Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-20
Дугаар 277
Хэргийн индекс 128/2017/0837/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Н ф" ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Ж.Э нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Н ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 

татварын улсын байцаагч

З.Ц, Ж.Э нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Л.Атарцэцэг

Шүүгчид:                   Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч З.Ц, Ж.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011098 тоот актаар 2,506,430,334.0 төгрөгийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 18,798,224.4 төгрөгийн нөхөн татвар, 5,639,468.4 төгрөгийн торгууль, 2,052,766.1 төгрөгийн алданги нийт 26,490,458.9 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0140 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0254 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг

Хариуцагч З.Цээсүрэн, Ж.Эрдэнэбүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нар.

Нэхэмжлэгч “Н ф” ХХК-ийн өмгөөлөгч С.Одгаригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0140 дүгээр шийдвэрээр: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.3.3-д заасныг тус тус баримтлан “Н ф” ХХК-ийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Ж.Э нарт холбогдуулан гаргаснаар “Н ф” ХХК-ийн 2,506,430,334.0 төгрөгийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд ногдуулсан 18,798,224.4 төгрөгийн нөхөн татвар, 5,639,468.4 төгрөгийн торгууль, 2,052,766.1 төгрөгийн алданги нийт 26,490,458.9 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0254 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.4, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг тус тус баримтлан “Н ф” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Ж.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн актын 5 дугаар зөрчил буюу үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой ногдуулсан 26.490.458,9 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Н ф” ХХК-ийн өмгөөлөгч С.Одгариг гомдолдоо: ... шүүх “...нэхэмжлэгч компани үл хөдлөх эд хөрөнгөө ил болгож тайлагнаснаар 2015 оны 3 дугаар сарын 31-нээс өмнөх хугацаанд төлөх ёстой байсан татвараас чөлөөлөгдөх ойлголт бөгөөд тайлагнах хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байхаар зохицуулсан нь энэ хугацааны чөлөөлөгдөх, тайлагнаснаас хойших буюу 2015 оны 2,3,4 дүгээр улиралд төлөх татвараас чөлөөлөгдөх харилцаа энэ тохиолдолд хамаарахгүй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, “Н ф” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эрдэнэбүрэн, З.Цээсүрэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

4. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан байна.

5. Хуулийн дээрх заалтаар энэ хуульд заасан хугацаанд болон хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн нь татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх “Н ф” ХХК үл хөдлөх хөрөнгөө ил болгож тайлагнасан хугацаанаас өмнөх хугацааг татвараас чөлөөлөгдөх гэж ойлгожээ.

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө нь л үл хөдлөх хөрөнгөө ил болгож тайлагнасан бол татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй бөгөөд үүнд нь 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнөх хугацаа орж байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            7. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            8. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Эрдэнэбүрэн, З.Цээсүрэн нар “Н ф”  ХХК-ийн   2012-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, татварын улсын байцаагчийн  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011098 дугаар актаар нийт 2,614,915,864.0 төгрөгийн зөрчил тогтоож, 22,435,807.6 төгрөгийн нөхөн татвар, 8,377,281.60 төгрөгийн торгууль, 3,035,170.10 төгрөгийн алданги, 5,400.00 төгрөгийн хүү, нийт 33,853,659.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон, нэхэмжлэгчээс уг актын 5-д заасан “... 2015 оны 1 дүгээр улиралд ЭЗИТБТХ-ийн дагуу шинэчилсэн тайлангаар 2,506,430,334.0 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийг балансад тусгаж, тайлагнасан боловч, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулаагүй” гэх зөрчил тогтоон 18,798,224.4 төгрөгийн нөхөн татвар, 5,639,468.4 төгрөгийн торгууль, 2,052,766.1 төгрөгийн алданги нийт 26,490,458.9 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, манай өмчлөлд бүртгэгдээгүй байхад ... албан татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй, ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинэчилсэн тайлан гаргаж, ил болгож мэдүүлсэн байхад ... хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой, ... татварын улсын байцаагч захиргааны хариуцлага тооцож, баланс доторх тоон мэдээллийг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

9. “Н ф” ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, Ажилчны гудамж, Үйлдвэр 17062, 82/1 хаягт 2 давхар барилга барьж ашиглалтад оруулсан, уг барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, талууд уг үйл баримттай маргаагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлох”-оор зааснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь үл хөдлөх эд хөрөнгийн  албан татвар төлөхгүй байх үндэслэл болохгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

10. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д “...2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол ... хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөх”-өөр заасны дагуу нэхэмжлэгч “Н ф”  ХХК нь “2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар” уг үл хөдлөх хөрөнгөө шинээр мэдүүлсэнээр  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр санхүүгийн тайлан гаргасан, тухайн тохиолдолд, “Н ф”  ХХК-ийн санхүүгийн тайлангийн эхний үлдэгдлийг “2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар” тооцож, 2015 оны 2, 3, 4 дүгээр улиралд татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 4.7-д “... хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээдийн нэмж мэдүүлсэн тайлан нь дараагийн тайлангийн эхний үлдэгдэл буюу 2015 оны II, III улирал болон жилийн эцсийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангийн эхний үлдэгдэл байна” гэж заасантай нийцжээ.

11. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцох”-оор, 8.2-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх”-өөр тус тус заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Н ф”  ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй хэдий ч “2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр” хүртэлх эхний улиралд төлбөл зохих албан татвар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, харин түүнээс хойшхи хугацааны буюу 2015 оны сүүлийн 3 улиралд төлөх ёстой үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна. 

12. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хуульд заасан хугацаанд болон хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн нь татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0254 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н ф” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА