Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-27
Дугаар 296
Хэргийн индекс 119/2017/0033/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч М.М
Хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

М.М-н нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Л.Атарцэцэг

                                  Г.Банзрагч

                                  Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, М.M-г тус хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0218 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч М.М, өмгөөлөгч Я.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтуудыг  баримтлан Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, М.M-г тус хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг баримтлан М.M-н 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.257.973 төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0218 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан М.М-н Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч М.М-н гомдлын агуулгад: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөрчил гарсан он, сар, өдрийг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг ба миний хариуцсан тэтгэврийн хувийн хэргээс 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг, материал хэзээ, ямар шалтгаанаар, хэний буруутэй үйл ажиллагааны улмаас байхгүй болсон гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй байдаг.

4. Манай байгууллагын тэтгэврийн өрөө, архивын өрөөнд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 17 хоног их засварын ажил хийгдэх явцад тэтгэврийн архивын өрөөнөөс тэтгэврийн бүх хувийн хэргүүдийг байцаагч нар хурлын заалны өрөөнд зөөж оруулан, иргэд гаднах хаалгаар шууд ордог болгон үйлчилж ажилласан юм. Засвар дууссаны дараа өөрсдийн хариуцсан хувийн хэргүүдийг архивт буцаан оруулсан миний бие 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс амарсан. Намайг амарч байхад миний хариуцсан тэтгэвэр авагч Э.С цалин солиулах өргөдөл өгсөн байсныг Д.Э байцаагч хүлээн аваад тэр хүний хувийн хэргийг дугаараар нь олсонгүй гээд өргөдлийг надад шилжүүлэн өгснөөс эхлэн анх мэдэж эрж, хайсан. Тэр үеэс хувийн хэргүүд дутсан, алга болсныг манай тасгийн дарга болон өрөөнд хамт суудаг байцаагч нар мэдсэн.

5. Анхны тооллогоор 65 хүний хувийн хэрэг байхгүйг мэдэж байсан болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/329 дүгээр “тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян”-ны ажлын хүрээнд би өөр байцаагчийн хэргийг шалгаж, минийхийг өөр байцаагч нар шалгах болсон. Тэр үед хувийн хэрэг дутсан гэдгийг бүгд мэдэж байсан боловч тасгийн дарга байсан М.Д нь дээд удирдлагадаа бодит байдлаар нь мэдэгдээгүй, мэдээ тайланг хуурамчаар хэвийн байдлаар явуулж байсныг нотолсон баримтууд байдаг. Үүнд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

6. Давж заалдах шатны шүүхээс намайг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж яаралтай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан үйлдэлд хамаарах ба хяналт шалгалтын тооллого хийгдэх хүртэл нийт хэдэн ширхэг хувийн хэрэг үрэгдсэн талаар тоо баримтгүй байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар харагддаг гэсэн нь үгүйсгэгдэж байна. Миний зөрчлийг анх мэдсэн эрх бүхий албан тушаалтан нь тухайн үед тасгийн дарга байсан М.Д юм. Иймд зөрчил хэзээ илэрсэн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн эсэхэд дүгнэлт хийх нь үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй.

7. Миний ажлын байрны тодорхойлолтод бичигдсэн хариуцсан хувийн хэргийн аюулгүй байдлыг хангах, хадгалах, хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс зөрчил гарсан гэхэд эргэлзээтэй асуудлууд байдаг. Учир нь манай байгууллагын архив, бичиг хэрэгт хэн дуртай байцаагч нь орж хувийн хэргээс материал харах боломжтой, камер байхгүй, цоожгүй зэрэг байгууллагын зүгээс энэ бүхэнд өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авч байгаагүйд харамсдаг.

8. Урьд нь албан үүргээ хангалтгүй биелүүлж ажлын хариуцлага алдаж байгаагүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Маргаан бүхий тушаалаар “65 иргэний тэтгэврийн хувийн хэргийг үрэгдүүлж, ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.М-г тэтгэврийн улсын байцаагчийн ажлаас халах шийтгэл оногдуулсан, Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй албан хаагчид зөрчлийн шинж байдалд тохируулан сахилгын шийтгэл оногдуулах нь захиргааны байгууллагын бүрэн эрх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, тэтгэврийн 65 хувийн хэрэг үрэгдүүлсэн буруутай байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй буруутай талаар адил дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн, гагцхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар өөр, өөр дүгнэлт хийсэн байх тул хяналтын шатны шүүхээс сахилгын зөрчил тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх үйл баримтыг гол үндэслэл болгов.

12. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийг томилох, чөлөөлөх эрхтэй этгээд болох хэлтсийн даргын зөрчлийг мэдсэн хугацаанаас хойш 1 сарын хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхгүй тасгийн даргын зөрчлийг илрүүлсэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй. Нөгөө талаар захиргааны байгууллага болон нэхэмжлэгчээс хувийн хэрэг алга болсон үйл баримтыг 2016 оны 10 сард мэдэж, удаа дараа хувийн хэргийн тооллого явуулсан, 14060 хувийн хэрэг тоолох нь цаг хугацаа шаардсан ажиллагаа тул 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогын дүнгээр дутсан хувийн хэргийн тоог тодорхой гаргасан гэж үзэх үндэслэлтэй, улмаар энэ байдлыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тасгийн даргаас хэлтсийн даргад мэдэгдэж, мөн өдөр ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн тайлан, дүгнэлтийг үндэслэн байгууллагын удирдлагаас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

13. Нэхэмжлэгчийн “2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тасгийн хэмжээнд тооллого явуулж, хувийн хэрэг алга болсныг албан ёсоор мэдсэн” тухай тайлбараар хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тооцох боломжгүй, захиргааны байгууллагын зөрчлийг шалгах, баталгаажуулах ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан, нэхэмжлэгч, хариуцагчаас хэн аль нь хувийн хэргийг хайх, дахин тоолох ажиллагааг явуулж байсан тул зөрчлийг бүрэн дүүрэн илрүүлж дууссан гэж үзэхгүй.

14. Түүнчлэн “тасгийн даргаар ажиллаж байсан М.Д нь дээд удирдлагадаа бодит байдлаар нь мэдэгдээгүй, мэдээ тайланг хуурамчаар хэвийн байдлаар явуулж байсныг нотолсон баримтууд байдаг. Үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй” тухай гомдол үндэслэлгүй, тасгийн даргын мэдээ тайлан худлаа гаргасан үйл баримт нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн хувийн хэргийн хадгалалтын хариуцах үүрэгтэй шууд хамааралгүй, түүний гаргасан зөрчилд нөлөөлөх үйлдэл биш байна.

15. Нэхэмжлэгчийн “зөрчил гарсан он, сар, өдрийг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг ба тэтгэврийн хувийн хэрэг, материал хэзээ, ямар шалтгаанаар, хэний буруутэй үйл ажиллагааны улмаас байхгүй болсон гэдгийг тогтоосон шийдвэр байхгүй, байгууллагын архив, бичиг хэрэгт хэн дуртай байцаагч нь орж хувийн хэргээс материал харах боломжтой, камер байхгүй, цоожгүй” гэх гомдлын тухайд Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд их засварын ажилтай байснаас тэтгэврийн хувийн хэргийг зөөж байрлуулах ажиллагаа зохион байгуулсан боловч энэ нь тухайн байгууллагыг буруутгах, нэхэмжлэгчийг өөрт хамаарал бүхий хувийн хэргийг хариуцах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, тэтгэврийн хувийн хэргийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах этгээд нь нэхэмжлэгч байх бөгөөд хэзээ, хэний буруутай үйл ажиллагаанаас алга болсон үйл баримтыг захиргааны шүүх тогтоохгүй, эрүүгийн журмаар шалгах ба байгууллагын зүгээс ажиллах орчин нөхцөл бүрдүүлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, тухайлбал өөр бусад хувийн хэрэг үрэгдээгүй тул захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна.

16. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0218 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ     

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ