлог боловч энэхүү зарчим нь зөвхөн захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулж, түүнийгээ үнэлэх гэсэн хатуу зарчим биш бөгөөд хэргийн оролцогчдын нотлох баримт гаргаж өгөх, түүнийгээ шүүхээр үнэлүүлэх эрхийг нь хязгаарлахгүй.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 32.3-т "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй", 32.4-т "Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй", 32.8-д "Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй" гэж тус тус зааснаас үзвэл шүүх нотлох зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй хэдий боловч, мөн хэргийн оролцогчид өөрсдийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна.

13. Харин хэргийн оролцогчид шаардагдах нотлох баримтаа гаргаж өгөх боломжгүй, төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа бол нотлох баримт хадгалагдаж байгаа эх сурвалжаа зааж, шүүхэд хүсэлт гаргах байдлаар шүүхээс нотлох баримт цуглуулахыг шаардах эрхтэй байна. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг "... зөвхөн нэг талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь ... шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй ..." гэж дүгнэж, буруутгаж байгаа нь гуравдагч этгээдийг нотлох баримт гаргаж өгөх эрхгүй, гаргаж өгсөн нотлох баримтыг нь үнэлэхгүй мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

14. Хариуцагч, гуравдагч этгээдээс анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр олж авсан, нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд түүнийг анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчимд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг алдагдуулсан, хэргийн оролцогчдын статуст ялгамжтай байдлаар хандсан гэж үзэх үндэслэлтэй.

15. Түүнчлэн анхан шатны шүүх Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болсон нотлох баримт, үйл баримтын талаар бүрэн гүйцэд нотолсон, Багануурын хүрэн нүүрсний орд газрын төлбөр болох 94.469 ам.долларыг "Багануур" ХК-иас төлөхдөө ордын хэмжээнд нь төлсөн болох нь "Багануур" ХК-ийн геологи хайгуулын ажлын зардлыг төлж барагдуулсан талбайн хилийн зураг 1, Уул уурхайн яам /тухайн үеийн/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/738 тоот албан бичиг-ээр бүрэн нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх “нотлогдохгүй” дүгнэсэн нь үндэслэлгүй.

16. Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан, нотлох баримтыг үнэлэхгүй мэтээр дүгнэж байгаа нь давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнээгүй. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарлаагүй байхад давж заалдах шатны шүүх хязгаарлаж, зөвхөн нэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг хавтаст хэрэгт авч, үнэлсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

17. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрд хуульд нийцүүлэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт "Анхан шатны шүүх маргаж буй захиргааны актуудын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн маргааны үйл баримтыг дурдаж, ерөнхий байдлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна" гэж дүгнэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

18. Тодруулбал, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримтыг он цагийн дараалалд оруулан, маргааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, тэдгээрт нийцүүлэн нотлох баримт бүрийг үнэлж, тэдгээрийг нэгтгэн маргаан бүхий акт гарах болсон үйл баримтын болоод хууль зүйн хэрэгцээ шаардлагыг нэгтгэн дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт бодит дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн.

19. Харин давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т "анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал", 1213.7-д "шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" гэсэн үндэслэлээр буруутгаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрийг анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлттэй харьцуулан үзэлгүй хэт ерөнхий байдлаар дүгнэсэн.

20. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц зөрчил гаргаагүй, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн судлагдсан нотлох баримтыг үнэлж, үнэлсэн нотлох баримт бүрийг шүүхийн шийдвэрт тусгаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргасан асуудал бүрд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасантай нийцсэн.

21. Иймд, хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Бын хяналтын журмаар гаргасан гомдол

22. Өмнө нь Улсын Дээд шүүхээс уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээс хойш 9 сарын хугацаанд шүүхээс нотлох баримтыг цуглуулахаар удаа дараагийн ажиллагааг хийж, холбогдох эрх бүхий байгууллагаас шүүхийн шаардсан бүхий л нотлох баримтыг ирүүлсэн байдаг.

23. Гагцхүү тэдгээр нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хангалтгүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан нотлох баримтыг үнэлэх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэдэг, харин давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан баримтыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх нь зүй ёсны асуудал мөн боловч үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаанд хамаатуулан анхан шатны шүүхийг буруутгасан нь учир дутагдалтай.

24. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой алдаа гэж үзсэн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасан нөхцөлтэй нийцэхгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсэг нь, эсхүл нэхэмжлэлийн ямар шаардлага, түүний аль хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан болохыг тогтоогоогүй байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хэрхэн, яаж нөлөөлсөн тухай зааж дүгнэлгүйгээр маргааныг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

25. Иймд,  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

26. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

27. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Үүнд:

28. Давж заалдах шатны шүүхийн “Анхан шатны шүүх маргаж буй захиргааны актуудын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн маргааны үйл баримтыг дурдаж, ерөнхий байдлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, ... Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ...” гэх үндэслэлийн тухайд, маргаан бүхий актууд болох Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбон дүгнэсэн, мөн нэхэмжлэгч талаас маргасан хууль зүйн үндэслэл бүрт дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна /Шийдвэрийн 38-48 дахь тал/.

29. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий акт болох 2012 оны 615 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1.“захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэснийг болон холбогдох бусад хуулийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 1071 дүгээр тушаалаар “А г” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-19.6, 19.12, 60.4-т заасныг тус тус зөрчсөн, мөн Геологи, уул уурхайн кадастрын төвийн даргын 2007 оны 2375 дугаар шийдвэрээр “А г” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.9, 25.1.5, 25.1.8, 48.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн, тус компанид тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь дээд шатны захиргааны байгууллага/албан тушаалтнаас доод шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх зорилгоор хүчингүй болгосон бөгөөд уг тушаалд заасан зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, иймээс тусгай зөвшөөрлүүдийг олгосон тушаалууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9. “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасанд хамаарах тул илт хууль байх тул тэдгээрийг хүчингүй болгосон маргаан бүхий акт хууль ёсны байна. Анхан шатны шүүх энэ талаар хэргийн үйл баримтыг он цагийн дараалалд оруулан, тушаалын хууль зүйн үндэслэл бүрт холбогдуулан дүгнэсэн байна.

30. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаан дээр “маргаан бүхий актын агуулга нь нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг илт хууль бусад тооцсон атлаа “хүчингүй болгосугай” гэсэн нь хууль бус” гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч захиргааны актыг илт хууль бусад тооцсон, эсхүл хүчингүй болгосон тохиолдлын аль алинд нь тухайн актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болдог, 615 дугаар шийдвэрийн зорилго нь нэхэмжлэгчид хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийн эрх зүйн үр дагаврыг дуусгавар болгоход чиглэгдсэн тул “илт хууль бус актыг хүчингүй болгосугай” гэсэн үг зүйн алдаа нь маргаан бүхий актын агуулга, зорилго, үр дагаврыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

31. Мөн маргаан бүхий акт болох хариуцагчийн 2012 оны 616 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох журам, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9.1.4, 10.1.1-д заасан зарчмыг зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9.1.7, 9.1.9-ийн дагуу илт хууль бусад тооцогдсон /615 дугаар тушаалаар/ захиргааны актын үндсэн дээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын 12959А тусгай зөвшөөрлийг /”А г” ХХК-иас нэхэмжлэгч “А” ХХК-д шилжүүлсэн/ хүчингүй болгосон нь хууль ёсны байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 17, 18, 24-д заасан хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

32. Харин маргаан бүхий 616 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг баримталсан нь буруу байна. Учир нь, энэхүү үндэслэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт юм. Гэтэл маргаан бүхий актын агуулга нь захиргаа өмнө нь гаргасан хууль бус шийдвэрүүдээ илт хууль бусад тооцсон байх бөгөөд илт хууль бус акт нь ямагт захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг /ЗХХШтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9/. Үүнийг ч маргаан бүхий актуудын агуулгаас харж болно, тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.6, 19.12, 60 дугаар зүйлийн 60.4, 26 дугаар зүйлийн 26.9, 48 дугаар зүйлийн 48.4-д заасан шаардлага, журмыг захиргаа өөрөө хэрэгжүүлэх ёстой байтал хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүд нь илт хууль бус болсон байна. Хэрэв нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.8-д заасан бичиг баримтыг өгөөгүй гэж буруутгаж байгаа бол холбогдох материалыг шалгах, шаардах, улмаар хүсэлтийг буцаах, тусгай зөвшөөрлийг олгохгүй байх бүрэн эрх нь захиргаанд өөрт нь байсан. Иймээс “маргаан бүхий акт нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-ийг үндэслэсэн нь буруу” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, анхан шатны шүүх энэ талаар дутуу дүгнэснийг дурдах нь зүйтэй. Гэвч уг алдаа нь маргаан бүхий актуудын агуулгыг бүхэлд нь үгүйсгэх буюу Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн зөрчлүүдийг зөвтгөх, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй юм.

33.  Мөн маргаан бүхий актууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой шийдвэр биш тул 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдэх үйл ажиллагааны журам үйлчлэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Учир нь, захиргаа өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосны улмаас тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохиолдолд /энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, иймээс маргаан бүхий акт нь түүнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна/ түүнд огт мэдэгдэж сонсгохгүйгээр шийдвэр гаргаж болно гэж үзэх нь Ашигт малтмалын тухай хуулийн ч, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн ч үзэл санаанд нийцэхгүй.

34. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэх үйл ажиллагаа”-ны зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс захиргааны байгууллагын шийдвэрийн эсрэг тайлбар, нотлох баримтаа гаргах, захиргаа түүнийг хянаж үзсэнээр тусгай зөвшөөрлийг цуцлах/хүчингүй болгох эсэхээ шийдвэрлэхэд чиглэгдэнэ 56.3, 56.4 дүгээр зүйл/, мөн хүчингүй болгосон шийдвэрийг холбогдох этгээдэд мэдэгдсэнээр тухайн акт хүчин төгөлдөр болох ба тэр үеэс эхэлж дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох үр дагавартай байдаг. Харин энэхүү маргааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актад заасан зөрчлийг үгүйсгэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй, шүүхээс нотлох баримтыг цуглуулахад ч үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт цуглараагүйгээс дүгнэвэл, хэрэв хариуцагч мэдэгдэх ажиллагааг явуулсан бол нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан, улмаар маргаан бүхий акт гарахааргүй байсан, эсхүл өөр үр дагавартай байхаар байсан гэх үндэслэл алга байна. Мөн нэхэмжлэгчээс “хариуцагч маргаан бүхий актуудыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, хожигдож мэдсэн, нэхэмжлэгч нь албан бусаар мэдсэн” гэж маргах ч түүний гомдол, нэхэмжлэлийг дээд шатны захиргааны байгууллага болон шүүхээс хүлээн авахаас татгалзаагүй, харин хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд, эдгээр алдаа нь маргаан бүхий актуудын агуулга, үр дагаварт нөлөөлөхөөргүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

35. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа «“... анхан шатны шүүх гуравдагч этгээд “Б” ХК-иас гэрээний дагуу төлсөн 94649 ам.долларын төлбөр нь аль талбайд хамааралтай эсэх, баримт лавлагааг цуглуулах ..., энэ талаарх нотлох баримтыг хавсаргаж, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэвэл зохино ...” гэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй» гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийж, холбогдох дүгнэлтийг хийсэн /3 дахь хавтаст хэргийн 31,35,59 дэх тал гэх мэт/, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн төлсөн  94649 ам.долларын төлбөр нь 1988-1989 онд Багануурын хүрэн нүүрсний ордын хэмжээнд /ордын газар нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай бүхэлдээ хамаарч байна/ хийгдсэн гүйцээх хайгуулын ажлын зардал болох, үүнийг Багануур ХК бүрэн төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байх тул /1 дэх хавтаст хэргийн 126-142, 3 дахь хавтаст хэргийн 36-57, 784-84 дэх тал гм./ уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 15, 22, 23-т заасан гуравдагч этгээдийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

36. Түүнчлэн, Магадлалын “... нүүрсний орд газрын тухайн талбайн төлбөртэй холбоотой асуудлаар аль талд хамаарч байгаа эсэхэд холбогдох нотлох баримтыг зөвхөн нэг талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд, дээр дурдсанчлан шүүх нотлох баримтыг хангалттай цуглуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд дээр дурдсан үйл баримтыг үгүйсгэх өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, эсхүл нотлох баримт хадгалагдаж байгаа эх сурвалжаа зааж, шүүхээр цуглуулахыг шаардах бүрэн боломжтой байсан ба уг эрхийг шүүхээс хязгаарлаагүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-6, 9-14,16, 20, 23-т заасан хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

37. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                          Г.БАНЗРАГЧ